Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Ц.П  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Пт холбогдох 2135000490183 дугаартай  эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй Б овогт Цын П /РД:ОЙ90102230/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн “Хар толгой” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын эхээр тус сумын иргэн Ч.Гийн хоёр тооны ямааг хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Пыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Ц.П нь Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн “Хар толгой” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын эхээр тус сумын иргэн Ч.Гийн хоёр тооны ямаа алдагдсан болох нь нд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-25-р тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-29-р тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30-р тал/, хохирогч Ч.Гийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хохирогч Ч.Гийн 2 тооны ямааг шүүгдэгч Ц.П хулгайлж авсан  болох нь:

Хохирогч Ч.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 11 сарын 10 -ний орчимд /яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна/ Хархираа багийн төвийн ойролцоо малын бэлчээрээс 2 тооны эр ямаа /сэрх/ хулгайд алдсан юм. Би 2020 оны 10-р сарын сүүлчээр Наранбулаг сумын малчин У гэдэг хүн надаас малын тэжээл /Овъёос/ худалдаж авсан бөгөөд тухайн малын тэжээлийнхээ үнэ өртөгт би Угээс нийт 7 тооны бог мал буюу 2 ямаа 5 хонь үнэ тохиролцож авсан бөгөөд тухайн 7 тооны бог малаа Хархираа багийн малчин Д.Ж гэх хүний малд нийлүүлж маллуулж байсан юм. 2020 оны 11-р сарын 10-ны орчимд Д.Ж надтай ирж уулзаад чиний хадгалуулсан 7 тооны малаас 2 тооны эр ямаа нь бэлчээрээс явсан малаас алга болчихлоо хайгаад олдохгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн алдагдсан 2 тооны ямаагаа багынхаа ойр орчимд эрж хайж манай багийн төв дээр байх мал хариулдаг хүмүүсээс сураглаад олоогүй юм. Би алга болсон 2 тооны ямаагаа имээр нь болон зүсээр нь танина. Тухайн 2 тооны ямаа нь хоёулаа нас гүйцсэн ямаа /сэрх/ байсан бөгөөд Үүнд: 1-хар зүстэй эр ямаа зүүн талын чих нь урдаасаа сод имтэй, баруун талын чих нь араас нь цөгрөг имтэй. 2- Улаан зүстэй эр ямаа нь толгойн хэсэгтэй болон хамар галзан, зүүн чих нь урдаасаа сод баруун талын чих нь шоргоолж имтэй бөгөөд тухайн 2 ямааны баруун талын эврийг нь би өөрөө Д.Жгын малд тавихдаа шар өнгийн будгаар будаж тавьсан юм. Би тухайн 2 ямааныхаа содон шинж, имийг нь худалдаж авсан Угээс сайн тодруулж асуусан болно. ... Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 36, 38-р тал/,

Гэрч С.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай өөрийн гэсэн 3 тооны үхэртэй өөр малгүй бөгөөд бог мал байхгүй учраас нутгийН Малчин хүмүүс болон аймгийн төв орж малын захаас хүнсний хэрэглээндээ мал мах худалдаж хэрэглэдэг юм. Би 2020 оны 11-р сард Тариалан сум 6-р багийн / Хархираа / иргэн Цын П /П/ гэх залуугаас 2 тооны ямаа өвлийн идэш хүнсэндээ хэрэглэх зорилгоор худалдаж авсан юм. 2020 оны 11-р сарын 11-нээс 15 өдрийн орчимд байх /яг өдрийг нь тодорхой санахгүй байна/ Тариалан сумын 6-р багийн /хархираа/ төвд манай хадам аав байдаг бөгөөд тухайн үед би өөрийнхөө эхнэр Д.М-н хамтаар хадам аавын гэрт очиход манай хадам аав болох Д надад хандаж манай багийн иргэн Ц.П /П/ гэх залуу эр ямаа /сэрх/ зарна гэж байна лээ гэж хэлэхэд нь Би эхнэр Д.Мын хамтаар өглөөний арван цагийн орчимд Хархираа багийн төв дээр байх Ц.Пын гэрт нь тухайн үед очиход Ц.Птай уулзаад чи ямаа зарж байгаа юм уу зардаг ямаа байгаа юу? гэж асуухад П надад хандаж 2 тооны зардаг ямаа байна гэж хэлсэн бөгөөд тухайн үед тэдний хашаан дотор нь хонь ямаа нийлсэн хэдэн мал байсан бөгөөд Ц.П гэх залуу тухайн үед надад хар, улаан зүсмийн 2 тооны ямаа /сэрх/ зааж харуулж энэ 2 ямааг үнэ тохиролцоод зарна гэсэн бөгөөд би тухайн үед Ц.П гэх залуутай тэр 2 тооны ямааг /сэрх/ нь үнэ тохиролцоод нас гүйцсэн улаан зүсмийн ямааг нь 100.000 мянган төгрөгөөр мөн нас гүйцсэн хар ямааг зүсмийн ямааг нь 90.000 мянган төгрөгөөр тус тус үнэ тохиролцоод худалдаж аваад уг 2 ямааг өөрийнхөө авто машинд ачиж сумын төв гэртээ ирсэн бөгөөд тухайн үед Ц.Паас худалдаж авсан 2 тооны ямаагаа өвлийнхөө идэш хүнсэнд хэрэглэсэн юм. Тэгээд би тэр 2 ямааг нядлаад арьсыг нь аймаг оруулаад арьс авдаг танихгүй ченжид тухайн үеийн ханшаар нь өгсөн бөгөөд тухайн үед Ц.Паас худалдаж авсан 2 тооны ямааны толгой нь манайд одоо байгаа байгаа. Тухайн үед эхнэр бид хоёр Ц.Пт 2 тооны ямааны үнэ болох 190.000 мянган төгрөг өгчхөөд 2 ямаагаа машиндаа аччихаад явсан тухайн үед худалдаж авсан 2 ямааны шүдийг нь татаж хараагүй бөгөөд тухайн 2 ямаа нас гүйцсэн сэрх байсан бөгөөд тэр 2 ямаа нь хоёулаа эвэртэй мөн тэр 2 ямааны эврийг нь шар өнгийн будгаар будсан байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

Гэрч Д.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай багийн засаг дарга Ч.Г 2020 оны 11 дүгээр сарын үед манай малд түр хадгалж маллаж өгөөрэй гэж 2 тооны ямаа 5 тооны хонь нийт 57 тооны мал хадгалуулсан. Тэгээд би өөрийн малтай хамт маллаж байтал нөгөө хадгалуулсан 2 тооны ямаа нь алга болсон байсан. Би Ч.Гт танай 2 ямаа алга болчихлоо гэж хэлээд бид хоёр малын бэлчээр, хүн амьтнаас эрж хайсан боловч олдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/,

Гэрч М.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 10 сарын орчимд /яг өдрийг нь сайн санахгүй байна/ Тариалан сумын Хархираа багийн иргэн Ч.Гөөс 40 кг-ын ууттай 23 уут малын тэжээл /овъёос/ худалдаж авсан бөгөөд тухайн худалдаж авсан малын тэжээлийнхээ үнэ өртгөд 5 хонь, 2 сэрх нийт 7 тооны малыг Гт өгсөн Тухайн бог малууд нь бүгд миний өөрийн мал бөгөөд манай нутгийн иргэд өвс, тэжээлээ Тариалан сумын нутаг дэвсгэрт газар тариалан эрхэлдэг иргэдээс худалдаж авдаг. Би тухайн үед тус сумын нутаг дэвсгэр Хархираа баг руу өөрийнхөө эзэмшлийн Вонго-3 маркийн 32-35 УВА улсын дугаартай автомашинаар малын тэжээл худалдаж авахаар өөрийн малаас 5 хонь, 2 сэрх нийт 7 тооны малыг ачиж явсан юм. Тухайн үед би Хархираа багийн иргэн Сийлэгмаа гэх хүнтэй утсаар ярьж малын тэжээл малаар худалдаж авах талаар тэжээл малаар солих хүн байвал асуугаад өгөөч гэж гуйж ярихад Сийлэгмаа эгч надад хандаж манай багийн иргэн Г малын тэжээлийг малаар сольж байна гэж хэлсэн тэгээд би малаа ачиж аваад Тариалан сумын хархираа баг руу явсан юм. Би тухайн үед Гтэй уулзаж тохиролцож малын тэжээлээ ачиж аваад явсан юм. Тухайн үед би малаа ачиж очоод Ч.Гт өгсөн 2 тооны эр ямаа болон 5 хонь бүгд миний эзэмшлийнх бөгөөд 2 ямаа нь нас гүйцсэн сэрх юм. Хар сэрх нь зүүн урдаасаа сод, баруун араасаа цөгрөг имтэй, Улаан ямаа нь хамар галзан эр ямаа, зүүн чих урдаасаа сод, баруун чих нь шорголж имтэй. Уг ямаанууд өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,

Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Птай би таарахад тэр мөнгөний хэрэг байна. 2 ямаа зарах гэсэн юм. Мал авах хүн байн уу, тийм хүн байвал намайг ямаа зарна гэж байна гэж хэлээрэй гэсэн. ...хүргэн С, охин хоёр манайд ирэхээр нь та 2 мал авна гэж байсан авсан уу гэхэд тэд аваагүй байгаа гэсэн. Тэгэхэд би манай дээд айлын П мөнгөний хэрэг болоод ямаа зарна гэнээ та 2 очоод уулзаад үз гэхэд тэд уулзаж ямааг худалдаж аваад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,

шүүгдэгч Ц.Пын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ээс 2020 оны 11 дүгээр сарын 20-ний хооронд Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Хар толгой гэх газарт өөрийн төрсөн ах Лтэй хамт манай өөрийн болон ах Лгийн хонь, ямаа нийлсэн нийт 150 гаруй тооны бог малыг маллаж байсан юм. Тухайн үед би өдөрт Хар толгойд байх хашаанаасаа тууж Хар толгойн хадлан тариалангийн талбай руу тууж явж оройд нь буцаж Хар толгойд байдаг манай аав, ээж байсан хашаанд авч ирдэг байсан юм. Энэ хугацаанд би ганцаараа бог малуудаа авч бэлчээрт явдаг байсан харин ах Л нь Хар толгойд гэртээ хоол унд хийх үхрийн баас авах гэх мэт гэрийн ажил хийдэг байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр би Хар толгой гэх газарт бэлчээрт явж байгаад тухайн газарт бэлчиж байсан Тариалан сумын 6-р багийн иргэн Жгийн бог малууд мөн манай бог малтай ойролцоо бэлчиж байсан. Тухайн өдөр Жгийн малыг нь охин нь болох Б бэлчээрт хариулж байсан ба Б нь малаа бэлчээрт орхичхоод уул руу явсны дараа би тэдний малаас хар болон бор зүсмийн 2 тооны эр ямааг малаас нь барьж авч өөрийнхөө хариулж байсан малдаа нийлүүлсэн юм. Тухайн ямаанууд нь эвэртээ улаан шар өнгийн будагтай ямаанууд байсан юм. Тухайн үед би олон ямаа авчихвал өөрийн малаас ялгагдаад харагдчих байх гэж бодоод хоёрхон ширхэг ямаа хулгайлж малдаа нийлүүлсэн. Намайг ямаа хулгайлж байхад Б малаа бэлчээрт орхичхоод Тахилт гэх уул руу явсан байсан юм. Би тухайн үедээ малаа явганаар хариулж байсан бөгөөд ямар нэгэн морь, унаа мотоцикль байгаагүй юм. Би уг хулгайлсан 2 тооны ямааг малдаа 6-7 хоног байлгаж байгаад Тариалан сумын иргэн С гэх хүнд 1 ямааг нь 90.000 төгрөгөөр тооцож тухайн хулгайлсан 2 ямааг нийт 180.000 төгрөгөөр худалдсан. Би тэр хоёр ямааг зарахдаа манай ах Лг Улаангом сум руу явсны дараа Хар толгойд байх хашаандаа өглөө бүх малаа байлгаж байгаад тэр дундаасаа тухайн 2 ямааг барьж өгсөн. Тухайн үед С нь надаас тухайн 2 ямааг ирж авахдаа эхнэртэйгээ хамт машинтай ирээд ачиж аваад явсан ба тухайн үед би Сд тэр 2 ямааг зарахдаа өөрийн мал гэж хэлээд мал дотроосоо барьж өгч явуулсан ба хулгайн мал гэдгийг С мэдээгүй юм. Би уг 2 ямааг зарж олсон мөнгө болох 180.000 төгрөгийг өөртөө бэлнээр хадгалж байгаад аймагт орж ирээд тэр мөнгөөр архи авч ууж үрж дуусгасан юм. Би тухайн үед мал хулгайлж зарсан талаараа хэн нэгэн хүнд хэлээгүй бөгөөд ах Лд мөн хэлээгүй юм.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.

Увс финанс Аудит ХХК-ны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаар “Увс аймагт 2020 оны 11 дүгээр сарын байдлаар нас гүйцсэн 2 тооны эр ямаа 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов." гэх дүгнэлт /хх-ийн 58-р тал/-ээр тухайн үхэр 200.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.П нь хохирогч Ч.Гийн 200.000 төгрөгийн, үнэлгээтэй, 2 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Хохирог Ч.Гийн “... Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/ -ээр хохирол төлбөр барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Пыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.П нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Ц.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ц.П нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.П урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 103-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Лгийн өгсөн: “...манайх нийт 250 толгой малтай. Дүү П хонь ямааг маань малладаг. Тариалан сумын иргэн Сд мал зарсан талаар саяхан сонссон юм. Миний дүү зан байдлын хувьд эелдэг даруу. Гэрт байх үедээ гэрийн ажилд их тусалдаг. Архи хааяа уудаг тэгэхээрээ хэдэн өдрөөр, хэдэн сараар, бүр жилээр ч гэртээ ирэхгүй явчихдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р тал/, Гэрч Ц.Цийн өгсөн: “Ц П нь 1990 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн бөгөөд эхээс долуупаа айлын доороос нь хоёр дахь хүүхэд нь юм. Ц.П нь одоо ам бүл ганцаараа бөгөөд манай ах Лтэй хамт нэг гэрт амьдардаг. Ц.П нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр зуур байдаг. Л ахын хэдэн малыг хариулсан болоод л байж байдаг юм. П нь зан аашийн хувьд гайгүй, жаахан хийсвэр зантай, хүн юу гэнэ, тэрийг л дагаад явчихдаг хар бор ажилд сайн бөгөөд хадлан хадах, мал маллах зэрэг ажилд түлхүү сайн. Ямар бол ямар ч ажил хийчихдэг. Сүүлийн хэдэн жил архи уугаад л жаахан тиймэрхүү болчихсон бөгөөд тогтсон гэр орон байдаггүй учир энэ тэнд ажил олдож л байвал хийгээд явчихдаг. Заримдаа хэл амгүй, сураггүй алга болчхоод байдаг талтай юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/, Гэрч Б.Нгийн өгсөн: “Ц.П нь зан аашийн хувьд даруухан, хүнтэй зөв харилцдаг, хөдөлмөрч зантай залуу бөгөөд одоогоор ам бүл-2 ах Лтэй хамт амьдардаг, урьд өмнө нь гэр бүл зохиож байгаагүй хүн юм. Ц П нь эрхэлсэн тодорхой ажилгүй ахтайгаа хамт газар тариалангийн ажил болон мал аж ахуй эрхэлдэг гэхдээ өөрт нь ямар нэгэн эд хөрөнгө гэх зүйл байдаггүй. Ах Лд туслаад л хар бор ажил хийж амьдарч байсан залуу юм. Ахтайгаа хамт хадлан тариа, ногоо тарих, ахынхаа мал хариулах зэрэг ажил хийгээд өөрийгөө болгочихдог, нэг их дутагдаад гачигдаад байх зүйл байхгүй, ганц бие учраас өөрөө өөрийгөө аваад явчихдаг хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Пын      энэ хэрэгт цагдан хоригдсон 26  /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу ялтан  Ц.Пд оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөнийг хязгаарлах зорилгын үүднээс зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнээд ялтан Ц.Пд нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Пын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 190.000 төгрөгийг түүнээс хурааж улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Ц.П нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б овогт Цын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пт 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Пт оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Пын   энэ хэрэгт цагдан хоригдсон 26  /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Пын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 190.000 төгрөгийг түүнээс хурааж улсын орлого болгосугай.

7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т  заасныг баримтлан ялтан  Ц.Пт оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Пт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Пт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ