Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 431

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Ш” ХХК,

Хариуцагч: Ш ө х т г у б У.Х,

Гомдлын шаардлага: “Ш ө х т г у б У.Х-ийн 2018 оны 02 дугаар сарын12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинжирбаатар, хариуцагч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: “Ш ө х т г у б У.Х нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаараа 5,000,000 төгрөгөөр Ш ХХК-ийг торгожээ.

“Ш” ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, хөрөнгө оруулалт болон нефтийн бүтээгдэхүүний бөөний борлуулалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан, салбар шатахуун түгээх станцгүй компани юм.

Гэтэл Ш ө х т г у б У.Х нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 “...хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах...”-аар заасан эрхээ бүрэн гүйцэд, зөв хэрэгжүүлээгүй, төрийн хяналт шалгалтын үндсэн зарчим, нийтлэг үндэслэл, журмыг зөрчиж, хамрах хүрээ, шалгуулах этгээдийн талаар тодруулаагүй, холбогдох материалыг дутуу цуглуулж “Ш” гэсэн лого хэрэглэсэн шатахуун түгээх станцыг “Ш” ХХК-ийнх гэж үзсэн.

Шийтгэлийн хуудаст үндэслэсэн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “...Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж заасан байхад шалгалтын явцад яг ямар компани нь дээрх үүргийг зөрчсөн, хэргийн газрын үзлэг хийхдээ, Фото зургаар баталгаажуулахдаа ШТС-9, 15, 26, 27 гэдэг нь ямар компанид харъяалагддагийн тодруулалгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй байхад “Ш” ХХК-д холбогдуулан шийтгэлийн хуудас бичсэн.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид нь 2018 оны 5/01 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийсэн. Тус удирдамжийн дагуу “Ш т” ХХК-ийг шалгах ёстой байсан боловч улсын байцаагчийн дүгнэлт шатахуун түгээх салбар, шатахуун түгээх станцгүй импортын зөвшөөрөлтэй “Ш” ХХК-ийг торгосон. Ингэхдээ “...“Ш” ХХК нь Хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй” гэж торгосон. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөвлөгөө болон удирдамж нь “Ш т” ХХК-ийн жижиглэнгийн болон бөөний борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих байсан боловч “Ш” ХХК-ийг шалгаж, 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1802000029 тоот зөрчлийн хэрэг үүсгэж, “...үнэ нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн, хязгаарлалт хийсэн” гэх үндэслэлээр “Ш” ХХК-ийг торгосон.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005504 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч У.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2017 оны 1/19 дугаартай, 2018 оны 5/01 дугаартай удирдамжийн дагуу шатахууны импорт, жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд “Ш” ХХК-ийн үйл ажиллагаанд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад “Ш” ХХК-ийн ШТС-14 нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр дизель түлш 300 литрээс дээш худалдаалахгүй гэсэн хязгаарлалт хийсэн. Мөн Газрын тосны бүтээгдэхүүний 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх” гэсэн Засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн долдугаар хуралдаан, наймдугаар хуралдаанаас гаргасан зөвлөмж, хуралдааны тэмдэглэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/43 дугаартай мэдэгдэл зэрэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 13 дугаар тушаалаар батлагдсан “Шатахууны жижиглэнгийн үнийн бүрдэлт, компаниудын ашиг, алдагдлын тооцоог судалж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсгийн дүгнэлтийг гарах хүртэл хугацаанд аливаа шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй, хомсдол үүсгэхгүй, хязгаарлалт хийхгүй байх үүрэг өгөгдсөн.

Гэтэл “Ш” ХХК нь Нано-92, АИ-95, АИ-98 зэрэг шатахууны үнийг нэмэгдүүлсэн, энгийн АИ-92 шатахууны орлогын түгээлтийг удаашруулсан, ШТС-17 нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нано-92 шатахууныг хэрэглэгчид нэмэгдсэн үнэ 1730 төгрөгөөр борлуулж байсан боловч төлбөрийн баримтланд 1630 төгрөгөөр тооцон иргэнд, Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгосон байна. Мөн “Ш” ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөс болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/43 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр өгөгдсөн шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй нь хяналт шалгалтын тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, иргэнд төлбөрийн баримтыг үнийн зөрүүтэй олгож байсан нь баримт 00837-002-0230 дугаартай төлбөрийн баримт, холбогдогчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байсан. “Ш” ХХК-д Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан байна. Гэтэл “Ш” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байх тул уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хязгаарлагдсан гэж үзэж байна.

“Ш” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 “...хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг шалгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах...”-аар заасан эрхээ бүрэн гүйцэт, зөв хэрэгжүүлээгүй, төрийн хяналт шалгалтын үндсэн зарчим, нийтлэг үндэслэл, журмыг зөрчиж, хамрах хүрээ, шалгуулах этгээдийн талаар тодруулаагүй, холбогдох материалыг дутуу цуглуулж “Ш” гэсэн лого хэрэглэсэн ШТС-ыг “Ш” ХХК-ийнх гэж үзсэн” гэсэн нь “Ш” ХХК нь “Ш т” ХХК-тай харилцан хамааралтай гэдгийг болон өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэгжүүлэн, холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 8 дугаар хуралдааны шийдвэрээр шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний автобензиний хангамж, үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах талаар мэдэгдсэн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор өргөн хэрэглээний автобензиний /А-80, АИ-92/ онцгой албан татварыг тэглэж, дотоодын зах зээлд борлуулж буй автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар үүрэг болгосон.

Үүний хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 1/43 дугаартай мэдэгдлийг шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн бөгөөд хуульд заасан журмын дагуу шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж ажилласан. Дээрхи зохицуулалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д "...эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн ... бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийснийг... өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэж заасан, мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж заасны дагуу автобензин, дизель түлш импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон байгууллага, албан тушаалтны зохицуулалт, шийдвэрийг хуулийн нэгэн адил хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Иймд “Хамтарсан зөвлөл”-ийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах, шатахууны хязгаарлалт болон үнийг нэмэгдүүлэх талаар гаргасан аливаа шийдвэрийг цуцалж, цаашид асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүртэл шатахууны хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдэж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1/43 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн байдаг.

Гэтэл “Ш” ХХК нь Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай зөвлөмж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 1/43 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр өгөгдсөн үүргийг биелүүлээгүй болох нь хяналт шалгалт хийх үеийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, шатахуун худалдаж авсан иргэнд олгосон төлбөрийн баримт зэрэг баримтаар тогтоогдсон.

Мөн Зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад “Ш” гэсэн хаяг лого бүхий шатахуун түгээх станцуудын ажилчдын байранд байрлуулсан хөдөлмөрийн аюулгүй байдлын анхааруулах самбар нь “Ш” ХХК гэсэн хаягтай байсан бөгөөд тухайн ажлын байранд байрлуулсан компаний зорилго гадна хаяг, самбар нь мөн “Ш” ХХК-ийн зорилго, Ш гэсэн нэр, лого бүхий самбарыг байрлуулсан байсан нь тухайн шатахуун түгээх станц нь “Ш” ХХК-ийн шатахуун түгээх станц гэж үзэхээр байна.

“Ш” ХХК-ийн үнээ нэмэгдүүлж, хангамжийг удаашруулсан энэ үйлдэл нийгэм, эдийн засагт их хэмжээний бухимдал, сөрөг үр дагаврыг бий болгосон үйлдэл бөгөөд шатахуун бол нийгэм, эдийн засгийн суурь үнийг бүрдүүлж байдаг, шууд нөлөөлөл үзүүлэх боломжтой, стратегийн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний нөөцийн жагсаалтад багтдаг, төрөөс зохицуулалттай, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг онцлогтой бүтээгдэхүүн юм.

Шатахууны компаниуд үнээ нэмэгдүүлэхийн тулд тодорхой хэмжээгээр худалдан борлуулахгүй байх хязгаарлалт хийж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж байгаа орлогоо удаашруулсан шалтгаан нөхцөлүүд илэрч байсан. 

Бүх үйл ажиллагаа нэг хирнээ “Ш т” ХХК, “Ш” ХХК гэсэн хоёр компанийн нэрээрээ хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэж байна. Хяналт шалгалт хийж байх үеэс өнөөдрийг хүртэл жижиглэн борлуулалтынхаа “...үнээ нэмсэн” гэсэн мэдээллээ зөвхөн “Ш” ХХК-иас ирдэг болохоос биш хэзээ ч “Ш т” ХХК-иас ирүүлж байгаагүй. Энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн. Бүх шатахуун түгээх станцуудын хаяг, аюулгүй байдлын зааварчилгаа, дотоод журам, компанийн танилцуулга нь “Ш” ХХК-ийн заавартай байдаг. Дээрээс нь Ш групп ганцаараа эзэмших лого тэмдэглэгээ нь Ш гэдэг нэртэй бүх компани хэрэглэдэг. Компанийн дүрэмд ч “...логоны цор ганц эзэмшигч нь Ш групп” гэж бичигдсэн. Энэ нь илтэд хэрэглэгчид болон бусад хүмүүст төөрөгдөл үүсгэж байна гэж үзэж байна.

Иймд “Ш" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Ш” ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Х-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргажээ.   

Шүүх гомдол гаргагч болон шийтгэлийн хуудас бичсэн улсын байцаагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/19[1], 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01[2] дүгээр удирдамжуудын дагуу нефтийн бүтээгдэхүүн худалдаа эрхлэгч болон шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр  удирдамж гаргасан байна.

Уг удирдамжид заагдсанаар “Сод Монгол групп” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Ш т” ХХК, “П” ХХК, “М” ХХК, “М т” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд “Ш т” ХХК-ийг шалгах ажлын хэсэгт У.Х, М.Б, ажлын хэсгийн ахлагчаар Ц.Л нар томилогджээ[3]

Удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгдэж  2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7/01 дүгээр улсын байцаагчийн дүгнэлт[4] гарсан байх бөгөөд уг дүгнэлтээр “Ш” ХХК-ийн шатахуун түгээх станцууд хамрагдаж хяналт шалгалтын удирдамжийг танилцуулан, нийт 10 шатахуун түгээх станцын үйл ажиллагааг шалгаж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заагдсан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан шийтгэл ногдуулах үндэслэл болж байна хэмээн дүгнээд маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Ш” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгожээ[5]

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана”, 5.2.4 “Шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр” гэж заасан.

Эндээс үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь хяналт шалгалтын удирдамжийн дагуу “Ш т” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах байсан боловч “Ш” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус, удирдамжаас хазайж, хяналт шалгалтыг явуулжээ. 

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

 “Ш” ХХК-ийн дүрэмд шатахууны бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа гэж тусгасан байгаа боловч тус компанийн тусгай зөвшөөрөл, Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/5041 дүгээр албан бичиг, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны www.http://www.mmhi.gov.mn Сайт дахь баримтаас үзвэл гомдол гаргагч “Ш” ХХК нь шатахууны жижиглэн худалдаа эрхэлдэггүй, бүх төрлийн шатахууныг импортлох үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч “Ш” ХХК нь шатахуун жижиглэнгээр худалдаалдаггүй бөгөөд импортоор оруулж ирдэг нь тогтоогдож байх тул шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл маргаан бүхий захиргааны акт болох Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Х-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Ш ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байх тул уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хязгаарлагдсан гэж үзэж байна...” гэж тайлбарлаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.

Гомдол гаргагч “Ш” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн В/188 дугаар албан бичгээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлын хариуг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1/326 дугаар албан бичгээр хариу өгчээ.

“Ш” ХХК уг албан бичгийн хариуг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасан байна.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн гомдолыг хангаж, Ш ө х т г у б У.Х-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус  баримтлан гомдол гаргагчаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.БАТСҮРЭН

 


[1] Хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 59-60 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас