Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00212

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01528 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1971 дүгээр магадлалтай

Б.Дын нэхэмжлэлтэй,

Б.Пд холбогдох

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжимын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7 дугаар хороолол Цагдаагийн гудамжны 12 дугаар байрны 06 тоот хаягт байрлах 80 м.кв, 2 өрөө байрыг Б.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ихбаяраас худалдан авч, өмчлөлдөө шилжүүлсэн. Сууцыг Хас банкны ипотекийн зээлийн нөхцөлөөр худалдан авсан ба байрандаа орохоор очтол Б.П нь итгэмжлэл хуурамчаар хийж, залилан мэхлэх аргаар бусдад худалдсан гэж маргаад шүүхэд 2016 онд хандсан. Шүүх гомдлыг нь хүлээн аваагүй. Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөлийнхөө сууцанд орж чадахгүй, амьдран суух боломжгүй байна. Б.Пгийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан. Б.П нь одоо хүртэл байрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс 06 тоот орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны ажилтан Б.Ихбаяр нь Б.Пгийн байрыг бусдад ашигтайгаар худалдан борлуулах тухай санал тавьсны дагуу түүнд итгэж өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-аас лавлагаа авах эрхийг олгосон итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн нотариатч П.Гэрэлмаагаар гэрчлүүлэн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3 сарын хугацаатай олгосон. Уг итгэмжлэлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон байдаг. Гэтэл Б.Д нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Б.Ихбаяртай байгуулж, орон сууцыг худалдаж авсан байна. Шүүхэд нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг байранд амьдардаггүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01528 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Дын Б.Пд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг 10-р хороо 7 дугаар хороолол Цагдаагийн гудамж 12 дугаар байрны 06 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1971 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01528 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Дын нэхэмжлэлтэй, П.Пүрэврагчаад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1971 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Б.Д нь Б.Пд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 12 дугаар байрны 6 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ миний өмчлөх эрх зөрчигдсөн, Б.Пгийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхийг хүссэн гэж тайлбарладаг.

Анхан шатны шүүх Б.Дын Б.Пд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбарын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Д уг орон сууцыг хэзээ ч эзэмшилдээ авч байгаагүй, Б.П хууль бусаар эзэмшилдээ авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үнэхээр ч Б.П нь 2013 онд дээрх орон сууцыг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон боловч уг байрандаа амьдарч байгаагүй, одоо ч амьдардаггүй, Б.Д ч бодитоор уг байрыг эзэмшиж байсан тохиолдол байхгүй. Б.П нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дээрх орон сууцыг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-аас лавлагаа авах эрхийг олгосон итгэмжлэлийг 3 сарын хугацаатай олгож байсан байдаг ба уг итгэмжлэлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон байдаг.

Гэтэл Б.Дын Б.Пгийн өмчлөлийн орон сууцыг худалдан авсан гэж тайлбарлаж буй орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу Б.Пгийн олгосон итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа хийгдсэн байгаа, мөн Б.Д нь худалдаж авах гэж байгаа орон сууцаа огт үзэж харахгүйгээр худалдан авах гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байгааг гайхаж байна. Тиймээс анхан шатны шүүх Иргэний тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүх “Маргаан бүхий орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжихээс өмнө хариуцагчийн зөвшөөрлөөр иргэн н.Уянга амьдрах болсон талаар талууд тайлбарлаж байна. Зүй нь н.Уянга гэх иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулснаар тус орон сууцыг гэрээний үндсэн дээр, эсхүл хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж байгаагийн аль нь болохыг тодруулах, хариуцагчийн зүгээс өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжихээс өмнө н.Уянгатай байгуулсан гэрээ байгаа эсэхийг магадалж байж Б.П нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх нь тодорхой болно. Энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шүүх дээр маргаагүй, хүсэлт санал гаргаагүй асуудлаар анхан шатны шүүхийг буруутгасан байхаас гадна магадлалд анхан шатны шүүх чухам ямар хуулийн ямар заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар, мөн хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн хэнийх нь хуулиар олгогдсон ямар эрх хэрхэн зөрчигдсөн талаар огт тайлбарлаагүй, угаасаа дурдсан асуудлаар хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал байхгүй.

Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нь Б.Пгаас гадна өөр хэн нэгнийг хариуцагчаар тодорхойлоогүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санал хүсэлт гаргаагүй байхад шүүхээс нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон шийдвэрийг гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамтай нийцэхгүй, харин ч хариуцагчийн эрхийг зөрчиж байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1971 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Д нь Б.Пд холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Б.Д нь шаардлагын үндэслэлээ “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамжны 12 дугаар байрны 06 тоот 80 м.кв, хоёр өрөө орон сууцыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн, гэтэл өмнөх өмчлөгч худалдах-худалдан авах хэлцлийн талаар маргаж, орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө Хас банкны ажилтан Б.Ихбаярт олгосон итгэмжлэлийн хугацаа дууссаны дараа орон сууцыг бусдад худалдсан тул худалдах-худалдан авах хэлцэл хууль бус гэж маргасан байна.

“Б.П бүрэн эрх олгосон учир Уянга орон сууцыг ашиглаж байгаа” гэсэн агуулгаар Б.Д хариуцагчаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх “Б.П тухайн орон сууцанд амьдардаггүй” гэх нөхцөл байдлыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2. дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.

Түүнчлэн, сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг зөрчжээ. Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагч нь маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид олгосон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдохгүй гэж үзэж хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүхийн дээрх зөрчил шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168 1.1. дэх заалтад хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1971 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжимын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.УНДРАХ

                          ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД