Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Эийн Бд холбогдох 2135000000177 дугаартай  эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Х ургийн овогт Эийн Б /РД:ОЖ00211734/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутгаас 2020 оны 10 дугаар сард хохирогч Б.Д хүрэн зүсмийн нэг тооны бярууг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Э.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутгаас 2020 оны 10 дугаар сард хохирогч Б.Д хүрэн зүсмийн нэг тооны бяруу алдагдсан болох нь

Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Залаат доод хөдөөд 2020 оны 10 сард намаржиж байхад яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна манай үхэрнээс хүрэн зүсмийн охин бяруу алга болсон. Тэгээд ойр орчимд нь хайгаад олоогүй. Дараа жил нь хавар 4 сард байх Малчин сумын 4-р багийн Тэвэхийн хажууд харавжиж байтал уг хүрэн зүсмийн бяруу малд нийлсэн байж байгаад алга болсон. Тэгээд би дахин уг бярууг хайтал өөрөө ижилдээ гүйж ирсэн байсан. Уг бяруугаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. 2020 оны 10 дугаар сард цаг хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай үхэр бэлчээрт байж байгаад очоод үхрээ авахад 1 тооны бяруу алга болсон байсан. Тухайн бяруу хүрэн зүсмийн бяруу байсан бөгөөд би үхрээ тэр орчмоор хайгаад олохгүй болохоор хайгаагүй юм. Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын эхээр цас орж байх үеэр манай алга болсон 1 тооны бяруу нь ижил сүрэгтээ гүйгээд ирчихсэн нийлсэн байсан. Тэгээд би хаанаас ирсэн болохыг гайхаад байж байхад Зүүнговь сумын иргэн Ш гэх хүн ирээд авч явсан. Дахиад бяруу гүйгээд ирэхэд Ш гэх хүн дахиад ирээд аваад явсан байсан. Би авч явсан гэх сураг гаргаад Штай очиж уулзсан. Уулзахад Ш гэгч нь би суран бугуйлны оронд Малчин сумын Эий Б гэх залуугаас авсан гэж хэлсэн. Ш нь өөрийн төрөл садангийн хүн болох М гэгч рүү залгаад Б гэх залуу юун үхэр авч ирсэн юм бэ гэж ярьсан Би Мын гэрт очиход М би аваагүй, тэр залуу үхэр тууж яваад намайг суран бугуйл зарсан Ш ахын гэрийг заагаад өг гэхээр нь зааж өгсөн гэж хэлсэн. Тэгээд Б гэх залууг гар утсаар яриад дуудаад тухайн залуу ирсний дараагаар би чи яагаад миний үхэр хулгайлж авсан юм гэхэд тэр залуу миний нэг тооны бярууг авснаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Би үхэр авна, үхэр авч ирж өг гэж хэлсэн. Би нутгийн хүүхэд гээд эрж хайсны зардал нэхэмжлэхгүй байгаа. Түүний дараагаар би гэртээ байж байтал миний хулгайлагдсан Шгийнд байсан бяруу ижил сүрэгтээ ирчихсэн байсан. Уг үхэр нь хүрэн зүсмийн хоёр настай хоёр чих араасаа хэрчсэн имтэй эм үхэр байсан. Б нь усруу үхэр орчихсон байхад авсан гэж хэлсэн. Яагаад авсан талаар асуухад таны үхэр гэж би мэдээгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 24-р тал/,

Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын орчимд зусланд байж байтал хүргэн Мандаатай хамт нэг залуу ирээд 2 сур аваад явсан. Тэгээд 11 сард Мтай хамт явсан залуу надад нэг хүрэн зүсмийн бяруу сурны өртөг гэж өгөхөөр нь би авсан. Уг үхрийг ач залуу болох Дд хурим болох үед буюу 11 дүгээр сард зааж өгсөн ба уг үхрийг аваад өөрийн малдаа байлгаж өвөлжүүлээд 2021 оны 4 сард уг үхэр нь ижил рүүгээ гүйгээд явсан байсан. Тэгтэл үхрийн эзэн гэх Өтөө гээд хүн ирээ танайд нэг хүн үхэр өгсөн сурагтай байна гэхээр нь болсон үйл явдлыг хэлж өгсөн. Уг үхэр нь хүрэн зүсмийн эм бяруу өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

Гэрч Ж.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 11-р сард авга ах Ц.Б нь надад хурим хийж байхад хүрэн зүсмийн охин бяруу надад өгсөн. Би уг бярууг өөрийн малдаа байлгаж байтал 2021 оны хавар яг хэдэн сард гэдгийг санахгүй байна, алга болсон. Тэгээд би 10-аад хоног хайгаад Малчин сумын нутаг дэвсгэрээс Өтөө гэх айлын мал байхаар нь Өтөөд хэлэхгүйгээр бэлчээрээс нь салгаж аваад явсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Өтөө гэх хүн ирээд уг хүрэн зүсмийн бярууг миний хулгайд алдсан бяруу мөн байна гэхээр нь тухайн хүнд болсон зүйлийг ярьж өгсөн. Тэгээд Өтөө гэх хүн надаас бяруугаа аваад явах гэхээр нь би өгөөгүй бөгөөд орны үхрээ өгнө гэхээр нь та нар цаад хүмүүстэйгээ ярилц гэж хэлсэн. Тэгээд зун буюу 2021 оны 08 дугаар сард Э.Б гэх залуу ирээд уг хүрэн зүсмийн үхрийг өгчих цаад хүн нь нэхээд байна орны гунжин үхэр надад өгөөд уг хүрэн үхрийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

Гэрч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны зун байх яг тухайн сар өдрийг санахгүй байна Э.Б Л.М бид гурав адуун дээр байж байгаад Л.Маас би сур байна уу миний сур муудсан байна гэхэд Зүүнговь суманд манай хадам ах сур хийдэг хүн байдаг юм тэр хүнээс авах уу гэхэд зөвшөөрөөд Э.Б надад нэг сур аваарай гээд захисан. Тэгээд Л.М бид хоёр Л.Мын хадам ах болох Бийн гэрт очоод зээлээр 2 ширхэг сур аваад гэр лүүгээ яваад Э.Б 2 сураа хоёуланг нь өгөөд явсан. Удалгүй 20 орчим хонгийн дараа би Э.Бтай уулзаад нөгөө зээлээр авсан сурнаасаа нэгийг нь надад өгөөч гэхэд Э.Б нэг сур надад өгөөд би 150,000 төгрөгөөр өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

Гэрч Л.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 8 дугаар сард байх Холбоогийн зуслан дээр Э.Б, Д.Х нартай байтал Д.Х надаас сур байна уу? гэхэд би манай хүргэн ахад байгаа гэхэд нь Э.Б би бас авна шүү гэж хэлсэн . тэгээд Д.Х бид хоёр манай хадам ах Ц.Б буюу Ш ахын гэрт очоод 2 бугуйл /сур/ зээлээр аваад явсан. Уг сургийг Д.Х Э.Б өгнө гэж хэлээд аваад явсан. 2020 оны 10 дугаар сарын дундуур Ш ах над руу залгаад бугуйлныхаа мөнгийг авмаар байна гэж ярихаар нь би Э.Б руу залгаад нөгөө ах бугуйлныхаа мөнгийг авна гэнэ гэж хэлэхэд Э.Б мөнгөний боломж байхгүй байна яах уу ах гэж надад хэлэхээр нь би аргалаад төлж өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл удалгүй 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр над руу залгаад ах би бугуйлныхаа өртөг өгмөөр байна бугуйлны эзний гэр хаана байдгийг заагаад өгөөч гэж надад гуйхаар нь би Э.Бд хандан чи хаана байгаа юм гэхэд Даагын доод талд морьтой явж байна гэхээр нь би морьтой яваад очих үед хүрэн зүсмийн охин бяруу тууж явахаар нь би уг бярууг хамт туугаад хадам ахын гэрийн ойролцоо очоод гэрийн зааж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Э.Б бяруугаа өгчихлөө гээд ирээд бид хоёр тус тусын гэр лүүгээ явсан. Хавар буюу 2021 оны 5 сард манай сумын ах Өтөө гэх хочтой Д гэх хүн над дээр ирээд хүрэн зүсмийн охин бярууг Э.Б та хоёр хадам ах Шдаа хүргэж өгсөн байна энэ бяруу миний хулгайд алдсан бяруу мөн байна гэж хэлэхээр нь би Э.Б руу залгаад Д ах манай гэрт ирсэн байна Ш ахад чиний өгсөн бяруу Д ахын бяруу юм байна энэ хүнтэйгээ ирж уулз гэхэд удалгүй Э.Б ирээд Д ахтай уулзаад би таны бярууг бугуйлны өртөгт хүргэж өгсөн уучлаарай би танд төлж өгнө гэж хэлсэн. Д ах би нөгөө бяруугаа авмаар байна чи цаад хүнтэйгээ учраа олоорой гэж хэлсэн. Сүүлд нь бяруу байсан Ж.Д ахын гэрт Э.Быг дагуулж очоод уулзаж Э.Б Ж.Дд хандан та энэ хүрэн зүсмийн охин бярууг надад өгчих би танд оронд нь үхэр өгнө гэхэд Ж.Д ах чи дахин хулгайн үхэр авч ирж өгвөл надад хэцүү байна гэж хэлэхээр би Ж.Д ахад хандан та энэ бяруугаа энэ залууд өгчих би танд оронд өөрийн үхрээс үхэр өгнө гэж хэлээд бид хоёр гэртээ харьсан. Хэд хоногийн дараа Э.Бд би улаан зүсмийн гунжин үхэр өөрийн малаас барьж өгөөд чи энэ үхрийг Ж.Д ахад хүргэж өгөөд хэргийнхээ учрыг нь олоорой гэж хэлээд өгөөд явуулсан. Уг үхрийг Э.Б аваад Ж.Д ахад өгөөд оронд Б.Д ахын хүрэн зүсмийн охин бяруу гунжин үхрийг хүргэж өгсөн. Би тухайн үед Э.Бтай хамт үхэр тууж явах үед хулгайн үхэр гэдгийг мэдээгүй, сүүлд нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

Шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 10 дугаар сарын дундуур байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна би тус аймгийн Малчин сумын нутаг Цагаан бургасны сай гэх нэртэй газар морь усалж яваад морио услаад буцаж явж байхад харанхуй болчихсон. Тэр үед замд үхэр таарахаар нь би тухайн үхрийг туугаад өртэй байсан Ш гэх айлд хүргээд өгчихсөн юм.Би харанхуй байсан учраас түүнийг хүн харахгүй байх гэж бодоод баригдахгүй гээд хулгайлаад аваад явчихсан. Тухайн бяруу үхэрний эзэн гэх хүн байгааг би мэдэж байсан боловч надад мөнгөний хэрэг гарсан учраас би хулгайлсан. Би уг бярууг туугаад суран бугуйл худалдаж авсан Зүүнговь сумын иргэн Ш гэх хүнд тууж хүргэж өгсөн. Шгийн гэрт очиход Ш эхнэр хүүхдүүдийн хамтаар байсан бөгөөд Суран бугуйлны оронд бярууг өгч байгаа талаар хэлсэн юм. Ш ахын гэр Шавартын тэнд байрлах самбартай хөтөл дээр байсан. Би Ш ахаас 2020 оны зун би Ш ахаас бяруу өгнө гэж хэлээд 1 ширхгийг 150.000 төгрөгөөр тооцоод 2 ширхэг суран бугуйл худалдаж авсан. 2021 оны хавар миний хулгайлсан бяруу ижилдээ гүйгээд оччихсон юм байна лээ. Тэр үхэр өтөө буюу Д гэх айлын мал байсан юм байна лээ. Ш ах Өтөөгийн гэрт миний хулгайлж өгсөн бярууг хайгаад очоод намайг аваачиж өгсөн талаар хэлсэн юм байна лээ. Тэр үед хулгайн мал байсан энэ манай өөрийн мал талаар Өтөө гэх хүн хэлсэн байсан. Надтай Өтөө гэх хүн би бяруугаа авна чи Шдаа өөрөө мал хараа өг гэж хэлсэн. Би Ш ахад хохирол барагдуулж үхэр өгсөн юм. Би хохирогч Өтөө ахад мал хайсны зардал 500.000 төгрөг өгсөн юм.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.

Увс финанс Аудит ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар “2020 оны 10 дугаар сарын байдлаар Малчин суманд бярууны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 400000 /Дөрвөн зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов." гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/-ээр тухайн үхэр 400.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Д 400.000 төгрөгийн, үнэлгээтэй, 1 тооны,  бярууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.Бд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

 2. Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Э.Б нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Э.Бгийн өгсөн: “Э.Б нь тус аймгийн Малчин сумын 4-р баг буюу Баян-Ээ багийн иргэн бөгөөд манай аавын ууган хүүхэд болж төрсөн. Манай аав Э, ээж Х нар нь тус аймгийн Малчин сумын 4-р багийн нутагт мал маллаж амьдардаг, тэтгэвэрт гараагүй, малынхаа ашиг шимээр амжиргаагаа залгуулдаг айл өрх байдаг. Би дээрээ 1 ахтай. Ах Э.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, аав, ээжийн хамт амьдардаг, малчин хүн юм. Би Улаангом политехник коллежид суралцдаг. Э.Б ах Малчин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги сурч төгсөөд сургуулиас гарсан бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тахир дутуу төрөлхийн төвөнхний мултралттай төрсөн, халамж авдаг. Энэ шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй, гэр бүл болж тусдаа өрх тусгаарласан зүйл байхгүй одоог хүртэл аав, ээжийн хамт амьдардаг ,ухаан санаа эрүүл, саруул, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ямар нэг муу зуршилгүй хүн юм. Э.Б ах зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, үг дуу, цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, сайхан сэтгэлтэй, уурлаж уцаарлаад байдаггүй. Илүү дутуу зан байдаггүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг тийм хүн юм. Э.Б ахад эд хөрөнгө гэх зүйл байхгүй, одоогоор тусдаа гэр бүлж болж гараагүй учраас эд хөрөнгө өгөөгүй байгаа, манай аавынх 900 гаруй бог малтай, 50-60 бод малтай, Портер загварын 1 автомашинтай, Мустанг-5 загварын 1 ширхэг мотоцикльтой, 8, 5 ханатай 2 ширхэг монгол гэртэй, 1 өвөлжөөний газартай, сумын төвд хашаатай, өөр эд хөрөнгө гэх зүйлгүй, өрхийн амжиргааны түвшин дунд зэрэг айл өрх юм. Манай ах Э.Б урьд өмнө хулгай хийж байгаагүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, биеийн хөгжил хэвийн эрүүл чийрэг биетэй, төвөнхийн мултралттай.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/, Гэрч Б.Бгийн өгсөн: “Э.Б нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, үг дуу, цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, сайхан сэтгэлтэй, уурлаж уцаарлаад байдаггүй, илүү дутуу зан байдаггүй тийм хүн юм. Эрүүл мэндийн хувьд төвөнхний мултралттай хазгай гишгэж явдаг, энэ байдлаас болоод цэргийн албанд яваагүй. цэргийн алба хаагаагүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ямар нэг муу зуршилгүй хүн юм. Э.Бын нэр дээр эд хөрөнгө гэх зүйл байдаггүй, харин аавынх нь нэлээн малтай, гэртэй, машин, мотоцикльтой, сумын төвд хашаатай, өөр эд хөрөнгө байдаг эсэх талаар надад ямар нэг мэдэх зүйл байхгүй, өрхийн амжиргааны түвшин дунд зэрэг айл өрх юм. Э.Б нь төрөлхийн төвөнхний мултралтай бөгөөд энэ шалтгаанаар эмнэлэгт хэвтэж байсан байх, бусдаар эрүүл мэнд хэвийн, эрүүл чийрэг биетэй. Одоогоор түүний сэтгэл санаа хэвийн, сэтгэлээр унасан зүйлгүй байгаа.  ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу ялтан  Э.Бд оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөнийг хязгаарлах зорилгын үүднээс ялтан Э.Бд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнээд ялтан нь зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  

2-т  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”  гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл гэдэгт хамаарахгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлого гэж үзэхгүй болно.

3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт юуг хамааруулах, түүнийг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналгыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд түүнийг нөхөн төлөхөд   зарцуулахаар нарийвчилсан зохицуулалт байх тул шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, тохом, хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Бд  буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Х овогт Эийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Бд 1  /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, тохом, хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Бд  буцаан олгосугай.

6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т  заасныг баримтлан ялтан  Э.Б оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Э.Б зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э.Бд  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ