Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.О

          Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О-д холбогдох эрүүгийн 2122000000183 дугаартай хэргийг 2021 оны 11 сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Т.О нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 4 дүгээр баг Е 11-1106 тоотод иргэн Т.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдах явцдаа хутгаар түүний эрүүл мэндэд “баруун хацар, хэвлийн урд дээд хэсэгт шарх, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Б ах ирээгүй байхад Э, Ш, А, С бид 5 архи ууж байсан юм. Э Бг дуудсан юм билээ. Эыг явсан хойно Б ирээд бид хэд ууж байгаад муудсан. Би оторт гарсан адуунаас тарган сувай адуу алга болсон гэж яриад муудалцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

         Шүүгдэгч Т.О-нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 10 сарын 29-ний өдөр өөрийн гэртээ Э, Лхасүрэн, Ш, бид нар 1 шил архи уусан. Э яваад өгсөн, Э Б-г дуудсан юм шиг байна лээ. Б ирээд 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад Б ахын адуу Дорнод аймаг руу оторлож явсан. Би Б-д оторт гарсан адуунаас тарган сувай гүү алга болдог юм даа гэж хэлээд хоорондоо муудалцаж байгаад Б ахын гэдсэнд гал тогооны шүүгээнд байсан хутгыг аваад 1 удаа хатгасан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 /

 

Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2021 оны 10 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө би гэртээ байж байтал Э утсаар яриад намайг хүрээд ир, би О-д байна гэсэн. Би эхнэрээрээ машин бариулж О-д хүргүүлж очсон. О-д очиход Э өөрөө байхгүй байсан. Харин О-д ЛхаС, Ш, О нар архи ууж байсан. Гэрт нь орж суугаад Э хаана байна намайг дуудсан юм гэсэн чинь Онад руу чи яах гэж манайд ирсэн юм гэж агсам тавьсан. Гэтэл тэнд сууж байсан Лха С, Ш хоёр гараад явсан. О-нг яах гээд надад агсам тавиад байгаа юм бэ? гэсэн чинь чамайг ална гээд шургуулганаас хутга аваад шууд над руу дайраад гэдэс рүү хатгаж, нүүрийг хутгаар зүсэхээр нь хутгатай гарыг нь барьж байгаад гар утсаараа ээж рүү залгаж намайг хүн хутгалаад алах нь гэж хэлсэн. Ээж миний төрсөн эгч Уранцэцэгт хэлсэн байсан. Эгч ойрхон байж таараад орж ирээд хутгыг нь булаан авсан. Намайг аваад эмнэлэг рүү явсан. Гэдсэндээ зүсүүлж 1 оёдол тавиулсан. Миний нүүрийг зүсэж сорив тогтоож гоо сайханд халдсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

 

Гэрч Б.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ундаа авах гээд А даргын дэлгүүрийн үүдэнд байсан чинь Э машинтай ирээд намайг адуу буулгаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би ундаагаа хүргэж өгчихөөд араас нь мотоциклтой О-д очсон. Машин дээр ойчсон байсан нэг адууг босгочихоод гэрт нь орсон. Гэрт Э, Ш, О бид хэд Эдэн нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан. Э яваад удаагүй байж байсан чинь Б орж ирсэн. Хоорондоо үг сөргөлдөөд байхаар нь Ш ахыг явъя гээд аваад гарсан. Гэрт Б, О хоёр үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

Гэрч Т.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би айлд байж байтал ээж утсаар дүү чинь О-д хутгалуулсан байна гэхээр нь гүйгээд О-д ортол тэр 2 хоорондоо зууралдсан байж байсан. Би О-нгийн гартаа барьсан хутгыг нь булааж аваад тамбарт нь хаалт шиг юмны ард нуусан. Гал тогооны тавилгаа эвдэж шургуулганаас нь хайч, заазуур гаргаж  ирсэн байсныг аваад үүдний тамбарт нуусан. Хоорондоо зодолдохоор нь би салгаад эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-32/

 

Гэрч П.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 10 сарын 29-нд жижүүрийн эмчээр гарч байсан. Шөнө 21 цаг 20 минутын орчим манай сумын Б хүнд хутгалуулсан гэж ирсэн. Т.Б нь хүйснээс доош 4 см орчимд 1 см орчим дүрэгдсэн ил шархтай, бага зэргийн цус гарсан байдалтай байсан. Нүүрний баруун талдаа бага зэргийн зүсэгдсэн байсан. Тэгээд би гэдсэн дээр нь нэг оёо тавьж боолт хийж, яаралтай тусламжийн хуудас бөглөж, амин үзүүлэлтүүд хэвийн байсан тул явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-ийн2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 266 дугаартай:

1, 2, 6.  Т.Б-гийн биед баруун хацар, хэвлийн урд дээд хэсэгт шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Тухайн гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  2/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 68-69/

          Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/

           Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 4 дүгээр баг Е 11-1106 тоот өөрийн гэртээ иргэн Т.Б-тай оторт гарсан адуунаас тарган сувай гүү алга болдог гэх шалтгааны улмаас маргалдаж хутгаар түүний эрүүл мэндэд “баруун хацар, хэвлийн урд дээд хэсэгт шарх, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 4 дүгээр баг Е 11-1106 тоот өөрийн гэртээ иргэн Т.Б-тай оторт гарсан адуунаас тарган сувай гүү алга болдог гэх шалтгааны улмаас маргалдаж хутгаар түүний эрүүл мэндэд “баруун хацар, хэвлийн урд дээд хэсэгт шарх, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх, хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О-нг яах гээд надад агсам тавиад байгаа юм бэ? гэсэн чинь чамайг ална гээд шургуулганаас хутга аваад шууд над руу дайраад гэдэс рүү хатгаж, нүүрийг хутгаар зүсэхээр нь хутгатай гарыг нь барьж байгаад гар утсаараа ээж рүү залгаж намайг хүн хутгалаад алах нь гэж хэлсэн. Ээж миний төрсөн эгч Уранцэцэгт хэлсэн байсан. Эгч ойрхон байж таараад орж ирээд хутгыг нь булаан авсан. Намайг аваад эмнэлэг рүү явсан. Гэдсэндээ зүсүүлж 1 оёо тавиулсан. Миний нүүрийг зүсэж сорив тогтоож гоо сайханд халдсан” гэх, гэрч Б.ЛхаСын “...Э яваад удаагүй байж байсан чинь Б орж ирсэн. Хоорондоо үг сөргөлдөөд байхаар нь Ш ахыг явъя гээд аваад гарсан. Гэрт Б, О хоёр үлдсэн” гэх, гэрч Т.Уранцэцэгийн: “Би айлд байж байтал ээж утсаар дүү чинь О-д хутгалуулсан байна гэхээр нь гүйгээд О-д ортол тэр 2 хоорондоо зууралдсан байж байсан. Би О-нгийн гартаа барьсан хутгыг нь булааж аваад тамбарт нь хаалт шиг юмны ард нуусан. Гал тогооны тавилгаа эвдэж шургуулганаас нь хайч, заазуур гаргаж  ирсэн байсныг аваад үүдний тамбарт нуусан. Хоорондоо зодолдохоор нь би салгаад эмнэлэг рүү авч явсан” гэх, гэрч П.Ц-ийн“...Шөнө 21 цаг 20 минутын орчим манай сумын Б хүнд хутгалуулсан гэж ирсэн. Т.Б нь хүйснээс доош 4 см орчимд 1 см орчим дүрэгдсэн ил шархтай, бага зэргийн цус гарсан байдалтай байсан. Нүүрний баруун талдаа бага зэргийн зүсэгдсэн байсан. Тэгээд би гэдсэн дээр нь нэг оёо тавьж боолт хийж, яаралтай тусламжийн хуудас бөглөж, амин үзүүлэлтүүд хэвийн байсан тул явуулсан” гэх мэдүүлгүүд болон  хохирогч Т.Б-гийн биед баруун хацар, хэвлийн урд дээд хэсэгт шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Б-ийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 266 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч Т.О-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.О-нг  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байна гэж дүгнэлээ.

 

          3.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Шүүгдэгч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Шүүгдэгч Т.О-гийн үйлдлийн улмаас хохирогч Т.Б-гийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөгийг төлсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх бөгөөд хохирогч Т.Б нь  200.000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасан боловч хохирогч Т.Б нь шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдэгдсэн байх тул дээрх саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

  5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

       Шүүгдэгч Т.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт нь 10 см, эрээн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Д овгийн Т-ийн О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овгийн Т-ийн О-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Онь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Онь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид Аруулсугай.

 

           5. Шүүгдэгч Т.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт нь 10 см, эрээн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР