Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/979

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01493 1136 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо, .......... тоотод оршин суух, урьд:

- Нийслэлийн шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3, 113 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 1998 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 112 дугаар зүйлийн 2, 112 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 21 жилийн хорих ялаар,

- 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр Нийслэлийн шүүхийн 1998 оны 31 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 21 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 14 жил 10 сар 12 хоногийн хорих ялын заримыг буюу 14 жил 10 сарыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 17 жил 10 сараар тогтоосон,

- Говь-сүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ял дээр 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 17 жил 10 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 14 жил 7 сар 11 хоногийн хорих ялын зарим болох 11 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 16 жил 1 сараар тогтоосон,

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 312 дугаар шүүгчийн захирамжаар нийт 13 жил 10 сар 13 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэнд тооцож, үлдсэн 02 жил 02 сар 17 хоногийн хугацаагаар ялаас чөлөөлж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж 2018 оны 4 дүгээр сард Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1004 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж,

- 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/197 дугаар шүүгчийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1004 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж хорихоос суллагдсан,

Т овогт Бийн Ц /РД:............../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 7 дугаар сарын 14-ний 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын ................. тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Ц.Уийг цагдаад барьж өгдөг, данснаас  нь мөнгө авлаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “...цээжний хэнхэрцгийн зүүн талын хавиргануудын хугарал, хөмсөг, зовхи, шанаа, эрүү, тохой, дал мөр цээж, шуу, сарвуу гуя, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 812 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Б.Цыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ц.Уийн “...Б.Ц нь миний төрсөн том хүү байгаа юм. Одоо 50 настай, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шоронгоос өршөөлөөр суллагдсан юм. Манай хүүхэд Ц нь их олон жил шоронгоор явсан. Догшин ширүүн, зан авиртай хүн байгаа юм. 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед хүү Ц нь шоронгоос суллагдаад ирлээ гэж хэлээд манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын .................  тоотод ирсэн. 2021 оны 7 дугаар сарын 10-14-ний хооронд гэртээ байсан. 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед Ц нь архи уучихсан над руу та миний дансанд байсан 1 сая төгрөгөө олж ир. Яг одоо 20 минутад багтаад яваад ир, 20 минутад багтаж ирэхгүй бол гэрийг чинь шатаана, 1 литр бензин байхад хангалттай шүү гэж хэлээд миний толгойн зүүн тал руу гартаа даавуу ороож байгаад 3-4 удаа, толгойн ард тал руу хөлөөрөө 1 удаа, 2 талын хавирга хэсэг рүү хөлөөрөө их олон удаа /хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна/, зүүн талын ташаа хэсэг, баруун гуяны дотор тал руу хөлөөрөө их олон удаа цохиж зодсон. Би хөл гараараа зодсон шүү, дараагийн удаа өөр юмаар зодно гэж хэлээд надаас 200.000 төгрөг бэлнээр авч яваад ирээгүй. Тэгсэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед манай охин Б.Лхагважаргал цагдаа дагуулаад гэрт ирсэн. Яг тэр үед Ц нь гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх8-9/,

2. Гэрч Б.Лхагважаргалын “...2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 5-32 тоотод ганцаараа, архи үнэртүүлчихсэн ирсэн. ... 17 цагийн үед ээж У над руу утсаар залгаад ах чинь танайхаар очоод явсан уу гэхээр нь би тэгсэн ах Ц ирээд явсан гэж хэлсэн чинь ээжийн дуу гэнэт сонин болоод утсаа тасалсан. Удалгүй ээж дахиж залгаад би “байна уу гэж асуусан чинь Ц ах ээжийн утсаар “би энд архи ууж байна. Танай нөхөр одоо гэртээ байна уу хаана байна, би нөхөртэй чинь тооцоотой, чи миний төрсөн дүү, чиний амьдрал надад хамаагүй, би орой танай гэрт чинь очиж нөхөртэй чинь тооцоо бодно, чи утсаа тасал” гэхээр нь би утсаа тасалсан. Цогоо ах манай гэрт ирэхээс өмнөхөн манай ээж У над руу залгаад ээжийг нь Ц зодсон, намайг 20 минутын дотор мөнгө олж ир гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би ээжтэй 2, 3 өдөр холбоо барьж чадахгүй байхаар нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өглөө цагдаагийн байгууллагад хандаж цагдаа нар ээжийн гэрт нь очиж шалгахад Ц ах гараад явчихсан ээж Ц намайг зодсон гэсэн байдалтай биеийн гар, хөл нь хөхөрсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх11-12/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6479 дугаар “...Ц.Уийн биед цээжний хэнхэрцгийн зүүн талын 4, 5, 6, 10-р хавиргануудын хугарал, хөмсөг, зовхи, шанаа, эрүү, толгой, дал, мөр, цээж, шуу, сарвуу, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт /хх24-25/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.Ц.

Шүүгдэгч Б.Ц нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын ................. тоотод өөрийн төрсөн эх Ц.Уийг “дансанд байсан мөнгө олж ир, үгүй бол гэрийг чинь шатаана” гэж дарамтлан улмаар түүний толгой, нүүрэн хэсэгт гараа цохих, хавирга хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодсон үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Уийн “...миний толгойн зүүн тал руу гартаа даавуу ороож байгаад 3-4 удаа, толгойн ард тал руу хөлөөрөө 1 удаа, 2 талын хавирга хэсэг рүү хөлөөрөө их олон удаа /хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна/, зүүн талын ташаа хэсэг, баруун гуяны дотор тал руу хөлөөрөө их олон удаа цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Лхагважаргалын мэдүүлэг болон хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Цын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.Уийн биед “...цээжний хэнхэрцгийн зүүн талын 4, 5, 6, 10-р хавиргануудын хугарал, хөмсөг, зовхи, шанаа, эрүү, толгой, дал, мөр, цээж, шуу, сарвуу, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 6479 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.У нь 68 настай өндөр настай хүн байх бөгөөд шүүгдэгчийн хувьд хохирогчийн энэхүү биеэ хамгаалж чадахгүй болохыг  мэдсээр байж зодсон мөн, хохирогчийн мэдүүлэг, түүний биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл учирсан, шүүгдэгч хохирогчийг удаан хугацаанд зодож цохисон шинж байдал тогтоогдож байх тул биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн төрсөн хүү бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай шинж байдлыг далимдуулан хүчирхийллийн шинжтэйгээр гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж улсын яллагчаас дүгнэсэн нь зөв байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Ц.У нь баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байсныг буцаан хорих ял болгон 2 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 11 сар 28 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан болно.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Мөн түүний эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 28 хоногийн ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдаж зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн 10 хоногийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бие хамгаалж чадахгүй өндөр настай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд олон удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ. Мөн шүүгдэгчийн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд хамааруулан үзэх боломжгүй юм.

Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Ц нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/197 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заасан ба шүүгдэгчийг 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн гэж дүгнэн, түүний эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг буцаан хорих ял болгон шилжүүлж, ялыг нэмж нэгтгэх нь зөв байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын цагдан хоригдсон 58 /2021.07.27-2021.09.23/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/197 дугаар захирамжаар шүүгдэгч Б.Цын эдлээгүй үлдсэн хорих ялыг дүйцүүлэн сольсон 02 жил 11 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас, эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн сольж, энэ тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Хохирогч Ц.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР