Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 331

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, Дэнжийн 28-10 тоотод оршин суух Зээрднүүд овогт Жаргалын Энхцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984-1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ажиллаж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1984-1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би ээжээсээ эгч дүүс тавуулаа. Би ээж Жаргалаар овогтой. Харин дүү нар маань аав Цэрэндоржоор овогтой. Цэрэндорж нь бол миний хойт эцэг юм. Архиваас цалин түүвэрлэхэд миний цалингийн цэс нь хойд ааваар овоглож Ц.Жаргал нэртэй гарсан. Намайг бага байхад ээж маань хойд аавтай суусан болохоор хүмүүс намайг ээжээрээ овоглодгийг мэдэхгүй хойт аав Цэрэндоржоор овоглож цалингийн цэсэнд бичсэн байгаа тул цалингийн лавлагааг үнэлж 1984-1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зээрднүүд овогт Жаргалын Энхцэцэг нь 1984 оны 07-р сарын 01-ээс 1991 оны 07-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 07-р сарын 01-ний өдрийн 22 тоот тушаалын хуулбар /ХАА-н үйлдвэрлэлд илгээлтээр гарсан хүүхдүүдийг ажилд томилсон тухай/, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 06-р сарын 29-ний өдрийн 252/15 тоот цалингийн лавлагаа /Ц.Энхцэцэгийн 1984-1991 онуудад Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, 

Энхцэцэг нь ээж Жаргалаар овоглодог боловч зарим сарын цалингийн цэсэнд нь хойд эцэг Цэрэндоржоор овоглож бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Ц.Энхцэцэг нэртэй цалингийн лавлагааг Ж.Энхцэцэгийн цалингийн лавлагаа мөн гэж үнэллээ.

 

Гэрч Н.Дэнсмаагийн шүүхэд өгсөн: “Ж.Энхцэцэг нь 1984-1991 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн “Үржил” бригадад хонь маллаж байсан. 1991 оны сүүлчээр нэгдэл тарсан. Ж.Энхцэцэг нь нэгдэл тартал ажилласан. Манай нөхөр Жамсран энэ бригадад малын эмчээр ажиллаж байсан. Эднийх “Хавхаастай”, “Хар-Овоо”, “Өтөгтийн хөндий” гэх газруудаар нутагладаг байсан. Энхцэцэгийн ээжийг нь Жаргал, аавыг нь Цэрэндорж гэдэг. Одоо ээж нь бол 77 настай хүн байгаа. Энхцэцэгийн ээж Жаргал нь Цэрэндорж гэдэг хүнтэй сууж байсан. Жаргал нь Цэрэндоржтой суугаад дөрвөн хүүхэд төрүүлсэн. Энхцэцэг бол ээжийгээ Цэрэндоржтой суух үед дагаж ирсэн хүүхэд. Гэхдээ Энхцэцэг жаахан байхдаа дагаж ирсэн болохоор хүмүүс Цэрэндоржийн хүүхэд л гэдэг. Би 1967-1992 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн “Үржил” бригадад малчнаар болон улаачаар ажиллаж байсан.  Ж.Энхцэцэгтэй нэг нэгдэл, нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг, 

 

Гэрч Б.Батбуянгийн шүүхэд өгсөн: “Ж.Энхцэцэг нь 1984 онд Асгат сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдан Асгат сумын “Соёмбо” нэгдлийн “Үржил” бригадад аав, ээжийнхээ хамт тэжээлийн цэгт хонь малладаг байсан. Тухайн үед бригад болгонд хүний эмч, малын эмч, тоо бүртгэгч, аж ахуй, бригадын дарга, агент гэж  байсан. Тэгэхэд манай нөхөр Буянт “Үржил” бригадад хүний эмчээр ажиллаж байсан. Ж.Энхцэцэг бол нэгдэл тартал ажилласан. Нэгдэл 1991 онд тарсан. Би 1978-1992 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын“Соёмбо” нэгдлийн “Үржил” бригадын эмчилгээ тэжээлийн цэгт хонь маллаж байсан. Ж.Энхцэцэгтэй нэг нэгдэл, нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Зээрднүүд овогт Жаргалын Энхцэцэг нь 1984 оны 07-р сарын 01-ээс 1991 оны 07-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч Ж.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зээрднүүд овогт Жаргалын Энхцэцэг нь 1984 оны 07-р сарын 01-ээс 1991 оны 07-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БОЛОРМАА