Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 211

 

                                                       

 

 

 

 

 

                                                       

М.Бт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ш.Насанжаргал,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдлоор М.Бт холбогдох эрүүгийн 201625022808 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бумбат овогт Мягмаржавын Б, 1968 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто слесарь мэргэжилтэй, “Далх Алгинчи” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

М.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Шинэ дэлхий” цамхагийн хойд талд байрлах “MGM” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 18 давхар байрлагын 17 давхарт ажиллаж байхдаа 18-19 цагийн орчимд хамт ажиллаж байсан Н.Птэй “хөөсөнцөр хурдан өрсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг агааржуулалтын хоолой гаргах зориулалт бүхий нүх рүү түлхэн унагаж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Мягмаржавын Быг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай аниийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Бумбат овогт Мягмаржавын Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Быг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын урьд цагдан хоригдсон 365 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөөсөнцөр хавтан 4 хэсэг, шар өнгийн гутал 1 хос, бор өнгийн хос оймс, хөх өнгийн хос оймс, бор оймс хос, хар өнгийн судалтай ноосон өмд 1 ширхэг, ногоон өнгийн зузаан өмд 1 ширхэг, шаргал өнгийн өмд 1 ширхэг, эрэгтэй хүний майк 1 ширхэг, хөх өнгийн гурвалжин захтай цамц 1 ширхэг, хар өнгийн фудволк нэг ширхэг, юүдэнтэй цамц 1 ширхэг, хөх өнгийн урдаа цахилгаантай куртик 1 ширхэг, цайвар шаргал өнгийн куртик 1 ширхэг, ногоон өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, CD 18 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дустал хэргийн хамт хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие талийгаач Н.Птэй үл ялих шалтгаанаар маргаж өөрийн биеэс гарыг нь холдуулж түлхсэн гэх шалтгаанаар хүн амины хэрэгт буруутгагдаж байгаадаа гомдолтой байна. Талийгаачийн гарыг холдуулж түлхэх үед тэр газраа зогсож үлдсэн, нүх рүү унах бололцоо байгаагүй бөгөөд уг нүх тухайн газраас 6-7 метр зайд байсан ба уг нүх нь ойролцоогоор 1 метр урт, 50 см өргөн байдаг ба энэ нүхээр хүн унах боломжгүй. Үүнийг мөрдөн байцаалтын явцад прокурор, байцаагч болон шинжээчийн багтай хамтарч туршилт хийхэд тухайн биет нь 1-2 давхар хүртэл яваад хажуу тийшээ шидэгдэж байсан бөгөөд уг нүхийг 17 давхраас шууд 8 давхар хүртэл унах боломжгүй гэж ярилцаж байсан. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөгүй, боолтны ул мөр байхгүй гэж хэрэгт авагдсан байсан. Байцаагч болон прокурор нар нь хохирогчийг яг хэдэн давхраас унасан болох мөн нүхний ойр хавьд үзлэг хийхэд гутлын мөр болон ноцолдсон гэх ул мөр байхгүй. Миний бие уг хэргийг хийгээгүй тул хохирлын мөнгө төлөх шаардлагагүй байхад миний ажиллаж байсан “Далх А     лгинчи” ХХК нь надад мэдэгдэхгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр төлсөн байдаг. Уг төлбөрийг төлсний улмаас анхан шатны шүүх намайг гэм буруутай гэж үзэж байна. Өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ надаас “санамсаргүй гэдэг зүйлчлэлээр оруулж үзэх үү” гэхэд би “хийгээгүй хэргээ хүлээж худал мэдүүлэг өгөхгүй” гэсэн. Түүнээс хойш хоёр хоногийн дараа Б.Гантөмөр өмгөөлөгчийг дагуулж ирж дээрх асуудлыг дахин ярилцсан боловч би өөрийн мэдүүлгээсээ буцахгүй гэж хэлээд явахдаа бид хоёр шүүх хуралд хамт оролцоно гээд явсан.

Миний бие анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял авснаа эсэргүүцэж гомдол гаргах тухайгаа өмгөөлөгч Б.Гантөмөрт хэлэхэд “чамтай гэрээ хийхгүй, “Далх Алгинчи” ХХК-ийн захирал болох О.Батчулуунтай гэрээ хийсэн. Тийм болохоор өөр өмгөөлөгч авч ор” гэсэн учир битүүлэг зүйл ярьж явсан. Иймд миний бие өмгөөлөгч “Далх Алгинчи” ХХК хоёр ямар гэрээ хийсэн болохыг мэдэхгүй байна. Миний энэ хэргийг шалгаж өгч үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах тайлбаргүй...” гэв.

 

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Бын хувьд энэ хэрэгт холбогдолгүй гэж харагдаж байна. М.Бын ажиллаж байсан компани хөдөлмөр хамгааллын хууль, дүрмийг мөрдөж ажиллаагүйгээс хэргийн жинхэнэ холбогдогч энэ хэргийн эзэн биш гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Хамгийн гол нь жинхэнэ гэм буруутай хүнийг олж чадсангүй гэж үзэж байна. Яагаад гэвэл компани агааржуулалтын хоолойг тухайн үед давхар, давхартаа хамгаалалт хийж байсан бол ийм хэрэг гарах байсан уу, хүний амь нас хохирох байсан уу гэдэгт шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх байх. Тийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

Прокурор Ш.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч уг хэргийг хийгээгүй гэсэн гомдол гаргасан байсан. М.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл М.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Шинэ дэлхий” цамхагийн хойд талд байрлах “MGM” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 18 давхар барилгын 17 давхарт ажиллаж байхдаа амь хохирогч Н.Птэй маргалдаж, улмаар түүнийг түлхсэний улмаас амь хохирогч агааржуулалтын хоолой гаргах зориулалтын нүх рүү унаж амь нас нь хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн үед авсан гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн удаа, дараагийн мэдүүлэг, эхний удаа энэ хэрэгт гэрчээр байцаахад “энэ асуудлыг огт мэдэхгүй” гэсэн байр сууринаас хандсан. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9 цаг 30 минутад М.Баас гэрчээр байцаалт авсан. Дараа нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө ““Далх Алгинчи” ХХК-ийн захирал болон бригадын дарга Батчулуун, Батбаяр, ажилтан Содбаатар нар агааржуулалтын хоолойн дээр бариад зогсож байсан” гэсэн мэдүүлгийг өгдөг. Гэтэл энэ хооронд тухайн компанийн бүх ажилчдыг цуглуулж байцаалт авч байсан болох нь харагддаг. Нийт 29 хүнээс тухайн үед байцаалт авсан байдаг. 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Б байцаалтад ирээгүй. Түүнийг яагаад ирээгүй талаар асуухад М.Б нь цагдаа дээр очно гэж гараад архи уусан болох нь тогтоогдоод, үүний дагуу цагдаагийн ажилтнууд М.Быг олж авчирсан. Түүнийг олж авч ирэхэд согтуу байсан. 20 цаг 55 минутад байцаалт авахад “би худал мэдүүлэг өгсөн Батчулуун, Батбаяр, Содбаатар нарын талаар худал мэдүүлэг өгсөн. Би түлхсэн” гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Бын үйлдсэн хэрэг нь бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна. Ийм учраас М.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Шүүгдэгч М.Бт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

1. Прокуророос зөвхөн М.Бт холбогдуулж, түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Шинэ дэлхий” цамхагийн хойд талд байрлах “MGM” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 18 давхар байрлагын 17 давхарт ажиллаж байхдаа 18-19 цагийн орчимд хамт ажиллаж байсан Н.Птэй “хөөсөнцөр хурдан өрсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг агааржуулалтын хоолой гаргах зориулалт бүхий нүх рүү түлхэн унагаж алсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч М.Баас гадна Н.Пг алсан гэмт хэрэгт холбогдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар  Ш.Содбаатар, Л.Батбаяр, О.Батчулуун, М.Быг сэжигтэн, яллагдагчаар татаж, тэднээс мэдүүлэг авсан байна. /2-р хх-ийн 34, 35-37, 38, 39-41, 44, 45-48, 49, 61-64, 138, 178/

 

Түүнчлэн барилга барих аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөний улмаас Н.Пгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулж, Х.Фарида, Д.Мягмардоржийг сэжигтэн, яллагдагчаар татаж, тэднээс мэдүүлэг авсан болох нь сэжигтэн, яллагдагчаар татах тухай тогтоол, мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.  /2-р хх-ийн 51, 52-5354, 55-56, 57, 58-59/

 

Гэтэл хавтаст хэрэгт дээр дурдсан нэр бүхий хүмүүсийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокуророос хэргийг хянахдаа хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт алга.

 

Прокурор Ш.Насанжаргал тус шүүх хуралдаанд “...сэжигтэн, яллагдагч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэж мөрдөгдсөнтэй холбоотойгоор өмнөх хууль хүчингүй болсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ажиллагаа явагдаагүй учраас автоматаар хүчингүй болсон...” гэсэн тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36 дахь заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” ойлгоно гэж хуулийн нэр томьёоны тодорхойлолтын утгыг тайлбарлажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох” гэж прокурорын бүрэн эрхийг, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.3 дахь заалтад “хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх”, 1.5 дахь заалтад “Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх” 1.7 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх”-ийг мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих үүргийг тодруулан хуульчилсан байна.

 

Түүнчлэн мөрдөн байцаалт явуулсан хэргийг прокурор хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий хүмүүсийг уг хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан атлаа тэдний хэргийг нэг мөр шийдвэрлэлгүй орхигдуулсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.

 

Үүнээс гадна энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэхгүй юм.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Хавтаст хэрэгт шүүгдэгч М.Бын “...тэгтэл талийгаач Н.П хойшоо саваад салхивчны нүх рүү уначих шиг болсон. ...Би санаандгүй түлхсэн.” /2-р хх-ийн 49-50/, “...намайг талийгаач Н.Пг түлхэхэд салхивчны нүх 2-3 алхамын зайтай байсан ба би түлхээд эргээд хартал талийгаач харагдахгүй болохоор нь би хайтал салхивчны нүхэн дээр байсан хөөс хөдөлсөн байсан...” /2-р хх-ийн 61-62/, гэрчээр “...Тэгээд намайг доошоо бууж явахад дарга Батчулуун, Содбаатар, Батбаяр, П нар 9 давхарт байсан. Талгийгаач Пгийн хөлнөөс дарга Батчулуун, Батбаяр нар барьчихсан салхивчны хоолойны тэнд толгойгоор нь унжуулчихсан Содбаатар нь наана нь зогсож байгаа харагдсан.Тэгээд би “яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Батчулуун намайг “чимээгүй бай” гэж хэлэхээр би хувцасаа солих гээд шатаар доошоо буусан...” /2-р хх-ийн 99-100/, гэрч Я.Мэндбаярын “...уг хүний толгой нь доошоо харсан, толгойноос нь цус нилээд гарсан байдалтай уг хүний хөлнөөс ажилчид нь шуудайгаар оосорлосон байсан...” /2-р хх-ийн 181-182/, гэрч С.Бямбацогтын “...уг хүний байсан хэсгийн доогуур залгаасаар нь салгаж байгаад нөгөө цогцосыг толгойгоор нь доош нь гулгуулж авсан юм...” /2-р хх-ийн 183-184/, гэрч О.Батчулууны “...Тэгээд таслагч гаднаас оруулж ирээд Г хэлбэртэй зүсээд харсан чинь талийгаач П толгой нь доошоо, хоёр хөл нь дээш харсан байдалтай байсан...” /1-р хх-ийн 140/, шинжээчийн “...гэмтүүд нь өндрөөс толгойн зулай  хэсгээр унах үед үүсгэгджээ.”, “...хавтаст хэрэгт талийгаач ямар байдалтай унасан /доошоо харсан, дээшээ харсан, хөлөөрөө унасан, толгойгоороо унасан гэх мэт/ унахдаа ухаантай, ухаангүй байсан эсэх нь тодорхойгүй байх тул талийлаагч 17 давхараас 8 давхар хүртэл унаж болох эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт, /1-р хх-ийн 150, 2-р хх-ийн 231/, шинжээч эмч С.Оюунчимэгийн “...хүзүүнд үүсэн ором нь амьд ахуйдаа авсан байх боломжтой, өндрөөс толгой, зулай хэсгээр унах үед хүзүүнд байрлалын хувьд ором гэмтэл үүсэх механизм тогтоогдохгүй байгаа. Эрүүний доод талд үүссэн зулгаралт мөн адил амьд ахуйдаа биедээ авсан гэмтэл гэж үзнэ...” /3-р хх-ийн 182-183/, шинжээч эмч Б.Ариунзулын “...эрүүнд үүссэн зулгаралт нь бусад гэмтлүүдтэйгээ нэг цаг хугацаанд үүсэн байж болохоор шинэ гэмтэл байсан. Амьд байхдаа уг гэмтлийг авсан байх боломжтой. ...цохиж зодсоноос болж үүссэн байх боломжтой...” /3-р хх-ийн 185-187/ зэрэг нотлох баримт авагджээ.

Эдгээр нь хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд бөгөөд хоорондоо харилцан зөрүүтэй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг объектив, субъектив шинжүүд хамаардаг.

Иймээс гэмт хэрэгт холбогдсон этгээдийн санаа, зорилго, хандлага, түүний төрлүүдийг үнэн зөв тодорхойлох нь хүнийг санаатай алах, хохирогчийг үхэлд хүргэсэн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүнийг алахаар завдах, хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргүүдээс ялгаж зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

Дээрх байдлыг нэг мөр тодруулах үүднээс шүүгдэгч М.Б талийгаач Н.Пг түлхсэний улмаас эсхүл өөрөө агааржуулалтын хоолой руу хэрхэн яаж унасан, ямар байрлалтай унаснаас толгой доошоо харах, унах үедээ ухаантай, ухаангүй байсан аль нь болох, ухаантай өөрийгөө удирдах чадвартай хүн толгойгоороо доошоо харж хоолой руу унах боломжтой эсэх, яаж унаснаас үл хамааран агааржуулалтын хоолойд амь хохирогчийн толгой доошоо харах боломжтой эсэх гэх мэт байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л арга, хэрэгслийг ашиглан тодруулах шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Бт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч М.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: