| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 187/2019/0679/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/775 |
| Огноо | 2021-11-30 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/775
2021 11 30 2021/ШЦТ/775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Д.Нямдэлэг,
хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Г овогт Д-ын О-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж овогт Ч-ын Э нарт холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ***** аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “*****” ТББ-д буяны үйл ажиллагаа явуулдаг, “****” компанид гэх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ********** дүүргийн ****** дугаар хороо ************ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ********/, Г овогт Д-н О,
Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “***” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн **** дугаар хороо, ****** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар *********/, Ж овогт Ч-ын Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд/:
Шүүгдэгч Д.О нь “*****” маркийн ********** УБО улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Э-д 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 8.820.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг автомашинаа “Т” ХХК-ийн Банк бус санхүүгийн байгууллагын зээлээс чөлөөлж өгөлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,
Мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.М-т “тендерийн эрх авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” банкинд хамтран эзэмших дундын ****** дугаартай данс нээж ***** төгрөг байршуулсан боловч мөнгийг нь авчир гэж байна гэж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр **.000.000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр хурууны хээгээр үйлчилдэг *** машинаар 29.677.000 төгрөгийг гарган авч бусдад нийт 55.497.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.Э нь Д.О-тэй бүлэглэн ******-с зарласан тендерт шалгаруулж өгнө гэж хуурч, материал бүрдүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М-оос ****** төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүлэхдээ:
“...Би Д.О-тэй ажлынхаа газрын хүнээр дамжуулан танилцаж байсан. Тендерт оролцоод эрхийг нь асуудалгүй аваад өгнө, баталгаа болгож мөнгө байршуул гэсэн шаардлага тавьсан тул дундын данс нээж мөнгө байршуулсан. Гэвч би мөнгөө алдсан...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын залуу С- надаас машин авах уу, хямд машин зарах гэсэн юм, манай эхнэрийн эгчид мөнгөний хэрэг гараад машинаа хямдхан зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Би машиныг үзээд авахаар болоод машины эзэн гэх О-ийн утсаар ярихад 9.000.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Ер нь бол С- надад уг машинаа 9.300.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд би эхний ээлжинд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр *** дугаартай данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 4.300.000 төгрөгийг С-ийн данс руу 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр О-с машины төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Мөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн данснаас О-ийн ХААН банкны данс руу нь 220.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр 300.000 төгрөгийг О-ийн данс руу шилжүүлэн өгсөн. Бусад мөнгөө ахынхаа данснаас шилжүүлсэн. Би анх машин худалдаж авчихаад С-ийг унах машингүй гэхээр нь машиныг унуулаад хэд хоногийн дараа өөрөө аваад машины бичиг баримтыг үзэхэд “Т” гэх банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байхаар нь би О- рүү залгаад ямар учиртай банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжсэн байгаа юм бэ, миний нэр дээр шилжүүлж өг гэж хэлэхэд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны дотор торгуулийг нь төлж барагдуулчихаад нэр дээр чинь шилжүүлж өгнө гээд хувь хүний гараар бичсэн гэрээ хийж гарын үсгийг нь зуруулж авсан. Тэгээд энэ өдрөөс хойш О алга болоод би нөгөө машиныг нь унаад явж байтал банк бус санхүүгийн байгууллагын ажилчид ирээд наад машиныг чинь удаан хайж байна, наад машин чинь манай банк бус дээр зээлийн гэрээгээр барьцаанд байгаа гээд тухайн машиныг авч явсан. Би нийт 8.820.000 төгрөгийг О, С нарын данс руу шилжүүлсэн ба үүнээс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр О-ээс 500.000 төгрөг буцааж авсан, одоо О-ээс 8.320.000 төгрөг нэхэмжилж байна.... Д.О нь надаас гуйгаад мөнгийг чинь төлчихье гээд 1.000.000 төгрөг бэлнээр өгөөд 3.500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хувааж өгье гэж гуйгаад байхаар нь үлдсэн мөнгөө элсэн хугацаандаа өгөх байх гэж бодоод би шүүхэд мөнгийг тохиролцох тухай гараар гэрээ бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16, 2-р хх-ийн 222-рт, 3р хх-ийн 223-224-рт/,
гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Э машин авах гэж байгаа мөнгө байвал зээлээч гэж хэлсэн. Ингээд би дүүдээ 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Э-н данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь уг машиныг унаад явж байтал 2 залуу ирээд энэ машин манай банк бус санхүүгийн байгууллагад өртэй, машины эзэн нь зээлээ төлөхгүй 6 cap худлаа хэлээд явж байгаа гэж хэлэхээр нь гэрчилгээг нь үзэхэд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Би уг асуудлыг дүүдээ хэлээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-рт/,
гэрч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О- манай байрны хажуу өрөөг 300.000 төгрөгөөр түрээслэн амьдардаг байсан. О- түрээсийн мөнгөө өгч чадахгүй байхаар нь би түрээсийн мөнгөө өгч чадахгүй бол өрөө суллаж өгөөрэй, өөр хүн оруулна гэж хэлэхэд удахгүй мөнгийг нь өгнө, машинаа зарах гэж байгаа гээд 7 хоног өнгөрсөн. Тэгээд дахиад мөнгөө нэхэхэд миний машиныг ченж нар хямд авах гээд байна, өөр авах хүн байхгүй байна, түр хүлээж бай гэж хэлэхээр нь байрныхаа түрээсийн мөнгийг гаргаж авах гээд машин авах хүн байгааг сураглахад Э ямар машин байгаа талаар асуугаад О-ийн машиныг нь үзэхээр болсон. Тэгээд би О-т машиныг чинь манай ажлын залуу сонирхож байна, хэдэн төгрөгөөр зарах вэ гэхэд 9.000.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би Ээд машины үнэ дээр 300.000 төгрөг нэмээд 9.300.0000 төгрөгөөр зарна гэж байна гэж хэлсэн. Э эхний ээлжинд миний данс руу 4.000.000 төгрөг, дараа нь 4.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь би О-ийн данс руу хоёр удаагийн шилжүүлгээр 7.900.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 400.000 төгрөгийг О-ийн байрны түрээсийн мөнгөнд тооцон авсан...” гэх мэдүүлэг /1р хх-ийн 104-106-рт/,
хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ажлынхаа залуу А-р дамжуулан О- гэх эмэгтэйтэй танилцсан. 2019 оны 09 дүгээр сарын эхээр О-тэй уулзахад “манай ах төрийн томоохон албанд ажилладаг, ямар ч төрийн албанд зарлагдсан тендер авах боломжтой, хамтарч тендерт оролцъё мөн цаашид хамтран бизнес хийе гэсэн санал тавьсан. Улмаар төрийн байгууллагын тендерт оролцохын тулд санхүүгийн чадавхаа харуулах баталгаа болгож дансанд мөнгө байршуулах ёстой гэж хэлэхээр нь би хүнээс мөнгө зээлж ХААН банкинд дундын данс үүсгэж 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 47.000.000 төгрөгийг байршуулсан. Түүнээс хойш О-ээс өдөр бүр тендерийн асуудал юу болж байна, ямар шатандаа явж байгааг асууж тодруулахад О- бүтэж байгаа, удалгүй хариу гарна гэдэг байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дундын дансаа шалгахад О- надад мэдэгдэлгүйгээр тухайн дансандах 47.000.000 төгрөгийг өөрийн дансруу шилжүүлэн авсан байсан. Энэ талаар О-ээс лавлахад удахгүй бүтнэ, тендерийн мэдэгдэл өгч гэрээ байгуулна гэж дахин худал хэлж хугацаа хожиж байна. Би О-ээс нийт 47.000.000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162, 165-166-рт, 2-р хх-ийн 228-229-рт/,
гэрч Б.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өглөө гэртээ унтаж байтал О- над руу залгаад намайг хүрээд ирээч гэж хэлэхээр нь би О-ийн байгаа зочид буудалд нь очсон. Гэтэл гаднаас М- гэх хүн орж ирээд О-тэй уулзаад би мөнгөө авмаар байна, авсан мөнгөө хурдан өг гэж хэлж байсан. М-ыг гараад явсаны дараа О-ээс энэ хүн ямар учиртай мөнгө нэхээд байгаа юм бэ гэж асуутал О- би энэ М-т нэг ажил бүтээж өгч байгаа юм, тэр нь бараг бүтчихсэн, гэтэл М- надад хугацаа өгөхгүй мөнгөө нэхээд байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-рт/,
шүүгдэгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Э-ээс С-оор дамжуулан эхлээд бэлнээр 3.600.000 төгрөг авсан. Дараа нь С-оос 3.850.000 төгрөгийг С-ийн картыг нь аваад өөрөө АТМ орж бэлнээр гарган авсан. Мөн Э өөрийн данснаас миний ХААН банкны **** дугаарын данс руу 220.000 төгрөг билүү 260.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Мөн С- Эээс анх орж ирсэн мөнгөнөөс над руу шилжүүлэхдээ өөрсдөө 400.000 төгрөг авч үлдсэн юм. Мөн дараагийн Э-ээс орж ирсэн мөнгөнөөс байрны түрээсийн мөнгө гэж 150.000 төгрөгийг суутган авч мөнгийг над руу шилжүүлэн өгсөн. Ингэхээр Э-ээс орж ирсэн мөнгөнөөс С- 550.000 төгрөг авсан. Тэгэхээр би С-оос болон Э-ээс шууд авсан мөнгө нийлээд 8.010.000 төгрөг болж байна. Би энэ мөнгөнөөс 6.000.000 төгрөгийг үеэл болох Б байр авна гээд урьдчилгаа мөнгө дутаад байна, түр мөнгө зээлээч гэхээр нь бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь тухайн Банк бус санхүүгийн байгууллагад 800 гаруй мянган төгрөгийг төлөлтөндөө өгөөд мөн өртэй байсан С гэх хүнд 1.150.000 төгрөг өгсөн. Би хохирлоо бүрэн төлж барагдуулна. Би марк Х зио маркийн автомашинаа 13.000.000 төгрөгөөр зарна гэж байсан. Гэтэл С- надад 9.000.000 төгрөгөөр өгчих гэж гуйгаад байхаар нь би учир байдлаа хэлээд мөнгөний хэрэг гарсан байгаа, мөнгөө авчихаад дараа нь нэрээ шилжүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд С-оос эхлээд 3.600.000 төгрөгийг дансаар дараа нь 3.000.000 төгрөгийг мөн 1.200.000 төгрөг авсан. Тэгээд нийт миний данс руу 7.800.000 төгрөг орсон. Энэ мөнгийг би банк бус санхүүгийн байгууллагад 890.000 төгрөгийг зээлийн төлбөр гэж төлсөн. Тэгээд өрнүүдээ төлсөн, хамаатныхаа Б гэх залууд нийт 6.000.000 төгрөг өгсөн. С- надаас байрны түрээсийн мөнгө гэж 150.000 төгрөг авах ёстой байсан. Би С-оос авсан мөнгөнөөс банк бус санхүүгийн зээлнээсээ 890.000 төгрөг болох сар хагасын төлбөрийг өгсөн. Би машинаа 4 сард банк бусын өрийг дарчихаад машиныхаа нэрийг шилжүүлж өгье гэж тохирсон байсан. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу М-той гэрээ хийсэн өдрөө Э-д 47.000.000 төгрөг өгсөн. Намайг Э-н өрөөнд байж байхад Э иймэрхүү мэдээлэл гарна гэж хэлээд компьютераасаа уг мэдээллийг хэвлэж гаргаж ирээд зургийг нь дараад М-руу явуулчих гэж хэлсэн учир зургийг нь гар утсан дээрээ аваад М-руу чатаар явуулсан. Э надад тендер шалгаруулах эрх бүхий албан тушаалтан гэж хэлсэн учир би итгэсэн. Э надад тендерийн ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэг болно гээд 17.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Би М-т учруулсан хохирол төлж барагдуулах болно. Би М-оос авсан 47.000.000 төгрөгийн 17.000.000 төгрөгийг Э-д өгсөн ба өөрөө 30.000.000 төгрөгийг өөрийн өрөө дарж, амьдрал ахуйдаа зарцуулсан. Э анх надад тендерт оролцох компани олоод өг, олоод ирвэл үнийн дүнгийн 1 хувийг нь чамд өгнө гэж хэлсэн. Иймд М-той холбогдож Э-тай холбож өгсөн. Тэгээд тендерийн ажил бүтсэн энэ дансанд байгаа мөнгийг чи ав гэсэн учир үнийн дүнгийн 1 хувь гэж бодож 29.670.000 төгрөг авсан. М-т 17.000.000 төгрөгийн барьцаанд Ланд крузер 80 маркийн авто машин өгсөн. Тухайн машины эзэн нь миний үеэл дүү Б гэх хүний автомашин юм... Миний хувьд хүн залилсан зүйл байхгүй, хүний ажил бүтээж өгөөд хөлсөө авсан гэж бодож байна. Э над руу залгаад уулзъя гээд наад хэргээ үүрчих тэгэхгүй бол хоёулаа болвол ял нэмэгдэнэ гэсэн зүйл яриад байсан... 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн хохирлын үнийн дүн болох 55.497.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс миний хохирлыг 40.490.000 төгрөгөөр тогтоосон байгаа юм. Ийм учир би дээрх 55.497.000 төгрөгийг хүлээ зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18, 2-р хх-ийн 231-232, 3-р хх-ийн 49-50-рт, 3р хх-ийн 240-рт/,
шүүгдэгч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М- гэх хүнийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр л анх харсан. Тухайн үед би М- гэдэг хүнээс мөнгө аваагүй гэдгээ хэлсэн... Бид хоёр хамт ажил бүтээгээд хамтарч ажилласан асуудал байхгүй. Утсаар ярьж байсан. Д.О **** аймгийнх учир уурхайн барилгын кемпийн ажил олж өгч чадах уу гэж асууж ярьж байсан. Мөн хотод О-ийн 2 найз нь сэндвичен байшин бариулна гэж ярьж байсан. Тэгээд үнэ хөлс дээрээ тохироогүй учир больж байсан. Тэр үед л утсаар холбогдож байсан. Би М- гэх хүнд тендерийн ажил хөөцөлдөж өгч байгаагүй... Би анхнаасаа О-ээс нэг ч төгрөг аваагүй. Шүүхээс М-т 7.000 төгрөг өг гэсэн шийдвэр гарсан тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэж 7.000.000 төгрөгийг нь өгсөн. Би уг хэрэгт эхнээсээ өөрийгөө хамааралгүй гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 41-42-рт, 226-рт/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 207, 223, -рт/,
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 46-рт/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 201-рт/,
- хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1-р хх-ийн 210-212-рт/,
- тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49-рт/ болон хэрэгт
цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М-ын өмгөөлөгч “...Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өмнөх шүүх хуралд шүүгдэгч О- нь хохирол төлбөрийн 10 хувийг төлсөн. Харин өнөөдрийн хувьд хохирлын 80 гаруй хувийг төлсөн байна. Үлдсэн 6.670.000 төгрөгийг бүрэн төлнө гэж гэрээ байгуулсан тул хохирол нөхөн төлөхөө бүрэн илэрхийлсэн гэж үзэж байна...” гэх,
Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “....Д.О нь гэм буруугийн талаар маргахгүй....” гэх,
Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ “....Ч.Э нь гэм буруугийн талаар маргахгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Д.О “****” маркийн *** улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Э-эд 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 8.820.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг автомашинаа “Т” ХХК-ийн Банк бус санхүүгийн байгууллагын зээлээс чөлөөлж өгөлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,
Мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.М-т “тендерийн эрх авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкинд хамтран эзэмших дундын **** дугаартай данс нээж 47.000.000 төгрөг байршуулсан боловч мөнгийг нь авчир гэж байна гэж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 17.000.000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр хурууны хээгээр үйлчилдэг койсик машинаар 29.677.000 төгрөгийг гарган авч нийт 55.497.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ч.Э Д.О-тэй бүлэглэн ***-с зарласан тендерт шалгаруулж өгнө гэж хуурч, материал бүрдүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М-оос 47.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Үүнд: шүүгдэгч Д.О нь “******” маркийн *** УБО улсын дугаартай автомашиныг хохирогч Э.Э-эд 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 8.820.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг автомашинаа “Т” ХХК-ийн Банк бус санхүүгийн байгууллагын зээлээс чөлөөлж өгөлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.О-ийн “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Э.Э-ийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэгээр, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Э.Э-ийн “... хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэгээр, гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...уг машиныг унаад явж байтал хоёр залуу ирээд энэ машин манай банк бус санхүүгийн байгууллагад өртэй, машины эзэн нь зээлээ төлөхгүй 6 cap худлаа хэлээд явж байгаа гэж хэлэхээр нь гэрчилгээг нь үзэхэд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан...” гэх мэдүүлгээр,
шүүгдэгч Ч.Э, Д.О нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.М-т “тендерийн эрх авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкинд хамтран эзэмших дундын **** дугаартай данс нээж 47.000.000 төгрөг байршуулсан боловч мөнгийг нь авчир гэж байна гэж 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 17.000.000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр хурууны хээгээр үйлчилдэг “койсик” машинаар 29.677.000 төгрөгийг гарган авч бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...хохирогч Б.М-т үлдэгдэл 6.677.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлгээр, хохирогч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би шүүгдэгч Д.О-тэй ажлынхаа газрын хүнээр дамжуулан танилцаж байсан. Тендерт оролцоод эрхийг нь асуудалгүй аваад өгнө, баталгаа болгож мөнгө байршуул гэсэн шаардлага тавьсан тул дундын данс нээж мөнгө байршуулсан. Гэвч би мөнгөө алдсан...” гэх мэдүүлгээр, хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын эхээр О-тэй уулзахад “манай ах төрийн томоохон албанд ажилладаг, ямар ч төрийн албанд зарлагдсан тендер авах боломжтой... гэсэн санал тавьсан. Улмаар төрийн байгууллагын тендерт оролцохын тулд санхүүгийн чадавхаа харуулах баталгаа болгож дансанд мөнгө байршуулах ёстой гэж хэлэхээр нь би дундын данс үүсгэж 47.000.000 төгрөгийг байршуулсан. Түүнээс хойш О-ээс өдөр бүр тендерийн асуудал юу болж байна, ямар шатандаа явж байгааг асууж тодруулахад О- бүтэж байгаа, удалгүй хариу гарна гэдэг байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дундын дансаа шалгахад О- надад мэдэгдэлгүйгээр тухайн дансандах 47.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байсан. Энэ талаар О-ээс лавлахад удахгүй бүтнэ, тендерийн мэдэгдэл өгч гэрээ байгуулна гэж дахин худал хэлсэн...” гэх мэдүүлгээр, гэрч Б.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М- гэх хүн О-тэй уулзаад би мөнгөө авмаар байна, авсан мөнгөө хурдан өг гэж хэлж байсан. М-ыг гараад явсны дараа О-ээс энэ хүн ямар учиртай мөнгө нэхээд байгаа юм бэ гэж асуутал О- би энэ М-т нэг ажил бүтээж өгч байгаа юм, тэр нь бараг бүтчихсэн, гэтэл М- надад хугацаа өгөхгүй мөнгөө нэхээд байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч нарыг гэм буруутай байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг. Мөн бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд залилах гэмт хэргийн арга нь хуурах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч Д.О-ийн гэмт үйлдэл нь залилах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн, шүүгдэгч Ч.Э-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “..Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж, 3.7 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч нарыг тус гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.
Хохирогч Э.Э “...Би Д.О-ээс бүх хохирлоо барагдуулж авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Д.О нь хохирогч Д.Э-эд төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.О-ээс 6.670.000 /зургаан сая зургаан зуун далан мянган/ төгрөг гаргуулж хохирогч Б.Мт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Э хохирогч Б.Мт 7.000.000 /долоон сая/ төгрөг төлсөн тухай баримт /3-р хх-ийн 173-рт/ хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ч.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ялаар оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар 17.000 /арван долоо мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасан байх тул түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд “....2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Ч.Э-ын үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус мэтгэлцэв.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “....Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/.... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Ч.Э-ын хувийн байдал, хохирол төлбөр нөхөн төлсөн, байдал зэргийг харгалзан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгчийн гаргасан “....Ч.Э-ад холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.
Иймд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.О-т гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар түүний цагдан хоригдсон 6 /зургаан/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгөөр тооцон 90.000 төгрөгийг хасаж, 14.910.000 /арван дөрвөн сая есөн зуун арван мянган/ төгрөгөөр тогтоон, уг торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
шүүгдэгч Ч.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Г овогт Д.-ын О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
Ж овогт Ч-ын Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж овогт Ч-ын Э-ад 450 /дөрвөн зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.О-ийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгөөр тооцон 90.000 /ерэн мянган/ төгрөгийг хасаж, түүнд оногдуулсан торгох ялыг 14.910.000 /арван дөрвөн сая есөн зуун арван мянган/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.От оногдуулсан 14.910.000 /арван дөрвөн сая есөн зуун арван мянган/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.О, Ч.Э нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.О-ээс 6.677.000 /зургаан сая зургаан зуун далан долоон мянган/ төгрөг гаргуулж хохирогч Б.М-т олгосугай.
7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Э бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Д.О энэ хэргийн улмаас 6 /зургаан/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ