| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0136/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасүрэнгийн Эт холбогдох эрүүгийн 2119000000153 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын гудамж 34-8 тоотод оршин суух хаягтай,
урьд нь Дорноговь аймгийн сум дундын 1 шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 247 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох ял,
Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ба Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ХМШЗ/119 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ДШМ/31 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөлийн үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон,
Боржигон овогт Даваасүрэнгийн Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед гэртээ унтаж байхад утас дугараад Алтангэрэл, Болороо, Батцэнгэл нар төмөр замын саданд архи ууж байна хүрээд ир гэхээр нь очоод архинаас нь 2 авч уусан. Удалгүй Алтангэрэл надад мөнгө байна танайд Болороог дагуулаад нэг шил архи аваад очъё гэхээр нь гэрт очоод уусан. Уугаад сууж байхад Болороо хөргөгчөөс мах аваад хэрчээд сууж байсан. Алтангэрэл Болороог дарамтлаад зодолдоод эхлэхээр нь би уурласан. Тэгээд Алтангэрэл бид хоёр муудалцаад зохисон, Алтангэрэл Батцэнгэл аль нь цохисныг мэдэхгүй байна. Алтангэрэлийн толгойноос гарсан цусыг Болороо цэвэрлэсэн тэгээд тэд нар гараад явсан удахгүй цагдаа ирсэн ийм л юм болсон гэв ...” гэв.
Хохирогч С.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчим арын сааданд Улаанаа /Э/, Болороо, Алтангэрэл /Гэгээ/ бид 4 уулзаж, 12 цагийн үед Улаанаагийн гэр рүү явцгаасан. Явах замдаа дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл архи авч орсон. Тэрийг 4-үүлээ хувааж уусан. Энэ хооронд Болороо гал тогооны өрөөнд хоол хийж байсан. Удалгүй 14 цагийн үед архиа ууж, хоол идээд тэдний гэрээс гарах гэж байтал Алтангэрэл, Болороо хоёр хоорондоо юунаас ч юм бүү мэд муудалцаад байсан. Би тэр үед том өрөөний буйдан дээр сууж байсан. Гэнэт Улаанаа /Э/ миний толгой руу 1 удаа заазуурдсан. Би заазуурыг хаанаас, хэзээ аваад ирснийг мэдэхгүй байна. Миний толгойны зүүн талаас маш их цус гарсан ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Түжиг /Батцэнгэл/ буйдан дээр сууж байтал Улаанаа хаанаас ч юм заазуур барьчихсан зогсож байснаа гэнэт Түжигийн толгойн дундуур заазуураараа цохисон. Тэгсэн Түжигийн толгойноос маш их цус гарч эхэлсэн ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Д.Эрдэнэболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Улаанаа ахын гэрэс бид 3 гарах гэсэн чинь хаалгаа дотроос нь түгжчихээд гаргахгүй байсан. Тэгэхээр нь Улаанаа ахаас “та хаалгаа онгойлгоод өгөөч” гэхэд “надад байхгүй” гээд согтуурхаад байсан. Гэнэт Улаанаа ах хаанаас ч юм бүү мэд заазуур гаргаж ирээд Түжиг ахыг буйдан дээр сууж байхад нь толгой руу нь нэг удаа заазуурдсан. Яагаад ийм үйлдэл хийснийг мэдэхгүй байна ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад гадуур явж байгаад Болороо, Түжиг /Батцэнгэл/, Алтангэрэл нартай таарч, тэр хэдийг дагуулаад гэртээ очсон. Очихоосоо өмнө дэлгүүрээс 0,75 литрийн архи авсан. Бид нар том өрөөнд орж архиа хувааж уусан ба Болороо хоол хийсэн. Тухайн өдөр би нэлээд согтсон юу болж байсан талаар сайн санахгүй байгаа. Ямартай ч нөгөө хэд хоорондоо маргалдаж, муудалцаад байсныг санаж байна. Нэг мэдэхэд цагдаа нар манай гэрт ирчихсэн байсан ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 43-45 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02/0235 дугаартай “... С.Батцэнгэлийн биед духны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй эдгэрэх боломжтой. Учирсан гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинээр илэрсэн зүйлгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 125 дугаар байрны 08 тоотод С.Батцэнгэлийн толгойн тус газар заазуураар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.Эын үйлдлийн улмаас хохирогч С.Батцэнгэлийн эрүүл мэндэд духны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02/0235 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Д.Э нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч “...согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна...тэр хэд л хоорондоо маргаад бужигнаад байх үед хэн С.Батцэнгэлийн толгойг заазуурдсаныг мэдэхгүй байна...”, түүний өмгөөлөгчөөс “...хохирогчийн толгойг хэн заазуураар гэмтэл учруулсан болохыг нарийн шалгах шаардлагатай байх тул хэргийг буцаах нь зүйтэй...” гэсэн агуулга бүхий мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлжээ.
Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй гэж ойлгоно.
Мөрдөгч, прокурор хэргийн бодит үнэнг тогтоохын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж, ингэхдээ яллах болон цагаатгах нөхцөл байдлыг нэгэн адил тогтоох арга хэмжээг авч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж шалгах үүрэгтэй бөгөөд эдгээр байдлын талаарх талуудын мэтгэлцээнд тулгуурлан шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоодог.
Хэрэгт авагдсан хохирогч С.Батцэнгэл, гэрч Ж.Алтангэрэл, Д.Эрдэнэболор нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй, хохирогч, шүүгдэгч, гэрч нар нь бие биеэ дэмжсэн, хамтран архидан согтуурдаг, хэдийгээр хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан ч хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байдал, хохирогч гэрч нарын мэдүүлгийг хооронд нь харьцуулан хэрэгт авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч С.Батцэнгэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Д.Эт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт түүний хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ДШМ/31 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгожээ.
Шүүгдэгч Д.Э нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил, 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ХМШЗ/119 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, 2 жил, 2 сар, 11 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 07 дугаар 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай гэмт хэрэг үйлдсэн ба Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ХМШЗ/119 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоосон 2 жил, 2 сар, 11 хоногийн хяналтын хугацаанаас түүний ял эдэлсэн 234 хоногийг хасаж, 1 жил, 6 сар, 22 хоногийн хяналтын хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Эт Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сар 22 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ял дээр нэмж, нийт эдлэх ялыг 1 жил, 9 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 1 жил, 9 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Даваасүрэнгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Эт Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сар 22 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 3 сарын хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 9 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 1 жил, 9 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА