| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0322/и |
| Дугаар | 336 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 336
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1-р баг, Халгайтын 16 тоотод оршин суух Жав овогт Дамбийнямын Цагаан-Өвгөний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цагаан-Өвгөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цагаан-Өвгөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982-1987 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид автомухлагийн худалдагч жолоочоор, 1992-1995 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнх-Манлай” ХК-д жолоочоор ажиллаж байсан. Энэ бүгд бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын дугаар бичигдээгүйгээс ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1982-1987 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч-жолоочоор, 1992-1995 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнх-Манлай” ХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Жав овогт Дамбийнямын Цагаан-Өвгөн нь 1982 оны 04-р сарын 02-оос 1987 оны 09-р сарын 12-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч жолоочоор, 1992 оны 02-р сарын 18-аас 1995 оны 09-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнх-Манлай” ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Д.Цагаан-Өвгөний 1982-1987 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалингийн хүснэгтүүд, Д.Цагаан-Өвгөний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1982-1987 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч жолоочоор 1987-1995 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнх-Манлай” нэгдэл болон “Мөнх-Манлай” ХК-д жолоочоор ажиллаж байсан бичилт бүхий/, Д.Цагаан-Өвгөний МҮЭ-ийн гишүүний № 467846 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 07-р сарын 17-ны өдрийн 262/15 тоот цалингийн лавлагаа /Д.Цагаан-Өвгөний 1992-1995 онуудад Мөнх-Манлай” ХК-д жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, Д.Цагаан-Өвгөний шагнагдаж байсан талаарх баярын бичиг, дурсамж,
Гэрч Д.Зэсэнгийн шүүхэд өгсөн: “Д.Цагаан-Өвгөн нь 1982-1987 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид авто мухлагын жолооч-худалдагчаар ажиллаж байсан. Тухайн он жилүүдэд жолооч, худалдагчийн ажлыг хавсарч хийдэг байсан, заримдаа бараагаа аваад сууриудын айлуудаар худалдаа хийгээд явдаг байсан. 1987 оноос “Мөнх-Манлай” нэгдэлд жолоочоор ажиллаж байгаад нэгдэл 1990 онд хувьчлагдаад “Мөнх-Манлай” компани болоход “Мөнх-Манлай” ХК-д усны машины жолооч болон Зил-130 машины жолоочоор ажиллаж байсан. Манайхан 18 жил айл аймаг байсан улс. Зуны халуунд усны тэрэгтэй нь ирүүлж гэрээ норгож сэрүүцэж хүртэл байсан. Би 1970-1992 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, эмнэлэгт нярваар ажиллаж байсан. Д.Цагаан-Өвгөнтэй айл саахалт амьдарч, Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Буджавын шүүхэд өгсөн: “Д.Цагаан-Өвгөн нь 1982-1987 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид авто мухлаг машины жолоочоор ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад 1987 оноос “Мөнх-Манлай” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. 1992 онд нэгдэл тарахад “Мөнх-Манлай” ХК-д жолоочоор ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнх-Манлай” нэгдэл болон мөн суманд 1974-2002 он хүртэл нэгдлийн даргын жолоочоор, тракторын жолоочоор ажиллаж байсан. Ажил амьдралынхаа ихэнх үеийг жолоочоор ажиллаж өнгөрөөж байгаа. Д.Цагаан-Өвгөнтэй нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Жав овогт Дамбийнямын Цагаан-Өвгөн нь 1982 оны 04-р сарын 02-оос 1987 оны 09-р сарын 12-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч жолоочоор, 1992 оны 02-р сарын 18-аас 1995 оны 09-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнх-Манлай” ХК-д жолоочоор тус тус ажиллаж ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Цагаан-Өвгөний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жав овогт Дамбийнямын Цагаан-Өвгөн нь 1982 оны 04-р сарын 02-оос 1987 оны 09-р сарын 12-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор, 1992 оны 02-р сарын 18-аас 1995 оны 09-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Мөнх-Манлай” ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цагаан-Өвгөний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА