| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2122000810072 тоот хэргийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Боржигоны 7-5 тоотод 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.О-тэй тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан хохирогчийн нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөн түүний биед зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт “ Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “ Би 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад гарч зүүн цагаан дэлгүүр ороход танил Н.О-тэй таарсан. Тэгтэл Н.О “шартаж үхлээ, нэг юм аваад өгчих” гэж хэлсэн. Би Н.О ийг наанаа байж байгаарай гэж хэлээд Норжингийн дэлгүүр ороод нэг ширхэг 0,5 литр савлагаатай “Онги” нэртэй архи зээлээр авсан. Тэгээд Н.О бид хоёр тэр архийг манай гэрт очиж уусан. Нөгөө архиа уугаад дуусч байтал Отгонсүх дахиад архи уумаар байна гэхээр нь би гэрийн гадаа байсан 50 килограммын шуудайтай 2 уут нүүрсийг хажуу талын хашаанд байдаг Алтансүх гэх залууд 10,000 төгрөгөөр зарсан. Тэгээд Боржигоны 4 дүгээр гудамны үзүүрт байдаг дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи аваад манай гэрт очиж уусан. Тэр архийг уугаад байж байтал Отгонсүх “өөртөө илүү надад бага аягалаад, мөн тэр архийг амаар нь уугаад” байхаар нь би “боль миний хөгшин чи илүү уугаад согтоод байна” гэж хэлтэл миний баруун шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Би гарч бие засчихаад гэрт ортол Н.О гэрт шүлсээ хаячихсан байсан. Тэгэхээр нь “гэрт яагаад шүлсээ хаяад байгаа юм” гэж хэлтэл дахин намайг цохих гэхээр нь гарыг нь барьж аваад гэрээсээ түлхээд гаргасан. Намайг түлхэх үед Н.О газарт унасан юм. Тэгэхээр нь би баруун хөлөөрөө нэг удаа Отгонсүхийн баруун хөмсөг хэсэгт өшиглөсөн. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дахь тал/
Хохирогч Н.О ийн “...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед би Арвижих 17-1 тоотод байх гэрээсээ тамхи авахаар гараад зүүн талын цагаан дэлгүүр ортол Б гэх танилтай таарсан. Б Норжингийн дэлгүүрээс нэг юм зээлж аваад гэрт очиж ууя гэхээр нь би хамт явсан. Тэгээд Боржигонд байх Т-ын гэрт очтол гэр нь хүнгүй, цоожтой байсан. Тэгээд гэрт нь ороод 0,5 литрийн хэмжээтэй “Онги” нэртэй дэлгүүрээс зээлж авсан архиа хувааж уугаад дууссан. Б гэрийнхээ гадаа байсан 2 шуудайтай нүүрсээ зүүн талынхаа хашааны айлын 50 орчим насны эмэгтэй хүнд өгөөд оронд нь 0,75 литрийн хэмжээтэй “Хараа” архи аваад бид хоёр хувааж уусан. Тэгээд би нэлээн согтсон. Нэг мэдсэн чинь би зодуулсан байсан. Цагдаа болон эмнэлэг ирээд намайг аваад эмнэлэг явсан. Надад одоогоор эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй. Н.Б надад хохирлын мөнгө гэж 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дахь тал/
Гэрч З.Б-ийн: “...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би хөдөө ажиллаж байгаад ажлаасаа бууж ирээд орой 18 цагийн үед Боржигон 7-3 тоотод байх гэртээ байж байтал гадаа хүн хашгирах шиг болсон. Гараад очтол хашааны урд талд нэг согтуу эрэгтэй хүн нүүр ам нь цус болчихсон орилоод байсан. Би яасан юу болсон бэ? гэтэл тэр хүн зодуулчихлаа гэхээр нь цагдаа дуудсан. Тэр хүн хэнд яаж зодуулсныг би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/
Гэрч Д.А-ийн:” 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр \цагийг нь сайн санахгүй байна/ үдээс хойш болж байсан. Хашаандаа байж байтал манай баруун талын хашааны Б гэх залуу намайг дуудсан. Яваад очтол “хоёр шуудай нүүрс авах уу, найз ирчихээд мөнгөний хэрэг гараад байна” гэсэн. Би хэд юм бэ? гэхэд “хоёулаа нийлээд 10,000 төгрөг” гэж хэлэхээр нь авъя гээд Б д 10,000 төгрөг бэлнээр өгч Бас 2 шуудай нүүрс авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 103 дугаартай:
1. Н.О ийн биед зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна.
2.Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал ха
туу гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаар болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дугаартай: Н.Б Т-ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Боржигоны 7-5 тоот өөрийн гэртээ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.О-тэй тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаа буюу гэрт шүлсээ хаялаа гэх шалтгааны улмаас маргалдан хохирогчийн нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөн түүний биед зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Н.О-тэй тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаа буюу гэрт шүлсээ хаялаа гэх шалтгааны улмаас маргалдан хохирогчийн нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөн түүний биед зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч Н.О ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Нэг мэдсэн чинь би зодуулсан байсан. Цагдаа болон эмнэлэг ирээд намайг аваад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг, гэрч З.Б-ийн “хашааны урд талд нэг согтуу эрэгтэй хүн нүүр ам нь цус болчихсон орилоод байсан. Би яасан юу болсон бэ? гэтэл тэр хүн зодуулчихлаа гэхээр нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 103 дугаартай: “Н.О ийн биед зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаар болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх ба шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, ялыг өршөөн хэлтрүүлэх”,
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Г.Л: “...шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Н.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой” зэргийг харгалзан үзнэ үү гэх саналуудыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Н.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх” нөхцөл, шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан ба улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Н.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.О шүүгдэгчээс хохиролд 200.000 төгрөг бэлнээр авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд хохирогч Н.О нь давхар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргаж байх боловч хохирогч ямар нэгэн гомдол санал байхгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 11 тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүх улсын яллагчийн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д-В овогт Н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-В овогт Н Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР