Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   “Интерном” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2017/00720 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Интерном” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Цолмонд холбогдох,

“3.511.890 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Цолмонгийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Цолмон, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Интерном ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Интер ном ХХК нь номын худалдаа эрхэлдэг Ц.Цолмонтой 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ц.Цолмон нь төлбөрөө цувруулан барагдуулж байсан боловч 2015 оны 01 дүгээр сараас эхлэн ямар ч төлбөр барагдуулаагүй. Утсаар залгаж төлбөрөө барагдуулахыг шаарддаг ч төлнө гэдэг. Одоохондоо боломжгүй байна. Түр хүлээгээч гэсэн хариуг өгдөг байсан. Бид түүний байдлыг харгалзан үзэж хуулийн байгууллагад хандалгүй сайн дураараа өгөхийг хүлээдэг байсан боловч 2016 оны 04 дүгээр сараас хойш утсаа авахаа байж, сүүлдээ утаснууд нь холбогдохоо байсан. Манай байгууллагын зүгээс түүнтэй холбоо барих ямар ч аргагүй болж, төлбөрөө барагдуулж чадахгүйд хүрээд байна. Ц.Цолмонгийн төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 2 341 260 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 1 170 630 төгрөг, нийт 3 511 890 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ц.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Интерном ХХК-ний нэхэмжилсэн 2 341 260 төгрөг болон алданги 1 170 630 төгрөг, нийт 3 511 890 төгрөгний талаар дараах тайлбар гаргаж байна. Нийт зээлээр авсан барааны 2 341 260 төгрөгнөөс 1 611 040 төгрөгийг сайн мэдэж байна. Үүнээс хойших 730 220 төгрөгний зээл авсан бараа материалын дэлгэрэнгүй баримт, жагсаалтыг үндэслэн зээлийг барагдуулах хүсэлтэй байна. Мөн гэрээнд алданги тооцох заалт байхгүй тул алданги болох 1 170 630 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2017/00720 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264-р зүйлийн 264.2, 232 дугаар зүйлийн 262.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Цолмонгоос гэрээний дагуу ном, сд, бусад хэвлэмэл бүтээгдэхүүн худалдан борлуулсны үнэ 2341260 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун жар/ төгрөг, алданги 1170630 /нэг сая нэг зуун далан мянга зургаан зуун гуч/ төгрөг, нийт 3511890 /гурван сая таван зуун арван нэгэн мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Интерном ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 650 /далан нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цолмонгоос 71 650 /далан нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Интер ном ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Цолмон давж заалдсан гомдолдоо: Ц.Цолмон миний бие “Интерном” ХХК-д барааны үлдэгдэл болох 2.341.260 төгрөгийн өглөгтэй бөгөөд 2017.06.23-ны өдрийн нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон. Уг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээгээр алданги тооцох тухай үндэслэлээ нтолох гэсэн боловч тус компанийн надтай хийсэн гэрээний 2 дугаар хуудсанд алданги тооцох заалтыг хуурамчаар нэмэлтээр оруулан үйлдэж гэрээнд хавсарган алданги нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь надад байгаа гэрээний эх хувийн 2 дугаар хуудсанд алданги тооцох тухай нэг ч үг өгүүлбэр заалт байхгүй байгаа учраас өөрийн биед хадгалж буй гэрээг үндэслэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Тус гэрээний 1, 3 дугаар хуудасны үсгийн фонд нь 2 дугаар хуудасны үсгийн фондоос өөр зөрүүтэй, үндсэн гэрээнд миний бие гарын үсгээ зурсан, нэхэмжлэгч талын гарын үсэг байхгүй, харин нэхэмжлэгч талын хуурамчаар засаж ирсэн гэрээнд нэхэмжлэгч тал гарын үсгээ зурсан зэрэг зөрүүтэй зүйлүүд байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй ч хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтуудад хуульд заасан шаардлагын дагуу үнэлэлт дүгнэлт хийгээгүйгээс маргааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Интерном ХХК нь хариуцагч Ц.Цолмонгоос ном худалдан борлуулсны үнэ 2.341.260 төгрөг алданги 1.170.630 төгрөг нийт 3.511.890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Цолмон нэхэмжлэлийн шаардлагын алданги төлүүлэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Интерном ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэгт үндэслэн тодорхойлжээ.

Шүүх Интерном ХХК нь ном CD бусад хэвлэмэл бүтээгдэхүүнийг гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулах, хариуцагч Ц.Цолмон нь нэхэмжлэгч Интерном ХХК-иас ном, CD, хэвлэмэл бүтээгдэхүүн зэргийг хүлээн авч зарж борлуулах түүний үнээс 20 хувь ашиг авах зорилготой хамтран ажиллах гэрээ байгуулсан байх ба гэрээний 5.4-т борлуулагч тал борлогдсон барааны төлбөрийг сар бүр тогтмол хийж гүйцэтгэх бараа хүлээн авсан падааны нийт үнийн дүнг падаан бичигдсэнээс хойш 90 хоногийн дотор нийлүүлэгч талд бүрэн төлж барагдуулна. Энэ хугацааны дотор төлбөр тооцоог барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутамд нийлүүлэгч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцно гэсэн заалтуудыг үндэслэн хариуцагч Ц.Цолмонгоос 2.341.260 төгрөг, алданги 1.170.630 төгрөг нийт 3.511.890 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байхад зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ц.Цолмон нь гэрээнд алданги төлөх заалт байгаагүй нөхөн хийсэн гэрээ гэж алдангийг зөвшөөрөхгүй маргаж буй боловч энэ татгалзалаа нотлох баримтаар нотолж чадаагүй хуулинд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2017/00720 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Цолмонгоос гэрээний дагуу ном, сд, бусад хэвлэмэл бүтээгдэхүүн худалдан борлуулсны үнэ 2341260 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун жар/ төгрөг, алданги 1170630 /нэг сая нэг зуун далан мянга зургаан зуун гуч/ төгрөг, нийт 3511890 /гурван сая таван зуун арван нэгэн мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Интерном ХХК-нд олгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Цолмонгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ