| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0307/и |
| Дугаар | 317 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 317
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4-р багт оршин суух Намжил овогт Доржийн Должингийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Должин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Должин шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983-1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Энэ бүгд бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн.Мминий бие багадаа уравгар, их өвддөг хүүхэд байснаас Пүрэвсүрэн гэдэг нэр өгч тэр нэр маань олны нэр болж Должин намайг Пүрэвсүрэн гэдэг нэрээр нутаг усныхан дууддаг байснаас бичиг баримт, цалингийн цэсэнд Пүрэвсүрэн нэрээр бичигдсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр Бөмбөө овогтой Пүрэвсүрэн нэртэй 1983 оны 09-р сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дорж овогтой Должин би мөн болохыг шүүхээр тогтоолгосон. Иймд 1983-1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Намжил овогт Доржийн Должин нь 1983 оны 09-р сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 03-ны өдрийн 163/15 тоот, 2017 оны 05-р сарын 10-ны өдрийн 172/15 тоот цалингийн лавлагаанууд /1983-1990 огуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан цалингийн бичилт бүхий/,
Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 05-р сарын 03-ны өдрийн 163/15 тоот, 2017 оны 05-р сарын 10-ны өдрийн 172/15 тоот цалингийн лавлагаанууд нь Б.Пүрэвсүрэн, Пүрвээ нэртэй гарсан боловч Д.Должин нь миний бие багадаа уравгар, их өвддөг хүүхэд байснаас Пүрэвсүрэн гэдэг нэр өгч тэр нэр маань олны нэр болж Должин намайг Пүрэвсүрэн гэдэг нэрээр нутаг усныхан дууддаг байснаас бичиг баримт, цалингийн цэсэнд Пүрэвсүрэн нэрээр бичигдсэн гэх тайлбар, мөн Д.Должин нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 19-ний өдрийн 283 тоот шийдвэрээр 1983 оны 09-р сарын 25-ны өдөр нээсэн Бөмбөө овогтой Пүрэвсүрэн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дорж овогтой Должин мөн болохыг тогтоолгосон шийдвэр зэргийг үндэслэж Д.Должингийн цалингийн цэс мөн гэж үнэлсэн болно.
Гэрч П.Чулуунбаатарын шүүхэд өгсөн: “Д.Должин нь 1983 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Дэлгэр” бригадад нэгдэл тартал 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Нөхөр Эрдэнэсүхийн хамт адуу, үхэр хариулж байсан. Би 1973 оноос Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан. 1985 оноос тасгийн эрхлэгч, бригалын агент, тоо бүртгэгч, хэсгийн аж ахуй зэрэг ажлуудыг хийж байсан. Нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. 1990 оны жилийн эцэст нэгдэл тарж, малаа хувьчилж байсан юм. Би Д.Должинтой нэг нэгдэл, нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
Гэрч С.Цэгмэдийн шүүхэд өгсөн: “Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1983 оноос эхлээд нэгдэл тартал 1990 он хүртэл ажилласан. Нөхөр Эрдэнэсүхийн хамт үхэр, адуу голлон маллаж байсан. Би 1967-1990 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Должинтой нэгдэл, нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Намжил овогт Доржийн Должин нь 1983 оны 09-р сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Должингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Намжил овогт Доржийн Должин нь 1983 оны 09-р сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Должингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА