| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/855 |
| Огноо | 2021-12-09 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/855
2021 12 09 2021/ШЦТ/855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
иргэдийн төлөөлөгч А.Н,
улсын яллагч Д.Даваадорж,
шинжээч Ө.Сарангэрэл,
гэрч Я.Х, Б.Э, П.М,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,
шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, С.Оюунцэцэг нарыг оролцуулан, Нийслэлийн ... дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цхолбогдох эрүүгийн 2009000001061 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух,
2014 оны 05 дугаар сарын 15-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэрэгт гэмт буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
2017 оны 5 дугаар сарын 30-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдсан,
2018 оны 12 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.Ц /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Ц нь ... дүүргийн 1 дүгээр хороо, “...”-ын баруун талд байрлах “...” гэх нэртэй газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө иргэн Г.Нг үз ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас хохирогч нь “...тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, барга тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдлын цус харвалт...” бүхий тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд тэрээр “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд “...Тухайн өдөр бид нарыг тайзан дээр бүжиглэж байх үед нимгэн хар цамцтай залуу Этэй маргалдаж байснаа гэнэт пизданууд минь гэж чангаар хараагаад, хараад зогсож байсан над руу чиглээд намайг цохих гэж байгаа юм шиг шууд л дайраад хүрээд ирэхээр нь намайг цохих нь гэж ойлгоод баруун гараараа зүүн хацарт нь, зүүн гараараа уруул хэсэгт нь тус тус 1 удаа цохисон. Гэхдээ сандал, ширээ мөргөөгүй. Миний хувьд хохирогчийг танихгүй, бид хоорондоо маргалдаж муудалцаагүй. Надад хохирогчийн амь насыг хохироох ямар ч санаа зорилго байгаагүй. Тэрхэн мөчид би өөрийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирох аюултайг ухамсарлаж, түүнийг хүсэж зориуд энэ үр дагаварт хүргээгүй. 2020 оны 8 дугаар сарын 05-ны шөнө энэ үйл явдал болсон. Тэр үед юу ч бодож тооцоогүй. Туйлын харамс... зүйл болсон. Эийг цохиход талийгаач ширээ мөргөөд унасан. Миний хоёр цохилтоос болж тархинд нь гэмтэл үүссэн үү эсвэл Эий цохилтоос болж гэмтэл үүссэн үү юу гэдгийг шалгуулах хүсэлтэй байна...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад найз ....ийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найман шарга” гэх нэртэй валют арилжааны захын орчимд байна гэхээр нь очиж уулзахад тэрээр Өлзий, Ч гэх хоёр хүний хамтаар хоол идээд гарч ирсэн. Энэ үед манай найз Х өөрийн “Тоёота приус-20” маркийн авто машинтайгаа ирж бидэнтэй нийлээд Өлзийгийн “Соната-6” маркийн авто машинд Өлзий, ...., Ч гурав суугаад, би Хгийн “Тоёота приус-20” маркийн авто машинд Хгийн хамтаар суугаад ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн парк орсон. Тэнд ойролцоогоор 30 орчим минут хэсүүчлэн явж байгаад Баян бүрдийн тойргийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Тэц-15” гэх нэртэй авто машин саатуулах байранд очиход миний танил ах нар болох З, Гаа нар байж таарсан. Гаа ах 1 литрийн “Эден” нэртэй архи ойролцоох хүнсний дэлгүүрээс явж авчраад задлахад нь ...., Ч, Гаа нар хувааж уусан. Мөн З ах дахин 0,75 литрийн хэмжээтэй “Эден” гэх нэртэй архийг хүнсний дэлгүүр явж авчирсныг бид нар хувааж ууцгаасан. Энэ архинаас Өлзий, Х нар нь авто машин жолоодож байгаа гээд огт уугаагүй. Ингээд бид нар ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрл... “...”-ын ертөнцийн зүгээр баруун талд байх “...” гэх нэртэй задгай бааранд шоу цэнгээний арга хэмжээтэй гэж өмнө нь сонссон байсан тул Гаа, З нараас бусад нь уг шоу арга хэмжээг үзэхээр 23 цагийн орчимд ирцгээсэн. Тухайн үед шоу арга хэмжээ явагдаж байсан задгай талбайд ороход ойролцоогоор 70-80 хүн бүжиглэж талбайд зассан ширээ сандлын хэсэгт сууж үйлчлүүлж байсан бөгөөд энэ үед урьд өмнө нь зүс таних Этэй таарахад Э “Тайгер” нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 1 шилтэй пиво авчирч надад өгөөд өөрөө нэгийг уугаад бид хоёр цугтаа тайз зассан хэсэгт гарсан. Тайзан дээр нэлээд олон хүмүүс хөгжмийн аянд бүжиглэж байсан. Ингээд хүмүүс тойрог болоод бүжиглэж байх үед биеийн дээд хэсгээрээ хар өнгийн нимгэн цамц өмссөн залуу ирээд Этэй хэл амаараа маргалдаад байх шиг харагдсанаа, пиздаанууд минь гэж хэлээд намайг цохих гэж байгаа юм шиг миний өөдөөс чиглээд ирэхээр нь би тухайн цаг хугацаанд түүний намайг цохих гэж байна гэж бодоод өөрөөсөө холдуулах зорилгоор түүний уруулын дээд хэсэгт зүүн гараараа нэг удаа шулуун цохисон, мөн дараа баруун гараараа түүний зүүн нүд орчим хэсэг газарт нэг удаа шулуун цохилт хийхэд нөгөө залуу цааш эргээд тайзны хойд талд засаж байрлуулсан байсан сандал ширээнүүдийн сандлын хэсэг рүү унаж байгаа харагдсан. Энэ үед хамгаалагч нар ирээд нөгөө залууг “босоорой, босоорой, юу болов” гэж хэлээд тэврээд босгоод аваад явахад нь .... араас гарч ирээд надад хандан “чи яагаад байгаа юм бэ, хүн цохчихлоо, аятайхан байж болдоггүй юм уу” гэж хэлэхээр нь би ....ийн хамт тайзнаас буух үед зүс таних Итгэл гэж ахтай таарсан. Тэгээд Итгэл ах .... бид хоёрыг дагуулж тайзны ертөнцийн зүгээр зүүн талын хэсэгт засаж байрлуулсан байсан ширээнд очиж бид хоёрт нэг, нэг стаканд виски хийж өгөхөд нь түүний хийж өгсөн вискинээс .... бид хоёр тус бүр нэг, нэг татчихаад улмаар тэндээс гадагш гарахаар явахад .... буцаж тайзны хэсэг рүү явсан. Энэ үед ....тэй зөрж Ч ирээд бид хоёр тэндээс шууд ертөнцийн зүгээр зүүн тийш явж “...” гэх баарны хажуу талын хэсгээр зам хөндлөн гарсан. Ингээд араас ...., Х, Маа нар ирээд бид бүгд Маагийн эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн авто машинд суугаад ... дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай “...” гэх нэртэй амралтын газар очиж тус газрыг 60.000 төгрөгөөр хөлсөлж, гурван ортой модон байшин авч хоносон. Энэ үед бид нар хоорондоо “нөгөө залуугийн бие нь гайгүй байгаасай, цагдаагийн хүмүүс ирсэн байгаа харагдаж байсан” гэж ярилцаж байсан бөгөөд миний тухайд талийгаачийн газар дээрээ нас барсан гэж огт мэдээгүй. ...Би тухайн үед өөрийн хийж байгаа үйлдлийг хянах бүрэн чадвартай байсан. Би ямар нэгэн багаж зэвсэг хэрэглэсэн асуудал байхгүй тухайн үед атгасан гараараа л түүний биед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн цаг хугацаанд амь хохирогч Г.Н бид хоёр л хоорондоо маргалдаад, би түүний биед халдсан үйлдэл гарснаас өөрөөр амь хохирогчийн биед халдаж цохиогүй. ...Би амь хохирогч Г.Нг намайг чиглээд ирэхэд нь хоёр удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл гаргаснаас өөр түүний биед авч яваа эд зүйлст нь халдсан ямар ч асуудал гаргаагүй. ... Тухайн цаг хугацаанд яг миний дэргэд Э цуг зогсож байсан болохоор намайг Г.Нгийн нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохисныг гэрчилж мэдүүлнэ. Өөр харсан үзсэн хүн байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-45-46/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд “...Хэрэг гарах үед байгаагүй учраас болсон үйл явдлыг мэдэхгүй. 2020 оны 8 дугаар сарын 04-ний өглөө ажилдаа яваад, өдөр 13-14 цагийн үед гэртээ ирж цайгаа уугаад гарсан, тэрснээс хойш уулзаагүй. 2020 оны 8 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед надтай утсаар ярихдаа ажлаасаа гараад явж байна, ганц пиво уугаад очъё гэхээр нь “чи гэртээ аваад хүрээд ирэхгүй юу даа” гэсэн чинь заа гээд утсаа тасалсан. Тэрнээс хойш 3-4 удаа залгахад утсаа аваагүй. 2020 оны 8 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 2 цагийн үед цагдаагаас залгаад очих хэрэгтэй байна гээд манай гэрийн хаягийг заалгаад гэрийн гадна энгийн хувцастай цагдаа, энгийн машинтай ирээд уулзсан. Надаас хамгийн сүүлд гэрээсээ хэзээ гарсан бэ, ямар байд... байсан бэ, хэрэлдэж, маргалдсан зүйл байгаа юу гэх мэт асуултуудыг асуусан. Манай нөхрийг хайж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр ярьж байсан. Утас руу нь залгаад холбогдохгүй болохоор нөхрийнхөө талаар асуухад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Манай нөхөр амьд уу, юу болсон бэ гэж асуухад амьд гэж хэлээд ... дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс рүү надаас мэдүүлэг авахаар дагуулаад очсон. Надаас мэдүүлэг авахдаа ч амь хохирсон талаар нь хэлээгүй. Би хүргэн ахаасаа нөхрийгөө амь хохирсон талаар сонссон. Бид хоёр 2011 оноос хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Оршуулгын зардал болон орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр болох 70.000.000 гаруй төгрөгийг нийлбэр дүнгээр нь нэхэмжилж байна...” гэв,
түүний мөрдөн байцаалтад “...Талийгаач нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн дунд сургуулийг 2002 онд төгсөж байсан. Их сургуулиа Олон улсын эдийн засгийн дээд сургуулийг 2010 онд төгсөж байсан. Тэрээр их нийтэч, хүнтэй амархан хэл амаа ололцдог бөгөөд энэ нь ажлынх нь онцлог юм. Мөн найз нөхдийн хүрээлэлд болон ажлын газрынхаа хүмүүсийн дунд нэр хүнд сайтай, сайн эцэг байсан. Тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн чиглэлээр ажилладаг байсан ба ажиллаж байх хугацаандаа жил болгон шагнуулдаг байсан. Надад үнэхээр хэцүү байна, би одоо юу хэлэхээ сайн мэдэхгүй байна, ямар ч байсан гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-148-149/,
Гэрч Я.Х шүүх хуралдаанд “...Би талийгаачийг ширээ рүү унасан байхад нь харсан. Намайг яваад очиход эрүүгээрээ ширээ рүү уначихсан байсан гэж мэдүүлэг өгсөн. Ж гэх хүнийг сайн танихгүй, би Шт өөрийнхөө машины түлхүүрийг өгсөн. Тухайн үед баарнаас гараад Шыг дуудаагүй. Ш руу залгаад Ц ах чинь хүн цохичихлоо, бид нар эндээс явж байна гэж ярьсан зүйл байхгүй. Тухайн бааранд Д.Ц, найз охин нь, бас найзтай хамт бид дөрвүүлээ очсон. Нэрийг нь санахгүй байна. Бид нар 18 цагийн үед бааранд орсон. Талийгаачийг хэн цохисныг хараагүй. Хэн нэг нь цохиод нөгөө хүнийх нь эрүү хугарсан байж магадгүй гэж нэг ахаасаа сонссон. Нэрийг нь мэдэхгүй. Би тухайн үед “болиоч ээ” гэж орилоогүй. Бүжгийн талбайн хажууд талд Мтай зогсож байхад .... ирээд, машиныхаа түлхүүрийг Шт өгчих, гялс юманд явуулчихъя гэсэн. Хүний амь нас хохирсон гэмт хэрэг гарсныг ... амралтад цагдаа нар ирэхэд мэдсэн. Энэ хэргийн талаар ярилцаж тохиролцсон байхгүй. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүсээс М, Э, Ш, .... нарыг танина. М, .... хоёр тэр үед үерхдэг байсан. ....ийг талийгаачийн гар утсыг хулгайлсан хэрэгт татан шалгагдаж байсныг мэдсэн. Талийгаачийг унаснаас хойш миний таньдаг хүмүүсээс Э зогсож байсан, энэ хүнтэй хамт явж байгаа хүн байна уу гэж нэг нь асуухад нэг эмэгтэй хүн дуугарч байсан. Тэгээд нөгөө эмэгтэй нь алга болчихсон, ...ын хоёр хамгаалагч талийгаачийг өргөөд гарсан. Э сэрээх гээд сэгсэрч байсан. Нурууных нь хэсгээс сэгсэрсэн байх, босоорой, сэрээрэй гээд байх шиг байсан, тэгээд баарны хамгаалагч нар дамжлаад өргөөд явсан. Эийг сайн танихгүй. Эийг тухайн бааранд хамгаалагчаар ажиллаж байсныг мэдэхгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад “...Би 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр .... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байрлах өөрийн гэртээ дүү Хы хамт байж байгаад 15 цагийн үед тэндээс гараад .... дүүргийн 1 дүгээр хороо, “...” хотхоны ... тоотод нөхөр, 3 хүүхдийн хамт байдаг гэртээ очоод хувцсаа сольчхоод 17 цагийн үед найз эмэгтэй Дтэй хамт ... дүүргийн 19 дүгээр хороо, үйлчилгээний төвийн 8 дугаар байрны гадаа уулзсан. Тэгээд 20 цагийн үед Баянбүрдийн тойргийн ойролцоо байдаг журмын хашаанд байрлах машин угаалгын газар очиж өөрийн эзэмшлийн ... УБП улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн автомашинаа угаалгаж байхад 21 цагийн үед .... над руу яриад надад хандан ““...” руу явахаар бол замдаа манай найзуудыг аваад явчих, бид нар машиндаа багтахгүй байна” гэж хэлэхээр нь би машинаа угаалгаад тус газраас 23 цагт гарсан. Тэгээд Б болон түүний найз, найзынх нь найз охин зэрэг хүмүүс 3 хүн над дээр ирээд бид нар 23 цагийн үед ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” гэх нэртэй баарны авто зогсоол дээр автомашинаа тавьсан. Тухайн үед надтай явсан 3 түрүүлж буугаад .... болон найзууд дээрээ очлоо гээд явсан. Би араас нь машинаа зогсоолд тавьчхаад ганцаараа “...” руу ойролцоогоор 23 цаг 30 минутын үед орсон. Намайг ороход урд талд хөгжим байсан ба урд талбайн зүүн талын ширээн дээр Наа, Маа, Маагийн дүү Ж, Наагийн найз залуу, сууж байхаар нь би очоод текнээс 1 ширхэг пиво аваад тухайн ширээн дээр очиж суусан. Намайг очоод суух үед хөгжим нь зогсчихсон, тэгж байснаа ди жи нь “манай шоу үргэлжилнэ, байж байгаарай” гэхээр нь бид нар пиво уугаад сууж байтал ахиад хөгжим явсан. Тэгээд бид нар хөгжим эхлэхээр нь бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Тухайн үед Наагийн найз залуу нь тек рүү очиж 3 ширхэг пиво авчирсан. Тэгээд 20-30 минутын бүжиглэж байтал .... над дээр ирээд надад хандан “Ж гээд манай дүүд машиныхаа түлхүүрийг өгөөд явуулчих, би яар... ахыгаа хүргүүлэх гэсэн юм” гэж хэлэхээр нь би тек рүү очиж дүү Жд нь түлхүүрээ өгөөд буцаад харахад тайзны шатан дээрээс нэг залуу цаанаасаа 3 дахь ширээ рүү эрүүгээрээ ширээний тавцан цохиод унасан. Тэгээд би тэр зүгээр халтираад унаж байгаа юм байхдаа гэж бодтол хүмүүс “болиоч ээ” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-170-171/,
Гэрч Б.Э шүүх хуралдаанд “...Д.Цид цохиулаад талийгаач унасан, тэгээд босож ирээгүй. Би босоорой гээд хэлэхэд, удалгүй хамгаалагч нар ирээд аваад явсан. Би тухайн үед Д, Б гэх хоёр ахтайгаа явж байсан. 1 жил гаруй хугацаа өнгөрсөн болохоор хэдэн цагт салснаа санахгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед би Ц, ...., Х, М гэх залуучуудтай ...ийн ойролцоо таараад ... руу орсон. Талийгаач гэх залуу бүжгийн тайлбай дээр нэлээн согтуу яваад байсан. Тэгээд Д.Цтай муудалцаж, цохиулаад унаж байхыг нь би харсан. Тэр үед бүжгийн талбай дээр нэлээн олон хүн байсан. Би Ц болон талийгаачтай 4-5 алхмын зайтай зогсож байсан. Д.Ц талийгаачийн хаана нь цохисныг санахгүй байна, нэг удаа цохиулаад унасан, тэгээд босоогүй. Миний харснаар нэг удаа цохисон. Намайг Э гэж дууддаг. Би гар хүрээгүй, намайг гүтгэж байна. Хэрэг болсноос хойш Цтай таараагүй, шүүх хуралдаан дээр л таарсан. Тэр үйл явдал болохоос өмнө бааранд хамгаалагч хийж байсан. Талийгаач надтай Д.Цид цохиулахаас 5-10 минутын өмнө муудалцсан, гэхдээ би эрүүл байсан болохоор яваад өгсөн, гар хүрээгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад “...Би 2020 оны 8 дугаар сарын 05-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван шарын... дүгээр байрны гол гэх газарт Д, Б гэх нэртэй хуурай ах нартайгаа уулзаад хамтдаа ...ын талбайн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах “...”-ийн урд талын задгай асарт болж байсан шоу арга хэмжээнд очсон. Тухайн үед биднийг очиход 21 цаг өнгөрч байсан бөгөөд дотогш орж талбайн хэсэгт зогсоод улмаар талбайд бүжиглэж байгаа хүмүүсийн дунд ороход Х, Ц нартай тааралдсан. Тухайн үед Ц намайг ганц шил пиво аваад өгчих гэж хэлэхээр нь би текний хэсэгт очиж “Тайгер” гэх нэртэй 0,5 литрийн хэмжээтэй пиво хоёр шилийг аваад нэг шилийг нь Цт өгөөд үлдсэн нэг шилийг нь Хд өгсөн. Тэгээд 23 цагийн орчимд надтай цуг шоунд ирсэн Д, Б хоёр гэр рүүгээ явахад нь би тэнд үлдээд хэсэг хугацаанд бүжиглэж байгаад өмнө нь зүс таньдаг Эрка гэх залуутай тааралдаад түүнтэй ойр зуурын зүйл ярилцаад зогсож байх үед Ц нь зүс танихгүй, дээгүүрээ хар өнгийн цамцтай залууг баруун гараараа нүүрний хэсэгт нь хоёр удаа цохиход нөгөө цохиулсан залуу нь эргээд эрүүн тус хэсгээрээ бүжгийн тайзны хойд талд байрлуулан тавьсан ширээ, сандлуудын нэг сандлыг мөргөн унасан. Тухайн залуугийн мөргөж унасан сандлын хөлийн төмөр хэсэг нь гадагш гулзайн унасан байсан бөгөөд тус “...” гэх нэртэй задгай шоу зохион явуулж байсан газрын хамгаалагч гэх хоёр залуу ирээд тэр хар өнгийн цамцтай залууг дамжилж өргөөд аваад явсан. Тэрнээс хойш ямар асуудал болсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Цийг бид “Ээбэ” гэж авгайлсан нэрээр дууддаг бөгөөд түүний тухайд ...., Ш гэдэг залуучуудын хамт явж байсан. Тухайн үед Ц их хэмжээгээр архи хэрэглэсэн согтуу байсан. ...., Ш нар нь Цаас бага хэмжээгээр хэрэглэсэн болов уу гэж харагдаж байсан. Тухайн үед Ц, .... нар нь тайзан дээр байсан бөгөөд Цийг тайзан дээрээс зүс танихгүй хар өнгийн цамцтай залууг нүүрэн тус газар нь цохиход тэр залуу тайзны хойд талд засаж байрлуулсан ширээ сандлуудын нэг сандлынх нь ирмэг хэсгийг эрүүн тус хэсгээрээ мөргөн унахад мөргөж унасан сандлын хажуу талын буюу баруун талын ширээний хэсэгт Х сууж байгаа харагдсан. Тэгэхээр нь Хг энэ болсон үйл явдлыг сайн харж мэдсэн байгаа гэж би бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-152-153/,
Гэрч П.М шүүх хуралдаанд “...Д.Ц, Э хоёрын хэнийг нь цохисныг санахгүй байна. Надад хэн нэгний дарамт шахалт байхгүй. Хуулийн дагуу хамгаалалт хүсэж шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан, над руу залгаад байсан хүн одоо холбогдохгүй байгаа. Тухайн бааранд Н, У, дүү охин Ү гуравтай явж байсан. Цтай бүжгийн талбай дээр хэдэн цагийн үед таарснаа тодорхой санахгүй байна. Шөнийн 22-11 цагийн үед бааранд орсон. Талийгаачийг хэн цохисныг хараагүй, талийгаач залуу манай ширээ рүү унасан. Хамгийн түрүүнд Э гэх залуутай муудалцаж байсан. Би эсрэг зүгт харж байгаад эргээд харахад талийгаач залуу ширээ рүү унаж байсан. Ц талийгаачийг цохисныг хараагүй, санахгүй байна. Талийгаачийг унасны дараа Э очоод сэгсэрсэн, тэр залуу босохгүй байсан, тэгээд байж байтал баарны хамгаалагч 2 залуу ирээд аваад явсан. Бид нар 10-20 минутын дараа баарнаас гарсан. Баарнаас гараад Сансарт ирээд байж байгаад ...., Ц, Ү, М, Х, Л бид нар явсан. Би ....тэй дотно харилцаатай байсан. ....ийг энэ хэрэгт шалгагдсаныг мэднэ. Бид нар амралтад очоод энэ хэргийн талаар ямар нэгэн зүйл ярилцаж тохирсон зүйл байхгүй. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, Цийн эхнэр нь дарамталж намайг ална, хутгална гээд айлгаж байсан. Гэхдээ сүүлийн үед таг болчихсон. Талийгаач Д.Цтай муудалцахаас өмнө Этэй хэрэлдээд байсан. Э талийгаачийг цохиж байсныг харсан, гэхдээ тэрнээс хойш зүгээр явж байсан. Дараа нь Д.Цийг цохиход тэр залуу унасан. Э талийгаачийг нэг удаа цохисон. Этэй зодолдож байхад нь Д.Ц очиж салгаагүй. 8 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө тухайн газарт шоу болоод, бид нар тусдаа явж байсан. Тэнд очоод тааралдсан. Талийгаач залуу нэг хүүхэнтэй явж байсан. Манай найзын бөгс руу алгадсан гэж яриа болсон. Би бүжгийн талбайн хажуу талын ширээн дээр сууж байхад хамгийн түрүүнд Этэй муудалцсан, Э гар утсыг авах гэж байгаад баригдсан байх, дараа нь тэр залуу зүгээр явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эд нар муудалцах шиг болсон, эргээд харахад Ц дагз руу нь цохиод, талийгаач залуу ширээ рүү унасан, удалгүй хамгаалагч нар ирээд талийгаач залууг хаалга руу өргөөд аваад явсан. Тухайн үед Э нэлээн согтолттой байсан...” гэв,
түүний мөрдөн байцаалтад “...Тухайн хүнийг унаж байхад араас нь дагз руу нь Ц гараараа цохсоноос унасан. Тэгээд цохисон хүн нь босож ирэхгүй байсан тэгэхэд Э ирээд тэр залууг өргөөд сэгсрээд байсан. Тэгээд сэрэхгүй байхаар нь 2 талаас нь хамгаалагч ирээд өргөөд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-178-179/,
Шинжээч эмч Ө.С шүүх хуралдаанд “...Нүүрний урд доод хэсгээс эгц нэг удаагийн үйлдлээс үүссэн гэмтэл байсан. Зулгарах гэмтэл нь унах, цохих үед үүснэ. Өөрийн хүчээр болон цохиулах үед аль алиных нь үйлчлэлээс энэ гэмтэл үүсэх боломжтой. Задлан шинжилгээ хийхэд шинэ гэмтлүүд байсан. Уруул болон эрүү орчимд нэг удаагийн цохигдох үйлчлэлээр гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь үхэлд хүргэсэн. Суурин судасны гэмтэл юм. Талийгаачийг сэгсэрснээс гэмтэл үүсээгүй, сэгсрэхээс өмнө үүссэн. Тухайн гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр маш богино хугацаанд үүснэ, спиртнээс ямар ч хамааралгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад “...Тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдлын цус харвалтууд нь тархины битүү гэмтэлд хамаарна. Ер нь нүүрэн тус газар нь шууд цохисны улмаас тархины битүү гэмтэл үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг/1хх-220/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №1638 тоот актын “….Талийгаачид тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсан доорх цус харвалт, баруун зүүн хажуугийн ховдол, 3-4 дүгээр ховдлын цус харвалт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулд няцарсан шарх, хүзүүнд цус хуралт, баруун чихний дэлбээнд, баруун чихний урд, баруун шанаанд, цээж, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн өвдөг, нуруунд зулгаралт, баруун суганы урд хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нь шинэ гэмтлүүд байна, ...Гавал тархины гэмтлүүд нь шууд үхэлд хүргэжээ, ... Талийгаач нь хоёр уушгины наалдцат үрэвсэл бүхий архаг өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна, ...Шүүх биологийн шинжилгээгээр А/2/ бүлгийн цустай байна, ...Шүүх химийн шинжилгээгээр Г.Нгийн цусанд 2.0, шээсэнд 0.8, ходоодны шингэнд 1.7, цөсөнд 0.9 промилли спирт илрэв. Ходоодны шингэнд димедрол илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй, Цусанд 2.0 промилл спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна, ...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ, ...Талийгаач нь цогцосны гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болсон байжээ, ...Эмнэлгийн яар... тусламж үзүүлсэн ч амь нас аврагдахгүй... “ гэх дүгнэлт /1хх-64-71/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №3422 дугаартай “...Хар өнгийн хос гутал дээр хатуу гадаргуутай зүйлтэй нэг удаагийн харилцан үйлчлэлээр гарсан шинэ зулгаралтууд, зүүн гутал дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ зулгаралтууд, зүүн гутал дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Ногоон өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт, хатуу гадаргуутай зүйлтэй нэг удаагийн харилцан үйлчлэлээр гарсан шинэ зулгаралт байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хос оймс, бор өнгийн тэлээ зэрэг нь гэмтэлгүй байна...” гэсэн дүгнэлт /1хх-113-118/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-14-17/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-18-42/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-33/, хохирлын баримт /2хх-92-112/, гэрч Б.М Н.М...., Б.Л, О.Ш, П.Л, М.О, Г.А, М.Ммаа, Н.Д, У.Э нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-9/, ял шалгах лавлагаа /2хх-16/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /2хх-19-53/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-145-146/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаар..., ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Ц нь ... дүүргийн 1 дүгээр хороо, “...”-ын баруун талд байрлах “...” гэх нэртэй газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө иргэн Г.Нг үз ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисны улмаас хохирогч нь “...тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, барга тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдлын цус харвалт...” бүхий тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд тэрээр “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, гэрч Я.Х, Б.Э, Т.М нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №1638 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №3422 тоот акт, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Д.Цийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Д.Цийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Цийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оршуулгын зардал болон бусад гарсан зардалд 14.513.580, талийгаачийн 21 хоног болон 49 хоногийн буяны ажилд гарсан зардал 2.954.045 төгрөг, орон сууцны зээлийн үлдэгдэл болох 70.482.485 төгрөг нийт 87.950.083 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардал болон түүнтэй холбоотой зайлшгүй гарах зардал, талийгаачийн 21 хоног, 49 хоногийн буяны ажилд гарсан зардал 17.467.625 төгрөг, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрт нэхэмжилсэн 70.482.485 төгрөгийн 50 хувь болох 35.241.229 төгрөг /орон сууцны зээлийн гэрээнээс харвал амь хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч 2 хамтран уг зээлийг авсан байсан/ нийт 52.708.854 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсөн бөгөөд ингэхдээ шүүгдэгчийн зүгээс хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохиролд төлсөн 12.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 40.208.854 төгрөгийг шүүгдэгч Д.Цаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Цийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цийн урьд цагдан хоригдсон 490 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дугуй зах, ханцуйтай нимгэн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн нимгэн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй хос ботинкон гутал 1 хос, бор өнгийн тэлээ 1 ширхэг, “Минт” гэсэн бичигтэй 0.3 грамм дотроо агууламжгүй хуванцар сав 1 ширхэг, Хар өнгийн “Минт” гэсэн бичигтэй 0.3 грамм дотроо бага зэргийн хүрэн өнгийн агууламжтай хуванцар сав 1 ширхэг, “Kaltenbirg” гэсэн бичиглэлтэй дотроо агууламжгүй хүрэн өнгийн хагарсан шил 1 ширхэг, Хүрэн өнгийн дотроо агууламжгүй пивоны шил 1 ширхэг, 64961888294040527 гэсэн дугаартай Ц.Дэлгэрсайхан гэсэн “Хаан” банкны ногоон өнгө бүхий карт 1 ширхэг, “Esse” гэсэн бичигтэй хагас татсан янжуур 1 ширхэг, бичиглэл тодорхойгүй янжуурын иш 1 ширхэг, улаан, хүрэн өнгийн толбо байсныг хөвөн бамбарт шингээн авсан 2 ширхэг дээж, тунгалаг өнгийн шингэн зүйлийг битүүмжлэн авсан хуванцар сав бүхий зүйл 1 ширхэг зэргийг тогтоол хүчин .... болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, бичлэг бүхий СД-1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхээс “Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан хориглолтыг зөрчиж олон нийтийг хамарсан арга хэмжээ явуулсны улмаас хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан “...” ХХК-ийн үүсгэн байгуулагч У.Бийг иргэний хариуцагчаар татаж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзсэн ба уг асууд... холбоотойгоор тухайн байгууллагад зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан тухай шийтгэвэр хэрэгт авагдсан байгааг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.9, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Д.Ц 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цид оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цийн цагдан хоригдсон 490 /дөрвөн зуун ер/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Цаас нийт 40.208.854 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М (РД:)-т олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дугуй зах, ханцуйтай нимгэн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн нимгэн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй хос ботинкон гутал 1 хос, бор өнгийн тэлээ 1 ширхэг, “Минт” гэсэн бичигтэй 0.3 грамм дотроо агууламжгүй хуванцар сав 1 ширхэг, Хар өнгийн “Минт” гэсэн бичигтэй 0.3 грамм дотроо бага зэргийн хүрэн өнгийн агууламжтай хуванцар сав 1 ширхэг, “Kaltenbirg” гэсэн бичиглэлтэй дотроо агууламжгүй хүрэн өнгийн хагарсан шил 1 ширхэг, Хүрэн өнгийн дотроо агууламжгүй пивоны шил 1 ширхэг, .... гэсэн дугаартай Ц.Д гэсэн “Хаан” банкны ногоон өнгө бүхий карт 1 ширхэг, “Esse” гэсэн бичигтэй хагас татсан янжуур 1 ширхэг, бичиглэл тодорхойгүй янжуурын иш 1 ширхэг, улаан, хүрэн өнгийн толбо байсныг хөвөн бамбарт шингээн авсан 2 ширхэг дээж, тунгалаг өнгийн шингэн зүйлийг битүүмжлэн авсан хуванцар сав бүхий зүйл 1 ширхэг зэргийг тогтоол хүчин .... болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, бичлэг бүхий СД-1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Д.Цид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Цид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
С.ОЮУНЧИМЭГ