Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Г.Бад нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ггийн Бад холбогдох эрүүгийн 2135000000164 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 16-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Ггийн Б /РД:ОО95081616/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн нутгаас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 1.42 метр куб хэрэглээний нойтон бургас бэлтгэж, ойн экологи эдийн засагт 335.286  төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.Быг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн нутгаас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 1.42 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р тал тал/,

-  Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10-р тал/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-21-р тал/,  эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22-р тал/, модон иштэй, сүх 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 41-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын мөрдөн байцаалтын өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын ЗДТГ-т хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ажилтнаар ажиллаж байна.  2021 онд Түргэн сумын 2-р багийн нутаг Овоон булан, Шургац гэх нэртэй газруудад Түргэн сумын сум дундын ойн ангиас 6 га талбайд талбай тусгаарлалт хийгдэж тухайн газраас мод бэлтгэх эрхийн бичгийг олгосон. Би Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Г овогтой Быг танихгүй, Г овогтой Б гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Г.Бын бэлтгэсэн модонд шинжээчийн дүгнэлтээр гарсан экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,

гэрч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхэпж Түргэн сумын 02 дугаар баг Улаангом сумын 08 дугаар баг, Сагил сумын Өндөр мод багийн чиглэлд морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Улаангом сумын 08 дугаар багийн чиглэлд Э.Тын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Улаангом сумын 08 дугаар багийн иргэн Г овогтой Б нь өөрийнхөө хуучин өвөлжөөнийхөө урд хэсэгт шинээр хашаа барих гэж байгаа газартаа нойтон бургас мод бэлтгэсэн байсан юм. Тэгээд бид нар Г.Бын гэрт очиж Г.Баас тухайн модыг хаанаас бэлдсэн талаар асуухад гэрийнхээ арын модон дотроос бэлдсэн гэж хэлсэн мөн Г.Бын эхнэр нь бид нар өвөл болж байгаа болохоор яараад модоо бэлдсэн юм. Мөн тэр өдөр Б нь аймгийн төв рүү явсан бөгөөд орой манай постын гэрт ирсэн “бид нар аймаг орж бэлтгэсэн модондоо эрхийн бичиг авах гэхэд бид нарт эрхийн бичиг олдсонгүй” гэж хэлж ирсэн юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 50-р тал/,

Гэрч Э.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхэлж Түргэн сумын 02 дугаар баг Улаангом сумын 8 дугаар баг, Сагил сумын Өндөр мод багийн чиглэлд морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаангом сумын 8 дугаар багийн чиглэлд З.Бийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Г овогтой Б нь өөрийнхөө хуучин өвөлжөө болон өвөлжөөнийхөө урд хэсэгт шинээр хашаа барих гэж байгаа газартаа нойтон бургас мод бэлтгэсэн байсан юм. Тэгээд би нар Г.Бын гэр Г.Баас тухайн модыг хаанаас бэлдсэн талаар асуухад гэрийнхээ арын модон дотроос бэлдсэн гэж хэлсэн. Мөн Г.Баас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад ямар нэг эрхийн бичиг байхгүй. Мөн Бын эхнэр нь бид нар өвөл болж байгаа болохоор яараад модоо бэлдсэн юм. Мөн тэр өдөр Б нь аймгийн төв рүү явсан бөгөөд орой постны гэрт ирсэн "Бид нар аймаг орж бэлтгэсэн модондоо эрхийн бичиг авах гэхэд бидэнд эрхийн бичиг олдсонгүй" гэж хэлж ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/,

Гэрч Ж.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Г.Быг танихгүй, Г овогтой Б нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Түргэн сумын Хөндлөн гол гэх нэртэй газар нь зарим хэсгээ рээ Түргэн сумын 2 дугаар багийн нутагт хамаарах ба улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,

Гэрч М.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 онд Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Долойгийн тохой, Улаан эрэг гэх нэртэй газруудад Түргэн сумын сум дундын ойгоос 5 га талбай тусгаарлалт хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах Каанар гэх газарт миний аав болох Ггийн өвөлжөөн дээр малын хашаа янзлах шаардлагатай байсан тул өөрийн гэрийн урд байрлах бургас моднуудаас тайрч өвөлжөөнийхөө зүүн талд тавьсан. Тэгтэл 2021 оны 09 дүгээр 30-ны өдөр тус багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар ирж надаас уг бургас модыг тайрах зөвшөөрөл байгаа эсэх талаар асуусан. Би тухайн үед надад ямар нэгэн зөвшөөрөл бичиг байхгүй малын хашаагаа янзлах гэж бага зэрэг тайрч бэлтгэсэн гэж хэлсэн. Тэгтэл 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Түргэн сумын хэсгийн төлөөлөгч А.А нь ирж миний бэлтгэсэн модонд үзлэг хийж битүүмжлээд явсан. Миний бургас бэлТгэсэн газар нь манай өвөлжөөнөөс 50 метрийн зайтай байдаг ба би тухайн бургасыг гараар зөөсөн. Би тухайн бургасыг модон иштэй сүхээр тайрсан. Би учирсан хохирлыг төлж барагдуулсан. Тухайн бургасыг их бага хэмжээ хамаарахгүй тайрч бэлтгэхэд зөвшөөрөл авах ёстой гэдгийг маш сайн мэдэж авсан цаашид дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р тал/ -үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай “Увс аймгийн Түргэн сумын 2-р багийн нутаг Хөндлөн гэх нэртэй N50.14429, Е091.58523 газар нь  улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь бургас мод байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. Мод 1.42 метр куб болж байна. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 335.286/ Гурван зуун гучин таван мянга хоёр зуун наян зургаан / төгрөг болж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 56-р тал/-ээр шүүгдэгч Г.Бын бэлтгэсэн 1.42 м3 модны экологийн эдийн засгийн үнэлгээ нь 335.286 төгрөг, мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болох нь тус тус тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Г.Б нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн нутгаас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 1.42 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтээр 335.286 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 335.286 төгрөг байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.005.858 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол тодорхойлох зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь байгаль экологид учруулсан бодит хохирол 330.000 төгрөгийг Түргэн сумын Байгаль хамгаалах сангийн 100151455402 дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 111-р тал/-аар тогтоогдож байх тул уг 330.000 төгрөгийг Түргэн сумын Байгаль хамгаалах сангийн 100151455402 дугаартай данснаас, шүүгдэгч Г.Баас 675.858 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь Байгал хамгаалах сангийн 100151455402 дугаартай дансанд 330.000 төгрөг төлсөн болох /хх-ийн 111-р тал/ нь хэрэгт хавсаргасан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Бын хувийн зан байдлын талаар Гэрч Т.Тийн өгсөн: “Б нь 1995 оны 08 дугаар сарын 16-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн ба 5 хүүхэдтэй айлын бага хүү юм. Б бага насаа өөрийн ээж аавын гар дээр өсөж Тэс суманд 1 дүгээр ангид сурсан. Бид хоёр 2021 оны 5 дугаар сарын 03-ны гэр бүл болж нэг гэрт орсон. Б нь төлөв даруу бусадтай нийтэч олондоо тустай явдаг тусархуу бөгөөд архи уудаггүй харин тамхи татдаг. Б бид хоёр гэр бүл болж эцэг эхээс тасалж өгсөн 14 тооны үхэртэй, 210 тооны богтой 15 тооны адуутай харин өөрсдийн нэр дээр мустанг-5 маркийн мотоциклтой. Одоогоор бид 2 Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Каанар гэх газар өвөлжиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/, Гэрч Ш.Тын өгсөн: “Г.Б нь Увс аймгийн Тэс суманд төрсөн ба Г гэх айлын 5 хүүхэдтэй айлын бага хүүхэд . Б нь сумын сургуульд нэгдүгээр анги төгсөж улмаар биеийн байдлаасаа болж үргэлжлүүлэн сурч чадаагүй ба бага насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрүүлж мал маллаж амьдарч эхэлсэн. Б нь 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өрх тусгаарлан эхнэр авч тусдаа гарсан юм. Быг тусад нь мал эд хөрөнгө тасалж өгсөн ба 10 үхэр, 5 адуу таслан өгсөн ба Бын хадам аав нь 2 бог таслан өгсөн. Б нь өөрийн нэр дээр мустанг-5 маркийн мотоциклтой. Б нь архи огт уудаггүй харин тамхи татдаг олонтой нийтэч бусдад тусархуу, эхнэртэй халамжтай гэр орноо өнгөтэй өөдтэй авч явахын тулд хичээж яваа Б нь урд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүнтэй хэрүүл маргаан тэмцэл хийдэггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р тал/-үүд хэрэгт авагджээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Бад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах  нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Г.Б нь хохиролд 330.000 төгрөгийг Увс аймгийн Түргэн сумын Байгаль хамгаалах санд  төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар ойн санд учруулсан хохиролд 675.858 төгрөгийг шүүгдэгч Г.Баас хурааж,  Увс аймгийн Түргэн сумын Байгаль хамгаалах сангийн 100151455402 данснаас 330.000 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар  хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 335.286 төгрөгийн үнэ бүхий 1.41 метр.куб бургас модыг хурааж, ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт үлдээж, модон иштэй төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ггийн Быг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч Г.Бад 650 зургаан зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зууг тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Б нь хохиролд 330.000 төгрөгийг Увс аймгийн Түргэн сумын Байгаль хамгаалах санд  төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар ойн санд учруулсан хохиролд 675.858 төгрөгийг шүүгдэгч Г.Баас хурааж, Увс аймгийн Түргэн сумын Байгаль хамгаалах сангийн 100151455402 данснаас 330.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар  хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 335.286 төгрөгийн үнэ бүхий 1.41 метр.куб бургас модыг хурааж, ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б буцаан олгож, CD-г хэрэгт үлдээсүгэй

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.                                          

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ