| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0129/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.С |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч Г.Б-О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-О-д холбогдох эрүүгийн 2122000000190 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Б-О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 2-29а тоот өөрийн гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Т.Э-ын толгой руу шилэн аяга шидэж түүний биед духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Г.Б-О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ 2021 оны 11 сарын 16-ны шөнө манай ах Б гэрт ирж хоол идсэн. Тэгээд Б ахтай төв орж 0.5 литрийн архи авсан. Архиа уугаад ах унтаад өгсөн. Би босч гал хийчихээд ширээн дээр байсан стакан авч ус уучихаад Э руу шилэн аягаа шидсэн чинь толгой нь хагарсан. Тэгээд цагдаа ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв
Шүүгдэгч Г.Б-О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “..Т.Э нь миний хамтран амьдрагч байгаа юм. Б ах манайд ирээд хоол идсэн. Б ахын хамт гэрээс гараад дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи авч ирж гэртээ уусан. Б ах унтсан. Би босч зуухандаа гал хийчихээд гэрт байдаг цэнхэр өнгийн сэнжтэй шилэн аяганд ус хийж уугаад гэрийнхээ зүүн талын баганы хажууд суусан. Гэнэт л би аягаа эхнэр лүүгээ шидчихсэн юм. Тухайн үед манай эхнэр гэрийн зүүн хойд талд хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Миний шидсэн аяга манай эхнэрийн толгойг нь онож толгойноос нь цус гарч эхэлсэн. Би цусыг нь тогтоох гэж байтал эхнэрийн төрсөн ах Энхболд орж ирээд цагдаа болон түргэн дуудсан. Тухайн өдрөөс 2-3 хоногийн өмнө бид хоёр хэрэлдэж маргалдсан юм. Намайг Э руу аяга шидэх үед Б ах манай том охин У нар унтаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/
Хохирогч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Б-О бид хоёр танилцаад 2 жил гаран болж байна. Хамтран амьдраад 1 жил болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй. 2021 оны 11 сарын 16-аас 17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед Г.Бат-Орших, Б хоёр гарч яваад 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи авч ирээд уусан юм. Тухайн үед Б.О нь шилэн аяганд ус хийгээд уусан юм. Тэгснээ тэр аягаа над руу шидсэн. Тэр үед нь би хүүхдээ хөхүүлээд сууж байсан тул хүүхдийн толгой цус болохоор нь Б.О-д хандан “чи хүүхдийн толгой хагалчихлаа шүү дээ” гэж хэлээд хүүхдийнхээ толгойг үзтэл хүүхдийн маань толгой биш харин миний толгой хагарсан байсан. Би Б.О-д “чи миний толгойг хагалчихсан байна шүү дээ яаж байгаа юм бэ? цус гараад байна” гэж хэлэхэд миний толгойноос гарсан цусыг тогтоох гэж оролдсон. Тухайн үед нэг хашаанд байдаг миний төрсөн ах орж ирээд “Чи чинь толгойг нь хагалчихсан байна шүү дээ, аятайхан ууж идэж болдоггүй юм уу” гэж хэлээд миний гар утсыг авч түргэн болон цагдаа дуудсан. Миний баруун дух хэсэг хагарсан. Зүгээр байж байгаад л над руу аяга шидсэн. Б.О дунд хэмжээний согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/
Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны 02 цагийн үед гэртээ унтаж байтал манай хажуугийн айл буюу миний төрсөн дүү Эын гэрт юм түчигнээд байхаар нь орсон. Гэтэл манай дүүгийн толгой хэсгээс нь цус гарсан байдалтай Б.О цусыг нь тогтоох, арчиж цэвэрлэх гээд байж байсан. Би юу болсон, яагаад ийм болсон талаар асуухад Б.О“би шилэн аяга шидээд толгойг нь хагалчихсан юм” гэж хэлсэн. Мөн тэр хавиар цэнхэр өнгийн шилэн аяганы хагархайнууд тарсан байсан. Дух хэсэг буюу баруун нүднийх нь дээд хэсэгт хагарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 тал/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 2-4 тал/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 279 дугаартай: “1.2. Т.Э-ын духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4. Т.Э-ын биед үүссэн гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Г.Б-Онь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 2- 29а тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Т.Э-ын толгой руу шилэн аяга шидэж түүний биед духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б-О нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Т.Э-ын“...Б.О нь шилэн аяганд ус хийгээд уусан. Тэгснээ тэр аягаа над руу шидсэн. Тэр үед нь би хүүхдээ хөхүүлээд сууж байсан тул хүүхдийн толгой цус болохоор нь Б.О-д хандан “чи хүүхдийн толгой хагалчихлаа шүү дээ” гэж хэлээд хүүхдийнхээ толгойг үзтэл хүүхдийн маань толгой биш миний толгой хагарсан байсан. Би Б.О-д “чи миний толгойг хагалчихсан байна шүү дээ яаж байгаа юм бэ? цус гараад байна” гэж хэлэхэд миний толгойноос гарсан цусыг тогтоох гэж оролдсон.” гэх,
гэрч Т.Э-ын: “...миний төрсөн дүү Эын гэрт юм түчигнээд байхаар нь орсон. Гэтэл манай дүүгийн толгой хэсгээс нь цус гарсан байдалтай Б.Оцусыг нь тогтоох, арчиж цэвэрлэх гээд байж байсан. Би юу болсон, яагаад ийм болсон талаар асуухад Б.О“би шилэн аяга шидээд толгойг нь хагалчихсан юм” гэж хэлсэн. Мөн тэр хавиар цэнхэр өнгийн шилэн аяганы хагархайнууд тарсан байсан. Дух хэсэг буюу баруун нүднийх нь дээд хэсэгт хагарсан байсан” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Б-ийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 279 дугаартай хохирогч Т.Э-ын биед духанд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б-О нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэжээ.
Прокуророос шүүгдэгч Г.Б-О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Г.Б-О-д торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Т.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Э гомдол саналгүй, эмчилгээний төлбөр авсан /хх-ийн 52 тал/ гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Г.Б-О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч овогт Г-ийн Б.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овогт Г-ийн Б.О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-О-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.Б-О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-О-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР