Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0260/З |
Дугаар | 437 |
Огноо | 2019-07-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 437
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: “В в т” ХХК,
Хариуцагч: Ш ө х т г у б П.Н,
Гомдлын шаардлага: “Ш ө х т г у б П.Н-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “В В Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: “В В Т” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд 03/******* тоот тусгай зөвшөөрлийн дагуу тодорхой нэр төрлийн дарснуудыг иргэн, аж ахуй нэгжид худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг юм.
Бид үйл ажиллагааныхаа хүрээнд “W*******” нэртэй фэйсбүүк хуудсыг ажиллуулдаг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сар шинийн баярт зориулан тодорхой нэр төрлийн дарснуудыг харилцагч дэлгүүрүүдэд нийлүүлдэг бөөний үнээр худалдахаар болж, уг мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудаснаа Зар сурталчилгааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг баримтлан нийтэлсэн болно.
Гэтэл дээрх үйлдлийг Ш ө х т г у б П.Н нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6-д “Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулахыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн” гэж заасныг зөрчсөн гэж үзэж 005******* дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн шийтгэлийг ногдуулсан.
Ингээд манай компанийн зүгээс улсын байцаагч П.Н-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-т заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”, Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.13-т “улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах” гэж заасныг тус тус баримтлан тус газрын дарга Б.Л-д 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан.
Гэвч тус газрын дарга Б.Л нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/376 дугаар албан тоотоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “оролцогч ... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан байх тул тус газрын зүгээс уг гомдлыг хянах боломжгүйг мэдэгдэж байна гэх хариуг өгсөн болно.
“В В Т” ХХК-ийн зүгээс худалдан авагчдад бэлэг, шагнал амласан зүйл огт байхгүй тул хямдрал гэх ойлголт нь урамшуулалд хамаарахгүй юм.
Тодруулбал, тодорхой хэмжээний бэлэг, шагналтай худалдааг урамшуулалт худалдаа, харин үнэ бууруулсан худалдааг хямдралтай худалдаа гэж үзэж байна.
Түүнчлэн хүн, хуулийн этгээдийн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн үйлдэлд шийтгэл ногдуулах эрхийг Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасны дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид олгосон байхад уг хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд баримтлах Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “В В Т” ХХК-ийн “W w” дэлгүүрийн бүх салбараар “Nobile”, “Louis eschenaur” “JP.Chanetcabernet syrah”, “Grand sud grenanche rose”, “JP.Chanet merlot” гэх нэртэй дарснуудын сар шинийн хямдралтай худалдааны талаар зар сурталчилгаагаа W******* фэйсбүүк пэйж хуудаснаа түгээсэн хуудас нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6-т “Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэриин урамшуулалт худалдаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчин согтууруулах ундааны урамшуулалт худалдааг W******* фэйсбүүк пэйж хуудаснаа түгээсэн хуудас байрлуулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон сурталчилгааг түгээсэн болох нь зөрчлийн ажиллагаанд авагдсан холбогдох материал, гэрэл зураг, хууль ёсны төлөөлөгч Ц.С-аас авсан тайлбар мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Зар сурталчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдах аливаа зар сурталчилгаанд энэ хуулийг хэрэглэнэ”, 3 дугаар зүйлийн 3.1.1-т "зар сурталчилгаа" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг”, 3.1.5-д “Мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг ойлгохоор тус тус заасан.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6-т “Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулахыг хориглоно” гэж заасан байна.
Иймд “В В Т" ХХК-ийн Монгол улсын хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээсэн үйлдэлд Зөрчлийн тухай 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол...хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг баримтлан торгууль оногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 14-д “Согтууруулах ундааг сурталчлах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дах хэсэгт зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 6.5 дугаар зүйлийн 14-т зааснаар шийтгэл оногдуулна.
“В В Т” ХХК нь дээрх үйлдэл нь Согтууруулах ундааг сурталчлах журам зөрчсөн үйлдэлд хамаарахгүй бөгөөд Монгол улсын Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулиар хориглосон зүйлийг Wolrd wine гэх фэйсбүүк пэйж хуудаснаа түгээсэн хуудас байрлуулсан үйлдэл нь хуулиар хориглосон зар сурталчилгааг түгээсэн үйлдэл юм.
“В В Т” ХХК-ийн дэлгүүрийн бүх салбараар “Nobile”, “Louis eschenaur” “JP.Chanetcabernet syrah”, “Grand sud grenanche rose”, “JP.Chanet merlot” гэх нэртэй дарснуудын сар шинийн хямдралтай худалдааны талаар зар сурталчилгаагаа W******* гэх фэйсбүүк пэйж хуудаснаа түгээсэн нь #Хямдрал сар шинийн хямдралтай худалдаа гэж байрлуулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол...хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан шийтгэвэр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд улсын байцаагчийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу “В В Т” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “В В Т” ХХК нь Ш ө х т г у б П.Н-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргажээ.
Шүүх гомдол гаргагч болон шийтгэлийн хуудас бичсэн улсын байцаагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Ш ө х т г у б П.Н W******* дэлгүүрийн бүх салбараар сар шинийн хямдралтай худалдааны талаар зар сурталчилгаа түгээсэн зөрчлийн талаарх мэдээлэлтэй 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр танилцжээ.
Үүний дагуу хяналт шалгалт хийгдэж 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 005******* дугаар улсын байцаагчийн шийтгэлийн хуудас гарсан байх бөгөөд уг шийтгэлийн хуудсаар “В В Т” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 5,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво согтууруулах ундаанд хамаарна” гэж зааснаас үзвэл “В В Т” ХХК-ийн дэлгүүрийн бүх салбараар “Nobile”, “Louis eschenaur” “JP.Chanetcabernet syrah”, “Grand sud grenanche rose”, “JP.Chanet merlot” гэх хямрал зарласан тодорхой нэр төрлийн дарснууд нь согтууруулах ундааны төрөлд хамаарахаар байна.
Мөн дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Дараахь хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно” гээд 9.2.6-д “Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах” гэж хуульчилжээ.
Эндээс үзвэл W******* фэйсбүүк хуудсаар 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал сар шинийн хямралтай худалдаа “W*******” дэлгүүрийн бүх салбараар явагдаж байна гэх мэдээлэл нь согтууруулах ундааг сурталчилсан аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл тодорхой нэр төрлийн дарснуудын үнэнд хямдрал зарласан гомдол гаргагчийн үйлдэл нь худалдан авагчдад эргээд тэр хэмжээгээр буюу мөнгөн хэлбэрээр урамшуулал болж очиж байгаа нь урамшуулалт худалдаа болохоор байна.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн үйлдэлд шийтгэл ногдуулах эрхийг Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасны дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид олгосон байхад уг хуулийг зөрчиж дүгнэсэн атлаа Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд баримтлах Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 14-д “Согтууруулах ундааг сурталчлах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зөрчил шалган шийдвэрлэхээр заажээ.
Эндээс үзвэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь согтууруулах ундааг сурталчлах журам зөрчсөн үйлдэлд шийтгэлийн хуудас ногдуулахаар байна.
Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлнэ” гэж заасан.
Тиймээс гомдол гаргагч “В В Т” ХХК нь согтууруулах ундааг сурталчлах журмыг зөрчөөгүй, харин хууль зөрчсөн, мөн зар сурталчилгаанд тавих хяналтыг хуулиар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлэхээр байх тул маргаан бүхий 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд гомдол гаргагч “В В Т” ХХК-ийн хуулиар хориглосон, согтууруулах ундааг сурталчилсан үйлдэлд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Үүнээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан дэлгэрэнгүй лавлагаагаар “Н*******” ХХК-ийн, “В В Т” ХХК-иуд нь нэг эзэнтэй буюу Ц.Т*******ын компани байна. Мөн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзвэл “Н*******” ХХК гадаадаас дарс худалдан авдаг, харин “В В Т” ХХК нь дотоодын зах зээлд дарс худалдаалдаг болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “В В Т” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ш ө х т г у б П.Н-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН