Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00674 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газарт холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Д.Оюунгэрэл нь 2002 оноос хойш зам талбайн 1-р хэсэгт үйлчлэгчийн ажлыг 15 жил тасралтгүй хийж байна. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 12-нд Б.Оюунбаяр ажлаа авсан. Би 2016 оны 10 дугаар сард их цас орсон үеэр Номин телевизэд ирж ярилцлага авсан. Тэгээд бид нар байгаа байдлаа үнэ зөвөөр нь ярьсан. Энэ үеэс эхлэн биднийг хүний нэр хүнд унагасан, худлаа ярилцлага өгсөн гэж дарамтлах болсон. Ингээд би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/01 тоот тушаалаар намайг ажлаас халсан. Би энэ тушаалыг эс зөвшөөрч ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд өргөдөл гаргаж байна, мөн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Оюунгэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13 цагаас 16 цаг 25 минут хүртэл ажлын байранд согтуугаар ирж ажил хийж байгаа хүмүүстэй маргалдаж, бусдыг хэл амаар доромжлон амгалан тайван байдлыг алдагдуулсан тул аргаа бараад цагдаа дуудаж өгсөн байна. Цагдаа авч яваад замдаа гэртээ харь гэж явуулсан байна. Д.Оюунгэрэл нь утсаар цагдаа гаргаад явуулсан та нар яах гэсэн юм гэж дахин хэл амаар доромжлож дарамталсан байна. Оюунгэрэл нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа урьд өмнө нь удаа дараа архидан согтуурч байсан талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Д.Оюунгэрэлийг архи уусан талаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Зам талбайн 1-р хэсгийн ажилчдын хурлаар, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын ёс зүйн хороогоор хэлэлцээд архи уусан ажлын байранд танхайрсан нь тогтоогдсон тул ажлаас халах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.4., 131-р зүйлийн 131.1.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14-р зүйлийн 14.3, 14.3.1.4, 14.3.1.5, 14.4.12, 14.3.1.4 /бусдын амгалан тайван байдал алдагдуулсан...../, 14.3.1.5 /Төрийн албан хаагчийн ёс зүйн доголдол гаргасан/, ажлаас шууд халах үндэслэл нь 14.4.12 /ажлын байранд ажлын цагаар архидан согтуурсан/ заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.7-д ажилтай ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул ажлаас халсан.

Д.Оюунгэрэл нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалтайгаа танилцснаас хойш ямар нэг гомдол маргаан гаргаагүй байж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд годол гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-д ажилтай ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсний дагуу гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна. Иймд Д.Оюунгэрэлийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00674 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл давж заалдсан гомдолдоо:

Д.Оюунгэрэл миний бие Хот тохижуулах газар 2002 оноос хойш зам талбайн үйлчлэгийн ажлыг 15 жил тасралтгүй хийсэн. 2016 оны 10-р сард их цас орсон үеэр Номин телевиз манай ажил дээр ирж ярилцлага авсан. Бид нар байгаа байдлаа үнэн зөвөөр нь ярьсан. Энэ үеэс эхлэн нэр хүнд унагасан, худлаа ярилцлага өгсөн гэж байгууллагын зүгээс дарамтлах болсон. Удалгүй шинэ жил болж манай ажлынхан ажил дээрээ вино хувааж уусан. Гэтэл байгууллагын зүгээс Д.Оюунгэрэл нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа урьд өмнө нь удаа дараа архидан согтуурч ажлын байранд танхайрсан гэсэн үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан.

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131-р зүйлийн 131.1.1, байгууллагын дотооджурмын 14-р зүйлийн 14.3, 14.3.1.4, 14.3.1.5, 14.4.12, 14.3.1.4 заалтуудыг тус тус үндэслэсэн байсан.

Энэхүү тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 буюу сануулах арга хэмжээ авах тухай заалтыг үндэслэсэн байтлаа халах арга хэмжээ авсан.

2016 оны 12-р сарын 30-ны өдөр манай хамт олон нэг шил вино хувааж уусан үүнийг хамт ажилладаг 2 хүн анхан шатны шүүх хуралд гэрчилсэн гэтэл намайг удаа дараа архидан согтуурсан гэж гүтгэсэн. Би энэ байгууллагад 15 жил ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй харин ч байгууллагын зүгээс удаа дараа шагнуулж байсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйүлийн 129.2 /ажилтан буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гаргана/ гэсэн заалтыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндсэгүй байна, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, энэхүү байдлаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа шүүхэд тодорхой тайлбарлаж нотлох баримтаа гаргаж өгсөн байсан.

Ажлаас халах тушаалыг гардаж авсанаас хойш Б.Оюунбаяр даргатай уулзаж ажилд эргүүлэн авах талаар ярилцаж байсан. Б.Оюунбаяр дарга таныг буцааж авна та харин хамт халагдсан хүмүүстэй нийлж шүүхдэж болохгүй шүү гэж сануулж байсан. Ажлаас халагдсанаас хойш буюу 1 сар 2 хоногийн дараа Б.Оюунбаяр дарга намайг хот тохижуулах газарт ажилладаг 398000 төгрөгийг цалинтай нь үнэн гэсэн тодорхойлолтыгХААН банкинд гаргажөгч байсан. Үүнийг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Гэхдээ эхлээд хуулбар хувь, дараа нь эх хувийг нь өгсөн байсан. Шүүгч хуулбар хувийг хараад энэ баримт эх хувиараа хэрэгт авагдаагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй ггэж тайлбарласан. Хавтаст хэргийн 66-р хуудсанд эх хувиараа дээрх баримт байсан. Тушаал гарснаас хойш Б.Оюунбаяр дарга ажилд чинь эргуүлж авна гэж удаа дараа хэлж халагдаснаас хойш ХААН банкинд цалингийн тодорхойлолтыг хүртэл хийж өгч байхад би итгэсээр явсан. Үүнээс хойш сар гарангийн дараа миний хань гэнэт өвдөж өвчний улмаас нас барсан. Энэ тухай баримтыг ч шүүхэд өгсөн. /XX 56-р хуудас/. Дээрх нөхцөл байдал ар гэрийн шалтгааны улмаас шүүхэд хандах, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Иймээс дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан нэхэмжлэгч миний шүүхэд хандах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл Орхон аймгийн Хот тохижуулах газрын зам талбайн 1 дүгээр хэсэгт үйлчлэгчээр 2002 оноос эхлэн ажиллаж байгаад Хот тохижуулах газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.1 байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3, 14.3.1.4, 14.3.1.5, 14.4.12 зүйлд зааснаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, төрийн албан хаагчийн ёс зүйн доголдол гаргасан, ажлын байранд ажлын цагаар архидан согтуурсан зөрчил гаргасан үндэслэлээр зам талбайн 1 дүгээр хэсгийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлын байранд согтуугаар ирж хүмүүстэй маргалдаж хэл амаар доромжилж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн гаргасан зөрчил нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар хориглосон заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон ажил олгогчийн санаачилгаар Д.Оюунгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00674 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ