Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

   

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-д холбогдох эрүүгийн 2022002360124 тоот хэргийг 2021 оны  6 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Аймгийн Засаг даргын тамгын газрын хойд талд насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Аймгийн Засаг даргын тамгын газрын хойд талд насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ынхар өнгийн LG-X-power нэртэй гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Тэр өдөр би сааданд явж байгаад Ц.Л-тай таарсан. Өмнө нь жоохон асуудалтай байсан болохоор бид маргасан” гэв.

 

Шүүгдэгч Т.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 сарын 05-ны өдөр би 15 цагийн үед гэртээ байж байгаад гэрийнхээ ойролцоо амьдардаг Л, Д, О нартай тааралдсан. Л, Д нар архи үнэртүүлсэн байсан. Бид нар уулзаад гадуур аймгийн төвөөр алхсан. Замдаа Л-тэй тааралдсан. Тэгээд төвд саадан дотор сууж байхад Л, Д нар архи нэмж уучихаад ирсэн. Хэнтэй хаана уусныг нь мэдээгүй. Бид нар байж байтал Л явж байхаар нь Л ах дуудаад утсаар чинь нэг ярья гэсэн. Утсаар яриад дуусахаар нь би утсыг нь авч халаасандаа хийгээд Л-ыг хоёулаа хойшоо гаръя гэж хэлээд 2 дугаар сургуулийн баруун талын мухарт дагуулж очсон. Лтай би өмнө нь маргалдаж байсан тул зодъё гэж бодоод хавирч унагаагаад нүднийх нь харалдаа нүүр рүү нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Босоод ирэхээр нь амьд байгаа дээрээ зайл гэж хэлээд явуулсан. Тухайн үед гадаа гэгээтэй байсан. Бид нар төвд алхаж байгаад цагдаад баригдсан.” гэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2020 оны 09 сарын 05-ны өдрийн 19 цагийн үед би ганцаараа Наранцацралт сайдын хөшөөний зүүн талд явж байсан чинь миний өөдөөс Д, О, Л, Л, Г нар ирсэн. Тэдгээр хүмүүсээс Д гэгч нь надаас тамхи асуусан. Тухайн үед би тэр хүмүүсийн нэрийг мэддэггүй байсан. Зодуулснаас хойш цагдаагийн газарт ирээд мэддэг болсон. Тэр хүмүүс бүгдээрээ согтуу юм шиг байсан. Тэгтэл Л гэдэг хүн нь надад хандаж ахдаа ганц юм аваад өгчих гэж хэлсэн. Би  надад мөнгө байхгүй гэж хэлээд явах гэсэн  чинь Д гэгч нь намайг араас дуудсан. Д надтай уулзсан, бусад нь “Хайрын төгөл”-ийн гудамжны сандал дээр сууж байхад Д намайг дуудаж уулзаад гар утсыг чинь тавиад уучихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би болохгүй юу яриад байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгтэл Л нь гудамжны сандал дээр сууж байгаад Д т хандаж наадахаа урагшаа мод руу оруулаад утасных нь үнэнд тааруулаад зодчих гэж турхирсан. Тэгтэл Д гэгч нь намайг гудамжны урд талын мод руу дагуулж оруулаад надад хандаж зүгээр гар утсаа өгөх үү, зодуулах уу гэж асуусан. Би хариуд нь би гар утсаа өгөхгүй гэж хэлсэн. Тэгтэл Д намайг зогсож байхад согтуурхаж хөлөөрөө бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үедээ надад хандаж чи манай хоёр ахыг таних уу? би чамайг хоёр ахдаа хэлээд сийчүүлнэ шүү гэж сүрдүүлсэн.Тэгснээ Д за, за утсаа аваад яв гэж хэлээд миний гар утсыг өгсөн. Дтай хамт модноос гараад явах гэсэн чинь араас намайг Л гэдэг хүн дуудсан. Надад хандаж ах нь утсаар чинь ярьчихъя гэж хэлсэн. Би Лид утсаа өгсөн, тэр үед залуучууд бүгдээрээ сандал дээр сууж байсан. Б.Л миний гар утсаар хүн рүү залгаж яриад сандал дээр сууж байсан. Гэтэл сандал дээр сууж байсан О гэгч нь босож ирээд Дын хажуунаас надад хандаж чамайг нэг өвдөглөхөд л чи үхнэ ш дээ гэж хэлсэн. Тэгтэл хажуунаас надад Л гудамжны сандал дээр сууж байснаа босоод Дт хандаж наадахаа утасных нь үнэнд тааруулаад зодчих гэж дахиж турхираад хойд зүг рүү явсан. Тэгэхэд нь Д надтай “Хайрын төгөл”-д үлдээд за, за гар утсаа аваад яв гэсэн. Бусад хүмүүс нь Лийг дагаад явсан. Би Лийн араас гар утсаа авъя гэж хэлээд явсан. Намайг зодсон Г гэгч нь сумын тамгын газрын баруун талд байхад очиж уулзаад би утсаа авъя гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу надад хандаж чи ер нь яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд намайг хувцаснаас бариад хойд зүг рүү дагуулаад явсан. Захиргааны хойд талын харанхуй хэсэгт дагуулж очоод эхлээд баруун хацарт гараараа алгадсан, дараа нь газар хавирч унагасан. Би газраас боссон тэгтэл Г гэдэг залуу намайг миний баруун талын нүдэнд хөлөөрөө өшиглөсөн. Би дахиад газар унасан. Г намайг газраас босоод ир гэж хэлсэн. Би газраас босоход тэр миний гэдэс рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Миний гэдэс өвдөөд атираад доош тонгойход Г дахиад миний нүүр рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Дахин газар хавирч унагасан. Тэгээд намайг газар хэвтэж байхад хувцаснаас татаж босгоод амьд дээрээ эндээс зайл гэж хэлсэн. Би гар утсаа авъя гэж хэлэхэд намайг зүгээр зайл гэж хэлсэн. Хар өнгийн LG-Xpower нэртэй гар утас байсан. Намайг урд өмнө сагсны шийд дээр муудалцсан гэж ярьсан байсан. Тийм асуудал байхгүй. Тэдний хэлээд байгаа цаг хугацаанд би хөдөө байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дэх тал/

 

Гэрч Д.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орой найзуудтайгаа Арвижихын 8-12 тоотод байдаг гэртээ хоносон. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө Т.Г манайд ирсэн. Тэгээд найзуудтайгаа өглөөгүүр гэртээ хоол хийж идсэн. Өдөр тийш найз Найдан Улаанбаатар хот явах болоод явахаасаа өмнө бид нарт нэг шил архи дэлгүүрээс авч өгөөд уулгүй явсан. Бид нар Н-ын авч өгсөн архийг хувааж уучихаад  орой 15 цагийн үед бөөнөөрөө хүнсний 36 айлын орон сууцны гадаа байдаг сагсны талбай орж сагс тоглосон. Д бид хоёр нэг танилтайгаа тааралдаад дахин нэг шил 0,5 литрийн савлагаатай “Онги” нэртэй архи дэлгүүрээс аваад айлд орж уусан. Бид 2 архиа ууж дуусчихаад буцаад сагсны шийдэн дээр тоглож байгаа найзууд дээрээ очсон. Тэр үед нар жаргаж байсан. Бид нар бөөнөөрөө аймгийн төв хэсэгт байдаг саад орсон. МУ-ын Ерөнхий сайд асан Ж.Н-ын  хөшөөний зүүн талаас баруун зүгт явж байсан чинь бид нартай гурван хүүхэд тааралдсан. Тэр гурван хүүхдүүдийн нэг нь надтай сайн уу? Лууяа ах гээд мэндлээд хүрээд ирсэн. Би тэр хүүхдэд хандан ахдаа утсаараа нэг яриулчих гэж хэлсэн. Тэр хүүхдийн гар утсаар Улаанбаатар хот руу явсан найз Найданбаттай ярьсан. Утсаар яриад дууссан чинь надаас тэр хүүхдийн гар утсыг хамт явсан Г аваад, гар утасны эзэн хүүхдийг сумын тамгын газрын баруун талаар дагуулаад хойд зүг рүү явсан. Би араас нь очсон чинь тэр хүүхдийг тагнуулын хэлтсийн зүүн талд аваачсан. Г тэр хүүхдийг зодсон байдалтай хүүхдийн нүднээс нь цус гарч байсан. Би хүүхдийн маскаар нь түүний цусыг нь арчиж өгсөн. Тэгтэл нөгөө хүүхэд урд зүг рүү гүйгээд явсан. Тэр хүүхдийг яваад удаагүй байхад Г түүний гар утсыг өмднийхөө халааснаас гаргаад ирсэн. Би Гд хандаж утсыг нь өгөөч, хэрэгт холбогдох нь гэж хэлсэн. Тэр үед нөгөө Гд зодуулсан хүүхэд нь алга болсон  байсан. Тэгээд бид нар бөөнөөрөө хойд зүг рүү яваад Найрамдлын өндөрлөгийн урд талын замаас нь би гэртээ харих гээд тэр хэдээс салаад ганцаараа явсан. Д, О, Л, Г нар бөөнөөрөө явсан. Би гэртээ хариад байж байтал цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/, Найданбаттай утсаар ярьчихаад гар утсыг нь өгөх гэтэл Г утсыг нь наашаа өгчих гээд аваад тэр хүүхдийг сумын тамгын газрын ар руу дагуулаад явсан. Цагдаад баригдаад би Г-ыг “Чи хамгийн сүүлд утсыг нь авсан биз дээ өг” гэсэн чинь тэр аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд хэд хоногийн дараа утсыг нь гаргаж өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 143 тал/

 

Гэрч Т.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 05-ны орой Д, Л, Л, Г нартай хамт сааданд явж байсан чинь Н-ын хөшөөний зүүн талд нь 4 хүүхэд сандал дээр сууж байсан. Бид нар тэр хүүхдүүд дээр очиход Г, Л гэдэг хүүхэдтэй маргалдаад байсан. Тэр үед Д, Л гэдэг хүүхэдтэй уулзаад салсан. Г, Дт хандаж энэ хүүхэд дээр найзуудтайгаа хамт явж байгаад надад томроод байсан гэж хэлсэн. Тэр хөшөөнөөс хойд зүг рүү Г Л-ыг дагуулаад явсан. Араас нь Л явсан. Сааданд Д, Л бид гурав үлдсэн. Тэгээд бид нар араас нь хойд зүг рүү явахад Л гэдэг хүүхэд бид нартай зөрөөд, урд зүг рүү явсан. Би Г дээр очоод юу болсныг асуухад хэдэн удаа өшиглөсөн гэж хэлсэн. Би өөр юм хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/

 

Гэрч Ц.Д ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орой 19 цагийн үед О, Л, Л, Г нартай хамт 3 дугаар сургуулийн сагсны талбай орох гээд Н-ын хөшөөний зүүн талаар баруун чигтээ явж байхад нэг хүүхэд сааданд сууж байсан. Бид нартай хамт явж байсан Г тэр хүүхэдтэй маргалдсан. Тэр хоёрын ярианаас сонсоход Г тэр хүүхэдтэй урьд өмнө нь маргалдаж байсан юм шиг байсан. Надтай хамт явж байсан залуучууд Г-ыг тэр хүүхэдтэй муудалцахыг ажиглаад байж байсан. Надтай хамт явж байсан Л тэр хүүхдэд хандаж ахыгаа утсаараа яриулчих гэж хэлсэн. Тухайн үед Л архи уучихсан халамцуу байсан болохоор нь би тэр хүүхдийг яв гэж хэлсэн. Түүнийг Лид гар утсаа өгч байсан эсэхийг нь хараагүй. Гэтэл Г тэр хүүхдийг дагуулаад Отог лоунжийн хажуугаар яваад хашааны хажууд очсон. Сумын тамгын газрын хойд талд Г тэр хүүхдийг нүүрэнд нь хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр хүүхдийн баруун нүднээс жаахан цус гарсан байсан. Тэгээд тэр хүүхэд явсан. Бид нар бөөнөөрөө хойд зүг рүү явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дахь тал/

 

            Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаартай:

          1,2. Ц.Л-ын биед тархи доргилт, зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

          3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 27-33 дахь тал/

 

           Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30 дахь тал/

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын үнэлгээчин О.Баярсайханы 2021 оны 09 сарын 08-ны өдрийн:  “LG-X-power маркийн хар өнгийн корпостой хуучин гар утас 150.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/

 

          Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 35 дахь  тал/

 

          2021 оны 09 сарын 14-ний өдөр LG-X-power маркийн хар өнгийн корпостой гар утсыг хохирогч Ц.Лд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 37 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Аймгийн Засаг даргын тамгын газрын хойд талд насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ынбиед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Ц.Л-ын хар өнгийн LG-Xpower нэртэй гар утсыг дээрэмдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Аймгийн Засаг даргын тамгын газрын хойд талд насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ынбиед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Ц.Л-ын хар өнгийн LG-Xрower нэртэй гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр би сааданд явж байгаад Ц.Л-тай таарсан. Өмнө нь жоохон асуудалтай байсан болохоор бид маргасан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ынмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Захиргааны хойд талын харанхуй хэсэгт дагуулж очоод эхлээд баруун хацарт гараараа алгадсан, дараа нь газар хавирч унагасан. Би газраас боссон тэгтэл Г гэдэг залуу намайг миний баруун талын нүдэнд хөлөөрөө өшиглөсөн. Би газар унасан. Г намайг газраас босоод ир гэж хэлсэн. Би газраас босоход тэр миний гэдэс рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Миний гэдэс өвдөөд атираад доош тонгойход Г дахиад миний нүүр рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Дахин газар хавирч унагасан. Тэгээд намайг газар хэвтэж байхад хувцаснаас татаж босгоод амьд дээрээ эндээс зайл гэж хэлсэн. Би гар утсаа авъя гэж хэлэхэд намайг зүгээр зайл гэж хэлсэн. Хар өнгийн LG-Xpower нэртэй гар утас байсан” гэх мэдүүлэг, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаартай: Ц.Л-ын биед тархи доргилт, зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

        Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр би сааданд явж байгаад Л тай таарсан, өмнө нь жаахан асуудалтай байсан болохоор маргасан”, “хохирогчийн гар утсыг Л ах утсаар яриад надад өгсөн” гэж мэдүүлж байх боловч түүний энэ мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ын“Намайг зодсон Г гэгч нь сумын тамгын газрын баруун талд байхад очиж уулзаад би утсаа авъя гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу надад хандаж чи ер нь яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд намайг хувцаснаас бариад хойд зүг рүү дагуулаад явсан. Захиргааны хойд талын харанхуй хэсэгт дагуулж очоод эхлээд баруун хацарт гараараа алгадсан, дараа нь газар хавирч унагасан. Би газраас боссон тэгтэл Г гэдэг залуу намайг миний баруун талын нүдэнд хөлөөрөө өшиглөсөн. Би газар унасан. Г намайг газраас босоод ир гэж хэлсэн. Би газраас босоход тэр миний гэдэс рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Миний гэдэс өвдөөд атираад доош тонгойход Г дахиад миний нүүр рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Дахин газар хавирч унагасан. Тэгээд намайг газар хэвтэж байхад хувцаснаас татаж босгоод амьд дээрээ эндээс зайл гэж хэлсэн. Би гар утсаа авъя гэж хэлэхэд намайг зүгээр зайл гэж хэлсэн. Хар өнгийн LG-Xpower нэртэй гар утас байсан. Намайг урд өмнө сагсны шийд дээр муудалцсан гэж ярьсан байсан. Тийм асуудал байхгүй. Тэдний хэлээд байгаа цаг хугацаанд би хөдөө байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Лийн “Найданбаттай утсаар ярьчихаад гар утсыг нь өгөх гэтэл Г утсыг нь наашаа өгчих гээд аваад тэр хүүхдийг сумын тамгын газрын ар руу дагуулаад явсан. Цагдаад баригдаад би Г-ыг “Чи хамгийн сүүлд утсыг нь авсан биз дээ өг” гэсэн чинь тэр аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд хэд хоногийн дараа утсыг нь гаргаж өгсөн байсан” гэх мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгссөн тухай тэмдэглэлүүдээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Т.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Гд яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байна.

          3.Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй гэх зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох, хохирогч цаашид учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” саналыг,

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Г.Л: “...шүүгдэгч Т.Г нь Лувсандагвын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогчийн хар өнгийн гар утсыг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Т.Г-ынүйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэх саналуудыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Т.Г-ын 2020 оны 09 сарын 05-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх” нөхцөл, шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан байх тул шүүгдэгч Т.Г-д оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

           Насанд хүрээгүй хохирогч Ц.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол төлбөрт 400.000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй гэж үзэв. 

Харин хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

  5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

       Шүүгдэгч Т.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Шүүгдэгч Х овогт Т-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Х овогт Т-ийн Г-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

 

          3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Т.Гд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

         4. Шүүгдэгч Т.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  1.  

         5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР