Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжавын Туул |
Хэргийн индекс | 171/2016/0146/Э/ |
Дугаар | 2016/ШЦТ/132 |
Огноо | 2016-06-30 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2016/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0146/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Хохирогч ***,
Хохирогчийн өмгөөлөгч ***/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***/,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
-Монгол Улсын иргэн, ***/, 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дархан дулааны цахилгаан станцын зуухан цехэд гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.
Шүүгдэгч *** нь:
-2016 оны 02 дугаар сарын 20-ны орой Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг Зурагтын гудамжны 9 дүгээр худгийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *** маргалдаж, түүний эрүүн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,
-Мөн *** эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Спасио” маркийн автомашины жолооч талын хаалганы шилийг санаатай хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж 180,000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид хоёр нэг ангид сурдаг байсан юм. 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр манай ангийн хүүхдүүд уулзаж архи, пиво уусан. Тэгээд *** намайг гэрт хүргэж өгч байсан юм байна лээ. Би архи их уусан байсан болохоор яг ямар үйл явдал болсон талаар сайн мэдэхгүй байна. Би найзынхаа эрүүнд цохиж хугалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2200000 төгрөг төлсөн, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр бид нар ангиараа уулзсан. ***, ***, *** нартай хамт ангийнхаа охины гэрт очиж нэг шил архи, 2 литртэй 1 сав пиво уугаад тэдний гэрээс гарсан. Бид нар үргэлжлүүлээд бааранд орж 0.75-тай архи 2 шилийг уугаад би тасарсан байсан. Тэгээд би *** гадаа ухаан орж гараад сууж байснаа санаж байна. *** гэртээ орохгүй гээд машины шил хагалсан, *** газар дараад хэвтэж байснаа санаж байгаа. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. Цагдаа ирээд *** аваад явсан, намайг эмчид үзүүл гээд эмнэлэг уруу явуулсан.
...архи их уусан байсан болохоор миний эрүүг хэн цохиж хугалсныг би санахгүй байна. Би өөрөө *** газар дараад хэвтэж байсан болохоор *** намайг цохиогүй, Алдар цохисон байх гэж гэж бодож байсан. Хохиролд 2200000 төгрөг авсан учир гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 9 дэх тал/,
-Илтгэх хуудас /хэргийн 11 дэх тал/,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 2 дугаар сарын 20-ны орой харанхуй болж байхад манай хашааны гадаа цагаан өнгийн суудлын машин ирээд зогссон юм.
...би нөхрийгөө оруулах гээд машиных нь хаалгыг татахад онгойлгохгүй байсан юм. Тэгэхээр нь би “тэгвэл цагдаа дуудна шүү” гээд буцаад хашаа руугаа ороход араас Отгонсүрэн “энэ пизда чинь цагдаа дуудна гэж байна шүү дээ. Энэ янхандаа хэл л дээ, би согтуу машин жолоодож ирсэн шүү дээ, болиулаач” гээд чанга дуугаар хэлж байсан. Ингээд гэртээ ороод гар утас хайж байгаад 3-4 минутын дараа гараад ирэхэд Отгонсүрэнгийн машины цонх хагарсан, манай нөхөр *** гар цус болсон байсан.
...Отгонсүрэнгийн биед эрүү ясны хугарал гэмтлийг хэн учруулсаныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 20-ны орой 19 цаг 30 минутын орчим манай бэр эгч *** миний гар утас уруу залгаад “ах чинь зодуулж байна, хүрээд ир” гэж надад хэлсэн юм. Тухайн үед би найз *** хамт Нарантолгойд явж байсан болохоор шууд л яваад очсон юм. Намайг яваад очиход ***, *** ахтай газар унасан байдалтай, хоорондоо зодолдоод нэгнийгээ цохиж байсан. *** салгах гээд дээр нь зогсож байхад манай найз ***, *** нь хойш нь татаад салгасан бөгөөд би *** ах 2-ыг салгасан юм.
...тэгсэн чинь *** шанаа уруу нь баруун гараараа нэг удаа цохиод авсан чинь *** газар унаад өгсөн. *** унаж босч ирээд машинаа тойрч яваад газар нэг унаад буцаж босч ирээд машиныхаа урд эргэж ирээд миний эрүү хугарсан юм шиг байна сонин болчихлоо гэж хэлсэн юм.
... *** ах машинтай хүрч ирээд *** газар байхад нь татаж босгож ирээд бөгс рүү нь нэг удаа өшиглөөд “зайл, муу пизда минь” гэж хэлсэн. Өөр ямар ч үйлдэл хийгээгүй.
... ***, ***, *** нар ухаангүй согтуу байсан *** бол хөл дээрээ ч тогтохгүй шах уу согтуу байсан. *** ах *** шанаа уруу нэг удаа цохиод унагаасан тэгэхэд л хугарсан. *** дараа миний эрүү хугарчх шиг боллоо гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** шанаа уруу нь баруун гараараа нэг удаа цохиод авсан чинь *** газар унаж босч ирээд машинаа тойрч яваад машиныхаа урд ирж зогсоод “миний эрүү хугарчихлаа” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/,
“-*** биед эрүү хугарсан, зовхинд цус хурсан, дух зулгарсан зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29 дэх тал/
-...тоёота спасио маркийн *** улсын дугаартай автомашины баруун урд хаалганы шил хагарсан 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны байдлаар 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөг байна” гэх “Капитал зууч” ХХК-ны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 33-34 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 дахь тал/,
-Шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 60-1 дэх тал/,
-Хохирол төлбөрийн баримтууд /хэргийн 67-73 дахь тал/,
-Хохирогч *** өвчний түүхийн хуулбар /хэргийн 78-92 дахь тал/,
-Эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 70-73 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч b нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зурагтын гудамжны 9 дүгээр худгийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *** маргалдаж, улмаар түүний эрүүн тус газарт цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн *** эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Спасио” маркийн автомашины жолооч талын хаалганы шилийг санаатай хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж 180000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...3-4 минутын дараа гараад ирэхэд *** машины цонх хагарсан, манай нөхөр Хүрэл-Эрдэнийн гар цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/, гэрч Х.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** ах *** шанаа уруу нь баруун гараараа нэг удаа цохиод авсан чинь яваад газар нэг унаад буцаж босч ирээд машиныхаа урд эргэж ирээд “миний эрүү хугарсан юм шиг байна сонин болчихлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** шанаа уруу нь баруун гараараа нэг удаа цохиод авсан чинь *** газар унаж босч ирээд машинаа тойрч яваад машиныхаа урд ирж зогсоод “миний эрүү хугарчихлаа” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/, “*** биед эрүү хугарсан, зовхинд цус хурсан, дух зулгарсан зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29 дэх тал/, -...үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны байдлаар 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөг байна” гэх “Капитал зууч” ХХК-ны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 33-34 дэх тал/, хохирол төлбөрийн баримтууд /хэргийн 67-73 дахь тал/, хохирогч *** өвчний түүхийн хуулбар /хэргийн 78-92 дахь тал/, эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 70-73 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *** бие махбодид хүндэвтэр гэмтэл, автомашинд 180000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр “хохиролд 2200000 төгрөг авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар өршөөлд хамрагдаж байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч *** 1 /нэг/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийх хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хорих ял тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор *** оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ