Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/91

 

  

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2122001280117 тоот  хэргийг 2021 оны  9 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Н нь согтуугаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Л-ын нүүрэн тус газар нь мөргөж зүүн дээд 1 дүгээр шүдийг унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 05 дугаар сарын 14-ний өдөр сум ороод орой 6-7 цагийн үед З гэх айлд ороод сууж байтал Л орж ирээд хөл дээр гишгээд бид 2 муудсан. Тэгээд гарч барилцаж аваад мөргөсөн. Тэр үед цагдаа Б ирж хэлтэс дээр аваачиж байцаагаад явуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг 11 дүгээр сард төлнө” гэв.

          Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 11-12 цагийн орчимд би Говь-Угтаал сумын төв рүү манай гэр хавьд нүүдлээр явж байсан Эрдэнэдалайн гаралтай хүн байсан юм. Тэр хүнтэй хамт сумын төв ороод 1-2 шил архи хувааж уусан. Тэгээд сумын төв дээр амжуулах ажлаа амжуулчихаад 18-19 цагийн орчимд сумын төвд амьдардаг З гээд танилынхаа гэрт сууж байтал гаднаас манай нутгийн залуу болох Л ирсэн. Тэгээд Л миний хөл дээр гишгэхээр нь би Л-тай муудалцсан. Тухайн үед Л согтуу байсан. Ингээд бид 2 гадаа гараад намайг эхлээд тонгороод унагачихаар нь би босож ирээд Лыг мөргөсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дахь тал/

Хохирогч Б.Л-ын“...Би 2021 оны 05 дугаар сарын 14-ний орой Говь-Угтаал сумын төвд З гэх танил ах хөлөө жийгээд гэрийн зүүн хойд хэсэгт сууж байсан. Тэгэхээр нь би “гарчих уу ах” гэсэн “гар гар” гэж хэлэхээр нь гарсан чинь Б.Н ах уурлаад хөл дээгүүр гарлаа та нарын үе болоогүй шүү бацаан минь” гэж надад хэлээд гэрээс гаръя гэхээр нь Н ах бид 2 гэрээс гарсан. Гэрт З эхнэртэйгээ хамт байсан. Тэр хоёр гэрээс гараагүй Н ах бид 2 гэрээс нь гараад хашаан дотор нь гэрийнх нь урд зогсоод би “та өөрөө гар  гэж хэлчихээд гарахаар уурлаад байх юм” гэсэн чинь Н ах намайг толгойгоороо мөргөөд миний үүдэн шүд хөдөлсөн, нээх удаагүй байхад цагдаа Б ирээд Н ах бид хоёрыг аваад цагдаагийн хэсэг дээр очсон. Цагдаа Б намайг эмчид үзүүлээд ир гээд явуулсан. Маргааш өглөө нь би эмчид үзүүлж байхад миний хөдөлсөн шүд уначихсан. Би маргааш нь цагдаа дээр очоогүй. Н ахын эхнэртэй утсаар яриад миний шүд хөдөлчихсөн байна, Н ахад хэлчихээрэй гэж хэлээд, 2021 оны 05 дугаар сарын сүүлээр Н ахтай сумын төв дээр таараад “миний шүд хөдөлчихсөн та уулзах уу” гэсэн чинь Н ах тийм юм байхгүй, явдаг газраараа яв гэж хэлэхээр нь за гэж хэлсэн. Би З гийн гэр рүү ороод гэрээс нь Н ахтай гарахад З эхнэртэйгээ хамт гэртээ байсан, гэрт ирээгүй хашаан дотор Н ах бид хоёроос өөр хүн байгаагүй. Цагдаа Бэргүүл шалгалт хийж яваад ирсэн байх. Н ах З гийн хашаан дотор танай үе болоогүй шүү гэж хэлээд намайг шууд мөргөчихсөн. Тэгэхээр нь би Н ахын гараас нь бариад өөрөөсөө шууд холдуулсан. Би Н ахын биед халдсан асуудал байхгүй. Тухайн үед Н ахад мөргүүлэхэд миний уруул язраад, шүд хөдөлсөн байсан. Тэгээд өглөө нь эмчид үзүүлж байхад миний хөдөлсөн шүд унасан. Н ах тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... би тухайн үед эрүүл байсан. Дөнгөж хөдөө гэрээс орж ирж байсан. Би гадаа Н ахыг тонгорч унагаасан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7,10 дахь тал/

Гэрч Ц-ын “...2021 оны 05 дугаар сарын дундуур Лха гэж дууддаг залуу ирж надад шүдээ үзүүлсэн. Тухайн үед хүн мөргөсөн гэж хэлж байсан. Үзлэг хийхэд үүдэн дээд 1 шүд нь 3 дугаар зэргийн хөдөлгөөн орсон байсан ба би тодорхойлолт бичиж өгсөн. Уруулын дотор талд бага зэрэг язарсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дахь тал/

Гэрч Ж.С-ын: “... 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэртээ Н-ынхамт юм яриад сууж байсан ба манай нөхөр согтуу унтаж байсан. Тэгээд гаднаас Л 21 цагийн орчимд манайд орж ирсэн. Л орж ирээд Н-ын хөл дээгүүр гараад хойд талд суусан. Тэгээд хоорондоо маргалдаад Н нь ахынхаа хөл дээгүүр гарлаа гэсэн чинь Л гэгч тэгээд яадаг юм гэж хэлсэн. Хоорондоо маргалдаад байхаар нь би гарцгаа та нар гэр оронд муудахгүй шүү гэж хэлсэн чинь гараад явсан. Тэгээд гадаа чанга, чанга дуугараад байхаар нь гараад очтол Л нь зүгээрээ бид хоёр одоо эвлэрнэ гэхэд нь би гэр рүүгээ орсон. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Тэр хоёр хоорондоо зууралдсан байдалтай байсан. Манайд зодолдоогүй гараад явсан” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дахь тал/

Гэрч М.Б-ийн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эргүүл хийж явахад сумын баруун хойд лагерт Нарлаг хороололд оройн 22 цагийн үед Д.Згэх айлын гадна Наранболд, Л 2 маргалдаад байж байсан. Тэр хоёрыг цагдаагийн кубон дээр авч ирж юу болсон талаар асуухад Л, Н ах намайг мөргөөд шүд хөдөлгөчихлөө, эр хүний хувиар уулзвал надад гомдол санал байхгүй гэсэн. Би Лт гомдол саналтай бол эмнэлэгт үзүүлээд өргөдлөө бичээд ир гээд явуулсан. Тэр 2 нэлээд халамцуу байсан. Л ын шүд хөдөлсөн байсан ба унаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 дахь тал/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн: 

1. Б.Л-ынбиед зүүн дээд 1 дүгээр шүд унасан хуучин гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь учрах үедээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 5 хувь алдагдсан байна.

5. Дээрх гэмтэл нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дэх тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Н нь согтуугаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Л ыг хөл дээгүүр гарлаа гэх шалтгаанаар уурлаж түүний нүүрэн тус газар нь мөргөж зүүн дээд 1 дүгээр шүдийг унагаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл /хохирол/ санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь согтуугаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Л ыг хөл дээгүүр гарлаа гэх шалтгаанаар уурлаж түүний нүүрэн тус газар нь мөргөж зүүн дээд 1 дүгээр шүдийг унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2021 оны 05 дугаар сарын сүүлээр Н  ахтай сумын төв дээр таараад “миний шүд хөдөлчихсөн та уулзах уу” гэсэн чинь Н ах тийм юм байхгүй, явдаг газраараа яв гэж хэлэхээр нь за гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Цогтбаатар, Ж.Сугиржав, М.Б нарын мэдүүлэг, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Н-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

             3. Эрүүгийн хариуцлагын талаар:

         Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” саналыг гаргажээ.

          Шүүгдэгч Б.Н-ын 2021 оны 05 сарын 14-ний өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” нөхцөл, шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан ба улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Хохирогчийн эрүүл мэндэд зүүн дээд 1 дүгээр шүд унасан хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Л шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчээс имплянт шүд хийлгэх төлбөр 2.600.000 төгрөгийн эмчилгээний зардлын хохиролтой байна гэх хүсэлтийг үзлэгийн карт “Нью Дентал” шүдний эмнэлгийн эмч Г.Ю-ийн тодорхойлолтын хамт шүүхэд ирүүлснийг шүүгдэгч Б.Н2021 оны 11 дүгээр сард төлж барагдуулна гэж шүүх хуралдаанд мэдүүлжээ. Иймд шүүгдэгчээс 2.600.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Харин 2021 оны 08 сарын 30-ны өдөр шатахуун худалдан авсан 10.000 төгрөг, 30.000 төгрөг нийт 40.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь эрүүл мэндийн хохиролтой хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

          5.  Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүдэгч Ц овогт Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,  12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Н-оос 2.600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Л т олгож, шатахууны зардал 40.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР