| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0783/и |
| Дугаар | 00783 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 00783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 18-16 тоотод оршин суух “Оросууд” овогт Дашдоржийн Одонтуяа /РУ-84071021/-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 2062 дугаарын үнэмлэхтэй, өмгөөлөгч ажилтай, “Барнууд” овогт Батмөнхийн Мягмарсүрэн /РУ-86082501/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өмгөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 27 дугаар байр 03-24 тоотод оршин суух, “Зэрмүүд” овогт Охинборын Алтанчулуу /КВ-78062603/ холбогдох,
Автомашин зарсны үлдэгдэл төлбөр болох 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Одонтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Одонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хүнээс худалдаж авсан өөрийн эзэмшлийн хөв 6578 улсын дугаартай соната-2 маркийн автомашиныг Ганболдод тухайн үед 1.500.000 төгрөгөөр зарахаар болсон юм. Ингэхдээ Ганболд надад 500.000 төгрөгийг 2016 оны 11 сард бэлнээр өгөөд, үлдсэн 1.000.000 төгрөгийг 1 сар болон 2 сард хувааж төлөхөөр тохиролцоод машинаа аваад явсан. Ганболд мөнгөө өгөхгүй болохоор нь түүнтэй ярихад 2017 оны цагаан сарын өмнө бэлэн надад 50.000 төгрөг авчирч өгөөд үлдэгдэл төлбөрөө удахгүй цаад тал нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд 2 сарын хүү бодоод өгнө гэж хэлсэн боловч өгөхгүй өдий хүрсэн тул шүүхэд хандсан болно. Тухайн үед гэрээ хийе гэхэд би найдвартай өгнө гэж хэлээд гэрээ хийлгүй яваад өгсөн юм. Одоо гэрээгүй болохоор юу ч гэж хэлсэн болно гэж бодоод өөрөө ирэхгүй өмнөөсөө хүн оролцуулж байгаа юм байна гэж би ойлгож байна. Түүнээс хойш утсаар ярихад ноолуураа тушаагаагүй байна, мөнгөгүй байна гэх зэргээр шалтаг тоочиж байсан ба намайг танихгүй, надтай наймаа хийгээгүй гэж тайлбар өгсөн байсан тул Ганболдын надтай утсаар ярьж байсан бичлэгүүдийг нь шүүхэд гаргаж өгсөн.
Иймд Ганболдоос автомашин зарсны үлдэгдэл төлбөр болох 950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч Э.Ганболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Ганболд миний бие нэхэмжлэгч О.Одонтуяагийн нэхэмжлэлийн шаардлагатай 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Одонтуяагийн дүү Болдоос Соната-2 маркийн 6578 ХӨВ улсын дугаартай автомашиныг худалдан авахаар амаар харилцан тохиролцож авсан боловч уг машин нь эд ангийн гэмтэлтэй байсныг тэдний хашаанд Д.Одонтуяагийн дүү Болдоотой янзалж авсан бөгөөд уг автомашин нь авсан өдрөөс моторын гэмтэлтэй байсны улмаас асаж яваагүй. Энэ тухай Одонтуяагийн дүү Болдоод тэр даруй мэдэгдэж байсан. Автомашиныг буцааж өгөх талаар хэлж байсан. Ганболд нь уг машинд 950.000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий сэлбэг хэрэгслийг худалдан авч тавьсан юм. Одонтуяа гэх хүнийг би сайн танихгүй. Уг автомашины гэрчилгээн дээр эзэмшигч нь Хөвсгөл, Мөрөн 3-19-17 тоотод байрлах “Асгат манхан” ХХК байх тул Д.Одонтуяагийн нэхэмжлээд байгаа автомашины үнэ болох 950.000 төгрөгийн хохирлыг миний бие төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуу шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Ганболд нь 2017 оны 6 сард нэхэмжлэлийг хүлээн аваад зөвшөөрөхгүй талаараа тайлбар өгсөн байгаа. Тухайн Соната-2 маркийн 6578 ХӨВ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Одонтуяагийн дүү Болдоос худалдан авахаар амаар харилцан тохиролцож авсан байдаг ба уг машин нь эд ангийн маш их эвдрэл гэмтэлтэй байсан тул 1 сая гаран төгрөгийн эд зүйл авч тавьсныг Болд мэдэж байгаа. Уг автомашин нь одоо Ганболдын өмчлөлд байдаг ба Одонтуяа гэх хүнийг Ганболд сайн танихгүй гэдэг болно. Уг автомашины гэрчилгээн дээр эзэмшигч нь Хөвсгөл, Мөрөн 3-19-17 тоотод байрлах “Асгат манхан” ХХК байх тул Д.Одонтуяагийн нэхэмжлээд байгаа автомашины үнэ болох 950.000 төгрөгийн хохирлыг Д.Ганболд төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Одонтуяа нь хариуцагч Э.Ганболдоос машины үлдэгдэл төлбөр болох 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуу нар нь машины үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч Д.Одонтуяагийн зарсан машины үлдэгдэл төлбөр 950.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Тухайлбал:
Талууд хүсэл зоригоо илэрхийлэн нэг тал нь автомашин худалдах, нөгөө тал нь худалдан авах талаар амаар хэлэлцэн тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь: Уг гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулах талаар хуулийн зохицуулалт байхгүй байх тул зохигчдын хооронд харилцан тохиролцож худалдах-худалдан авах хэлцэл амаар хийгдсэн байна гэж үзлээ.Тухайлбал:
Иргэний хуульд “нэг талын хүсэл зоригийг илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ”, мөн хуульд “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”, “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж хуульд заажээ.
Нэхэмжлэгч Д.Одонтуяа: “....Ганболдод тухайн үед 1.500.000 төгрөгөөр зарахаар болсон юм. Ингэхдээ Ганболд надад 500.000 төгрөгийг 2016 оны 11 сард бэлнээр өгөөд, үлдсэн 1.000.000 төгрөгийг 1 сар болон 2 сард хувааж төлөхөөр тохиролцоод машинаа аваад явсан....” гэх тайлбар, мэдүүлэг,
Хариуцагч Э.Ганболдын: “....миний бие нь Одонтуяагийн дүү Болдоос Соната-2 маркийн 6578 ХӨВ улсын дугаартай автомашиныг худалдан авахаар амаар харилцан тохиролцож авсан....” гэх хариу тайлбар шүүхэд ирүүлснээс дүгнэхэд тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах хэлцэл амаар хийгдсэн байх ба машины худалдан авсан үнэн дээр маргахгүй, зохигчид нь тодорхой үйлдэл хийж тухайн эд хөрөнгийг худалдан авагч нь хүлээн авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: “....уг машин нь одоо Гагболдын өмчлөлд байгаа....” гэх тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин хариуцагч Э.Ганболд: “....Одонтуяа гэх хүнийг би сайн танихгүй. Уг автомашины гэрчилгээн дээр эзэмшигч нь Хөвсгөл, Мөрөн 3-19-17 тоотод байрлах “Асгат манхан” ХХК байх тул Д.Одонтуяагийн нэхэмжлээд байгаа автомашины үнэ болох 950.000 төгрөгийн хохирлыг миний бие төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэх хариу тайлбар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуу: “....Соната-2 маркийн 6578 ХӨВ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Одонтуяагийн дүү Болдоос худалдан авахаар амаар харилцан тохиролцож авсан байдаг Одонтуяа гэх хүнийг Ганболд сайн танихгүй. Уг автомашины гэрчилгээн дээр эзэмшигч нь Хөвсгөл, Мөрөн 3-19-17 тоотод байрлах “Асгат манхан” ХХК байх тул Д.Одонтуяагийн нэхэмжлээд байгаа автомашины үнэ болох 950.000 төгрөгийн хохирлыг Э.Ганболд төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм....” гэх тайлбар мэдүүлэг өгч байх боловч “Худалдах-худалдан авах” аман гэрээ нэхэмжлэгч Д.Одонтуяа, хариуцагч Э.Ганболд нарын хооронд хийгдсэн болох нь: Хэрэгт авагдсан Хишигдэлгэр, Одонтуяа нарын Автомашин худалдах, худалдан авах 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ,
“Асгат Манхан” ХХК-ний 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “.... манай компани нь авто жолооны курс хичээллүүлдэг бөгөөд 6578 ХӨВ улсын дугаартай, СОНАТА-2 маркийн автомашин нь жолооны багш Бат-Өлзий гэж хүний эзэмшлийн машин байсан. Бат-Өлзий нь 2013 онд манай жолооны курсэд өөрийн эзэмшлийн энэ машинтайгаа жолооны багшаар ажиллаж байх үед энэ машиныг манай курсийн нэр дээр бүртгүүлсэн. Дараа нь Бат-Өлзий ажлаас гарахдаа машинаа аваад явсан. Харин 2016 онд Б.Хишигтогтох гэж эмэгтэй энэ машиныг худалдан авсан чинь танай нэг дээр бүртгэлтэй байгаад байна гэхээр нь Авто тээврийн газарт хандсан албан тоот хийгээд өгөөч гэхээр нь би шилжүүлсэн албан тоот хийж өгч байсан. Одоо 6578 ХӨВ улсын дугаартай СОНАТА-2 маркийн автомашин нь манайд ямар ч хамааралгүй. Манай эзэмшил болон өмчлөлийн машин биш болохыг тодорхойлж байна....” гэх тодорхойлолт болон нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дуу бичлэг /уг диск дэхь дуу бичлэгийг гар утсан дахь эх хувьтай нь шүүх хуралдаанд шинжилсэн судалсан/ хариуцагч Э.Ганболд, Болд, Д.Одонтуяа нар хоорондоо утсаар ярьж байсан бичлэгүүд зэргээр нотлогдож байх тул түүнийг худалдах-худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй ба хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, “Д.Одонтуяатай худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, 950.000 төгрөг”-ийг төлөхгүй гэдгээ нотолж чадахгүй байна.
Иймд хариуцагч Э.Ганболдоос автомашины үлдэгдэл төлбөр 950.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Одонтуяад олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч Э.Ганболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуу нар: “....уг машин нь эд ангийн гэмтэлтэй байсныг тэдний хашаанд Д.Одонтуяагийн дүү Болдоотой янзалж авсан бөгөөд уг автомашин нь авсан өдрөөс моторын гэмтэлтэй байсны улмаас асаж яваагүй. Энэ тухай Одонтуяагийн дүү Болдоод тэр даруй мэдэгдэж байсан. Автомашиныг буцааж өгөх талаар хэлж байсан. Ганболд нь уг машинд 950.000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий сэлбэг хэрэгслийг худалдан авч тавьсан юм... машины эд анги маш их эвдрэл гэмтэлтэй байсан тул 1 сая гаран төгрөгийн эд зүйл авч тавьсан....” гэх тайлбар, мэдүүлэг өгч байх хэдий ч хуульд “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан”, “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасан болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Одонтуяа: “....үлдсэн 1.000.000 төгрөгийг 1 сар болон 2 сард хувааж төлөхөөр тохиролцоод машинаа аваад явсан....” гэх,
Хариуцагч Э.Ганболд: “....6578 ХӨВ улсын дугаартай автомашиныг худалдан авахаар амаар харилцан тохиролцож авсан....” гэх хариу тайлбар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуу: “....уг автомашин нь одоо Ганболдын өмчлөлд байдаг....” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг эд хөрөнгийн эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн байна гэж үзэх үндэслэлгүй ба хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй ба “эвдрэлтэй” байсан гэдгээ нотлож чадахгүй байна.
Мөн “....баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор....” гэж эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргахаар хуульд заасан байна. Гэвч худалдан авагч буюу хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эд хөрөнгийн доголдлын талаар холбогдох газарт нь гомдлоо гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Одонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Ганболдоос 950.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 29.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Одонтуяад олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2, 251 дүгээр зүйлийн 251.2-д зааснаар хариуцагч Д.Ганболдоос машины үлдэгдэл үнэ 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Одонтуяад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.000 /хорин есөн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганболдоос 29.000 /хорин есөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Одонтуяад олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ