| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-12-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Х.М |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Х.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Б/цахимаар/
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт
үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 1922001980112 тоот хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна. Миний буруутай үйлдлээс ийм зүйл болсонд харамсаж байна. Гэм буруугаа ойлгож дүгнэлт хийж байна” гэв.
-Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Машин техниктэй холбогдуулан гаргасан дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний биед учруулсан гэмтлүүдтэй холбоотойгоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтүүдтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-167-168/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч И.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай эхнэр Д.А нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралт нь эхлэх байсан болохоор 2019 оны 07 сарын 19-ний өдөр манай ангийн жолооч С.Э гэх хүн бас ээлжийн амралтаа авсан. Тэгээд Э нь эхнэр 2 хүүхэд, зээгийн хамт болон миний хүү М.Жавхлан нар 31-33 УНА улсын дугаартай Лексус-470 маркийн машинаар Улаанбаатар хотод байх гэртээ харихаар явж байсан юм. Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 04 цаг өнгөрч байхад осол болсон талаар мэдсэн. Намайг хилийн цэргийн 0166 дугаар ангид байрлах гэртээ унтаж байхад ангийн жолооч Эын эхнэр Д нь миний 89445533 гэсэн дугаарын утас руу 80010799 гэсэн дугаараас залгаж, зам тээврийн осолд орсон эгч ухаангүй толгойноос нь цус гарсан байна, бусад хүмүүсийн бие гайгүй байна гэж тухайн үед хэлсэн. Би осол болсон газарт очиход манай эхнэр жолоочийн эсрэг талын арын суудалд суусан байсныг мэдсэн. Манай хүүгийн бие гайгүй, бэртсэн гэмтэл нь бага байсан. Нэхэмжлэлийн талаар талийгаачийн оршуулгын зардал, буяны ажлын зардал нийт 17-18 сая төгрөг болсон. Нэхэмжлэх нь 7.000.000 төгрөг байгаа” гэх мэдүүлэг /хх-51-52/,
-Гэрч Ө.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Машинтай зөрөхөд нэг хар юм тулчихсан байсан. Тухайн үед ямар нэгэн оврын гэрэл болон ослын гэрэл огт харагдаагүй, машиныхаа гэрлийг манай нөхөр хол дээр нь тавихад л том овоолсон юмыг би харсан. Манай нөхөр зүүн тал руугаа огцом дарсан, тэгээд л түс тас хийгээд л явчихсан маш хурдан болж өнгөрөөд, манай нөхөр замаа чөлөөлөөд зогссон. Манай нөхөр машинаас буугаад, би хойшоо эргэж хараад, “хүүхдүүдээ бүгдээрээ гайгүй юу" гэтэл А эгчээс цус гарчихсан байсан. Би А эгчээ зүгээр үү гэхэд талийгаач дуугарахгүй байсан” гэх мэдүүлэг /хх64-65/,
-Гэрч Х.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би жолоочоос юу болсон гэж асуусан чинь жанаамны боолт болохгүй байна гэсэн. Тэгээд би замаас гараад шээж байсан чинь зүүн талаас том машин ирж байсан. Улаан өнгийн “Howo” маркийн машины хажуугаар том машин зөрж өнгөрсөн. Гэтэл “Howo” маркийн машины чиргүүлийн бөгсийг цагаан өнгийн машин мөргөөд “Howo”-ны урд очоод зогссон. Цагаан өнгийн машины жолооч нь хүн аллаа шүү дээ, цагдаа дуудаач гэж байсан” гэх мэдүүлэг /хх-53х/,
-Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...унтаж байсан чинь гэнэт аав орилоод би сэрээд харахад урд нэг хар юм байсан. Тэгээд аав рулээ зүүн гар тал руугаа дарсан чинь шил хагараад ороод ирсэн. Аав тухайн машины урд зогсоод машинаасаа буугаад бид хэдийг зүгээр үү гэж асуугаад жолооч нар руу яваад өгсөн. Тэгэхэд ээж эргэж хараад зүгээр үү гэж асуусан, А эгчээс цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх 57-58/,
-Гэрч С.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 07 сарын 19-ний өдөр ээлжийн амралтаа аваад эхнэр, 2 хүүхэд, зээ хүүгийн хамт хот явах гэж байтал манай ажлын орлогч дарга М эхнэр А болон хүү Ж-аа аваад хот явчих гэсэн. Дундговь аймгийн Луус сум өнгөрөөд явж байгаад ачааны машинтай зөрөхөд гэрэл гялбасан. Тэгээд гэрлээс гартал урд нэг том хар юм байж байсан. Том машин байна гэдгийг нь мэдээд зүүн тал руугаа дартал баруун гар талаараа юм шүргээд урдаас машин ирж байхаар нь тухайн мөргөсөн том машинаас 100-150 метр зайд очиж зогсоод, машинаасаа буугаад харахад баруун талын бүх цонх хагараад хаалганы дээд хэсгээр мурийсан байсан. Хүмүүсээ хартал баруун хойд талын суудал дээр сууж явсан А эгчийн толгойноос цус гарчихсан, бусад нь зүгээр байсан. Тэгээд би зогсож байсан машинаас “та нар яаж байна, хүн аллаа шүү дээ” гэж орилсон ирэхгүй болохоор нь би очоод цагдаа эмч, дуудаач гэсэн чинь нэг залуу нь “сүлжээ байхгүй байна” гэсэн. Манай эхнэр утасны цаг харахад 03 цаг 20 минут болж байсан гэж хэлсэн. Зогсож байсан газраа мөргөсөн машиныхаа жолоочоор тэмдэглүүлээд Дундговь аймагт 04 цаг 40 минутын үед эмчээс цагдаагийн газрын дугаарыг авч цагдаад мэдэгдсэн. Тухайн үед машин зогсоож эмч дуудах боломж байгаагүй тул, хүнээ аваръя гэж бодоод шууд хөдөлсөн. Би 60-70 км/ц хурдтай явж байсан, миний машины гэрэл дохио бүрэн бүтэн, ойрын гэрэл нь 10 м арай хүрэхгүй зайнд тусдаг. Миний дундаж хурд 60-70 км/ц байдаг. Тухайн үед 60-70 км/ц хурдтай явж байсан байх хурд хассан, гол нь машин зөрөөд л урд машин зогсож байсан болохоор зүүн тийш нь дарсан. Тухайн үед тоормос тултал нь гишгээд мөргөх биш зөрөөд өнгөрөх арга хэмжээ авсан” гэх мэдүүлэг /хх-54-55/,
-Гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 07 сард наадмын дараа аав Г-ын хамтаар Өмнөговь аймгийн Таван толгойгоос Төв аймаг руу нүүрс тээвэрт явдаг байсан. Дундговь аймгийн Хулд сум өнгөрөөд шөнө явж байхад аавын машины жанам болохоо байсан. Машины жанам сонин дуугараад масс үүсэнгүүт замаас гарсан. Нарийнхан замын хажуугаар усны шуудуутай огцом замаас машин бүрэн гарах ямар ч боломжгүй газар байсан. Машинаа зогсонгуут аваарын гурвалжингаа авахаар сандлынхаа түшлэгийг урагшлуулаад гурвалжингаа авах гэж байхад аав кабинаасаа буугаад урд талаар тойрч ирээд миний талд кабин, тэвш хоёрын хооронд байдаг цахилгааныг салгасан. Намайг сандлаа урагшлуулаад хойшоо болгох хооронд юм мөргөж байгаа чимээ гараад явчихсан. Тэгээд машинаас аваарын гурвалжингаа бариад буугаад очиход мөргөсөн машин манай машинаас нэлээд зайтай зогсож байсан. Гурвалжингаа бариад очиход цагаан өнгийн Лексус-470 маркийн машин зогсож байсан. Хүний бие муу байна гээд манай машины зургийг авчихаад шууд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-69/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 сарын 14-ний өдрийн 35 дугаартай
1. Талийгаач Д.А-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины ил гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, баруун чамархайгаас гавлын урд хонхроор тахиан залаа, турк эмээл рүү үргэлжилсэн, баруун чамархайгаас гавлын дунд хонхрын урд болон ар ханаар турк эмээл хүрсэн хугарал, хатуу хальсны урагдал, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлөг, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Баруун хацар чамархай, доод уруулд шарх, баруун хацар, ам, доод уруул, баруун мөр, баруун бугалганд зулгаралт, хуйх, цээж, доод уруул, баруун шилбэ, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаан үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүд нь гадны хүчин зүйлээр үүссэн байна.
5. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.
6. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт
/хх 98-101/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Наран” гэх газар 2019 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам дээр 22-56 УБЛ улсын дугаартай, 32-17 ОЧ чиргүүлтэй “Хово” маркийн ачааны автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна, 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө, 14.10. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна, 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.Тайлбар: Үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрэлтэй хамт ойрын буюу манангийн гэрлийг асааж болно гэх заалтуудыг зөрчсөний улмаас 31-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.А нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Г нь Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар баг “Наран” гэх газар 2019 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам дээр 22-56 УБЛ улсын дугаартай, 32-17 ОЧ чиргүүлтэй “Хово” маркийн ачааны автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 31-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.А-ийн амь насыг хохироосон болох нь шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний буруутай үйлдлээс ийм зүйл болсонд харамсаж байна. Гэм буруугаа ойлгож дүгнэлт хийж байна” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.М-ийн“...Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 04 цаг өнгөрч байхад осол болсон талаар мэдсэн. Намайг хилийн цэргийн 0166 дугаар ангид байрлах гэртээ унтаж байхад ангийн жолооч Э ын эхнэр Д нь миний 89445533 гэсэн дугаарын утас руу 80010799 гэсэн дугаараас залгаж, зам тээврийн осолд орсон А эгч ухаангүй толгойноос нь цус гарсан байна, бусад хүмүүсийн бие гайгүй байна гэж тухайн үед хэлсэн. Би осол болсон газарт очиход манай эхнэр жолоочийн эсрэг талын арын суудалд суусан байсныг мэдсэн. Манай хүүгийн бие гайгүй, бэртсэн гэмтэл нь бага байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ө.Д гийн “...Тухайн үед ямар нэгэн оврын гэрэл болон ослын гэрэл огт харагдаагүй, машиныхаа гэрлийг манай нөхөр хол дээр нь тавихад л том овоолсон юмыг би харсан. Манай нөхөр зүүн тал руугаа огцом дарсан, тэгээд л түс тас хийгээд л явчихсан маш хурдан болж өнгөрөөд, манай нөхөр замаа чөлөөлөөд зогссон. Манай нөхөр машинаас буугаад, би хойшоо эргэж хараад, “хүүхдүүдээ бүгдээрээ гайгүй юу" гэтэл А эгчээс цус гарчихсан байсан. Би А эгчээ зүгээр үү гэхэд талийгаач дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Ч-ийн“...Улаан өнгийн “Howo” маркийн машины хажуугаар том машин зөрж өнгөрсөн. Гэтэл “Howo” маркийн машины чиргүүлийн бөгсийг цагаан өнгийн машин мөргөөд “Howo”-ны урд очоод зогссон. Цагаан өнгийн машины жолооч нь хүн аллаа шүү дээ, цагдаа дуудаач гэж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч А.А-ын“...унтаж байсан чинь гэнэт аав орилоод би сэрээд харахад урд нэг хар юм байсан. Тэгээд аав рулээ зүүн гар тал руугаа дарсан чинь шил хагараад ороод ирсэн. Аав тухайн машины урд зогсоод машинаасаа буугаад бид хэдийг зүгээр үү гэж асуугаад жолооч нар руу яваад өгсөн. Тэгэхэд ээж эргэж хараад зүгээр үү гэж асуусан, А эгчээс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Э ын “...2019 оны 07 сарын 19-ний өдөр ээлжийн амралтаа аваад эхнэр, 2 хүүхэд, зээ хүүгийн хамт хот явах гэж байтал манай ажлын орлогч дарга М эхнэр А болон хүү Ж-аа аваад хот явчих гэсэн. Дундговь аймгийн Луус сум өнгөрөөд явж байгаад ачааны машинтай зөрөхөд гэрэл гялбасан. Тэгээд гэрлээс гартал урд нэг том хар юм байж байсан. Том машин байна гэдгийг нь мэдээд зүүн тал руугаа дартал баруун гар талаараа юм шүргээд урдаас машин ирж байхаар нь тухайн мөргөсөн том машинаас 100-150 метр зайд очиж зогсоод, машинаасаа буугаад харахад баруун талын бүх цонх хагараад хаалганы дээд хэсгээр мурийсан байсан. Хүмүүсээ хартал баруун хойд талын суудал дээр сууж явсан А эгчийн толгойноос цус гарчихсан, бусад нь зүгээр байсан. ... Тухайн үед 60-70 км/ц хурдтай явж байсан байх хурд хассан, гол нь машин зөрөөд л урд машин зогсож байсан болохоор зүүн тийш нь дарсан. Тухайн үед тоормос тултал нь гишгээд мөргөх биш зөрөөд өнгөрөх арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Х-ын“...Машинаа зогсонгуут аваарын гурвалжингаа авахаар сандлынхаа түшлэгийг урагшлуулаад гурвалжингаа авах гэж байхад аав кабинаасаа буугаад урд талаар тойрч ирээд миний талд кабин, тэвш хоёрын хооронд байдаг цахилгааныг салгасан. Намайг сандлаа урагшлуулаад хойшоо болгох хооронд юм мөргөж байгаа чимээ гараад явчихсан. Тэгээд машинаас аваарын гурвалжингаа бариад буугаад очиход мөргөсөн машин манай машинаас нэлээд зайтай зогсож байсан. Гурвалжингаа бариад очиход цагаан өнгийн Лексус-470 маркийн машин зогсож байсан. Хүний бие муу байна гээд манай машины зургийг авчихаад шууд яваад өгсөн...” гэх мэдүүлгүүд хэрэгт цугларсан Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 сарын 14-ний өдрийн 35 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 471 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж, бусдын амь насыг хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос шүүгдэгч Б.Г-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохиролд 7.000.000 төгрөгийг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагч болон өмгөөлөгчийн санал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г-д хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг төлбөрийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.М д 7.000.0000 төгрөг төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрч байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.М нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж, бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ховогт Б-ын Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Г-ыг1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Г-д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох, эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР