| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Б.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.О
Хохирогч Г.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох эрүүгийн 2122000000094 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.З нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 140 дүгээр байрны 5 тоотод 2021 оны 04 сарын 21-ний өдөр хохирогч Г.Н ыг хэнтэй чаталж байгаа юм бэ? гэж хардан түүн рүү шилтэй зүйл авч шидсэн, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шалтгаангүйгээр түүнийг ална гэж боож унагаан үснээс нь татах, багалзуурдах, хана руу шидэх зэргээр зодсон, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бусадтай хардан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Н ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлан тарчлаасан,
Мөн дээрх гэмт хэргийн явцад хохирогч Г.Н ын биед 2021 оны 06 сарын 14-ний өдөр “ тархи доргилт, эрүүний үений зөөлөн эдийн гэмтэл, доод уруулын дотор салст, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэртээ очиж эхнэртэйгээ муудалцсан нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би саатуулагдаж байхдаа их зүйл ойлгосон. Одоо эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдармаар байна” гэв.
Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б.З нэлээн халамцуу орж ирсэн. Тэгээд би гэрт хоол хийх гээд байж байтал манай ангийн хүүхдээс юм асуух гэсэн юм гээд чат ирсэн. Тэгсэн манай хүн халамцуу байсан болохоор хардаад уурлахаар нь 10 жилийн ангийн хүүхэд ямар ч хамааралгүй гэж хэлсэн. Маргааш нь ажил дээрээ очоод байж байхдаа өмнө нь бас ийм зан гаргаж байсан болохоор одоо нэг хашраая гэж бодоод цагдаад өгсөн юм. Энэ хэргийг ийм дээрээ тулж ял авах хэмжээний болно гэж бодоогүй. Хайрлаж байсан хүнээ ял аваад яваасай гэж бодохгүй байна. Эргээд бид гурвуулаа сайхан амьдарна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.З мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “ 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр найзындаа хонь хяргах гэж явсан боловч постоор гарч чадаагүй буцаж гэртээ харьсан. Тэгээд би хувцсаа тайлчихаад хөлөө угаах гээд сууж байтал Н ын утас нь дуугарахаар нь утсыг нь би аваачиж өгөөд “хөл хорионы үед ажил амралтаа зохицуулсангүй гэсэн чинь манай ангийн хүүхэд над руу юм бичиж байна, чамд ямар хамаатай юм бэ?” гэж уурлахаар нь би яахаараа юм хэлж болдоггүй юм, гээд буцаад төмпөнтэй ус руугаа явсан. Дахиад утас нь дуугарахаар нь наад хүндээ амралтын өдрөөс бусад цагаар хэлж болдоггүй юм уу? гэсэн чинь миний утас гээд уурласан. Тэгээд бид хоёр хэрэлдсэн, жаахан ам муруйгаад долоовор хуруугаар Н ын зүүн шанааны доор хүрсэн соёонд нь жаахан толбо үүссэн байсан. Тэгээд би гал тогооны өрөөнд унтсан. Жим /Н/ хүүхэдтэйгээ жижиг өрөөнд унтсан. Орой хүүгээ унтуулчихаад Жим эргэн ирсэн тэгээд бид хоёр унтаж байгаад хүү ээжээ гээд сэрсэн Жим хүү дээрээ очиж унтсан. Өглөө би 07 цаг 40 минут гээд би ажилдаа яваад Н рүү 09 цаг 03 минутад цагийн хуваарийн зургийг явуулсан. Тэгсэн 09 цаг 35 минутад манайд бараа ирсэн, сонгуулийн тайланг маргааш өглөө өгөх ёстой гэсэн зураг ирсэн. Би 10 цаг 35 минутад наадмын хуушуурын бичлэг явуулаад хоёулаа ингэж идэх үү? гэсэн чинь Жим над руу ажлын эгч хоол өгсөн гэж чат бичсэн. Тэгэхээр нь би ажил дээр чинь юм уу гэсэн, тийм гэсэн. Тэгээд бичиж байгаад сүүлд хүүгээ авах гээд айл руу явж байна гэсэн чат бичсэн. 21 цаг 22 минутад юу хийж байна гээд чат бичсэн чинь блоклочихсон байсан, утас руу нь залгасан чинь дуудаад утсаа аваагүй” гэх мэдүүлэг \хх-ийн 47/
Хохирогч Г.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 6 сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Сайнцагаан сумын 7 дугаар баг 140 дүгээр байр 5 тоот хаягт хүүтэйгээ хамт байхад З гаднаас халамцуу орж ирээд “чамайг нөхөргүй хүүхэдтэй гэж ярьдаг юм байна лээ” гээд юу ч болоогүй байхад уурласан. Тэгээд ундаа аваад өг гэхээр нь ундаа аваад өгсөн чинь ундаа, сандал шидээд эхэлсэн. Над руу чатаар хүн залгасан. Тэгсэн миний утсыг “З авснаа энэ хэн юм, яагаад амралтын өдөр залгадаг юм” гэхээр нь харахад 10 жилийн ангийн хүүхэд Ц байсан. Ц надаас “Сайн уу” найз гэхээр нь би дуу султай мэндэлсэн чинь, бие чинь өвдсөн юм уу? гэхээр нь үгүй ээ гэсэн. Тэгээд зураг явуулъя аль хэсэгт орсон юм гэж асуусан, тэгээд л чатаа тасалсан. Тэгсэн З энэ яахаараа чиний биеийг асуудаг юм гээд уурлаад эхэлсэн. 10 жилийн ангийн хүүхэд юм асууя гэж байна гэсэн чинь амралтын өдөр гэж мэддэггүй юм уу? чи муу гичий намайг байхгүй хооронд хүмүүстэй видео колл хийгээд байж байдаг юм уу? гэснээ уруул руу цохисон. Тэгсэн эрүү нэг сонин болохоор би уйлсан. Хүү нөгөө өрөөнөөс гарч ирсэн. Тэгсэн З “хүүг үхсэнээ гарч ирээд байгаа юм. Цаашаа ор, дахиж гарч ирэх юм бол ална шүү” гэсэн чинь хүү өрөө рүүгээ орсон. Намайг номхон зогс гээд онгорхой байсан цонхыг хаагаад гал тогооны стейкний тавцанг цохисон чинь цуурсан. Гараа зангидаж байгаад толгойны орой руу цохисон. Тэгсэн би манараад гуйвсан чинь үхсэндээ маяглаад байгаа юм, номхон зогс гээд баруун гараа гал тогооны цонхны тавцанг цохиход бүр цөмөрчихсөн. Тэгснээ гутлаа тайлаад хөл рүү шидсэн. Цонхны тавцан дээр байсан ундааг аваад гэдэс рүү цохисныхоо дараа нь гараа зангидаж байгаад, зүүн талын хацар руу цохисон. Тэгснээ тайвшрахгүй байна гээд, тамхи татаад нүүр рүү асаагуураа шидээд, уруулаас цус гоожоод байхаар нь гараараа арчсан чинь, номхон зогс гээд миний зүүн талын хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Дахиад Ц-ын Фэйсбүүкийн зургийг нь хараад цагдаа гэдгийг нь мэдчихээд “чи сайхан цагдаа найз нартай юм” гээд цонхон дээр байсан ус хийдэг хуванцар савыг авч шидэхээр нь би бултсан. Тухайн үед миний утсыг үзээд л байсан. Тэгснээ өмнө нь Ц руу “сайн уу” гэсэн чат бичсэн байсныг харснаа, чи яахаараа энэ хүн рүү чат бичдэг юм гээд уурласан. Тэгэхээр нь манай дээр тоот авч ирж өгөхөөр нь хариу өгөх гээд чат бичсэн юм гэхэд, наад руугаа видео колл хий, наадахтай чинь хамт ална, буу аваад ир гэхээр нь би “буу хаана байгаа юм” гэсэн чинь орон доороос аваад ирсэн. Тэгээд би буудчих юм болов уу гэж бодоод тайвшруулсан. Ингэж болдоггүй юм гэхэд уурлаад л байсан. Пизда гэж хашхирахаар нь би хүүгээ ээж, аав дээрээ аваачиж өгчихөөд ирье. Тэгээд намайг алсан ч болно гэсэн чинь, чи сэтгэл амар үхэх үү гэсэн. Тамхи татаж байснаа миний согтуу гарчихлаа “ор зас” гээд ор засаад өгсөн чинь, “толгой бариад өг” гэхээр нь толгойг нь барьж өгөөд илсэн чинь унтсан. Тэгээд би хүүдээ хоол хийж өгөөд өөрөө хоол идэх гэсэн чинь эрүү өвдөөд юм идэж чадаагүй. З 30 минут унтаад сэрснээ бөөлжлөө төмпөн аваад ир гээд нэг хэсэг бөөлжсөн. Толгой хагарлаа гээд уурлаад толгой барь гээд би 11 цаг хүртэл толгойг нь барьсан. Тэгсэн өглөө 5 цагт муухай хашгирахаар нь цочоод сэрсэн чинь хурдан нааш ир гэхээр нь босоод очсон чинь “чи хэнтэйгээ унтсан болохоор намайг хүсдэггүй юм” гээд унтлагын хувцас, дотоож хүчээр тайлаад байхаар нь яах гэсэн юм бэ? гэсэн чинь хэрүүл хайгаад байсан. Тэгэхээр эсэргүүцэх юм бол дахиад зодуулна гэж айсан. Хүчээр бэлгийн харьцаанд орчихоод унтаад өгөхөөр нь хүү дээрээ очоод унтсан. Өглөө босоод юу ч болоогүй юм шиг хувцсаа өмсөөд ажилдаа яваад өгсөн” гэх мэдүүлэг \хх 23/
Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад 20 цагийн үед манайд Н хүү Б /4 настай/-ын хамт ирсэн. Тэгэхдээ надад юм хэлээгүй, маргааш нь буюу 2021 оны 06 сарын 16-ны өдөр өглөө ажилдаа гарах гэж байхад Зд зодуулсан эрүү мултарсан, толгой руу хоёр удаа цохисон толгой өвдөөд байна гэж хэлсэн, өөр юм яриагүй” гэх мэдүүлэг /хх 33-34/
Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 06 сарын 14-ний өдөр цайны цагийн дараа Н ээс Улсын бүртгэлд тоот өгсөн болохоор түүний хариуг гарсан үгүйг асуух гэж бас аймгийн тамгын газарт шинээр ажилд орсон хүний талаар тодруулах гэж чатаар залгасан. Гэтэл авсан боловч дүрс нь бүрэлзээд дуу нь сонсогдохгүй тасарсан. Тэгэхээр нь би сүлжээ унаад байгаа юм байна гэж бодоод Н ын чат руу “Фэйсбүүк хаяг”-ийг явуулсан. Тэгсэн чинь буцаад над руу чатаар залгаад “Н амралтын өдөр юу асуугаад байгаа юм бэ?” гэж хэлээд сүлжээ нь унаад тасарчих шиг болсон. Би чат руу нь болчихсон гээд хариу бичсэн” гэх мэдүүлэг /хх 35-36/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн:
“1.Г.Нын биед тархи доргилт, эрүүний үений зөөлөн эдийн гэмтэл, доод уруулын дотор салст, зүүн бугалгат зөөлөн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтэл нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь 2021.06.14-ний өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 40-42/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх 6/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-12/
Хохирогч Г.Н ын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-16/
Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Э-ийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үйлдсэн хүчирхийллийн аюулын зэргийг тодруулах асуулт асуухад 8-11 буюу “Өндөр” байгаа тухай “Аюулын зэргийн үнэлгээ” /хх 79-80/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.З нь 2021 оны 04 сарын 21-ний өдөр хохирогч Г.Н ыг бусадтай хардан түүн рүү шилтэй өргөст хэмх авч шидсэн, 2021 оны 05 сарын 24-ний өдөр шалтгаангүйгээр уурлаж чамайг ална гэж боож унаган үснээс нь татах, багалзуурдаж ор руу шидэх, толгой руу нь гараараа цохих зэргээр зодсон, 2021 оны 06 сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Г.Н ыг түүний 10 жилийн ангийн хүүхэд болох Д.Ц-тойхардан хамт ална гэж орон доороосоо буу гаргаж ирэн айлгаж нүүр рүү нь тамхины асаагуур шидэх, уруул, толгой, гэдэс рүү нь цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн шүүгдэгч Б.Знь хамтран амьдрагч Г.Ныг 2021 оны 06 сарын 14-ний өдөр нүүр рүү нь тамхины асаагуур шидэх, уруул, толгой, гэдэс рүү нь цохиж зодсоны улмаас түүний биед тархи доргилт, эрүүний үений зөөлөн эдийн гэмтэл, доод уруулын дотор салст, зүүн бугалгат зөөлөн няцрал цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Знь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 140 дүгээр байрны 5 тоотод 2021 оны 04 сарын 21-ний өдөр хохирогч Г.Ныг хэнтэй чаталж байгаа юм бэ? гэж хардан түүн рүү шилтэй зүйл авч шидсэн, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шалтгаангүйгээр түүнийг ална гэж боож унагаан үснээс нь татах, багалзуурдах, хана руу шидэх зэргээр зодсон, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ныг бусадтай хардан зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлан тарчлаасан, мөн хохирогч Г.Нын биед 2021 оны 06 сарын 14-ний өдөр “ тархи доргилт, эрүүний үений зөөлөн эдийн гэмтэл, доод уруулын дотор салст, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Згийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Нын “...2021 оны 6 сарын 14-ний өдрийн 13 цагийн үед хүүтэйгээ хамт байхад З гаднаас халамцуу орж ирээд “чамайг нөхөргүй хүүхэдтэй гэж ярьдаг юм байна лээ” гээд юу ч болоогүй байхад уурласан. Тэгээд ундаа аваад өг гэхээр нь ундаа аваад өгсөн чинь ундаа, сандал шидээд эхэлсэн. ...Ц надаас “Сайн уу” найз гэхээр нь би дуу султай мэндэлсэн чинь, бие чинь өвдсөн юм уу? гэхээр нь үгүй ээ гэсэн. ...Тэгсэн З энэ хүн яахаараа чиний биеийг асуудаг юм гээд уурлаад эхэлсэн. 10 жилийн ангийн хүүхэд юм асууя гэж байна гэсэн чинь амралтын өдөр гэж мэддэггүй юм уу? Чи муу гичий намайг байхгүй хооронд хүмүүстэй видео колл хийгээд байж байдаг юм уу? гэснээ уруул руу цохисон. Тэгсэн эрүү нэг сонин болохоор би уйлсан. ...Намайг номхон зогс гээд онгорхой байсан цонхыг хаагаад гал тогооны стейкний тавцанг цохисон чинь цуурсан. Гараа зангидаж байгаад толгойны орой руу цохисон. Тэгсэн би манараад гуйвсан чинь үхсэндээ маяглаад байгаа юм, номхон зогс гээд баруун гараа гал тогооны цонхны тавцанг цохиход бүр цөмөрчихсөн. Тэгснээ гутлаа тайлаад хөл рүү шидсэн. Цонхны тавцан дээр байсан ундааг аваад гэдэс рүү цохисныхоо дараа нь гараа зангидаж байгаад, зүүн талын хацар руу цохисон. Тэгснээ тайвшрахгүй байна гээд, тамхи татаад нүүр рүү асаагуураа шидээд, уруулаас цус гоожоод байхаар нь гараараа арчсан чинь, номхон зогс гээд миний зүүн талын хөлийн шилбэ рүү өшиглөсөн. ...Би хүүдээ хоол хийж өгөөд өөрөө хоол идэх гэсэн чинь эрүү өвдөөд юм идэж чадаагүй...” гэх,
гэрч Г.М-ийн“2021 оны 06 сарын 16-ны өглөө ажилдаа гарах гэж байхад Зд зодуулсан, эрүү мултарсан, толгой руу 2 удаа цохисон. Толгой өвдөөд байна гэж ярьсан ” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Б-ийн2021 оны 06 сарын 18-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Згийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Зг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Знь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, хэргийн газрын үзлэгээр хураагдсан Калибр маркийн 4624 гол төрийн дугаартай, 4640 замагны дугаартай бууг устгуулах саналыг”,
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.А: “...шүүгдэгч Б.Знь хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Бууг хэрэг үйлдэхдээ ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгч ач холбогдолгүй тул шүүгдэгчид буцаан олгох” гэх саналуудыг тус тус гаргажээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Зг хохирогч Г.Нын биед 2021 оны 06 сарын 14-ний өдөр “ тархи доргилт, эрүүний үений зөөлөн эдийн гэмтэл, доод уруулын дотор салст, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байх боловч 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 84 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэлийн хүрээнд шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Б.З-д холбогдох 2122000000094 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэгийн явцад хураагдсан бууг “гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй, бөөгийн зан үйлд ашигладаг тул буцаан олгоно уу” гэсэн санал, хүсэлтийг гаргаж байх боловч шүүгдэгчийн хохирогч Г.Ныг түүний 10 жилийн ангийн хүүхэд болох Д.Ц-тойхардан хамт ална гэж орон доороосоо буу гарган ирж айлгаж байгаа үйлдлийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзнэ. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн калибр маркийн гол төмрийн дугаар 4624, замагны 4640 дугаартай бууг буцаан олгох тухай хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар заажээ. Иймд хэргийн газрын үзлэгийн явцад хураагдсан калибр маркийн гол төмрийн дугаар 4624, замагны 4640 дугаартай бууг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Згийн 2021 оны 04 сарын 21, 2021 оны 05 сарын 24, 2021 оны 06 сарын 14-ний өдрүүдэд үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” нөхцөл, шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан ба улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2122000000094 дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Згийн үйлдлийн улмаас хохирогч Г.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Б.Знь энэ хэргийн улмаас 46 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн газрын үзлэгийн явцад хураагдсан Дундговь аймгийн Прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалдагдаж байгаа калибр маркийн гол төмрийн дугаар 4624, замагны 4640 дугаартай бууг хураан авч улсын орлого болгохыг Дундговь аймаг дахь цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц овогт Б-ийн З г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Б-ийн З д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2122000000094 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Знь 46 /дөчин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Б.З-д урд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Б.З г шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР