Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Н.Уянга, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

         Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бт холбогдох эрүүгийн 2119001620165 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Практикал даатгал” ХХК-ийн борлуулалтын менежер, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

          Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 2 сарын хугацаагаар хорил ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, А.Б

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Авто тээврийн Үндэсний төвийн Дорноговь салбарын хашаанд байрлах “Мөнх даатгал” ХХК-ийн байранд хохирогч Ч.Сарантуяагийн гар болон нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...   ...” гэв.

          Хохирогч Ч.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажил дээр очиход хаалга цоожтой байхаар нь авто тээврийн жижүүрээс асуухад байхгүй гэсэн. Тэгээд хамт суудаг “Практикал даатгал” ХХК-ийн ажилтан Б рүү залгахад “надад байгаа, би өрөөндөө  дөнгөж орж ирээд сууж байна, ирээд авбал ав, сүртэй юм” гээд утсаа тасалсан. Би тухайн үед Б рүү “юун сүртэй юм гэсэн чинь юу гэсэн үг юм, та түлхүүр авч явах ёстой юм уу” гэж мессеж бичсэн. Тэгээд би цонхоороо орж, өрөөндөө байж байтал цайны цаг дуусаж Б ууртай орж ирээд “юун олон юм ярьдаг юм, пизда чинь, чам шиг юм тэгэхгүй шүү” гээд хараагаад суугаад байхаар нь “та түлхүүр авч явчихаад юундаа уурлаад байгаа юм, угаасаа таны буруу биз дээ” гэсэн. Тэгээд хэрэлдэж байгаад би Бт “та багтахгүй биз дээ” гэсэн чинь миний өөдөөс гар ариутгагч авч шидээд, босож ирээд миний зүүн гарын бугалга хэсэг рүү 2 удаа цохиж, нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Миний гарын бугалга хэсэг хөхөрсөн, дух хэсэгт хөхөрсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 30-31 дүгээр хуудас/,

         Гэрч Д.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б орж ирээд Сарантуяад “чи цайны цагаар ирчихээд түлхүүр авчирч өг гээд элдэв янзаар мессеж бичдэг хэн бэ” гээд уурласан чинь Сарантуяа “чи ер нь түлхүүр авч явах ёстой юм уу” гээд хоорондоо хэрэлдээд эхлэхээр нь би гараад байж байтал дотор чанга чанга дуугараад хэрэлдэх чимээ гарсан. Намайг буцаж ороход Сарантуяа нь Бт хандаж “цохичих” гээд зогсож байсан. Юу болсон юм бол гээд харахад гар ариутгагчийг Б Сарантуяа руу шидсэн байсан. Оносон эсэхийг нь би хараагүй. Сарантуяа элдэв янзаар Б рүү хараагаад байхаар нь “болиоч” гэхэд над руу чанга орилж авгай, гичийгээр нь дуудаад байсан ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

          Шүүгдэгч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажлаас яараад гарахдаа гадаа хаалганы түлхүүрийг халааслаад явчихсан юм. Тэгэхэд араас “Мөнх даатгал” ХХК-ийн төлөөлөгч Сарантуяа залгаад “түлхүүр аваад явчихсан байна” гэхээр нь “чи ирээд авчих” гэж хэлээд утсаа тасалсан. Би цайны цагийг дуусгаад 13 цагийн үед ажил дээрээ ирэхэд Сарантуяа цонхоор орж хаалгыг онгойлгосон байсан. Би өрөө рүүгээ ороод Сарантуяад “чи түлхүүргүй цонхоор ороод хаалга онгойлгодог биз дээ, юун сүртэй юм” гэхэд Сарантуяа “бүдүүн авгай чи багтахгүй биз дээ, хар авгай минь” гэсэн. Тэгээд миний уур хүрч, гар ариутгагчийг аваад шидсэн, гар ариутгагч нь дух хэсгийг нь цохисон байсан. Араас нь ариутгагчаа авах гээд очиход хэрүүл өдөөд байхаар нь би гарын шуу хэсэгт нь 2 удаа түлхэж нударсан ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 40 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02/0242 дугаартай “... Ч.Сарантуяагийн биед тархи доргилт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

     Шүүгдэгч А.Б нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Авто тээврийн Үндэсний төвийн Дорноговь салбарын хашаанд байрлах “Мөнх даатгал” ХХК-ийн байранд гаднах хаалганы түлхүүр авч явлаа гэснээс болж хэрүүл маргаан үүсэж, хохирогч Ч.Сарантуяа руу гар ариутгагч шидэж дух хэсгийг цохиж, гар болон нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

 Шүүгдэгч А.Бийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Сарантуяагийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02/0242 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан ба шүүгдэгч нь дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор “шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ байхгүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хавтаст хэргийн 17 дугаарт авагдсан байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... шинжээчийн дүгнэлт нь хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн байна, анх үзсэн эмчийн бичсэн өвчний явц, шинжээчийн дүгнэлт хоёр зөрүүтэй байна. Тархи доргисон бол тухайн хүний биед өөрчлөлт гарна, хүзүү хөших гэх мэт. Эрүүл мэндэд хохирол учирсан байх ёстой, ямар гэмтэл учирсан, ямар эмчилгээ хийгээд, яаж эдгэрсэн нь байхгүй байна. Гэмтлийн эмчийн бичсэнээр дүгнэлт гаргасан байна. Тархи доргилт гэдгийг нотлох ёстой, яаралтай түргэн тусламжид үзүүлсэн бол шар хуудас байх ёстой, амбулаториор үзүүлсэн бол өвчтөний картад бичигдсэн байх ёстой, энэ талаарх нотлох баримт байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дугаар зүйлийг зөрчсөн байна. Хэргийн газрын үзлэг хийгээгүй, халдлагын зүйл байхгүй байна, иймд эргэлзээ төрж байна. Халдлагын зүйл нь хэмжээ хэр вэ, дүүрэн байсан уу, дундуур байсан уу, хоосон байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Гар ариутгагч шидсэн гэдгээ шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа нь зөрчлийн хэрэг мөн эсэх, зөрчлийн хэргээр шийдэж болоогүй юм уу, процессын алдаа их байна, иймд хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг буцаах, эсхүл зөрчлийн хэргээр шийдэж болно...” гэсэн агуулгаар мэтгэлцсэн болно.

Хавтаст хэргийн 14 дүгээрт авагдсан шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02/0242 дугаар дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн зүйлсэд: Чинболд овогтой Сарантуяаг өөрийн биеэр, 07.28-ны мэс заслын эмчийн үзлэгийн тэмдэглэл, 2 хувь тогтоолын хамт ирүүлэв гэжээ. Мөн дүгнэлтэд Ч.Сарантуяагийн биед гэмтлийн зэрэг тогтоох тогтоох зорилгоор Хэсгийн байцаагч албан тушаалтай, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батсүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан тухай бичигдсэн байна. Энэ нь гэмтлийн эмчийн бичсэнээр дүгнэлт гаргасан гэсэн өмгөөлөгчийн мэтгэлцээн няцаагдаж байна.

Хохирогч Ч.Сарантуяагийн биед тархи доргилт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдож, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн нь өмгөөлөгчийн “эрүүл мэндэд хохирол учирсан байх ёстой, ямар гэмтэл учирсан, ямар эмчилгээ хийгээд, яаж эдгэрсэн нь байхгүй байна” гэснийг няцааж байгаа ба ямар эмчилгээ хийгээд, яаж эдгэрснийг шинжээч эмч тогтоохгүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэргийн объект нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал байна.

Өмгөөлөгч мэтгэлцэхдээ “...халдлагын зүйл байхгүй байна, иймд эргэлзээ төрж байна. Халдлагын зүйл нь хэмжээ хэр вэ, дүүрэн байсан уу, дундуур байсан уу, хоосон байсан уу гэдэг нь тодорхойгүй байна...” гэсэн нь ойлгомжгүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив тал нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо нь шүүгдэгч А.Б нь гар ариутгагчийг шидсэнээр хохирогчийн духанд цохисон болохоо хүлээн зөвшөөрч, шинжээчийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний биед халдах зөрчилтэй объектив талын үндсэн шинж болох үйлдэл, субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ төстэй боловч хохирол, хор уршгаар нь ялгаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл заалтаар, харин зөрчлийн хэргийн тухайд хохирогчид халдсан боловч эрүүл мэндэд хохирол учруулаагүй байдгаараа ялгагддаг.

          Шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, уур бухимдалдаа автан гар ариутгагчийг зориуд шидэж хүний эрүүл мэндэд халдаж байгаа санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтийг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд харин хүсэлтэд тогтоолгох үйл явдал, гаргуулах шийдвэрийн талаар заана гэжээ.

          Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Б нь дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг мөрдөгчийн тогтоолоор хангахаас татгалзсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгахаар хуульчилсан байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлээ заагаагүй, эргэлзээтэй гэхээс өөрөөр тайлбарлаагүй, шүүх хуралдаанд дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгчийн мэтгэлцээнийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

          Хохирогч Ч.Сарантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч А.Б нь эмчилгээнд зориулж 250,000 төгрөг өгсөн гэх боловч шүүгдэгчийн ХААН банк дахь данснаас 5360423463 дугаарт дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 180 000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ нь хэнээс хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй, хохирогч нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 32 дугаарт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч А.Бт ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний цалин хөлс, орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА