Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
Хэргийн индекс | 169/2021/0122/Э |
Дугаар | 2021/ШЦТ/126 |
Огноо | 2021-12-12 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.О |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.У-д холбогдох эрүүгийн 2122000000180 дугаартай хэргийг 2021 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар баг “Х” гэх газар иргэн Д.Ш-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар зодож түүний эрүүл мэндэд “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний уналт, тархи доргилт хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, хацар, шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт: “ Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч Д.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр найз М.Гантогтохыг гэрт нь хүргэж өгөхөөр Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Хар худаг гэх газраас 15 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг “Хамар ус” гэх газар руу мотоциклоор гарсан. Замдаа Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газарт байх О.А гэдэг айлд буусан. Тэнд А, Ш хоёр “Нийслэл” нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво уугаад сууж байсан. А, Шаравдорж нар бага зэргийн согтолттой байсан ба М.Гбид хоёр эрүүл байсан. Гантогтох бид 2 мотциклын ганзганд байсан “Нийслэл” нэртэй 2.5 литрийн савлагаатай 4 ширхэг пивийг Аынд оруулж хамт уусан. Бид 4 пивоо ууж дуусгаад байж байтал А дахин нэг ширхэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво гаргаж өгсөн. А пиво гаргаж өгчихөөд унтаад өгсөн. Би гар нүүрээ угаах гээд Аын гэрийн баруун урд хавтсанд байх угаалтуурын хажууд зогсож байтал Шаравдорж галын хутгуураар миний баруун мөр, цээж орчимд цохисон. Би биеэ хамгаалан баруун гараа атгаж байгаад 2 удаа Ш-ийн нүүр хэсэгт цохисон. Тухайн үед Ш-ийн уруулаас цус гарч нэг шүд нь унасан байсан. Ш надад 2 шүд янзлуулж өг гэсэн. Ш-ийн хамт Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлж, уян шүдний хэв захиалаад ирсэн. Хэвний мөнгө 110.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 /
Хохирогч Д.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2021 оны 11 сарын 01-ний өдөр манай Саахалт айл болох О.Атой уулзахаар очиход гэртээ ганцаараа байсан. Би авч очсон “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пивоо А-той уугаад сууж байтал М.Г, Д.У нар ирсэн. Бид нар хамт нөгөө пивоо уугаад дуустал М.Г, Д.У нар гарч мотоциклийн ганзганаасаа 4 ширхэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво оруулж ирсэн. Бид 4 нөгөө пивоо ууж байгаад бүгдээрээ гэрээс гараад тамхи татаад орж ирээд үлдсэн 1 пивоо ууж дуусгаад сууж байтал, гэрийн эзэн А найзууддаа гээд 1 ширхэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво гаргаж өгөөд удалгүй унтаад өгсөн. Д.Угалын дөрвөлжинд байсан халзыг авч ирээд чи энүүгээр намайг цохиж чадах уу гээд миний мөр рүү хатгаад байхаар нь би булааж аваад Д.У-ийн мөр рүү нь нэг удаа цохисон. Гэтэл У намайг заамдаж аваад баруун гараараа 2 удаа миний нүүрэн хэсэгт цохисон. Гантогтох биднийг салгасан. Миний уруул хамраас их хэмжээний цус гарч М.Гцэвэрлэж өгсөн. Миний үүдэн 2 шүд ойчсон байсан. А наад нүд ам, шүдээ яасан юм гээд асуугаад байхаар нь би Д.Утэй гар зөрүүлээд гэж хэлсэн. Эхнэртээ болсон үйлд явдлыг хэлтэл эхнэр сумын цагдаад мэдэгдсэн. Миний зүүн хөмсөг хөхөрч, хамрын гол яс хугарч их өвдөж хавдсан. Одоогоор толгой их өвдөж байна. Үүдэн шүд унаж ойчсоноос болж буйл руу өвдөж байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч О.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Ш гэр барьж найр хийхэд нь гэрийг нь мялааж хонь бэлэглэж байсан юм. Шаравдорж бэлгийн хонио авахаар 2021 оны 11 сарын 01-ний өдөр манайд ирсэн. Шаравдорж надад “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво авч ирж өгсөн. Шаравдоржтой пивоо уугаад сууж байтал Гантогтох, У нар ирсэн. Хамт нөгөө пивоо уугаад дуустал М.Г, Д.У нар гэрээс гарч мотоциклийн ганзганаасаа 4 ширхэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво оруулаад ирсэн. Тэгээд бид 4 нөгөө пивоноос 3-ыг нь уусаны дараа бүгдээрээ гарч тамхи татаж байгаад гэр рүү орж үлдсэн 1 пивоо ууж дуусгаад, би найзууддаа 1 ширхэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво өгчихөөд согтох гээд байхаар нь унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод хартал Д.У, М.Г, Д.Ш нар унтаж байсан. Бүгд босоод ирэхээр нь У-д нэгийгээ яаж байгаа юм бэ? гэж хэлсэн. Унтаж байсан учраас юу болсныг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь гэрийн зуухны хажууд 1 ширхэг хүний шүд байсан. Ш-ийн зүүн нүд нь хөхөрч хавдсан, уруулаас нь цус гарч хатсан байсан. Үүдэн 2 шүд нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Гэрч М.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 сарын 01-ний өдөр Д.У-тэй хамт мотциклтой Аынд очсон. Шаравдорж, А хоёр пиво уугаад сууж байсан. Тэгээд бид хоёрт байсан “Нийслэл” нэртэй 2.5 литрийн 4 ширхэг пивийг ганзганаасаа оруулж О.А-од өгсөн. У, Ш 2 маргалдаад байсан, би гал түлж байсан. Ш У-гийн зүүн гар мөрөн дундуур нь аргалын хутгуураар нэг удаа цохисон чинь Д.У, Ш-ийг заамдаж аваад баруун гараараа нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохихоор нь би салгасан. Ш-ийн хамраас нь цус их гараад үүдэн хоёр шүд нь байхгүй байсан. Тухайн үед Ш-ийн зүүн нүд нь хөхөрч хавдсан, уруулаас нь цус гарсан, үүдэн 2 шүд нь байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 263 дугаартай:
1. Д.Ш-ийн биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний уналт, тархи доргилт, хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, хацар, шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь хягаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэн байна.
2. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-т зааснаар 10% бууруулна.
4. Тухайн гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/
Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/
Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Д.Ш-ийн11, 21 дүгээр шүдийг уян шүдээр сэргээхэд 110.000 төлсөн тухай баримтууд зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар баг “ ” гэх газарт иргэн Д.Ш-той галын хутгуураар баруун мөр, цээж орчимд цохисноос үүдэн маргалдан зодож түүний эрүүл мэндэд “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний уналт, тархи доргилт хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, хацар, шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Д.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар баг “Х” гэх газарт иргэн Д.Ш-той галын хутгуураар баруун мөр, цээж орчимд цохисноос үүдэн маргалдан зодож түүний эрүүл мэндэд “баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний уналт, тархи доргилт хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, хацар, шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх, хохирогч Д.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.У галын дөрвөлжинд байсан халзыг авч ирээд чи энүүгээр намайг цохиж чадах уу гээд миний мөр рүү хатгаад байхаар нь би булааж аваад Д.У-ийн мөр рүү нь нэг удаа цохисон. Гэтэл У намайг заамдаж аваад баруун гараараа 2 удаа миний нүүрэн хэсэгт цохисон. Гантогтох биднийг салгасан. Миний уруул хамраас их хэмжээний цус гарч М.Г цэвэрлэж өгсөн. Миний үүдэн 2 шүд ойчсон байсан. А наад нүд ам, шүдээ яасан юм гээд асуугаад байхаар нь Д.У-тэй гар зөрүүлээд гэж хэлсэн. Эхнэртээ болсон үйлд явдлыг хэлтэл эхнэр сумын цагдаад мэдэгдсэн. Миний зүүн хөмсөг хөхөрч, хамрын гол яс хугарч их өвдөж хавдсан. Одоогоор толгой их өвдөж байна. Үүдэн шүд унаж ойчсоноос болж буйл руу өвдөж байна” гэх, гэрч О.А-ын “...Маргааш өглөө нь гэрийн зуухны хажууд 1 ширхэг хүний шүд байсан. Ш-ийн зүүн нүд нь хөхөрч хавдсан, уруулаас нь цус гарч хатсан байсан. Үүдэн 2 шүд нь байхгүй байсан” гэх, гэрч М.Г-ын“...Шаравдорж, Угийн зүүн гар мөрөн дундуур нь аргалын хутгуураар нэг удаа цохисон чинь Д.У, Ш-ийг заамдаж аваад баруун гараараа нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохихоор нь би салгасан. Тухайн үед Ш-ийн зүүн нүд нь хөхөрч хавдсан, уруулаас нь цус гарсан, үүдэн 2 шүд нь байхгүй байсан” гэх мэдүүлгүүд болон хохирогч Д.Ш-ийн биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний уналт, тархи доргилт, хамар ясны хугарал, зовхинд цус хуралт, хацар, шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Б-ийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 263 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.У-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Уг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байна гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.У нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Д.У-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Ш-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн 11, 21 дүгээр шүдийг уян шүдээр сэргээхэд гарсан зардал 110.000 төгрөгийг төлсөн тухай баримтыг шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, хохирогч Д.Ш нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасан боловч хохирогч Д.Ш нь шүүхэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдэгдсэн байх тул дээрх саналыг шүүх хүлээн аваагүй болно.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Д.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Д-ийн У-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР