Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0478/З |
Дугаар | 563 |
Огноо | 2019-09-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 563
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: “И” ХХК,
Хариуцагч: Б д д М х х Б о х у б М.Н,
Гомдлын шаардлага: “Б д д М х х Б о х у б М.Н-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0066666 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Б д д М х х Б о х у б М.Н нь "Зөрчил шалган шийдвэрлэх тухай" хуулийн 4.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эд зүйлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна” гэснийг зөрчиж, тус компанийн ямар нэгэн албан тушаалтан, ажилтныг байлцуулалгүйгээр шийдвэрээ гаргасан.
Манай компанийн эзэмшил газрын хашаанд олон аж ахуйн нэгж байрлан үйл ажиллагаа явуулдаг, мөн гүний гаалийн хяналтын бүсээр олон тооны үйлчлүүлэгч үйлчлүүлдэг бөгөөд манай компанийн тэдгээр байгууллага тус бүртэй хийсэн гэрээнд хог хаягдалтай холбоотой асуудлыг тухайн байгууллага хариуцах ба хэрэв хог хаягдал хаяж орчныг бохирдуулсан тохиолдолд торгууль оногдуулахаар үүрэг хүлээлгэсэн байдаг.
Улсын байцаагч М.Н-ийн үйлдсэн шийтгэлийн хуудсанд “... хог хаягдлаа шатаадаг болох нь шалгалтын явцад авсан гэрэл зургаар нотлогдон тогтоогдож байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрэл зурагт авагдсан газар нь олон жилийн өмнө буюу Зөрчлийн тухай хууль батлагдаж мөрдөхөөс өмнө хогийн цэг байрлуулж байсан газар юм. Гэтэл хог хаягдал хэн, хэзээ шатаасан бодит нөхцөл байдлыг тогтоолгүй шийтгэл оногдуулсан нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэснийг зөрчсөн.
Эзэн холбогдогчоос асууж тодруулан, нотлох баримт цуглуулан, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зөвхөн өөрийн авсан гэрэл зурагт тулгуурлан шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэснийг зөрчсөн.
Улсын байцаагч М.Н-ийн гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй захиргааны акт гэж үзэж байна. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд болох манай компанийн зүгээс гаргах гомдлыг хэдий хугацаанд, хэнд хандан гаргах талаар шийдвэртээ тэмдэглээгүй.
Улсын байцаагч М.Н нь төмөр замын аюултай бүс, гаалийн хяналтын бүс рүү зөвхөн галт тэрэг орж гардаг, явган хүн зорчихыг хориглосон харуул хамгаалалттай хаалгаар зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийг 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэг, Төмөр замын аюултай бүсийн дэглэм, Гаалийн хяналтын бүсийн журмыг тус тус зөрчсөн.
Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н-ийн тавьсан шийтгэлийг хянан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н би 2019 оны 05 сарын 06-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны иргэн Ц.С-аас ирүүлсэн Баянгол дүүргийн 5-н шарын Энхжин худалдааны төвийн урд “И” ХХК нь удаа дараа хог шатаагаад байна, шалгаж өгнө үү гэх хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийхэд “И” ХХК нь шаардлага хангасан хог хаягдал цуглуулах савгүй, үйлчилгээний явцад гарсан хог хаягдлаа ил задгай шатаасан зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад зааснаар хуулийн этгээдэд гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.
“И” ХХК-ийн гаргасан үйлчилгээний явцад гарсан хог хаягдлаа ил задгай шатаасан гэх зөрчил нь Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 16.1.1 Зориулалтын бус газарт хог хаягдал хаях , ил задгай шатаах гэснийг мөн “И” ХХК-ийн байрлаж байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо нь агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүсэд хамрагдаж байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтран баталсан А/226-А/619 дүгээр тушаал захирамжаар тогтоогдож байна.
Иймд “И” ХХК-ий гаргасан дээрхи зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасныг журамлан Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.1.3 дах заалтад зааснаар хуулийн этгээдэд гурван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.
Мөн гомдол гаргагч “И” ХХК нь тус компаний ямар нэгэн албан тушаалтан, ажилтныг байлцуулалгүйгээр шийдвэрээ гаргасан гэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7 дах хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно” гэж заасны дагуу гэрэл зургаар баримтжуулсан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 9.1 дэх хэсэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрхэд зааснаар хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох эрхтэй гэж заасан байдаг.
Хяналт шалгалтын явцад “И” ХХК-ий захирал н.Б-тэй 2019 оны 05 сарын 06-ны өдөр 99020746 дугаарын утсаар холбогдоход тус компаний талбайн зөвлөх Ё.Ж гэдэг хүн манай компанийг төлөөлөн очино гэж мэдэгдсэн. Энэ дагуу “И” ХХК-ийн талбайн зөвлөх Ё.Ж-аас тайлбар авч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”
гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байцаагч М.Н нь “И” ХХК-ийг “ хог хаягдлаа шатаадаг” зөрчил гаргасан гэж үзэж, 2019 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 0066666 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.1.3 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
“И” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдолын шаардлага гаргасан байх бөгөөд түүний үндэслэлээ” ... хог хаягдлыг хэн, хэзээ шатаасан бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, ... нотлох баримт цуглуулах ... үүргээ хэрэгжүүлэлгүй, зөвхөн өөрийн авсан гэрэл зурагт тулгуурлан ... шийтгэл ногдуулсан. Улсын байцаагч нь гаргасан шийдвэртээ манай компаний зүгээс гаргах гомдолыг хэдий хугацаанд, хэнд гаргах талаар дурдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй ” гэж тодорхойлон маргажээ.
Шүүх зөрчилд холбогдогчийн болон эрх бүхий албан тушаалтаны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэн Ц.С-аас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай утсанд “ Баянгол дүүргийн 5-н шарын Энхжин худалдааны төвийн урд “ И” ХХК нь удаа дараа хог шатаагаад байна ” гэсэн гомдол гаргасан байх бөгөөд уг гомдол, мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байцаагч М.Н нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, “И” ХХК-ийг “ хог хаягдлаа шатаасан ” зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д ” Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг нуун далдалсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тус компанийг 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гомдол мэдээллийн дагуу эрх бүхий албан тушаалтныг очиход тус хашаан дотор “Н и” ХХК нь хог хаягдал шатааж байсан, “И” ХХК-ийн хогийн цэгт хог хаягдал асгаж, хогийн цэгийн хананд утаа тортог үүссэн үйл баримт тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй байна
Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ агаарын бохирдол” гэж хүрээлэн байгаа гаарт шууд хаягдсан, эсхүл физик, химийн урвалын дүнд шинээр үүсэж бий болсон бохирдуулах, бодисын агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхийг ойлгоно” гэж,, 3.1.3-т “ агаарын чанар” гэж агаарын чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг илэрхийлэх агаарын физик, хими, биологийн цогц шинж чанарыг ойлгоно” гэж, 12 дугаар зүйлийн 1-.1-д” Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар нь агаарын чанарын мэдээг гаргаж, зохих шатны Засаг дарга, мэргэжлийн албанд хүргүүлнэ” гэж, 12.4-т “ Аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын чанарт нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай болон дотоод хяналтын мэдээг гаргаж, мэргэжлийн албаны орон нутаг дахь салбарт тогтоосон хугацаанд ирүүлнэ” гэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/222 дугаар тушаалаар баталсан “Агаарын чанарын мэдээ гаргах журам”-ын 1.2-т “ Агаарын чанарын мэдээ нь хүрээлэн байгаа агаарын чанарын хяналт, шинжилгээний улсын сүлжээний харуул, лаборатори,ажиглалтын цэгүүдэд хэмжсэн хэмжилтийн мэдээ, агаарт бохирдуулах бодис гаргадаг, эсхүл физикийн сөрөг нөлөө үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт, бохирдлын эх үүсвэрийн мэдээ, мэдээллээс бүрдэнэ” гэж тус тус тодорхойлон заажээ. .
Дээрх хууль тогтоомжуудын агуулгаас үзэхэд аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг нуун далдалсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шийтгэлийг оногдуулах ёстой.
Гэтэл Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байцаагч М.Н нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг “ удаа дараа хог, хаягдлаа шатаасан” зөрчил гаргасан гэж үзсэн атлаа хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилж, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан зөрчил гаргасан / Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.1.3 / гэж үзэж, шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан” хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудыг тус тус зөрчжээ.
Эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нь хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилж, хуульд заагаагүй зүйл хэсгээр / Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.1.3-т зааснаар / гомдол гаргагч хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байх тул маргаан бүхий захиргааны актыг “ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх “ хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзнэ.
Иймээс нэгэнт маргаан бүхий захиргааны акт нь хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай байх тул гомдол гаргагч хуулийн этгээдийн “хог хаягдлаа шатаасан” гэх үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байцаагч М.Н-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 0066666 дугаар шийтгэлийн хуудасыг бүхэлд хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “И” ХХК-ийн гаргасан гомдолыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байцаагч М.Н-ийн 2019 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 0066666 дугаар шийтгэлийн хуудасыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН