| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/131 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Уянга,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Хохирогч Д.Эрдэнэхүү,
Шүүгдэгч Ц.З, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Ж.Г /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Цэнд-Очирын З, Их Монгол овогт Жадамбын Г нарт холбогдох эрүүгийн 1919004310025 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг Хужирын бууц гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц.З
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Ж.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Г, Ц.З нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Их хэт сумын 2 дугаар баг Улаан шанд гэх газар хохирогч Д.Эрдэнэхүүгийн хониноос 20 тооны төлөг буюу олон тооны малыг хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн үед би хонинуудыг хашчихаад, гэртээ байж байхдаа Эрдэнэхүүгийнх рүү залгатал утсаа аваагүй, Өлзийгийнх рүү залгатал бас утсаа аваагүй. Тэгж байтал Отгонсүх даага сураад ирсэн, тэгээд Отгонсүх хоёул адуунд давхиж байгаад орой хоол идчихээд, С.Мөнх-Өлзийгийнд очиж архи уусан. Мөнх-Өлзийгөөс “танайхаас хонь, мал дутсан уу” гэхэд “үгүй” гэсэн. Тэгээд би Отгонсүхтэй архи уучхаад тэднийх рүү явсан. Тэнд шөнө унтаж байхад Г ирээд “ахын дүү хонь ачилцаад өгчих, би хоёулхнаа байна” гэсэн. Тэгэхээр нь “би ямар ч хамаагүй шүү” гэхэд Г “ах нь өөрөө араа даана” гэсэн. Тэгээд би “за та өөрөө мэдэж байгаа юм бол өөрөө зохицуулаарай” гэхэд Г “тэгнэ ээ” гэж хэлсэн. Тэгээд 20 тооны төлгөө аччихаад би Отгонсүх ахынд үлдсэн. Тэгтэл Г ирэхээр нь би хүргүүлсэн. Тэгээд Эрдэнэхүү ирсэн, Эрдэнэхүүг ирэхэд тухайн үед би гарч уулзаагүй, Эрдэнэхүү Г хоёр уулзацгаасан. Тэгээд дараа нь хонийг нь авчраад өгсөн байсан ...” гэв.
Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.... 2019 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-ний өдөр шилжих шөнө байх аа, сайн мэдэхгүй байна. Намайг унтаж байхад Отгонсүх, З нар ирж сэрээгээд З “та 20 хонь борлуулаад өгөөч ээ” гэж хэлэхэд нь “би хүн амьтантай ярьж байгаад болъё” гээд ярьж тохироод, маргааш өглөө нь Ган-Очиртой уулзаад Ган-Очирыг гуйж аваад, С.Мөнх-Өлзийгийнд очиход З байсан, тэгээд Зыг дамжиж аваад бид машинтай Зын гэрийн гадаа очиход хонинууд нь хашаанд байсан. Тухайн үед Эрдэнэхүүгийн хонь гэж мэдээгүй, Зын хонь л гэж бодсон. Тэгээд хашаанд ороод хонь барихад З хонь зааж өгсөн. Ган-Очир бид хоёр Зын зааж өгсөн 20 тооны хонийг л барьж машинд ачсан. Түүний дараа бид 3-уулаа яваад Отгонсүхийнд очоод Зыг үлдээчихээд би Ган-Очирыг “чи гэр лүүгээ явж бай, би морь малаа барьчихаад үдээс хойш очъё” гэж хэлээд явуулсан. Тэгээд морь малаа барьчихаад Отгонсүхийнд очиход З байж байсан. Зыг гэрт нь хүргэж өгчихөөд шууд Ган-Очирынд очтол Ган-Очир “энэ хонь чинь хулгайн хонь байна, сая нэг мотоциклтой хүн ирээд үзээд явсан, Эрдэнэхүү ахын хонь байна гэж хэлээд явлаа” гэж хэлсэн. Тэгж хэлэнгүүт нь би Зтай очиж уулзах гэхэд Эрдэнэхүү ирчихсэн байсан. Тэгээд би Зт “энэ хониныхоо учрыг хэл гэсэн чинь би айгаад байна, та өөрөө Эрдэнэхүүтэй уулзаад хэлчих” гэхээр нь би “энд байгаа хонинуудыг З борлуулж өгөөч гэсэн юм аа” гээд учраа хэлэхэд Эрдэнэхүү “ямар ч байсан та нарт 3 хоногийн хугацаа өгье, буцаагаад авчирч өгөөрэй” гэсэн. Тухайн үед 2021 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдөр сумын наадам өнгөрөөгөөд Ган-Очирынхоос 20 хонио аваад тоо ёсоор нь Эрдэнэхүүгийнд аваачиж өгөхөд Эрдэнэхүү Иххэт сумын төв явчихсан, хүүхэд нь гэртээ байсан гэв.
Хохирогч Д.Эрдэнэхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.... 2019 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө миний 20 тооны хонийг ачиж яваад Ган-Очирынд тавьсан байсныг манай дүү надад хэлээд би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 11:00 цагийн үед Зынд очиж хонио үзэхэд Ган-Очир хониндоо явсан байсан, ах нь байсан. Тэгээд эргээд ирэхэд З, Г хоёр гэртээ сууж байхад нь би орж уулзаад “миний 20 тооны хонийг ачсан байна” гэж хэлсэн. Тухайн үед би Ган-Очиртой гарч уулзаагүй, Зын хажууд уулзаж хонио алдсан тухайгаа хэлсэн. Тэгээд би Заас асуухад “надад хамаагүй, би ачилцаагүй, сууж яваагүй” гэж хэлсэн. Яагаад би Зыг онцолж уулзсан бэ гэхээр энэ хүн бол манай гэр бүлийн хүнийг сайн танина, бараг миний хуурай дүү шиг хүүхэд, манай хонь малыг хараад л үлддэг байсан. Тэрэнд нь би итгэсэн. Би дараа нь хоёр ч удаа уулзаад “Чамд хамаагүй юу ахын дүү” гэхэд “хамаагүй” л гэсэн. Тэгээд би Ган-очирт “чи одоо болсон чиний авах хэмжээ чинь болсон байна аа” гэхэд “тийм байхаа уучлаарай найзаа” гэж хэлж байсан. Яагаад Ган-Очирынд миний хонийг тавьсан бэ гэхээр манай хонь адилхан имтэй, урьд нь ч аваачиж тавьдаг байсан байх, би засаг мал хардаггүй, дан амь мал хардаг болохоор нээх айхтар тэгж хөөцөлддөггүй. Яагаад одоо гомдолтой байна вэ гэхээр би өөрөө харж, үзсэн учраас 30 хонио нэхэмжилж байгаа юм” гэв.
Хохирогч Д.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон хохирогчоор өгсөн: “... Би Иххэт сумын төвөөс урагш 30 орчим км Улаан шанд гэх газар нутагладаг. 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө манай малаас 50 тооны хонь дутсан. Уг дутсан хонинууд нь хоёр чих цуулбар имтэй төлгөн хонинууд байсан. Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн алга болсон 20 тооны төлгийг Иххэт сумын төвөөс урагш нутагладаг Ган-Очир гэх хүний малаас авсан. Ган-Очирын мал манайхтай ижил имтэй ямар учраас Ган-Очирын хонь малд очсон талаар асуухад “Гозоон авчирч өгсөн, надад 2,000,000 төгрөгийн өртэй, өрөндөө өгсөн” гэж хэлсэн. Би Гозооны нэрийг мэдэхгүй манай сумын хүн, нутгийн хүмүүс нь Гозоон гэж хочилж дууддаг. Би үлдсэн 30 тооны хонь малаа мөн Гозоон авсан үгүй талаар шалгуулах хүсэлтэй байна. Би тэр Гозоон гэж дууддаг Г гэх хүнийг шалгуулж хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна. Би Зынд очиход Г хамт байж байсан. Тэгээд би хониныхоо талаар асуухад ёстой уучлаарай, муухай юм болчихлоо гэхэд нь би авчирч өгөөрэй гэж хэлчихээд Заас хаанаас авч ирээд хаанаас ачсан юм бэ гэж асуухад надад хамаагүй манайхаас ачаагүй, би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Зын мал ойрхон байхаар нь очиж малыг нь харахад манай малаас 20 гаруй хургатай хонь, 10 гаруй ямаа байсан. Тэгээд би ялгаж аваад гэртээ очоод хонио бүгдийг нь тоолоход 50 тооны хонь дутсан. Би дутсан хонио Гоос нэхэхэд бүгдийг нь төлнө гэж хэлсэн. Тэгээд 10 хоногийн дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний үед намайг гэртээ байхгүй байхад манайд 20 хонь авчирч өгөөд явсан байна лээ. Тэгээд түүнээс хойш сураггүй болсон, надтай дахиж уулзаагүй. Г урд нь бас надаас 30 бог аваад баригдаж байсан болохоор би энэ удаад гомдолтой байна. Бас дутуу 30 хонио төлүүлж авмаар байна. Намайг эзгүй хойгуур л манай малаас мал дутаад байдаг юм. Иймд би Зыг мэдээлэл дамжуулдаг гэж хардаж байна. Урьд нь манайхаас мал алга болоод байдаг байсан. Надтай З нь 2020 оны 08 дугаар сард уулзаад хэлэхдээ танай хонийг төлж өгье гэж хэлсэн. Тэгэхэд нь би, чи анхнаасаа надад хамаагүй гээд байсан биз дээ. Г төлж өгнө биз гэж хэлчихээд би явсан. Би өөрийн 20 тооны хонийг нүд үзэж таниад хэн авсан, хэн ачсаныг нь өөрөө олж мэдсэн, хонио бүртгэхэд дахиад 30 хонь дутаж байсан болохоор хамт авсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа 50 тооны хонь алдсан гэж гомдол гаргасан. Тухайн үед миний 20 тооны хонийг Г, З, Ган-Очир гэх хүмүүс ачсан нь тодорхой болсон. Би олдохгүй байгаа 30 тооны хонио Ган-Очирын хотноос авсан 20 тооны хоньтой хамт бэлчээрээс авсан байх гэж бодож байгаа. Би дутсан малаа Гоос нэхэхэд “бүгдийг нь төлнө” гэж хэлсэн. Тэгээд 10 хоногийн дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний үед намайг гэртээ байхгүй байхад манайд 20 тооны хонийг авчирч өгөөд явсан байсан. Үлдсэн 30 тооны хонио олж авч чадаагүй. Өөрт учирсан хохирол төлбөрөө барагдуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 3-4, 15, 59-60, 85-86, 140 дүгээр хуудас/,
Гэрч П.Ган-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 06 дугаар сарын сүүлээр, 30-31-ний өдрийн үед Иххэт сумын баруун урд 60 гаруй километрт Бага хэт гэх газраас нүүгээд өөрийн эзэмшлийн 31-02 ХЭҮ улсын дугаартай портер маркийн автомашинтай эцэг, эхтэйгээ хамт явж байхад мал явахгүй болоод Их хэт сумын урд хадны үзүүрт хоносон. Намайг тэнд явж байхад манай сумын Г гэх залуу ганцаараа ногоон өнгийн мотоциклтой ирээд надтай мэнд мэдэж уулзсан. Маргааш өглөө үүрээр 04 цагийн үед гэгээ орж байхад Г над дээр ирээд “чамд өгөх мөнгөнийхөө оронд хонь өгье” гэж хэлэхээр нь би “одоо түлш муутай явна, нүүж буусныхаа дараа авъя” гэж хэлэхэд Г “газрын ойрхон байгаа дээрээ авчих болохгүй бол дүүгээсээ 5 литр түлш авч өгье” гэж хэлсэн. Тэгээд би Гт зээлүүлсэн мөнгөнийхөө оронд хонь авахаар урагшаа Өвөр-Улаан гэх газар луу өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явсан. Тэгээд Отгонсүхийн гэрт очоод гэрийнх нь гаднаас Зыг аваад Зын өвөлжөөн дээр очиход хонь хашаатай байсан. Тэгээд тэр хашаатай хониноос З өөрөө заагаад Г, З хоёр, хоёулаа миний машинд нийт 20 хонь ачиж өгсөн ... Надад өгсөн хонинууд 2 чих цуулбар имтэй төлөгнүүд байсан. Тэгээд хонио буулгачихаад байж байхад миний хойноос мотоциклтой үл таних шар залуу ирээд “хонь алдчихсан юм, хонийг чинь шүүж үзэх гэсэн юм” гэж хэлэхээр нь би “Гоос хонь авсан, манай хонинд хонио үз” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу үзчихээд “манай Эрдэнэхүү ахын имтэй ижил имтэй хонь байна” гэж хэлсэн. Намайг нүүгээд явж байхад хойноос Эрдэнэхүү мотоциклтой ирж манай хонинд хонь үзчихээд “манай хонь танай хонинд байна” гэж хэлэхээр нь “Гоос авлагатай байсан, өрөндөө Г нь Зын хоттой хониноос надад барьж өгсөн” гэж хэлсэн. Г намайг Иххэт сумын урд нүүгээд бууж байхад ирж уулзахаар нь би “чиний өгсөн хонь Эрдэнэхүүгийн хонь байна, яагаад хүний хонь өгсөн юм” гэж уурлахад Г надад “өгсөн хонио буцааж авъя” гэж хэлчихээд буцаад явсан. 2019 оны 07 дугаар сарын 04-өөс 06-ны өдрийн үед Г өөрийн хамаатан болох Энхбаясгалангийн портер-2 маркийн хөх өнгийн машинтай хоёулаа ирж өгсөн 20 тооны хонио буцаагаад ачаад явсан. Г нь 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр надаас “ээжийн бие муу байна мөнгөний хэрэг болоод мөнгө зээлүүлээч” гэж гуйгаад байхаар нь би ХААН банкнаас 1,500,000 төгрөгийн малчны зээл хийж өгөөд мөнгөө зээлүүлсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 19-20, 54-55, 146 дугаар хуудас/,
Гэрч С.Мөнх-Өлзийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 21 цагийн үед Г манайд ирж хоносон. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө манайд байж байтал өглөө З ирсэн. Тэгээд “хоёулаа гаръя” гээд Г тэр 2 манай гэрээс гарсан, тэгээд буцаж орж ирээд хоорондоо хонь мал зарах тухай яриад байсан. Тэгээд утсаар Пүрэв-Өвгөний Ган-Очиртой утсаар яриад байсан, тэгж байгаад манайхаас гараад явсан. З 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед мотоциклтой ирсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 34 дүгээр хуудас/,
Гэрч Т.Азбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 29, 30-ны орчим санаж байна. Г, З, Отгонсүх манай нөхөр Мөнх-Өлзий нар архи уучихаад З, Отгонсүх нар 22 цаг өнгөрч байхад явсан санагдаж байна. Архи ууж байхдаа З “танай хонь тасарсан уу” гэж асууж байсан, манай мал тасраагүй болохоор “үгүй” гэж хэлсэн. Эрдэнэхүүгийн малыг З, Г нар машинд ачуулсан талаар айлд хонь хяргаж байсан хүмүүсээс сонссон ...архи ууж байхдаа Г, З нар хоорондоо хонь, малны тухай ярьж байгаад хамт гараад явсан. Гарч ороод явж байсан болохоор би сонсоогүй, ямар ч байсан хонь мал л яриад байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 35, 57 дугаар хуудас/,
Гэрч Ц.Отгонсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 06 дугаар сард, өдрийг нь санахгүй байна ... Би адуугаа хайж яваад 14-15 цагийн үед Зынд очиж хоносон ба З ганцаараа байсан. З бид хоёр 1 шил 0,5 литрийн Хараа архи хувааж уучихаад ... 20 цагийн үед Мөнх-Өлзий ахын гэрт очсон. Бид хоёрыг очиход Мөнх-Өлзий ах, Г, Азбаяр эгч 3 байсан. Тэгээд цай ууж суунгаа бид хоёр нэг шил архи хувааж ууснаа хэлэхэд Мөнх-Өлзий ах авдраасаа 0,75 литрийн Соёрхол архи задалж өгсөн. Бид 5 хувааж уусан. Тэгтэл З гэнэт “өнөөдөр би танай хонины имтэй адил имтэй хонь манай гэрийн хажуугаар ирэхээр нь өөрийнхөө хашаанд хашсан, танай мал тасарч дутсан уу, энэ хавьд Эрдэнэхүү ах, танайх хоёр ийм имтэй хоньтой болохоор би хашсан” гэхэд Мөнх-Өлзий ах “манай хонь бүрэн байгаа, өнөөдөр тасарч дутсан зүйл байхгүй” гэсэн. Тэгтэл З “за за, тэгвэл Эрдэнэхүү ахын хонь юм байна” гэж ярилцаж байсан ... маргааш үүрээр буюу 05 цагийн үед намайг гэрт унтаж байтал Г ах, З хоёр намайг сэрээгээд “түлш байна уу” гэж асуугаад 5 литр түлш авсан ... би архи уусан байсан болохоор Зыг манайхаас гарч явсныг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 89, 144 дүгээр хуудас/,
Гэрч Н.Энхбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өөрийн эзэмшлийн 13-39 улсын дугаартай, хөх цэнхэр өнгийн Портер маркийн автомашинаар 2019 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. 13 цагийн үед манай сумын малчин Ган-Очирын гэрт очиж хониноос 20 тооны төлгөн хонь ачаад Д.Эрдэнэхүү гэх хүний малд аваачиж буулгаж өгөөд би явсан. Би бодохдоо, Гын хонь, Эрдэнэхүүтэй наймаа хийж байгаа юм байна гэж бодсон ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 65 дугаар хуудас/,
Гэрч Г.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 02-03 цагийн үед Гозоон /Г/ах ирээд Зыг аваад гарч байсан. Би нойрмог байсан болохоор өндийж, харчихаад буцаад унтсан. Тэгж байтал үүрээр 04-05 цагийн үед байх, би цагийг нь сайн санахгүй байна, Гозоон ах, З 2 ирж, манай нөхрөөс түлш асууж байсан. Тэгтэл удалгүй гаднаас З ганцаараа орж ирээд унтсан. Тэгээд 10 цагийн үед Гозоон ах буцаж ирээд, Зыг аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 90 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 04 билүү 05 дугаар сард манай хүү Ган-Очир “сумын банкнаас 1,500,000 төгрөг зээлж, Гт зээлүүлчихлээ, Гын ээжийнх нь бие тааруу мөнгөний хэрэг гараад байна гэнээ” гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 148-149 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын сүүлээр хэдний өдөр байсан гэдгийг одоо санахгүй байна. Би Иххэт сумын 1 дүгээр багт байдаг төрөл садны ах болох Мөнх-Өлзийгийнд байж байтал үүрээр 03.00 цагийн орчимд Отгонсүх, З хоёр хамт мотоциклтой ирээд надтай уулзаж “та 20 хонь борлуулаад өгөөч” гэж гуйсан. Би хонь борлуулж өгье гэж зөвшөөрсөн. Тухайн үед би машин тэрэггүй байсан болохоор нутгийнхаа Ган-Очир гэх залуутай очиж уулзаад “З 20 хонь борлуулаад өгөөч гэж гуйгаад байна машинтайгаа яваад 20 хонь ачаад өгөөч” гэж гуйгаад Ган-Очирын улсын дугаарыг нь мэдэхгүй байна, цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай явж Мөнх-Өлзий ахын гэрт нь очиж Зыг аваад бид гурав Зыг хөдөө гэрт нь очиж хороонд нь хашаатай байсан хониноос 20 тооны төлөг Ган-Очирын машинд ачиж Отгонсүхийн гадаа очиж Зыг буулгаад би “Ган-Очирыг гэр рүүгээ явж бай, би адуу малаа хумиад араас чинь очно” гэж хэлээд явуулсан. Би адуу малаа хумиад Ган-Очирынд очиж уулзахад “энэ чинь хулгайн хонь байна, Эрдэнэхүүгийн дүү нь ирж үзээд явсан” гэж хэлсэн. Би буцаж яваад Зтай уулзаад “энэ чинь хулгайн хонь байна” гэж хэлтэл “би сайн мэдэхгүй, би айгаад байна, та Эрдэнэхүүтэй уулзаад өгөөч” гэж гуйхаар нь би Эрдэнэхүүтэй уулзаж үнэн байдлыг нь хэлсэн. Би мал зарах талаар ямар нэгэн хүнтэй ярилцаж тохироогүй, З хонь борлуулах үнэ ханш надад хэлээгүй, шөнө 03.00 цагийн орчим ирээд “хонь борлуулаад өг” гэхээр нь би Зыг үлдээгээд үүрээр 04.00 цагийн орчимд яваад Ган-Очирынд очиж уулзаад “хонь ачаад өгөөч” гэж гуйгаад машинд нь тухайн хонийг ачиж явуулсан. 20 тооны төлгийг ачиж явуулсны дараа “мал авч байгаа хүн байна уу, үгүй юу асууж өгнө” гэж бодож байсан. Эрдэнэхүүгийн хонь гэдгийг би мэдээгүй, сүүлд Ган-Очиртой уулзаад мэдсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 133-134 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, орой 18-19 цагийн үед Иххэт сумын 2 дугаар баг Хужиртын бууц гэх газраас ертөнцийн зүгээр баруун урагшаа 2-3 км газарт өөрийнхөө үрээг барих гээд ганцаараа морьтой явж байх замдаа 120-130 тооны 2 чих нь цуулбар имтэй дан хонь эзэнгүй явж байсантай таарч, уг хонийг туугаад өөрийнхөө өвөлжөөн дээр аваачиж, хашаанд хашсан. Би гэртээ ирээд Өлзий, Эрдэнэхүү нарын хөдөө гэрийн утас руу залгахад утсаа авахгүй байсан. Гэрт байж байтал манай нутгийн Отгонсүх адуу хайж явна гэж ирсэн. Би гэрт байсан 0,5 литрийн Хараа архийг гаргаж хувааж уугаад хамт адуунд явсан. Отгонсүх бид 2 адуунд явж байгаад орой нь Мөнх-Өлзий ахын хөдөө гэрт очсон. Тухайн үед Өлзий ахын гэрт Г, Өлзий ах, түүний эхнэр Азаа нар байсан. Отгонсүх бид хоёрыг очиход Өлзий ах архи гаргаж өгөөд, Г, Өлзий ах, Отгонсүх бид нар уусан. Архи ууж байхдаа би Өлзий ахад “танай чихлээстэй адилхан хоёр чих нь цуулбар хонь хашчихсан, танай хонь тасарчихсан уу” гэж асуухад “үгүй ээ, манай хонь тасраагүй” гэж хэлсэн. Би айлд архи ууж байгаад Отгонсүхийн гэрт ирээд унтаж байтал шөнө Г ганцаараа мотоциклтой хүрээд ирсэн. Надтай уулзаад “танай гадаа байгаа хониноос ахдаа 20 хонь өгчих” гээд байхаар нь би зөвшөөрч “өөрөө араа даагаарай” гэж хэлээд Гын мотоциклтой сундлаад хөдөө гэртээ ирсэн. Гэрт ирээд байж байтал үүрээр шахуу Ган-Очир өөрийн эзэмшлийн Портер машинтай ирээд Г бид хоёр Ган-Очирын машинд хороонд хашаатай байсан хониноос 20 хонийг ачиж өгсөн. Мал ачсаны дараа Г намайг Отгонсүхийн хөдөө гэрт хүргэж өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 126-127 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-819/055 дугаартай “... төлөг хонь нэгжийн үнэ 50,000 төгрөг, 50 хонь, нийт 2,500,000 төгрөг” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтасны 9-11 дүгээр хуудас/,
“ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №025 дугаартай дүгнэлтэд “... KMFXKS7BP3U652647 арлын дугаартай, 31-02 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн Хюндай Портер маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 2019 оны 06 дугаар сарын байдлаар 5,000,000 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтасны 159-160 дугаар хуудас/,
Хохирогч Д.Эрдэнэхүүгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар /1 дүгээр хавтасны 73-76 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 31-02 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтасны 163-165 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтасны 166-1367 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Ц.З нь 2019 оны 6 дугаар сарын сүүлээр буюу 29-30-ны үед 18-19 цагийн үед өөрийн гэрийн ойролцоо бэлчиж байсан хонийг алдуул гэж үзэн өөрийн хашаанд хашсан үйлдлээ ганцаараа хийсэн болохоо мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж маргаагүй болно.
Бог малын хувьд хүний оролцоогүйгээр ижил сүргээсээ салсан, хэний мал болох нь мэдэгдэхгүй байх хоёр шинж бүрдсэн бол алдуул мал гэж ойлгоно. Алдуул малыг тухайн орон нутгийн засаг захиргааны нэгжид мэдэгдэж, эзнийг нь олдтол тодорхой хугацаанд хариуцаж, зар түгээх зан заншил болон эрх зүйн хатуу журамтай байдаг. Энэ арга хэмжээний дараа алдуул малыг ашиглавал завших, үрэгдүүлэх гэсэн Эрүүгийн хуулийн өөр ойлголтод хамаарна. Харин засаг захиргаанд мэдүүлээгүй, шууд өөрийн болгосон бол хулгайн гэмт хэргийн ойлголтод хамаардаг байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.З нь алдуул мал гэж үзсэн бол зар түгээсэн болон засаг захиргааны нэгжид мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Тухайн өдрийн орой шүүгдэгч Ц.З нь Мөнх-Өлзийгийнд очиж архи ууж байхдаа “танай чихлээстэй адилхан хоёр чих нь цуулбар имтэй хонь хашчихсан, танай хонь тасарчихсан уу” гэж асуухад “үгүй ээ, манай хонь тасраагүй” гэж хэлсэн тэр үеэс уг хонь Д.Эрдэнэхүүгийн хонь болохыг мэдэж байсан байна. Учир нь З нь адил имтэй хонийг Мөнх-Өлзийгийн хонь биш болохыг мэдсэн, Ган-Очирын хонь адил имтэй боловч будагтай, тэгээд ч 40-50 км зайтай хол нутагладаг, Эрдэнэхүүгийн хонийг урьд нь маллаж байсан, таньдаг болох нь шүүх хуралдаанд хохирогч Д.Эрдэнэхүүгийн өгсөн “...2019 оны 06 дугаар сард манайх “Улаан шанд” гэх газар нутаглаж байсан, манайхаас 2,5 км газарт “Өлгийн бууц”-нд Ц.Зынх нутаглаж байсан. Зынхаас болон манайхаас Ган-Очирынх 40-50 км зайтай, Мөнх-Өлзийгийнх манайхаас 4-5 км, Ц.Зынхаас Мөнх-Өлзийгийнх 5 км зайтай нутаглаж байсан. Ц.З манай хонийг танихын дээдээр танина, манай хонийг маллаж байсан хүн юм. Ган-Очирын хонь манай хоньтой ижил имтэй боловч будагтай, манай хонь будаггүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Ц.З нь шүүгдэгч Ж.Гтой бүлэглэн, хохирогч Д.Эрдэнэхүүгийн хонийг бэлчээрээс нь хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй ба харин Ц.Зын хулгайлж хашаандаа хашсан хонийг зарж борлуулах үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.З мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Отгонсүхийн гэрт ирээд унтаж байтал шөнө Г ганцаараа мотоциклтой хүрээд ирсэн. Надтай уулзаад “танай гадаа байгаа хониноос ахдаа 20 хонь өгчих” гээд байхаар нь би зөвшөөрч “өөрөө араа даагаарай” гэж хэлээд Гын мотоциклтой сундлаад хөдөө гэртээ ирсэн. Гэрт ирээд байж байтал үүрээр шахуу Ган-Очир өөрийн эзэмшлийн Портер машинтай ирээд Г бид хоёр Ган-Очирын машинд хороонд хашаатай байсан хониноос 20 хонийг ачиж өгсөн. Мал ачсаны дараа Г намайг Отгонсүхийн хөдөө гэрт хүргэж өгсөн ...Г өөрөө л ах нь араа даана, чамд хамаагүй гээд байсан... ” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөнх-Өлзийгийнд байж байтал үүрээр 03.00 цагийн орчимд Отгонсүх, З хоёр хамт мотоциклтой ирээд надтай уулзаж “та 20 хонь борлуулаад өгөөч” гэж З гуйсан...” гэж маргаж байгаа боловч хашаанд байгаа хонийг бусдын мал болохыг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон энэ үеэс хэн хэн нь үйлдлээрээ нэгдэж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Хохирогч Д.Эрдэнэхүүгийн 20 тооны хонийг Ж.Г, Ц.З нар захиран зарцуулахаар П.Ган-Очирын эзэмшлийн 31-02 ХЭҮ улсын дугаартай портер маркийн автомашинд ачиж явуулсан болох нь гэрч П.Ган-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...өглөө үүрээр 04 цагийн үед гэгээ орж байхад Г над дээр ирээд “чамд өгөх мөнгөнийхөө оронд хонь өгье” гэж хэлэхээр нь Гт зээлүүлсэн мөнгөнийхөө оронд хонь авахаар урагшаа Өвөр-Улаан гэх газар луу өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явсан. Тэгээд Отгонсүхийн гэрт очоод гэрийнх нь гаднаас Зыг аваад Зын өвөлжөөн дээр очиход хонь хашаатай байсан. Тэгээд тэр хашаатай хониноос З өөрөө заагаад Г, З хоёр, хоёулаа миний машинд нийт 20 хонь ачиж өгсөн ... Надад өгсөн хонинууд 2 чих цуулбар имтэй төлөгнүүд байсан...Намайг нүүгээд явж байхад хойноос Эрдэнэхүү мотоциклтой ирж манай хонинд хонь үзчихээд “манай хонь танай хонинд байна” гэж хэлэхээр нь “Гоос авлагатай байсан, өрөндөө Г нь Зын хоттой хониноос надад барьж өгсөн” гэж хэлсэн. Г намайг Иххэт сумын урд нүүгээд бууж байхад ирж уулзахаар нь би “чиний өгсөн хонь Эрдэнэхүүгийн хонь байна, яагаад хүний хонь өгсөн юм” гэж уурлахад Г надад өгсөн “хонио буцааж авъя” гэж хэлчихээд буцаад явсан...Г нь 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр надаас “ээжийн бие муу байна мөнгөний хэрэг болоод мөнгө зээлүүлээч” гэж гуйгаад байхаар нь би ХААН банкнаас 1,500,000 төгрөгийн малчны зээл хийж өгөөд мөнгөө зээлүүлсэн” гэсэн мэдүүлгийг шүүгдэгч нар үгүйсгэж маргаагүй, мэдүүлгээр тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орж энэ зүйлийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.2-т “бүлэглэж” гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.
Тухайн үед үйлчилж байсан хуулиар “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж заасан байна.
Шүүгдэгч Ж.Г, Ц.З нарын мал хулгайлсан үйлдэл 2019 оны 06 дугаар сарын 29-30-ны шөнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1; 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Г, Ц.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Д.Эрдэнэхүү нь шүүгдэгч Ж.Г, Ц.З нарыг П.Ган-Очиртой бүлэглэн, зохион байгуулалттайгаар манай малыг удаа дараа хулгайлсан гэж үзэж байгаа боловч шүүх өөр хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчимд нийцэхгүй болно. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэхүүгээс 50 хонины үнэ 2,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч прокуророос 30 хонийг шүүгдэгч нар хулгайлсан нь нотлогдоогүй, харин шүүгдэгч Ж.Г, Ц.З нарыг 20 хонийг хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдож, 30 хонь хулгайлсан гэх зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Эрдэнэхүү нь 20 тооны төлгөн хонийг буцаан авсан болохоо хүлээн зөвшөөрсөн нь шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болж байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Ц.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт 1 жил хорих ял, шүүгдэгч Ц.Зт 1 жил хорих ял шийтгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Г, Ц.З нар нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Ц.З нарт оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ж.Гын цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн М.Батболдын эзэмшлийн KMFXKS7BP3U652647 арлын дугаартай, 31-02 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн Хюндай Портер маркийн автомашины үнэ 5,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Ж.Гоос 2,500,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Заас 2,500,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ц.З цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.З, Ж.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Ц.З, Ж.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт 1 жил хорих ял, шүүгдэгч Ц.Зт 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Ц.З нарт оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Ц.З нар нь 1 жилийн хугацаанд Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Г, Ц.З нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Г, Ц.З нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ж.Гын цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, нийт эдлэх ялыг 10 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн М.Батболдын эзэмшлийн KMFXKS7BP3U652647 арлын дугаартай, 31-02 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн Хюндай Портер маркийн автомашины үнэ 5,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Ж.Гоос 2,500,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Заас 2,500,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ц.З цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ж.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА