Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 320

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8-р хороо, Эрдэнэ толгойн 41 дүгээр гудамжны 122-а тоотод оршин суух Боржигон овогт Жадамбын Хундагын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Хундага, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Хундага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оноос 1983 оны 08-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогтын САА-д уурын зуухны бохирын слесарь, 1983 оны 08-р сараас 1998 оны 05-р сарын 15-ыг хүртэл Түмэнцогтын САА-н тариа бригадад тракторчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Миний цалингийн лавлагаа нь Ш.Хундага нэртэй гарсан бөгөөд миний иргэний үнэмлэх Жадамба овогтой Хундага юм. Миний ээжийн ах Шагдар нь намайг бага байхад өргөж авсан. Тэгээд намайг өргөж авснаас хойш Шагдар нь удаагүй нас барсан учир би буцаад өөрийн төрсөн гэртээ очсон. Архиваас авсан цалингийн лавлагаанд миний овог өргөж авсан аав Шагдараар овогтой гарсан байсан. Иймд миний 1982 оноос 1983 оны 08-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогтын САА-д уурын зуухны бохирын слесарь, 1983 оны 08-р сараас 1994 онуудад Түмэнцогтын САА-н тариа бригадад тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Боржигон овогт Жадамбын Хундага нь 1982 оны 11-р сарын 25-аас 1983 оны 08-р сарын 06-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д галчаар, 1983 оны 08-р сарын 06-аас 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д тракторчноор, 1993 оны 01-р сарын 01-ээс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Түмэнцогт ХХК”-д тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1982 оны 12-р сарын 22-ны өдрийн 124 тоот тушаал /Ш.Хундагыг галчаар томилсон тухай/, 1983 оны  08-р сарын 20-ны өдрийн 83 тоот тушаал /Хундагыг 2-р бригадад тракторчноор томилсон тухай/, Түмэнцогт ХК-ны захирлын 1998 оны 05-р сарын 15-ны өдрийн 20 тоот тушаалын хуулбар /Ш.Хундагыг ажлаас чөлөөлсөн тухай/,

Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015 оны 09-р сарын 24-ний өдрийн 253/15 тоот цалингийн лавлагаа /Ш.Хундагын 1986-1989 онуудад Түмэнцогт сумын САА-д тракторчноор ажиллаж байсан бичилт бүхий/,

Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 23-ны өдрийн 197/15 тоот цалингийн лавлагаа /Ш.Хундагын 1991-1994 онуудад Түмэнцогт сумын САА-д тракторчноор ажиллаж байсан бичилт бүхий/,

Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015 оны 09-р сарын 24-ний өдрийн 253/15 тоот, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 23-ны өдрийн 197/15 тоот цалингийн лавлагаануудын зарим он сарынх нь овогтой, овоггүй, Ш.Хундага, Хундага нэртэй гарсан боловч тухайн онд Шагдар овогтой Хундагаас өөр Хундага нэртэй хүн ажиллаж байгаагүй гэх гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Ш.Хундага нэртэй цалингийн хүснэгтэд зурсан гарын үсэг миний гарын үсэгтэй  тохирч байгаа гэх мэдүүлэг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн 2015 оны 04-р сарын 14-ний өдрийн бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 357/006086 тоот төрсний бүртгэлийн лавлагаа /Хундагын ээж Намжил овогтой Цэрэннадмидын талаарх/, 1970 оны 08-р сард Намжил овогтой Шагдарт хөдөлмөрийн хөлс олгосон хүснэгтийн хуулбар /Хундагын өргөмөл аав Шагдар нь ээж Цэрэннадмидтай нь овог нэгтэй байсан тухай/  зэргийг үндэслэж  Ж.Хундагын цалингийн лавлагаа мөн гэж үнэлсэн болно.

 

 

Гэрч Д.Баярын шүүхэд өгсөн: “Хундага нь өвөг эцэг ажаа Шагдар гэдэг хүн дээр өссөн. Ажаа Шагдар гэдэг хүн бол ээжийнх нь ах юм. Хундага бол ажаа Шагдар гэдэг хүний өргөмөл хүү нь юм. Хундагыг бага байхад нь Шагдар өвгөн нь нас барсан. Хундага жаахан үлдсэн. Тэгээд ээж дээрээ буцаад очсон. Ажиллаж байсан байдлыг нь он сараар нь мэдэхгүй. Хундага бол САА-д тракторын жолоочоор ажиллаж байсныг нь бол мэднэ. Би 1972 оноос эхлэн Түмэнцогт сумын САА-д тракторчноор САА тартал ажиллаж байсан. Түмэнцогт сумын унаган хүн болохоор Хундагын аж амьдралын талаар мэднэ” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Идэрбаатарын шүүхэд өгсөн: “Ж.Хундага нь 1982 оны 08-р сард цэргээс халагдаж ирээд 1983-1994 онуудад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н Хөхүүртэйн бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан. 1994 оныг дуустал ажилласан. Түмэнцогт сумын САА-д болон Хөхүүртэйн бригадад энэ Хундагаас өөр Хундага нэртэй хүн ажиллаж  байгаагүй. Би 1979-1994 онуудад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н Хөхүүртэй бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан. Ж.Хундагатай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх  мэдүүлэг, 

 

Гэрч Д.Долгорын шүүхэд өгсөн: “Ж.Хундага нь 1982 онд цэргээс халагдаж ирээд 1983-1994 онуудад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н Хөхүүртэй бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан. 1994 оныг дуустал ажилласан. Би 1983 онд ээжийгээ дагаад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-н Хөхүүртэй бригадад туслах тогоочоор ажиллаж байсан. Би тэнд 1994 оныг дуустал ажилласан.

Хундагыг Жадамбын хүүхэд гэхээсээ илүү Шагдарын хүүхэд гэдгээр нь илүү мэднэ. Ажаа Шагдар гэдэг хүний эхнэр нь хүүхэд гардаггүй хүн байсан. Тэгээд дүүгээсээ нэг хүүхэд өргөж авсан гэж манай ээж ярьдаг юм. Ээж маань одоо 87 настай. Шагдар гэдэг хүн нь Хундагыг бага байхад нь өргөж аваад Шагдар болон түүний эхнэр нь нас барсан. Тэгээд Хундага нь төрсөн гэртээ очсон. Манай нутгийнхан бол Хундагыг Жадамбын хүүхэд гэдэг юм. Харин Түмэнцогт сумын САА-н Хөхүүртэйн бригадад энэ Хундагаас өөр Хундага нэртэй хүн ажиллаж  байгаагүй. Тухайн үед орон нутгийн сонгууль болоход би хэсгийн хороонд ажиллаж хүмүүсийн нэрийг жагсаалтаар гаргадаг байлаа. Тэгэхэд энэ Хундагаас өөр Хундага нэртэй хүн байгаагүй. Би Ж.Хундагатай нэг нэгдэл, нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Боржигон овогт Жадамбын Хундага нь 1982 оны 11-р сарын 25-аас 1983 оны 08-р сарын 06-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д галчаар, 1983 оны 08-р сарын 06-аас 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д тракторчноор, 1993 оны 01-р сарын 01-ээс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Түмэнцогт ХХК”-д тракторчноор тус тус ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч Ж.Хундагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Жадамбын Хундага нь 1982 оны 11-р сарын 25-аас 1983 оны 08-р сарын 06-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д галчаар, 1983 оны 08-р сарын 06-аас 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д тракторчноор, 1993 оны 01-р сарын 01-ээс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Түмэнцогт ХХК”-д тракторчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Хундагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.БОЛОРМАА