Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 337

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Цагаан 24 айлын орон сууцны 2-10 тоотод оршин суух З.Боргилын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Төмөртэйн 14-8 тоотод оршин суух Н.Ганбаатарт холбогдох байрны түрээсийн төлбөр болон цахилгаан дулаан ашигласны төлбөр нийт 478379 /дөрвөн зуун далан найман мянга гурван зуун далан есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07-р сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Боргил шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: З.Боргил миний Өнөр хороололд өөрийн амьдарч байсан 1 өрөө байрыг Н.Ганбаатар нь 2017 оны 01-р сарын 01-ээс түрээслэж амьдрахаар болж гэрээ байгуулж, нэг сарын түрээсийн төлбөрийг 100000 төгрөг байхаар тооцож, халаалт, ус, дулаан, цахилгааны төлбөрийг Н.Ганбаатар өөрөө төлж байхаар тохиролцсон. Н.Ганбаатар нь эхний 1 сарын түрээсийн төлбөрт 90000 төгрөг төлж, 10000 төгрөг дутуу төлсөн. 02-р сараас түрээсийн төлбөр болон ус, дулаан, цахилгааны төлбөрөө огт төлөөгүй. Төлбөрөө төлөхийг Н.Ганбаатараас удаа дараа шаардахад өгөхгүй явсаар 04-р сарыг хүргэсэн. Байрны түлхүүрээ авахаар очиход байраа цэвэрлээгүй бохир орхисон байсан. Тэгээд байраа цэвэрлээд хүлээлгэж өг гээд Ганбаатарт түлхүүрийг буцааж аваачиж өгч хагас, дутуу цэвэрлүүлж авсан. Ус, дулаан, цахилгааны төлбөрөө би өөрөө төлсөн. Иймд 1-р сарын байрны түрээсийн төлбөрөөс дутуу төлсөн 10000 атөгрөг, 2-4 сарын түрээсийн төлбөр 310000 төгрөг, цахилгааны төлбөр-36179 төгрөг, дулааны төлбөр 45000 төгрөг, түрээсийн төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн бүгд 85 хоногийн хүү 85000 төгрөг, цахилгаан дахин залгуулсаны төлбөр 2200 төгрөг, нийт 478379 /дөрвөн зуун далан найман мянга гурван зуун далан есөн/ төгрөгийг Н.Ганбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ганбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.Боргилын шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2017 оны 01-р сарын 01-ээс “Өнөр” хороололд байрлалтай Боргил ахын нэг өрөө байрыг түрээслэж, нэг сарын түрээсийн төлбөрийг 100000 төгрөг байхаар тооцож, халаалт, ус, дулаан, цахилгааны төлбөрийг би өөрөө төлж байхаар тохиролцсон. Эхний 1 сарын түрээсийн төлбөрт 90000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох 1-р сарын байрны түрээсийн төлбөрөөс дутуу төлсөн 10000 төгрөг, 2-4 сарын түрээсийн төлбөр 310000 төгрөг, цахилгааны төлбөр-36179 төгрөг, дулааны төлбөр 45000 төгрөг, түрээсийн төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хүү 85000 төгрөг, цахилгаан дахин залгуулсаны төлбөр 2200 төгрөг, нийт 478379 /дөрвөн зуун далан найман мянга гурван зуун далан есөн/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Боргил нь Н.Ганбаатараас байрны түрээсийн төлбөр болон цахилгаан дулаан ашигласны төлбөр нийт 478379 /дөрвөн зуун далан найман мянга гурван зуун далан есөн/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд ирүүлжээ.

 

З.Боргилын байрны түрээсийн төлбөр болон цахилгаан дулаан ашигласны төлбөр нийт 478379 /дөрвөн зуун далан найман мянга гурван зуун далан есөн/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ганбаатар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуульд харшлах зүйлгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч З.Боргилын  478379 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15001 төгрөгний тал хувь 7500.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 7500.5 төгрөгийг хариуцагч Н.Ганбаатараас гаргуулж нэхэмжлэгч З.Боргилд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч З.Боргилын түрээсийн төлбөр болон цахилгаан дулаан ашигласны төлбөр нийт 478379 /дөрвөн зуун далан найман мянга гурван зуун далан есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ганбаатар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч З.Боргилын  478379 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15001 төгрөгний тал хувь 7500.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 7500.5 төгрөгийг хариуцагч Н.Ганбаатараас гаргуулж нэхэмжлэгч З.Боргилд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА