| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0326/и |
| Дугаар | 338 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 338
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг, “Хонгор”-т оршин суух, /РД:ЛБ62022417/, Бор овог Загдсүрэнгийн Батмөнхийн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Батмөнх нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд малчнаар 1985 оноос 1995 оныг дуустал ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч цалингийн цэс дутуу гарсан, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт нэг хүний гарын үсгээр бөглөгдсөн байна гэсэн учир шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1985 оноос 1995 оныг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү.
Миний бие нь шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би өөрөө бие муутай тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Бор овог Загдсүрэнгийн Батмөнх нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1985 оноос 1995 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
З.Батмөнх нь Миний бие нь шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би өөрөө бие муутай тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Бор овог Загдсүрэнгийн Батмөнх нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1995 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 52/15 тоот лавлагаа, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа,
-гэрч Дондоо овогт Паануугийн Энхтөр /РД:ЛБ62121911/-ийн: З.Батмөнх бид хоёр нэг оны цэрэг байсан. З.Батмөнх нь 1981 онд цэрэгт яваад 1984 онд цэргээс ирээд эхнэр авч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1985 оноос 1995 оныг дуустал бог мал маллаж байгаад сүүлдээ тэмээ малладаг болсон. 1985-1995 оны оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Бид 2 цуг цэрэгт явж байсан, мөн нэг сумын нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
-гэрч Түдэв овогт Насангийн Долгор /РД:ЛБ65100123/-ийн: З.Батмөнх нь 1985 онд хүнтэй суугаад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1985 оноос 1995 оныг дуустал хонь ямаа маллаж байгаад сүүлдээ тэмээн сүрэг малладаг болсон. З.Батмөнх нь ажилдаа хариуцлагатай, сайн малчин байсан. З.Батмөнх нь 1985-1995 оны оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Бид нар нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Бор овог Загсүрэнгийн Батмөнх нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1995 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ