Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0670

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А-” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн төлөөлөгч Э.А

Гомдол гаргагч: “А-” ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М-

Гомдлын шаардлага: “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0041402 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 679 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е, Ч.А, хариуцагч Т.М-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 119/2023/0563/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 679 дугаар шийдвэрээр:

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан “А-” ХХК-иас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0041402 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

2.1. Гомдол гаргагч “А-” ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн байцаагч албан тушаалтай Т.М-д холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 0041402 дугаартай “А-” ХХК-ийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгож, 419.072.131 төгрөгийн шимтгэл, алданги төлүүлэхээр шийтгэсэн шийтгэлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор гомдол гаргаж шүүхэд хүргүүлсэн.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн байцаагч албан тушаалтай Т.М- нь “А-” ХХК-ийг зарим ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2310000581 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Т.М- нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “А-” ХХК-ийн захирал Э.Аын тодорхой эрхүүдийг зөрчсөн талаар өмнөх гомдолдоо тодорхой, дэлгэрэнгүй бичсэн болно. Улсын байцаагч Т.М- нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “А-” ХХК-ийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгож, 300.055.924 төгрөгийн шимтгэл, алданги төлүүлэхээр 0041401 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэн оролцогч Э.Ат тухайн өдөр танилцуулж гарын үсэг зуруулснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан байна.

Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр түүнийг дахин дуудаж “А-” ХХК-ийг хоёр дахь удаа 0041402 шийтгэлийн хуудсаар дахин 500 нэгжээр торгож, 419.072.831 төгрөгийн шимтгэл, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0041401 дугаартай шийтгэлийн хуудсыг улсын байцаагч Т.М- өөрөө хүчингүй тэмдэг дарж хүчингүй болгосон талаар Э.Ат амаар тайлбарласан байна. Шийтгэлийн хуудсыг өөрөө хүчингүй болгосон үйлдэл нь Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлнэ” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн 0041402 дугаартай шийтгэлийн хуудсыг холбогдогчид 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсан боловч шийтгэлийн хуудсыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр бичиж хэргийн материалд хавсаргасан нь өмнөх 0041401 дугаартай шийтгэлийн огноотой ижил буюу нэг өдөр хоёр шийтгэл оногдуулсан байна.

Үүнээс дүгнэхэд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн байцаагч Т.М- нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхлээд 0041401 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж “А-” ХХК-ийг зарим ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгож, 300.055.924 төгрөгийн шимтгэл, алданги төлүүлэхээр шийдвэрлэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгасан байна. Гэтэл мөн өдөр дахин 0041402 дугаартай шийтгэлийн хуудсаар алданги шимтгэлийг 419.072.831 төгрөг болгон өөрчилж дахин 500 нэгжээр торгосон нь 0041402 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан  “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, мөн 1.6 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон.

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0041401 дугаартай шийтгэлийн хуудсыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2310000581 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэнд “А-” ХХК-ний зөрчлийг илрүүлж торгосон, харин 0041402 дугаартай шийтгэлийн хуудсыг ямар дугаартай хэрэгт, тухайн компанийн ямар зөрчилд оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “зөрчил тус бүрт шийтгэл оногдуулна” гэж заасан. Гэтэл нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулсан, эсхүл зөрчил үйлдэгдээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй зөрчлийн хэрэг нээгдээгүй байхад ямар учиртай 419,072,831 төгрөгийн шимтгэл, алданги тооцоод байгаа нь ойлгомжгүй, илт хууль бус акт гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасан “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” шийдвэрийг гаргуулах.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бус тус байгууллагын Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн байцаагч Т.М-д холбогдуулан гомдол гаргаж байгаа болно.

Иймд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн байцаагч Т.М-н2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0041402 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.

Анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 679 дугаартай шийдвэрийн гол үндэслэл нь нийгмийн даатгалын байцаагчийг тооцооллын алдаа гаргасан байна гэж дүгнэжээ. Тооцооллын алдаа гаргаагүй талаар үндэслэлээ хангалттай дурдсан ч нэхэмжлэгч талын санал, дүгнэлтийг огт авч хэлэлцээгүй, дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал шүүхийн шийдвэр гаргаад талуудад гардуулаад хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа өмнөх шийдвэр нь хүчинтэй хэвээр, түүнийг хүчингүй болгох процесс ажиллагаа, шийдвэр огт гараагүй байхад анхны шийдвэр гаргасан шүүгч аль нэг талыг дуудаж авчраад ерөөсөө би шийдвэрээ өөрчиллөө гэж дур зоргоороо авирлаж болох юм уу? Т.М-н энэ үйлдэл үүнтэй утга нэг юм. 0041402 дугаартай шийтгэлийн хуудсыг яг ямар зөрчилд оногдуулаад байгааг л бидний зүгээс огт ойлгохгүй байна. Хэрэв тооцооллын болон бусад алдаа гаргасан гэж үзвэл тэрийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад засч өөрчлөх, эсхүл өөрөө шийдвэр гаргамагц прокурорын байгууллагад шилжүүлэхээс өмнө уг арга хэмжээг авах ёстой байсан. Гэтэл ажиллагаа дуусаад хэрэг, зөрчлийн материал байхгүй байхад л гэнэт хариуцагч талыг дуудаж ирүүлээд ямар дугаартай хэрэгт, ямар зөрчилд шийтгэл оногдуулж байгаа нь ойлгомжгүй шийдвэр гаргачихсан. Иймээс анхан шатны шүүхийн хангалтгүй дүгнэлт хийсэн шийдвэрийг огт зөвшөөрөхгүй, маш их гомдолтой байгаа тул дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв

2. Шүүх гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

2.1. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М- нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0041402 дугаар шийтгэлийн хуудсаар “Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн” гэж үзэж “А-” ХХК-ийг 419.072.831 төгрөгийг төлүүлэхээр шийтгэлийн хуудас оногдуулсныг эс зөвшөөрч гаргасан “А-” ХХК-ийн гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

2.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1.1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж зааснаас үзвэл “А-” ХХК нь ажил олгогчийн хувьд тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

2.3. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2.8-д “Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ: ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “Хяналт шалгалтын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих”, 10 дугаар зүйлийн 10.9.1-д “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-т “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно”,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ.” гэж тус тус зааснаас үзвэл нийгмийн даатгалын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлттэй холбоотой асуудал нийгмийн даатгалын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах хуулиар хүлээсэн үүрэг бүхий этгээд байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газар 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол мэдээллийг шалгах тухай” 06/535 дугаар албан бичгээр “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчиж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байх нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлүүлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээ авч хохиролгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хүргүүлж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/01 дугаартай эрх бүхий албан тушаалтны харьяаллын дагуу шилжүүлэх тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж ажиллахыг мэдэгдсэний дагуу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2023/1 дугаартай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Т.М- хийж гүйцэтгэжээ.

2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Холбогдогчоос /“А-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А/ мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд “Асуулт:1. А- ХХК нь Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 300.055.924.38 төгрөгийн өртэй байгааг хүлээн зөвшөөрч байна уу? Хариулт: Тийм мэдэж байгаа, Асуулт: Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заагдсан торгуулийн арга хэмжээ авагдана гэдгийг ойлгож байна уу? Хариулт: Тийм ээ, ойлгож байна, Асуулт: Зөрчлийн тухай хуульд заагдсан Тайлбар хэсгийн Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна хэмээн заагдсаны дагуу алданги тавихыг ойлгож байна уу? Хариулт: Ойлгож байна аа, Асуулт: 2023/1 тоот зөрчлийн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн баримтуудтай танилцав уу? Хариулт: Тийм ээ, Асуулт: Зөрчлийн хэрэг үүсгэсэн байдалтай танилцаж үр дагаврыг бүрэн ойлгосон уу? Хариулт: Тийм ээ, бүрэн ойлголоо” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд тус тэмдэглэлд мэдүүлэг өгсөн холбогдогч Э.А гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. Гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэл болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гомдол гаргагч нь дээрх зөрчил гаргасантай холбогдуулан түүнийг үгүйсгээгүй байна.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчаас өөрийн гаргасан актын бичилт болон тооцооны алдааг өөрөө засах эрхтэй байна.

2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 0041401 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “А-” ХХК-ийг 2022 оны 04 дүгээр сараас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлага үүсгэсэн, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тайлангаар 300.055.924.38 төгрөгийн өр авлагатай гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нийгмийн даатгалын шимтгэл 300.055.924.38 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хариуцагчаас “хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй дүнд ногдох алдангийг орхигдуулсан” гэсэн үндэслэлээр дээрх 0041401 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна.

Улмаар маргаан бүхий 0041402 дугаар шийтгэлийн хуудсаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага үүсгэсэн гэсэн үндэслэлийг өөрчлөөгүй, харин  Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хуульд заасан хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 300.055.924.38 төгрөг, түүнд ногдох алданги 119.016.906.92 төгрөг, нийт 419.072.831.30 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх “ ... тооцооллын алдаатай буюу хуульд заасан хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд ногдох алдангийг орхигдуулж бичигдсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0041402 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдох алдааг засварласан нь хуулийн дээрх заалттай нийцсэн, ... дээрх байдлаар засварлаж шийдвэрлэсэн нь захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулга өөрчлөгдөөгүй ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.8. Түүнчлэн гомдол гаргагч талаас “... 0041402 дугаар шийтгэлийн хуудас нь захиргааны акт илт хууль бус байх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан шинжүүдийг агуулсан ...” гэсэн агуулгаар маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн нь зөв байна.

2.9. Тодруулбал анхан шатны шүүх “... тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдгийг тухай захиргааны байгууллага, албан тушаалтан нь өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан байхыг, мөн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байх зэрэг тохиолдлуудыг ойлгохоор байна ... 0041402 дугаар шийтгэлийн хуудас нь захиргааны акт илт хууль бус байх дээрх шинжүүдийг агуулаагүй ...” гэж зөв дүгнэсэн байна.

Ийнхүү анхан шатны шүүх эдгээр болон бусад үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 679 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ