Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/983

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг /ҮД:0388/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Сод  холбогдох эрүүгийн 2103 00171 0210 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, групп-д, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, .......  дүүргийн ...... дугаар хороо, ........... дүгээр гудамж,  ......  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

И овогт Нгийн С  /РД:............/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Нгийн С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 812 дугаар худгийн урд замд Тоёота приус-20 маркийн .....  УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Т, Д.М нарыг мөргөж, Н.Тын эрүүл мэндэд нь хүндэвтэр, Д.Мын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 208 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон Н.Пүрэв-Очирын эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх106-116/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх117/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх120/, эд зүйл хүлээлцсэн тухай акт /хх144/, гэрч Б.Нарангэрэлийн тайлбар /хх145/, шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт зэргийг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Н.Сыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /хх3/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургууд. /хх5-12/,

3. Жолооч Н.Сын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...1.73%...” согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх13/,

4. Хохирогч Н.Тын “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад би гэрээсээ ээж Нарангэрэлийн хамт түүний Тоёота Пассо маркийн 78-82 УНЭ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтай гудамжны үзүүрт байдаг 812 дугаар худаг руу усанд явсан. Тэгээд худаг дээр очоод усаа авчхаад ээжийн машины багажид хийгээд зогсож байтал миний ард улаан өнгийн Тоёота Приус-20 маркийн машин хий хаазлаад байсан. Би эргээд хартал урдаас ирээд намайг мөргөөд ээжийн машины урд хавчуулаад зогссон. Би арай гэж хажуу тийшээ гараад газарт суусан. Тэр машин миний хойно зогсож байсан Мыг бас мөргөсөн. Намайг хажуу тийшээ гараад сууж байтал тэр машины согтуу жолооч хаазалсан хэвээрээ л байсан. ...Хохирлоо барагдуулаад авчихвал надад санал гомдол байхгүй. Би эмчилгээний болон гэрээний дагуу ажил хийдэг баримтуудаа өгсөн байгаа. 1.620.000 төгрөгөө гаргуулаад авчихвал надад санал гомдол байхгүй. Эм тарианы мөнгө ажилгүй байх хугацааны мөнгө нийлээд 1.620.000 төгрөг болж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх16/,

5. Гэрч Б.“...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 40 минутын орчим би өөрийн Тоёота Пассо маркийн 78-82 УНЭ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтай хүү Тын хамт гэрээсээ гараад худаг руу усанд явсан юм. Тэгээд худаг дээр очоод би машинаа 812 дугаар худгийн баруун урд талд нь байрлуулаад хүү Тыг усаа авчхаарай гэж хэлээд хажуугийн дэлгүүр рүү ороод байж байтал хүмүүс орилолдоод чанга чимээ гарахаар нь гүйгээд очтол согтуу жолооч миний хүү Тыг бас нэг хүүгийн хамт мөргөөд миний машинд хавчуулсан байсан. Намайг очиход өөр хүн миний машиныг хөдөлгөөд хүүхдүүдийг гаргаж авсан байсан. Тэр машины жолооч нь согтуу байсан ба машинаасаа бууж ирээд жаахан хүүхдээ тэвэрчихсэн би хүн дайраагүй гээд байсан. Удаагүй эмнэлэг ирж үзээд гэмтлийн эмнэлэг явж зургийг нь авхуулаарай гэж хэлээд тайвшруулах эм уулгаад үлдээсэн. Араас нь хөдөлгөөнтийн цагдаа ирсэн. ...Миний хүү Тын баруун хөл нь гишгэж болохгүй өвдөөд байгаа. Манай гэрт ганц ажил хийдэг хүү минь юм. Би гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ хардаг юм. Нэг хүү минь цэрэгт явсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх25/,

6. Насанд хүрээгүй гэрч Д.Мын “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед би гэрээсээ усанд явахаар усны тэрэг савтайгаа ганцаараа гарсан. Тухайн үед би гудамжны үзүүрт байдаг 812 дугаар худаг дээр очоод саваа тавихын завдалгүй урдаас нэг машин ирж мөргөөд тэр чигээрээ чирч явсаар байгаад урд зогсож байсан машинд хавчсан. Урд зогсож байсан машиныг холдуулж байж намайг машин доороос гаргаж авсан. Би тэр машины урд доод хэсэгт нь унасан байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх36/

7. Иргэний нэхэмжлэгч Ш.“...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим манай хүү М худаг руу усанд явсан. Намайг гэртээ байж байхад манай урд айлын хүү манай гэрт ирээд танай хүү М худаг дээр машинд дайруулсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн ойрхон байдаг 812 дугаар худаг дээр яваад очтол миний хүү М худгийн хажууд хамт мөргүүлсэн Тын хамт сууж байсан. Мөргөсөн жолооч нь согтуу байсан. Удаагүй эмнэлэг цагдаа ирсэн. ...Толгойны Емрайны зураг авхуулах гэж удсан их оочиртой байсан. Хариу нь гараагүй байгаа. Хариу нь гарахаар эмчилгээ нь эхэлнэ. Томографийн мөнгийг жолооч С төлсөн, мөн анхны нурууны зураг зэрэгт нийт 300 орчим мянган төгрөгийг төлсөн байгаа. Мөн усны тэрэг, усны сав, хүүхдийн футболк зэргийн хохирлыг төлсөн. ...Емрайны хариу гарахаар эмчилгээ эхлэх байх уг эмчилгээний зардлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх138/,

8. Иргэний хариуцагч Н.“...Тоёота Приус-20 маркийн .....  УБД улсын дугаартай машин нь одоогоор миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Хохирогч нарын хохирлыг нөхөр бид хоёр бүрэн төлж барагдуулна. Мөн Мын усны тэрэг, усны сав зэргийг төлж өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх142/,

9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5995 дугаартай “...Н.Тын биед баруун өвдөгний үений тойгны дотор, дотор даруулгын холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт зулгарсан шарх, баруун шилбэ, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх39-40/

10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5993 дугаар “...Д.Мын биед баруун мөрний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, бүсэлхий нуруунд зулгарсан шарх, сээр нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх44-45/,

11. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 170 дугаартай “...Тоёота Приус-20 маркийн .....  УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй үед хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/....согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн мөрдөгчийн магадалгаа. /хх65-66/,           

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Н.С.

Шүүгдэгч Н.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэтгэлцээнийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 812 дугаар худгийн урд замд Тоёота Приус-20 маркийн .....  УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа худгийн хажууд зогсож байсан Н.Тыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн насанд хүрээгүй Д.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг болсон газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.Тын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Мын мэдүүлэг, гэрч Б.Нарангэрэлийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, хохирогч нарын биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэснийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Энэхүү ослын улмаас Н.Тын биед “...баруун өвдөгний үений тойгны дотор, дотор даруулгын холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт зулгарсан шарх, баруун шилбэ, зүүн тавхайд зулгаралт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй гэрч Д.Мын биед “...баруун мөрний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, бүсэлхий нуруунд зулгарсан шарх, сээр нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5995 дүгнэлтээр, мөн Д.Мын биед хөнгөн хохирол учирсан нь 5993 дугаар шинжээчийн дүгнэлтээр  тус тус тогтоогдсон.

Шүүгдэгчийн хувьд 2003 оны 5 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан байх ба осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь драйгер багажаар шалгахад 1,73% тоон үзүүлэлт илэрсэн гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.

Ослын шалтгаан нөхцөл, жолоочийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаанд “...Тоёота Приус-20 маркийн .....  УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/....согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэж дүгнэснийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь дээрх тохиолдолд шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, үүнтэй шалтгаант холбоотойгоор тээврийн хэрэгслийг жолоодох чадваргүй буюу шаардлагатай тохиолдолд зогсоож чадалгүй худгийн хажууд байсан 2 хүнийг мөргөж Н.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн шүүгдэгч согтууруулах ундааны зүйл уусан байсан нь хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах ба зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болжээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Сыг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Шүүгдэгч талаас хохирогч Н.Тад 1.838.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч  нь нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлсэн /хх145/, иргэний нэхэмжлэгч Ш.Далайдүүрэнд /Д.Мын хууль ёсны төлөөлөгч/ нийт 892.750 төгрөгийн хохирол төлсөн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Сыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Мөн хохирогч Н.Т нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрх нээлтэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, эрүүл мэндийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, зүрхний шигдээс өвчтэй, хагалгаанд орж группт байдаг тул хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгчийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдаж, түүний ............дугаар жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдав.  

Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “согтуурсан үедээ” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Сын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хохирогч Н.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн В ангиллын ............дугаар жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР