Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 56

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч С.Оюунгэрэл, С.Пүрэвсүрэн   нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг

Иргэдийн төлөөлөгч Д.Уранмандах

Улсын яллагч Г.Эрдэнэ

Хохирогч Ч.Хулан

Шүүгдэгч Б.Мөнхдалай түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхдалайд холбогдох эрүүгийн 201625011490 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.           

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Тайж овогт Буянхүүгийн Мөнхдалай, 1978 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, Монгол улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, Эрдэм Транс ХХК-д жолооч ажилтай, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсэг, Улиастайн 3041 тоотод ам бүл 3, хамтран амьдрагч Ч.Хулан түүний хүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, РД:ЧМ78010771

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Мөнхдалай нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин захын үүдэнд хамтран амьдрагч Ч.Хуланг хардалтын улмаас зодож, бие махбодид нь цээжний баруун хөндийд хий хуралдалт, элэгний 6,7 дугаар сигментед няцрал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Мөнхдалай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ч.Хулан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Амаржаргалтай пиво уусан болохоор маргааш өглөө нь үнэртэж байсан. Тэгээд нөхөр Б.Мөнхдалайг утсаар ярихаар нь “ажил дээрээ байна” гэж хэлэхэд манай ажил дээр ирэхээр нь гадаа гараад уулзсан. Надаас “хаана хоноод ирсэн юм бэ” гэж асуухаар нь “Амаржаргалын гэрт хоносон гэж хэлээд байгаа юм биш үү” гээд үгнээс нь зөрж уурлуулах элдэв үг хэлсэн. Тэгтэл нөхөр Б.Мөнхдалай уурлаад намайг нэг удаа алгадаж, нэг удаа мөргөсөн. Б.Мөнхдалай “захирлынхаа дугаарыг өг” гэж хэлэхэд мөргүүлсэн учраас сандраад дугаар нь орж ирэхгүй байсан. Тухайн үед Б.Мөнхдалай намайг газар унагаагаад баруун талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Г.Амаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед хамт ажилладаг Хулан эгчийн нөхөр ирээд аваад гарсан.Гадаа юу болсон яасан эсэх талаар мэдээгүй.Хулан эгч ажил дээрээ  орж ирэхгүй болохоор нь утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан.Түүнээс өмнө Хулан эгч нөхөртэйгээ асуудалтай юм шиг байсан.Хулан эгч надад хэлэхдээ “хэрэг асуудал гарахаас 2-3 хоногийн өмнө ажлын шугамаар сургалтанд сууж байхад нь нөхөр нь утсаар залгаад, сургалтанд сууж байхад утас авч болохгүй байхад ойлгохгүй нөхөр уурлаад байх юмаа гэж надад тухайн үед хэлж байсан.Тэгээд 2016 оны 04 сарын 10-ны орой Хулан эгч бид хоёр ажлаа тараад Саппорогийн орчимд пабд сууцгаасан.Тэгээд Хулан эгч гэртээ харих боломжгүй, нөхөр нь ууртай байгаа гэх зэргээс болоод дүүгийнхээ  гэрт очиж  хонох гэж яриад дүүгийнхэн гэрт бас хүнтэй байна гэхээр нь цаашаагаа 22-ын товчоо мал бордох гэдэг газарт манай гэрч очиж хоночихоод маргааш нь хамт ажилдаа ирсэн.Тэгсэн өглөө нь Хулан эгчийн нөхөр нь ирээд дагуулаад гарсан гэсэн мэдүүлэг./хх-15/

 

Гэрч М.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед ЦС-1-ээс ирүүлсэн “Чулуун овооны  автобусны буудал дээр нөхөр нь эхнэрээ зодоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад 30-35 орчим насны туранхай эмэгтэй “миний бие муу байна, түргэн дуудаж өгөөч” гэснээр машиндаа суулгаж Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үүдэнд ирж 103-т хүргэж өгсөн.Эмч нь үзээд яаралтай эмнэлэгт хүргэж өгнө гээд аваад явсан.Нөхөр гэх Б.Мөнхдалайг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн гэсэн мдүүлэг./хх-17/

 

Гэрч У.Мөнхнасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Чулуун овооны автобусны буудал дээр бид нар портер машинтай  ачаа зөөх зориулалтаар зогсож байсан.Тэнд бид нар машиныхаа хажууд тоглож байтал нэг  эмэгтэй ирээд цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн.Тэгэхлээр нь бид нар эхнэр нөхөр хоёрыг хоёуланг нь  тусад нь байлгаж байгаад би өөрийнхөө 95566288 гэсэн дугаарын утаснаас 102-т дуудлага өгсөн.Нөхөр нь тэр эмэгтэйг гэртээ ирж хоноогүй гээд дайраад байсан.Бид нар дээр ирэхээс өмнө тэр эмэгтэй зодуулсан юм шиг байсан гэсэн мэдүүлэг./хх-18/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5427 дүгнэлтэнд:

 

1.Хулангийн биед цээжний баруун хөндийд хий хуралдалт, элэгний 6, 7 дугаар сигментэд няцрал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

 

                           Шинжээч эмч Т.Номинчимэг гэжээ хх-21

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтыг хавтаст хэргийн хүрээнд шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Мөнхдалай нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Жанжин худалдааны төвийн үүдэнд хамтран амьдрагч Ё.Хуланг гэртээ ирж хоносонгүй гэж зодож цээжний баруун хөндийд хий цус хуралдалт, элэгний 6,7-р сигметед няцрал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.          

 Үүнд…хохирогч Ч.Хулангийн шүүх хуралдаанд өгсөн…би тэр орой гэртээ ирж хоноогүй юм…үүнээс болж нөхөр уурлаж ажил дээр ирж маргаан үүсгэн зодсон…би 4 сарын 10-ны орой найз Амараатай цуг пабд орж пиво уусан байсан…тэгээд тэднийд очиж хоносон…Б.Мөнхдалай ажил дээр ирж намайг гаргаж уулзаад 1 мөргөсөн…дараа нь газар унагаад баруун хавирганд өшиглөсөн…надад хүнд гэмтэл учирсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл би хагалгаанд ороогүй эмнэлэгт олон хоноогүй…одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Хулангийн мөрдөн байцаалтанд өгсөн…би Жанжин захад байрлах Юнителийн салбарт үйлчилгээний ажилтан хийж байсан…тэр өдөр 10.50 минутанд үед нөхөр Мөнхдалай ажил дээр ирээд хаагуур хоноод ирж байгаа юм гээд уурлаад шууд намайг алгадсан…тэгэхээр нь би чамайг хөөгөөд байхаар чинь Амаржаргалын гэрт хоноод ирлээ гэсэн…тэгтэл нөхөр чи битгий худлаа яриад бай гээд миний нүүр рүү мөргөсөн…тэгээд захирлынхаа утасны дугаарыг өг гэсэн…нүүрэндээ мөргүүлсэн байсан учир толгой эргээд юм дуугарч чадахгүй байсан…тэгтэл намайг газар унагаад дээрээс дэвсэлсэн…тэгээд би юу болсныг мэдээгүй…нэг мэдсэн амьсгалж чадахгүй болчихсон байсан…энэ үед портертой ах нар харж байсан…би тэднээс тусламж гуйсан…гэсэн мэдүүлэг, гэрч  Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн…2016.04.11-ний өдөр 11 цагийн үед хулан эгчийн нөхөр ирээд аваад гарсан…гадаа юу болсныг би мэдээгүй…орж ирэхгүй болохоор утас руу нь залгахад холбогдохгүй байсан…урьд орой нь Хулан эгч бид 2 саппорогийн орчим паабад сууцгаасан…Хулан эгч гэртээ харих боломжгүй нөхөр нь ууртай байгаа зэргээс дүүгийндээ хонох гэтэл дүү нь хүнтэй байна гэхээр нь 22  товчоо мал бордох газарт манай гэрт ирж хоносон…маргааш нь хамт ажилдаа ирсэн…өглөө нь нөхөр нь ирээд дагуулаад гарсан…гэсэн мэдүүлэг хх 15, гэрч М.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн…дуудлагын дагуу очиход 30-35 орчим насны эмэгтэй миний бие муу байна түргэн дуудаж өгөөч гэснээр 103 дуудсан…эмч үзээд яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй гээд аваад явсан…автобусны буудлын орчим портертой залуус хөзөр тоглож байсан…тэр дундаас нэг залуу “энэ эмэгтэй цагдаа дуудаад өгөөч гэхээр нь дуудлага өгсөн юм” гэж хэлж байсан…жолооч нар хэлэхдээ энэ эмэгтэй хоногоор яваад ирэхээр нөхөр нь уурласан арга ч үгүй биз гэж байсан…эхнэрээс нь бага зэргийн архи үнэртэж байсан…нөхөр нь эрүүл байсан…гэсэн мэдүүлэг хх 17, гэрч У.Мөнхнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн…буудал дээр бид ачаа зөөх зориулалтаар зогсож байсан…нэг эмэгтэй ирээд цагдаа дуудаад өгөөч гэсэн…эхнэр нөхөр 2 ыг тусад нь байлгаж байгаад 95566288 утсаар 102 т дуудлага өгсөн…тэр эмэгтэй нөхөр намайг зодоод байна цагдаа түргэн дуудаж өгөөч гэж гүйж ирсэн… гэсэн мэдүүлэг хх 18,шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн…Хулангийн биед цээжний баруун хөндийд хий хуралдалт, элэгний 6,7-р сигментэд няцрал, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт, бүхий хүнд гэмтэл тогтоогдсон тухай шинжээчийн 5427 тоот дүгнэлт хх 20, шинжээч Т.Номинчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн…Хулангийн биед үүссэн гэмтлүүдээс цээжний баруун хөндийд хий хуралдалт, элэгний 6,7-р сигментэд няцрал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…гэсэн мэдүүлэг хх 35-36,  хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан өвчний түүх 24-30 болон шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мөнхдалай шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.Хулан нар нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын үед дүгнэлттэй холбогдуулж ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.         

 Б.Мөнхдалайгийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Хулангийн цээжний баруун хөндийд хий хуралдалт, элэгний 6,7-р сигментэд няцрал бүхий гэмтэл үүссэн ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт хамаарах бөгөөд яагаад гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан тухайгаа шинжээч өөрөө тайлбарлаж мэдүүлгээ өгсөн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд шинжээчийн дүгнэлтийг буруу гарсан, эргэлзээтэй гэдгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж үзэв.   

    Хохирогч Ч.Хулангийн биед учирсан гэмтлүүд нь гадны хүчин зүйлийн нөлөөллөөр буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба  гэмтэл учрах үедээ амь насанд нь аюултай байдал бий болсон  эмнэлгийн тусламжийн үр дүнд амь нас нь аврагдсан болох нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Мөнхдалай уг хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр идэвхитэй үйлдлээр хүсэж үйлдсэн байна.

Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлд заасан бусдыг тохуурхан даажигнасан зовоон тарчлаасан, биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодсон зэрэг хуульд заасан  бусад хүндрүүлэх нөхцөл байдлууд шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй болно.        

    Шүүгдэгч Б.Мөнхдалай нь хамтран амьдрагч Ч.Хулантай хувийн сэдэлттэй  маргааны улмаас зодож хүнд гэмтэл санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүхээс бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.                         

       Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан  ач холбогдол бүхий нотлох баримтууд нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.                       

    Мөрдөн байцаалтын үед хохирогч Ч.Хулан 348.420 төгрөгний  нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас Б.Мөнхдалай 1.100.000 төгрөг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул, шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.         

       Шүүгдэгч Б.Мөнхдалайд ял шийтгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа , хохирогч гомдолгүй байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд шүүх хуралдааны үед тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэх нь  зүйтэй гэж үзэв.