Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0141/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ****** төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******ийн хамт ****** *** оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******
Шүүгдэгч *** нь 2016 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны гадна талбайд байсан иргэн ***, *** нарын приус 20 маркийн тээврийн хэрэгслийн толь, мөн бусдын верна аксент маркийн машины толь зэргийг хулгайлж, 535000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2016 оны 4 дүгээр сарын    20-ны өдрөөс 4 дүгээр сарын 21-нд шилжих шөнө хуучин хорооллын 2 дугаар байрны гаднаас 2 ширхэг приус маркын автомашины толь, аксент маркийн машины 1 ширхэг тольнуудыг аваад *****ны ард талын зам дээр зарах гэж машин зогсоож асуутал машины жолооч цагдаа дуудаж, цагдаад баригдсан.
…би 2016 оны 6 дугаар сарын 25-нд хохирогч нарын хохирлын мөнгийг төлж барагдуулна. 2 хохирогчид тус бүрд нь 128000 төгрөг өгнө гэж ярилцаж тохиролцсон байгаа. Иймд тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Одоо би ажилд орох гэж байгаа юм.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2 дугаар байрны гадаа машинаа 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тавиад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр машинаа асаах гэтэл ***  “таны машины толь байна уу” гэж асуухад толь алдагдсаныг мэдсэн дагуу цагдаад мэдэгдэхэд *** байцаагч ирж мэдүүлэг өг гэж хэлсэн. Миний машины толийг суурь хавтсаар нь хугалаад авсан байсан тул тааруулж үзэхэд мөн байсан. Одоо миний машины толь зүгээр нааж тогтоосон байдалтай байгаа.  *****ыг тольны суурь хавтасыг нь олоод өг 120000 төгрөг болно гэж хэлснээс хойш авч өгсөн зүйл байхгүй байна. Мөн үнэлгээ гаргуулсан 18000 төгрөг, нийт 138000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2016 оны 4 дүгээр сарын 19-ний оройн 20 цаг 30 минутын үед машинаа байрны гадаа тавьсан юм. 2016 оны 4 дүгээр сарын 20-ний орой 21 цагийн үед машинаа асаах гэж байхдаа толь алдагдсаныг мэдсэн. Тольны үнэлгээ нь 250000 төгрөг, үнэлгээний 18000 төгрөг, нийт 138000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-4 дэх тал/,

-Гэрч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би 2016 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө намайг гадуур таксинд Дархан дотор явж байгаад вокзал орчихоод буцаад гэр рүүгээ харих гээд явж байтал 03 цагийн үед 14 дүгээр баг 39 дүгээр байрны завсараар нэг хүн гарч ирээд гар өргөхөөр нь зогстол намайг “толь авах уу?” гэж асуухаар нь “авахгүй, миний машинд таарахгүй” гээд явах гэтэл өвөртөө 2, 3 ширхэг машины толь бололтой зүйл хийчихсэн байхаар нь барьж аваад цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирэхэд нь түүнийг нь өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дахь тал/,
-Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 31-32, 35-36 дахь тал/, 
-Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 40-41 дэх тал/, 
-Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 42-43 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 44 дэх тал/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 45 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2016 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны гадна талбайд зогсож байсан иргэн ***, *** нарын приус 20 маркийн тээврийн хэрэгслийн толь, мөн бусдын верна аксент маркийн машины толь зэргийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 535000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч *** бусдын эд хөрөнгө хулгайлж, 535000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч *** , *** нар нь хулгайд алдсан эд зүйл болох автомашины толийг буцаан авсан болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хэргийн 42-43 дахь тал/ нотлогдож байгаа боловч хохирогч ***, *** нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “толины суурины үнэ 120000 төгрөг, үнэлгээний төлбөр 18000 төгрөг, нийт 138000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг өгч байна.
Хавтаст хэрэгт тухайн автомашины толины суурины үнэ болон үнэлгээний төлбөрийн талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул хохирогч ***, *** нарт холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч *** хулгайлж авсан верна аксент маркын автомашины өмчлөгч нь хэн болохыг хэрэг бүртгэлтийн шатанд тогтоож чадаагүй бөгөөд тухайн хэрэг учрал болсон Дархан сумын 14 дүгээр багийн зохион байгуулагчийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн верна аксент маркын автомашины 1 ширхэг толийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч *** буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээд 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. *** бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 535000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч *** 1 сар /нэг сар/ баривчлах ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 сар баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч *** , *** нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн верна аксент маркын автомашины 1 ширхэг толийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч, иргэний нэхэмжлэгч *** буцаан олгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай. 
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ