Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/865

 

 

 

 

 

 

 

 

2021          12            10                                      2021/ШЦТ/865

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

            шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Ахолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000193 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суудаг, Ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.А, /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.А нь өөрийн эзэмшлийн 000750201 тоот гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Бэлхийн 33-7 дугаар гудамжны 181 тоотод байрлах 501 м2 газрыг иргэн Э.Жаргалсайханд 5.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч түүнээс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа 2.500.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" байгуулж мөн өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 800.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 110.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 540.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 төгрөг буюу нийт 5.000.000 төгрөгийг өөрийнхөө Голомт банкны 3205103881 тоот дансаар шилжүүлэн авч улмаар газрыг иргэн Э.Жаргалсайханы нэр дээр шилжүүлэхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Магна профит энд инвестмэнт” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 онд би хашаагаа зарах гээд, өмнө нь манай найз ажлынхаа зав чөлөөгөөр хашаа байшин барьсан. Манай найзаас нэг хүн аваад, тэр нь надтай хамт Оюу толгойд ажилтай, ростерын ажлаар амарч байхад хойд хашаагаа зарчих гэж хэлэхээр нь би сайн мэдэхгүй байна, гэрийнхнээсээ асууж байгаад болъё гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа аавтайгаа ярилцаад асуутал чиний нэр дээр байгаа юм чинь өөрөө мэдэхгүй гэхээр нь 5.000.000 төгрөгөөр худалдахаар болоод урьдчилгаа 2.500.000 төгрөгийг Оюутолгойд ажиллаж байхдаа өөрийн дансандаа шилжүүлж авсан. 14 хоногийн дараа бид хоёр хотод таараад нэр шилжүүлэхээр Сүхбаатар дүүргийн газрын албанд очиход Баянзүрх дүүргийн харьяалалтай хүн байна гээд Баянзүрх Татварын хэлтэс дээр очиж татвараа төлөөд бичиг аваад хүрээд ир, тэгэхээр нэрийг нь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Бид хоёр цуг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс ороод, би 500.000 гаруй төгрөгийн татвар төлсөн. Тэгтэл Жаргалсайхан маргааш өглөө 6 цагт ажил руугаа явахаар болчихлоо гээд намайг газрынхаа бичиг баримтыг өгчих гэсэн. Урьд нь бид хоёр Спортын төв ордны ойролцоо нотариатаар ороод нэг нэг хувийг авсан. Маргааш нь бид хоёр уулзаад бүх бичиг баримтаа бүрдүүлчхээд Сүхбаатар дүүргийн Газрын алба ажиллахгүй, засвартай байсан болохоор нэр шилжүүлж чадаагүй. Маргааш өглөө нь Жаргалсайхан Оюутолгой руу ажилдаа явахдаа надад үлдээсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа намайг ажлаас дуудаад би Оюутолгой руу явсан. Надад мөнгөний хэрэгцээ гарахаар нь Жаргалсайханд нэг сар хүлээчих, банк бус байгууллагад зээлийн барьцаанд тавиад сараа дараа гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд явцын дунд бид хоёр мессеж болон утсаар байнга харилцдаг холбоотой байсан. 2020 он гараад манай байгууллага орон тооны цомхотгол хийгдээд би ажлаасаа гарсан учраас мөнгөний асуудалд орсон. Би 2021 оны 01 дүгээр сар хүртэл ажилгүй байсан. Ажилгүй, орлогогүй байгаа тухайгаа Жаргалсайханд хэлсэн. Нийгмийн даатгалаас 5.000.000 төгрөгийн буцаан олголт хийгдвэл мөнгийг нь гаргаад гэж ойлгуулсан. Нийгмийн даатгалаас цалингийн зээл рүү татаад авчихдаг учраас мөнгөний боломж гараагүй. Энэ талаар өөрт нь болон ар гэрийнхэнд нь тайлбарлаж хэлж байсан...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…манай найз Бат-Эрдэнэ бид хоёр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд нэг нэг газартай тэгээд би найзтайгаа хашаа байшин барьж нэг газрыг нь зарсан., ...2019 онд би Оюутолгойд ажилладаг байсан, тухайн үед Э.Жаргалсайханы хүргэн ах нь “чи хойд хашаагаа зарах юм уу? манай дүү газар хайж байгаа, хойд газрыг чинь сонирхоод байна” гэхээр нь Э.Жаргалсайхантай анх утсаар яриад газраа зарахаар болсон...Жаргалсайхан нь Оюутолгойд ажилладаг байсан болохоор бид хоёр 14 хоногийн амралтаараа хотод ирээд гэрчилгээгээ аваад спортын төв ордны дотор байрлах нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. ...гэрээгээ яг хэзээ хэдний өдөр хийснээ санахгүй байна, 9 дүгээр сард гэж санаж байна ...ингээлд татвараа төлчхөөд Сүхбаатар дүүрэг орох болсон чинь Жаргалсайхан ажил руугаа явах болж таараад би бичиг баримтуудыг нь газрын албанд өгнө гэж авч үлдээд газрын албанд өгч чадаагүй явж байгаад банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан юм. би газраа 5.000.000 төгрөгөөр зарсан, мөнгөө бүрэн авсан... Тухайн газрын гэрчилгээ нь “Магна профит энд инвестмэнт” банк бус санхүүгийн байгууллагад байгаа би 2.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. ...би Жаргалсайханд гэрчилгээ сарын дараа нэр дээр чинь шилжинэ гэж хэлээд сарын дараа гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагаас аваад нэр дээр нь шилжүүлж өгнө гэж бодож байгаад 2 сарын дараа үнэнээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-30/,

 

Хохирогч Э.Жаргалсайханы: “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр газар хайж байгаад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн эцэст байрлах 0.5 газрыг худалдан авахаар Амарзаяа гэх хүнтэй холбогдож уулзаад 5.000.000 төгрөгөөр худалдан авах болсон. Тэр үед Амарзаяа энэ миний нэр дээр байдаг гэсэн. Ингээд гэрчилгээг нь үзэхэд Амарзаяагийн нэр дээр тухайн газар нь байсан. Би тухайн үед мөнгөө 4, 5 хувааж Амарзаяагийн данс руу шилжүүлдэг байсан. Би мөнгөө интернэт банкаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад шилжүүлдэг байсан. 2019 оны 9 дүгээр сард багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр байрлах нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийгээд Баянзүрх дүүргийн татварын хэлтэс орж Амарзаяа газрын татвар төлөөд 2 хоногийн дараа татвар төлсөн баримт нь бэлэн болоод би очиж баримтыг аваад Сүхбаатар дүүргийн газрын алба орж тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж байхад ажлын цаг дуусаад амжаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө 06.00 цагт хөдөө ажил руугаа нисэх гэж байсан чинь Амарзаяа “найз нь бичиг баримтыг чинь газрын албанд маргааш өгнө” гэж хэлээд авч үлдсэн. Ингээд би 14 хоногийн дараа дараа ирээд Амарзаяатай холбогдсон чинь гэрчилгээ чинь сарын дараа гарна гэж хэлсэн боловч газрын гэрчилгээ гарахгүй байсан. Амарзаяа надад би банк бус санхүүгийн байгууллагад 2.000.000 төгрөгийн зээлд тавьчихсан байгаа удахгүй гэрчилгээгээ банк бусаас аваад нэр шилжүүлэн өгнө гэж хэлээд одоо болтол алга болсон…” гэсэн мэдүүлэг /хх-8/,

 

Гэрч Д.Соёл-Эрдэнийн: “...Сүрэнзаан овогтой Амарзаяа нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 501 м2 газрыг барьцаалж 2.000.000 төгрөгийн зээлийг нэг сарын хугацаатай 3.6 хувийн хүүтэй зээл авсан. Уг барьцаалсан газрын гэрчилгээний эх хувь нь барьцаанд бүртгэлтэй хадгалагдаж байгаа. Гэрчилгээний эзэмшигч нь Амарзаяагаар явж байгаа. С.А нь манай байгууллагад нийт 2.333.336 төгрөг төлөх ёстой, зээлийн төлөлт хийхгүй байгаа. ...2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш өдийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна. Үүнээс өмнө зөвхөн зээлийн хүүг төлж явдаг байсан…” гэсэн мэдүүлэг /хх-37/,

 

Гэрч Б.Тунгалагийн: “...уг гэрээг хийж баталгаажуулахад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, спортын төв ордны 101 тоотод баталгаажуулсан. Уг гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулж, уг өдрөө баталгаажуулсан. ...гэрээ хийсэн хүн нь гэрээг хийж баталгаажуулах үед хоёулаа биечлэн оролцож гэрээ болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан…” гэсэн мэдүүлэг /хх-39/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-14/, “Голомт банк”-ны дансны хуулга /хх-45-59/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-41/, “Магна профит энд инвестмэнт” банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ /хх-12-21/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-62-63/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.А нь өөрийн эзэмшлийн 000750201 тоот гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Бэлхийн 33-7 дугаар гудамжны 181 тоотод байрлах 501 м2 газрыг иргэн Э.Жаргалсайханд 5.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч түүнээс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа 2.500.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" байгуулж мөн өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 800.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 110.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 540.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 төгрөг буюу нийт 5.000.000 төгрөгийг өөрийнхөө Голомт банкны 3205103881 тоот дансаар шилжүүлэн авч улмаар газрыг иргэн Э.Жаргалсайханы нэр дээр шилжүүлэхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Магна профит энд инвестмэнт” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь дээр дурьдсан хохирогч Э.Жаргалсайхан мэдүүлэг, хохирогчийн “Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулга, шүүгдэгч С.Агийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч С.Агийн дээрх бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Агийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Жаргалсайханд 5.000.000 төгрөгийн хохирол учирсан байх тул түүнээс 5.000.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байх ба шүүгдэгч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохирогчид учруулсан хохирол болох 5.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын дансанд тушаасан байна.   

Иймд шүүгдэгч С.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, тус шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын данснаас 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Жаргалсайханд олгов.

 

Шүүгдэгч С.Агийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний тус эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 24 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялаас 360.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 90.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Мөн шүүх шүүгдэгч С.Ад торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул тэрээр 90.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулахыг дурдах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шүүх шүүгдэгч С.Агийн гэм буруу хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлага авсан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч С.А нь ирээгүй, оргон зайлсан тул түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжилж, олдмогц шүүх хуралдааны ажиллагааг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шатнаас эхлэн явуулсан болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.АЭрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Агийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 360.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 90.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь энэ тогтоолоор оногдуулсан 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 дугаартай хохирлын данснаас нийт 5.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Жаргалсайхан (РД:)-д олгосугай.

 

7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.                      

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч С.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлгэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР