| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0303/и |
| Дугаар | 319 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 319
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Сүхбаатар аймгийн Асгат сумын 1-р баг, Өлзийтийн 1-1 тоотод оршин суух Зээрднүүд овогт Лхамсүрэнгийн Саруулын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Саруул шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983-1989 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд мал маллаж байсан. Энэ бүгд бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1983-1989 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зээрднүүд овогт Лхамсүрэнгийн Саруул нь 1983 оны 06-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 03-р сарын 22-ны өдрийн 99/15 тоот цалингийн лавлагаа /Л.Саруулын 1983-1989 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/,
Гэрч М.Нансалмаагийн шүүхэд өгсөн: “Л.Саруул нь 1983-1990 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн “Үржил” бригадад хонь, адуу малладаг байсан. Нэгдэл тартал ажилласан. Нэгдэл 1990 онд тарсан. Би 1983 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан, нэгдэл тартал 1990 он хүртэл ажилласан. Манайх адуу малладаг байсан. Л.Саруултай нэг нэгдэл, нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Мөнгөөгийн шүүхэд өгсөн: “Л.Саруул нь 8-р анги төгсөөд 1983 онд эвлэлийн илгээлтээр гарч Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд 1990 он хүртэл нэгдэл тартал ажилласан. Нэгдэл 1990 онд тарсан. Би 1974-1975 онуудад Сүхбаатар аймгийн “Асгат” суманд худалдагч хийдэг байсан. 1975-1993 онуудад аймагт ирээд дэлгүүрүүдэд худалдагчаар ажиллаж байсан. Худалдагчаар ажиллах хугацаандаа сумдаар их явдаг байсан. Би Саруулын аав, ээжийг нь сайн танина, байнга очдог, ээлжийн амралтаараа очдог байсан. Тийм болохоор Л.Саруулын ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Зээрднүүд овогт Лхамсүрэнгийн Саруул нь 1983 оны 06-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Л.Саруулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зээрднүүд овогт Лхамсүрэнгийн Саруул нь 1983 оны 06-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Саруулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА