Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдбаярын Эт холбогдох эрүүгийн 2019002470137 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Бөөний бараа бааз гудамж, 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

        Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

         Боржигон овогт Болдбаярын Э

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч Б.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 307 дугаар байрны гадаа 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Н.Отгонжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой хэсэгт нь гараараа 1-2 удаа, төмрөөр 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь байцаагдаж байхдаа бүгдийг нь хэлсэн гэв   ...” гэв.

          Хохирогч Н.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ... Э дуудахаар нь очиход намайг түлхэж унагаад би босох гэтэл Угтахбаяр нь миний араас татаж унагаад байсан. Тэгээд намайг шалан дээр хэвтэж байхад Э “бид нар хүнтэй нэгээрээ үздэггүй дандаа нийлж зоддог” гэж орилж байсан ... 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ... машинд суугаад хөдлөөд явж байгаад Ананд, Төрболд бид 3 машины арын суудал дээр унтаад өгсөн. Тэгээд сэрээд хартал бөөн зодоон болсон Шижирбилэг, Баярболдын машины зүүн талд ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь очоод босгох гээд доошоо суутал миний араас нэг юмаар цохих шиг болоод би ухаан алдсан ... Миний биед үүссэн зүүн хөхлөг сэртэнгийн хугарал, тархины эдийн няцрал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүдийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Тухайн үед би ухаан алдатлаа архи уусан байсан, юу ч санахгүй байна ...“ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 106-108, 126-127 дугаар хуудас/,

         Насанд хүрээгүй гэрч А.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 09 дүгээр 13-ны өдөр ... Баярболдын гэр рүү ороход Отгонжаргал нь Этай “нэгийн эсрэг нэг зодолдоод дахиад тийм зүйл байхгүй” гээд зодолдсон. Тэр үед Э руу Отгонжаргал давхар хамах гээд тонгойгоод ороод ирэхээр нь Э арагш нь түлхэж унагаад дээр нь гараад зүүн хавирга хэсэгт нь 1-2 удаа баруун гараараа цохихоор нь би “одоо боль” гээд салгаад босготол Отгонжаргал ариун цэврийн өрөө ороод гар, нүүрээ угаагаад гарч ирээд, Этай муудаад дээр доороо ороод байхаар нь би салгаад байж байтал Отгонжаргал нь “маргааш уулзъя“ гэсэн ...“ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 95-97 дугаар хуудас/,

          Гэрч Э.Төрболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... босоод хартал Отгонжаргал цусандаа холилдсон хэвтэж байсан ...“ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 101-103 дугаар хуудас/,

          Гэрч У.Анандын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... хүмүүс орилоод байхаар нь гараад харахад манай найз Отгонжаргал нэг хүнд зодуулж байхаар нь би салгаад Отгонжаргалыг Баярболдын гэр рүү оруулсан.  ...“ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 109-110 дугаар хуудас/,

          Гэрч Б.Баярболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 12-ны орой Отгонжаргал, Сосорбаяр нар Номин худалдааны төвийн баруун талд байрлах 2 давхар саарал өнгийн нийтийн байрны 6 тоот болох манай гэрт архи уугаад байж байхад Э гаднаас орж ирээд Отгонжаргалд хандаж “одоо учраа олчихъё” гэж хэлээд Угтахбаярын хамт орж ирсэн. Тэгэхээр нь би “гэрт битгий зодолдоод бай, гарч зодолд” гэхэд тэр 2 гараад явсан. Тэгээд Э, Отгонжаргал нар байрны 2 давхарын коридорт зодолдсон. Э Отгонжаргалтай зууралдаж байгаад Отгонжаргалыг газар унагаад дээрээс нь 2 удаа мөргөөд дараад суучихсан байхаар нь Отгонжаргал “намайг босгочих, намайг босгох юм бол би чамайг ална, эрүүлдээ учраа олъё” гэхэд Э босгоод тэр хэд салаад тараад явсан ... 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сосорбаяр, Шижирбилэг, Отгонжаргал, Төрболд нар нөгөө хүүхдүүдтэй муудаж байгаад манай нийтийн байрны баруун талын нарийн гудамж руу ороод явахаар нь би “больцгоо” гэж хэлээд машин руугаа явж байгаад эргээд харахад Отгонжаргал, Шижирбилэг, Төрболд, Сосорбаяр 4 газар хэвтэж байсан ба Угтахбаяр гартаа тоосго барьчихсан над руу явж байхаар нь би машиндаа суугаад шууд хөдөлсөн   ...“ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 122-123 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ... би Мөнхөөжий гэх найзтайгаа Номин худалдааны төвийн баруун талд байрлах 2 давхар саарал өнгийн нийтийн байранд байдаг Батболд найзаасаа шивээсний машин авах гэж очоод нийтийн байрны 2 давхарт гартал Отгоо гэдэг ах Мөнхөөжий бид хоёрыг “нааш ир 2 пизда минь” гээд дайраад байхаар нь би найз Мөнхөөжийтэй хамт Отгоо ахыг аваад байшингаас гараад Мөнхөөжий Отгоо ахыг давхар хамж унагаад цохих гэж байгаад Баавай ахыг хараад цохилгүй болихоор нь би цагдаа дуудаад цагдаатай хамт 2 давхар руу Баярболд ахын гэр рүү ороход Мөнхөөжий, Ёолк, Батболд гурвыг Отгоо ах болон шар малгайтай ах хоёр шүүгээнийхээ урд зогсоогоод томроод байсан. Тэгээд цагдаа нар “одоо унтаж амарцгаа” гэж хэлээд явсны дараа Отгоо ах гарч ирээд “лаларууд минь, Дорноговийн цагдаа нар чинь надад юм болохгүй ш дээ, Дорноговь миний өөдөөс ингэж дуугардаг болсон юм уу” гэж орилж байх хооронд би найз Угтахбаярыг дуудаад ирэхээр нь би “та хэд одоо гараад ир” гэж дуудтал Баярболд ах, шар малгайтай ах зүүн гартаа жижиг хутга барьчихсан гарч ирээд над руу дайраад байхаар нь Баярболд ах шар малгайтай ахыг хорьж байснаа болиход шар малгайтай ах хутгаа бариад дайраад ирэхээр нь би газраас тоосго аваад шидтэл нүүрнийх нь зүүн талд онох шиг болоход шар малгайтай ах газар унахаар нь очоод баруун хөлөөрөө нүүрнийх нь зүүн тал руу нэг удаа өшиглөсөн. Угтахбаяр хутгыг нь аваарай гэж хэлээд зүүн гар дээр нь гишгэж байгаад хутгыг нь аваад босгоод гэр рүү нь оруулах гээд түшээд явж байтал шар малгайтай ах томроод байхаар нь би 3-4 удаа баруун гараараа нүүрнийх нь зүүн хэсэг рүү цохисон. Тэгээд Угтахбаяр бид 2 явах гэж байтал Отгоо ах 2 давхарын цонхон дээр гарч ирээд баруун гартаа хутга бариад юмаар ороогоод “та муу хоёрыг алсан байхад нэхээд ирэх хүн байхгүй шүү, нэг нэгээр чинь алнаа” гээд томроод байхаар нь Баярболд ахын гэр рүү Мөнхөөжий бид хоёр орох гэтэл цоожтой байхаар нь Ариука гэдэг хүүхдийн гэр рүү ороод тогооных нь залгуурыг аваад гартал Отгоо ах хаалгаа нээгээд “ороод ир, муу бацаан минь” гэхээр нь би “хутгаа хаячих, би тогооны залгуураа хаячихъя” гэж хэлээд хүлээгээд байж байтал Баавай ах гарч ирээд “ороод ир ахын  дүү” гэж хэлэхээр нь би залгуураа хаяад Угтахбаяр, Ёолк, Батболд бид 4 ороход Отгоо ах “хоёулаа нэглэх үү” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд 2 давхарын коридор руу гарахад миний хөл рүү дайраад байхаар нь давхар хамж газар унагаад нүүрэн тус газарт 2-3 удаа баруун гараараа цохитол Отгонжаргал ах “ахыгаа босгочих” гэхээр нь босготол дахиад дайраад байхаар нь дахиж давхар хамж унагаад дээрээс нь цохих гэтэл Отгонжаргал ах миний нүүрний зүүн тал руу 2-3 удаа цохихоор нь би баруун гараа зангидаж байгаад 2-3 удаа нүүрэн тус газар нь цохисон ...  ... 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 07-08 цагийн үед Шижирбилэг, Сосорбаяр, Баярболд, Отгонжаргал нар бид нарыг унтаж байхад ирж зодсон. Бид нарыг зодчихоод явсны дараа 12 цагийн үед Баярболдын гэрт нь Угтахбаяр, Батболд нарын хамт ороод гэрийнх нь эд хогшил, тавилгуудыг эвдсэн. Тэгээд бид нар Баярболдын гэрийнх нь юмнуудыг эвдчихээд гадаа нь буцаж ирэхийг хүлээгээд байж байтал ойролцоогоор 13 цагийн үед Шижирбилэг, Сосорбаяр, Баярболд, Отгонжаргал нар ирэхээр нь зодолдсон. Би тухайн үед Шижирбилэгийг Угтахбаярын хамт, Отгонжаргалыг ганцаараа зодож гэмтэл учруулсан ...“ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 78-80, 112-113, 120-121, 2 дугаар хавтасны 1 дүгээр хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаартай “... Н.Отгонжаргалын биед зүүн чамархай ясны хөхлөг сэртэн, чулуулаг хэсгийн хугарал, зүүн дунд чихний хөндийд цус хуралт, зүүн чамархайн тархины эдийн няцрал, цус хуралт, хатуу хальсан доор цусан хураа, зүүн чамархай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн чамархай ясны хөхлөг сэртэн, чулуулаг хэсгийн хугарал, зүүн чамархайн тархины эдийн няцрал, цус хуралт, хатуу хальсан доор цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Ирүүлсэн материалд чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, сонсголын бичлэг байхгүй тул зүүн чих сонсголгүй болсон эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтасны 227-228 дугаар хуудас/,

          Хохирогч Н.Отгонжаргалын өвчний түүх /1 дүгээр хавтасны 200-215 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтасны 19 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

     Шүүгдэгч Б.Э нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 307 дугаар байрны гадаа 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Н.Отгонжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгой хэсэгт нь гараараа 1-2 удаа, төмрөөр 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүнд хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Б.Эын үйлдлийн улмаас хохирогч Н.Отгонжаргалын эрүүл мэндэд зүүн чамархай ясны хөхлөг сэртэн, чулуулаг хэсгийн хугарал, зүүн дунд чихний хөндийд цус хуралт, зүүн чамархайн тархины эдийн няцрал, цус хуралт, хатуу хальсан доор цусан хураа, зүүн чамархай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч Б.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Н.Отгонжаргал нь эмчилгээний зардалд 1,290,000 төгрөгийг авсан, гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Гэмт хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч Б.Этай хамт байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон Б.Баярболд, Т.Сосорбаяр, А.Угтахбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон Н.Отгонжаргал, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогдсон Б.Батболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон М.Шижирбилэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогдсон Б.Э нарт холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон байна.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Б.Эт ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 2 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө  буюу 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Н.Отгонжаргал, түүний өмгөөлөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...яллагдагч Б.Эаас хэрэгт авагдсан баримтаар хохирол төлбөр болох 1,290,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн ба хохирогчийн хувьд тархи толгойндоо хүнд гэмтэл авсан, байнгын эмийн эмчилгээтэй, эмчийн хяналтад байгаа тул шийтгэх тогтоолд хохирогчийн цаашид гарах хохирол төлбөр болох эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэснийг хангаж, цаашид гарах эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Болдбаярын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 2 жил хорих ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай. 

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Отгонжаргал нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

                           

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА