Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 339

 

           Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багт оршин суух, /РД:ЛБ59052811, утасны дугаар 91591128/, Жониуд овогт Санзайжавын Хүрэлчулууны

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Хүрэлчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч С.Хүрэлчулуун нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1974 онд 7 дугаар анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэл дээр гарч аав ээжийнхээ хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн “Дөхөм” багт малчнаар ажиллаж байгаад 1977-1980 онд цэргийн алба хаасан бөгөөд 1980 оны 6 дугаар сард халагдаж ирээд мөн нэгдлийнхээ “Дөхөм” багтаа мал малласан. Би “Дөхөм” багт 1974 оны 6 дугаар сараас 1977 оны 6 дугаар сар хүртэл, 1980 оны 7 дугаар сараас 1988 оныг дуустал малчнаар ажилласан боловч дээр дурдсан хугацаануудын баримт архиваас бүрэн гүйцэд гарсангүй. Иймд намайг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн “Дөхөм” багт малчнаар 1974 оны 6 дугаар сараас 1977 оны 6 дугаар сар хүртэл,1980 оны 7 дугаар сараас 1988  оныг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Жониуд овогт Санзайжавын Хүрэлчулуун нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1974 оны 6 дугаар сараас 1977 оны 6 дугаар сар хүртэл, 1980 оны 7 дугаар сараас 1988 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

С.Хүрэлчулуун нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1974 оны 6 дугаар сараас 1977 оны 6 дугаар сар хүртэл, 1980 оны 7 дугаар сараас 1988 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 201/15 тоот лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар,

 

         -гэрч Дөхөм овогт Цэрэндоржийн Хүрлээ /РД:ЛБ60082101/-гийн “С.Хүрэлчулуун нь 1974 онд илгээлтээр хөдөө гараад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн “Дөхөм” бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан. 1977 онд цэргийн албанд татагдаж, 1980 онд цэргээс халагдаж ирсэн бөгөөд 1983 онд эхнэр авч тухайн нэгдэлдээ тусдаа мал аваад үргэлжлүүлэн нэгдэл тартал малчнаараа ажилласан. С.Хүрэлчулуун нь сумын “Энх сүрэгтэн” гэх мэт шагнал урамшуулал авч байсан, ажилдаа сайн хүн байсан.  Нэгдэл нь 1990 онд тарсан. С.Хүдэрчулууны гэр нь 1993 онд шатаж, бичиг баримт нь үрэгдсэн байх. С.Хүрэлчулуун нь тухайн нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

-гэрч Ваанчин овогт Доржпүрэвийн Баянжаргал /РД:ЛБ67110207/-ын “Хүрэлчулуун нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн “Дөхөм” бригадад 1974 оноос эхлэн аав ээжийнхээ хамтаар малчнаар ажиллаж байсан. 1977 онд цэрэгт явж 1980 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд тухайн нэгдэлдээ малчнаар нэгдэл тартал ажиллаж байсан. С.Хүрэлчулуун нь бог мал малладаг байсан. С.Хүрэлчулууны гэр нь 1993 онд шатсан. Тийм учраас бичиг баримт нь шатсан байх. С.Хүрэлчулуун нь сайн малчин байсан. Одоо ч гэсэн хувийн хэдэн малтайгаа амьдарч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Иймд С.Хүрэлчулууны хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Санзайжавын Хүрэлчулуун нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн “Дөхөм” бригадад 1974 оны 6 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг хүртэл, 1980 оны 7 дугаар сараас 1988 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ