Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00630

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн   Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02301 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2486 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Х-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 50 дугаар байрны ** тоот хаягт байршилтай 30.41 мкв талбайтай нэг өрөө орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгчийн эцэг ахмад дайчин С.Д-д Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 50 дугаар байрны ** тоотод байрлах нэг өрөө орон сууцыг олгосон бөгөөд би өвлөх эрхийн 41 тоот гэрчилгээг үндэслэн өөрийн өмчлөлд 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан.

Миний хүү А.С- нь Голомт банкнаас зээл авах үедээ хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Хүү А.С-, бэр Л.Х- нарын амьдрал ахуйд нь туслах үүднээс өөрийнхөө нэг өрөө байранд тэднийг суулгасан ба А.С- 2016 оны 08 дугаар сард хөдөө тээвэрт яваад ирэхэд нь Л.Х- сална гээд явчихсан байсан бөгөөд дараа нь эвдэж ороод цоожийг сольчихсон байсан. Л.Х-г нялх хүүхэдтэй учир уг орон сууцанд шүүхийн шийдвэр гартал байвал байг гээд орхисон хэдий ч доод айл руу ус алдаж, байрны хөлс төлөхгүй, бусдад хөлслөх зэрэг зөрчил гаргаж байгаа тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 50 дугаар байрны ** тоот нэг өрөө орон сууцнаас Л.Х-г албадан гаргаж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь өөрийн хүү А.С-ыг уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Уг орон сууц нь А.С- бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, ** тоот нэг өрөө орон сууц нь Д.А-, А.С- нарын өмчлөлд бүртгэлтэй талаар болон уг орон сууцанд миний бие хүү С.Лувсанравжаагийн хамт амьдарч байгаа талаар маргаан байхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02301 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Л.Х-гийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байр, ** тоот, 30.41 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 361 440 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж, хариуцагч Л.Х-гээс улсын тэмдэгтийн хураамжид 431 640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны 2486 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02301 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч Л.Х-гийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 50 дугаар байрны ** тоот хаягт байршилтай 30,41 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 431 640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байгаа тохиолдолд мөн хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.2, 340.1.3-т зааснаар хариуцагч хүүхдийн хамт амьдрахгүй бусдад түрээсэлсэн, зайлшгүй зардлыг хариуцахгүй өр төлбөр гаргасан байсныг харгалзаж үзсэнгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.А- Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.3-т зааснаар гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байна. Мэдэгдэх шаардлагагүй.

Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар энэхүү гэрээ дуусгавар болох ёстой байна. Хариуцагчийг орон сууцандаа суулган амьдруулснаас хойш өр төлбөрийн талаарх баримт болон мэдэгдлийг Д.А-д СӨХ-с ирүүлсэн байдаг.

Л.Х-, А.С- нарын гэрлэлт цуцлуулах болон дундын өмчийн талаарх маргаан шүүхийн шатанд байгаа хэдий ч ** тоот 1 өрөө орон сууцыг биет байдлаар нь гаргуулах шаардлага байхгүй бөгөөд гэр бүлийн эд хөрөнгийн оногдох хэсгийн шаардлагатай хамаатуулан ойлгож шийдвэрлэх үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хуулийн заалтыг хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Л.Х-г Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 50 дугаар байр, ** тоот нэг өрөө орон сууцнаас нүүлгэн гаргуулж, байрыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Х- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хүү А.С- нь уг орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд орон сууц гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэхдээ маргааны үндэслэл болж буй өмчлөх эрхийн талаарх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, зохигчийн хоорондох уг маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхой бус байгааг анхаараагүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгч Д.А-гийн хүү А.С- нь хариуцагч Л.Х-тэй 2015 онд гэрлэлтээ бүртгүүлж, хүү С.Лувсанравжааг төрүүлсэн байна. Хариуцагч Л.Х- гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлүүлэх, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, эцэг байх эрхийг хасуулах, зарим хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эмчилгээний болон сургалтын төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 183\ШШ2018\02116 дугаар шийдвэрээр тухайн маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Х-д холбогдох нэхэмжлэгч Д.А-гийн шаардлага бүхий тухайн иргэний хэргийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар  арын 17-ны өдөр хянан шийдвэрлэх үед Л.Х-гийн нэхэмжлэлтэй А.С-д холбогдох иргэний хэргийн талаарх шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхой бус байсан байна.

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Л.Х-г өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэж, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх, хариуцагчийн эзэмшлийн эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох учиртай. Өөрөөр хэлбэл, шүүх маргааны зүйл болж буй орон сууцыг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамааруулсан эсэх, түүнийг хэний эзэмшилд үлдээхээр шийдвэрлэсэн байх нь хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсхүл хууль бус гэж үзэх, улмаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтад хамаарах эсэхийг тодорхойлох нөхцөл болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар аливаа эд хөрөнгийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Зохигчийн хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээний харилцаа үүссэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

Хуульд заасан дээрх эрх зүйн хэм хэмжээний нөхцөлийг тодорхойлох маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02301 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2486 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 431 640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН