| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/134 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Уянга,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгч М.Бү,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бү, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2119001580161 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран хороолол, 201-42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.Бү
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Нефьтийн 1-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Бү нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түмний нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадна талбайд Б.Бтэй маргалдан харилцан зодолдож, улмаар Б.Бийн хөл рүү өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, тархи доргилт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түмний нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадна талбайд М.Бүтай маргалдан харилцан зодолдож, улмаар М.Бүын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, тархи доргилт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Бү шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүгдэгч М.Бүын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед танил Бтэй уулзах гээд гэрт нь очиход нэг найзтайгаа сууж байсан ба Бт “Азжаргал гэх охин чиний ажиллаж байсан Бадрах энержи ХХК-д ажиллаж байгаа гэсэн” гэхэд Б “Азжаргал худлаа шааж байгаа юм, тэр чинь худалч” гэсэн. Тэгэхээр нь би “чи хүнийг тэгж болохгүй ээ” гээд Бтэй жаахан маргалдаад гэрээс нь гараад явсан ... 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ... бид хоёр маргалдаж байтал Б намайг гараараа зүүн нүүрэн тус газар буюу хацар руу алгадахаар нь би хоёр удаа өшиглөсөн. Гэхдээ би оноогүй. Тэр үед Азжаргал Бийг цааш нь түлхээд надаас холдуулсан. Миний өрөөсөн гутал сугарсан байсныг Б айлын хашаа давуулаад шидсэн ... Б миний үснээс татаад газар унагаад миний дээр суугаад гараараа миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 72-73 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед найз Долгормаа манай гэрт ирж ярилцаад сууж байхад танил эгч Бү нэг танихгүй залуугийн хамт манайд ирсэн. Тэр хоёр манайд ирэхдээ 6 ширхэг лаазтай пиво болон 1 ширхэг том савтай пиво бариад ирсэн. Бү авчирсан пивоо ууж байгаад надад хандаж “Азжаргал гэх танай найз Бадрах энержи уурхайд ажилладаг гэсэн” гэхээр нь би “тэнд ажиллаагүй байх аа, өмнө нь надтай видео чатаар холбогдож ярихдаа цагаан цамцтай байсан” гэхэд Бү уурлаад босож ирэхээр нь би “хоёулаа ойлголцохгүй юм байна” гэхэд Бү гутлаа өмсөөд манай гэрээс гараад явсан. Тэр өдрөөс хойш Бүтай уулзаагүй, холбоо бариагүй байж байтал 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр миний ажилладаг дэлгүүрт Азжаргал орж ирээд “хоёулаа уулзъя” гэхээр нь гараад очиход дэлгүүрийн гадаа Бү эгч байж байсан. Тэгээд Азжаргал “чи намайг яагаад муулаад байгаа юм, чи Бү эгчид намайг Бадрах энержи ХХК-д ажиллаагүй, тэр яахаараа тэнд ажилладаг юм гэсэн юм уу” гэхээр нь “би тэгж хэлээгүй” гэтэл Бү эгч хажуугаас нь дайрч орж ирээд “чи муу янхан, банзал, гичий, эрийн дэвсгэр, яагаад худлаа яриад байгаа юм” гэж орилоод миний баруун хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би “давраад байгаарай” гээд баруун гартаа барьж байсан гар утсаараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиод авсан ба Бү намайг 2 удаа миний хөл рүү өшиглөхөд Азжаргал дундуур орж ирээд салгасан ... Бү дахиад “чи муу янхан, гичий, эрийн дэвсгэр, муу гуйлгачин байхад чинь чамайг би өөд нь татаж, өдий болгосон” гээд орилоод дайраад байхаар нь би тэсэхгүй Бүыг цохих гээд дайрахад Азжаргал намайг тэвэрч аваад хориод байсан. Тэр үед Бү эгч намайг зөндөө өшиглөж, гартаа барьж байсан ягаан өнгийн пүүзээрээ цохиод байхаар нь би гутлыг нь хажуу хашаа давуулаад шидсэн ... Бү дахиад хэл амаар доромжлоод над руу дайрахаар нь би Бү эгчийн үснээс зуурахад намайг зөрүүлээд үстсэн ба би Бү эгчийн үснээс татахад хамтдаа газар унаад би Бү эгчийн дээр нь гараад суухад тэр гудамжаар л нэг юм болсон ... Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14, 77-78 дугаар хуудас/,
Гэрч Т.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... дэлгүүрийн үүдэнд манай худалдагч Б нь уулзах гээд ирсэн Бү гэх хүнтэй хоорондоо муудаад зууралдаад байхаар нь би дэлгүүрээс гарч очоод салгаж орхиод бараагаа тоолохоор эргээд дэлгүүр рүү орсон. Тэр үед дэлгүүрийн цонх онгорхой байсан учир Б, Бү нарын гадаа хоорондоо маргалдаж нэг нэгнийгээ доромжилж байгаа нь сонсогдож байсан. Би яг хажууд нь байгаагүй, дэлгүүрт бараа тоолж байсан болохоор болсон явдлыг хараагүй ... хоорондоо зодолдоод байна гэхээр нь гараад харахад Азжаргал гэх эмэгтэй нь Бийн хоёр гарыг ард нь бариад хориод байж байхад Бү нь тойрч очоод цохиод байхаар нь би “та нар болиоч, явцгаа” гээд тараах гэсэн боловч тарахгүй, хоорондоо маргалдаад байсан ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бү, Б нар дэлгүүрийн гадаа хэрэлдэж байгаад Б Бүыг баруун гараараа нүүр хэсэгт нь 1 удаа алгадахад Бү Б рүү дайрахаар нь би голоор нь орж салгах гэсэн боловч миний 2 талаас нэгнийгээ цохилцоод уг газраасаа зүүн хойд талын хашаа хүртэл явсан. Тэр үед би Б, Бү хоёрыг салгах гээд голд нь байсан болохоор тэр хоёрыг нэгнийхээ хаана, яаж цохисныг хараагүй. Бү баруун хөлийнхөө гутлыг тайлаад Б рүү шидэхэд Бийг оноогүй, хажууд нь унахад Б уг гутлыг аваад айлын хашаа давуулаад шидсэн. Бү тэр үед машин руугаа яваад өрөөсөн гутлаа тавьж буцаж ирээд Бийг хэл амаар доромжлоод зогсоод байсан. Энэ үед Бийн найз Долгормаа ирсэн ба Бүд хандан “та Бтэй муудах ямар нэгэн юм болоогүй ш дээ” гэхэд Бү “чи наад янхнаа өмөөрөөд байгаа юм уу” гээд дайраад байхаар нь Б, Долгормаа хоёр дэлгүүр рүү орсон. Бү араас нь очоод дахиад хэрүүл хийгээд байхаар нь Б гарч ирээд, Бүыг зодох гэхээр нь би Бийг хориход дэлгүүрийн хүмүүс гарч ирээд хориод болио гэсэн. Бийг хорихоо болиход Б Бүын үснээс зулгааж, газар унагаад дээр нь гарч суугаад хэд хэдэн удаа толгой хэсэгт нь гараараа цохисон. Бү босож ирээд тасарч унасан үсээ бариад уйлаад байхаар нь би Бүыг аваад эмнэлэг явсан ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0208 дугаартай “... Б.Бийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0207 дугаартай “... М.Бүын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Бүын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ын 4-8 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98, 104 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг хооронд нь харьцуулан судлахад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч, хохирогч М.Бү нь 6 ширхэг лаазтай пиво болон 1 ширхэг том савтай пиво аваад шүүгдэгч, хохирогч Б.Бийнд ирж түүнийгээ ууж байхдаа М.Бү нь “Азжаргал гэх танай найз Бадрах энержи уурхайд ажилладаг гэсэн” яриа болж Б.Б нь “тэнд ажиллаагүй байх аа, өмнө нь надтай видео чатаар холбогдож ярихдаа цагаан цамцтай байсан” гэхэд Бү уурлаад гараад явсны дараа энэхүү яриагаа М.Бү нь Азжаргалд очиж “чамайг муу хэлээд байсан” гэснээс улбаалан 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр М.Бү нь Азжаргалыг өөрийн машинаараа авчирч Б.Бтэй уулзуулан хэрүүл маргаан үүсэж, тийм яриа болсон, болоогүй, би тэгж хэлээгүй, чи тэгж хэлсэн гэх мэт хов живийн ярианаас үүдэн хоорондоо зодолдож, бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, үснээсээ зулгаалцалдан газар унах, өшиглөх, цохих зэргээр хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч М.Бүын үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч М.Бүын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0207, 02/0208 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч М.Бү, Б.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул хэн хэн нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Бү, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Бү, Б.Б нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хэн хэнээсээ хохирол нэхэмжлээгүй тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч М.Бү, Б.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг болон шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бү, Б.Б нарт тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулахдаа тэдгээрийн орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нарын хүсэлт зэргийг харгалзан тэдгээрийн эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Бү, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бү, Б.Б нарт тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бү, Б.Б нар нь торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бү, Б.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бү, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА