Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0341/З |
Дугаар | 586 |
Огноо | 2019-09-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 586
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н Л” ХХК
Хариуцагч: Н З д,
Гуравдагч этгээд: “Н Б Г” ХХК
Гуравдагч этгээд: Б.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/302, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Н Б Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, иргэдийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н Л” ХХК нь 2017 онд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 1-6 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж хэрэгжүүлэх төсөлд шалгарсан тул Нийслэлийн Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/438 дугаар захирамжаараа батламж олгож төсөл хэрэгжүүлэх эрх олгосон.
Энэ төсөлд оролцохын тул манай компани 2017 оны 5 дугаар сарын 17-25-ны хооронд оршин суугчдаас санал асуулга авч, 2017 оны 6 дугаар сарын 05-нд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тухайн байршлын дэвсгэр зураг гаргуулж авах талаар хүсэлт хүргүүлсэн боловч гаргасан дэвсгэр зураг байхгүй учир өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд уг дэвсгэр зураг нь ерөнхий төлөвлөгөөний зураг хийлгэхэд зайлшгүй шаардлагатай учир бид өөрсдөө хийлгэн, улмаар 2017 оны 06 дугаар сарын 05-15-ны өдрийн хооронд ерөнхий төлөвлөгөөний зураг, эскиз зураг зэргээ хийлгэсэн бөгөөд улмаар төсөлд шалгарч 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан учир 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах, мөн эскиз батлуулахаар өөрийн хүсэлтээ эскиз зургийн хамт хүргүүлж, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тухай байршилд хэрэгжихээр төлөвлөсөн “Ган зам” төслийн таницуулга хийлгэж хэвлүүлэн, 2017 оны 06 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд айл өрхүүд, оршин суугчдад зар тарааж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Нарантуул” зочид буудлын хурлын танхимд оршин суугчидтай анхны уулзалт зохион байгуулан, тухайн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн талаархи танилцуулгаа хийж, оршин суугчдын санал сэтгэгдлийг сонсох зэрэг ажлуудыг цаг алдалгүй хийсэн юм.
Гэвч эхнээсээ Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөөгүйгээс, эскиз зураг батлахгүй байснаас сууц өмчлөгчидтэй хоёрлосон болон цаашлаад гуравласан гэрээ хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Учир нь эдгээр нь батлагдахгүй бол айлууд бодит сонголт хийх боломжгүй, манай хийсэн батлагдаагүй зургаар сонголт хийх юм бол эцэстээ сунжирсан маргаан үүсэх магадлал их болох юм. Өөрөөр хэлбэл батлагдаагүй зурган дээр гэрээ хийх юм бол хууль зөрчсөн хэрэг болж, цаашилбал залилан маягийн эрүүгийн хэрэгт ч холбогдож болох талтай юм. Айлуудын сонгосон байрнуудын план, төлөвлөлт дараа нь өөрчлөгдөж хүндрэл үүссэнээр гэрээг өөрчлөх шаардлага гарвал үүнээс үүдэн маргаан үүсэн төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч болзошгүй байсан.
Гэвч бид үүргээ биелүүлж 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 14-ний өдрүүдэд хооронд талбайн инженер-геологийн судалгаа, 2017 оны 07 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд тухайн байрнуудын бодит талбайн хэмжилт, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хурлын танхимд хоёр дахь гурвалсан уулзалт зэрэг ажлуудыг зохион байгуулсаар байсан.
Гэтэл 2017 оны 9 дүгээр сараас эхлэн тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын дэмжлэгтэйгээр “Н Б Г” ХХК гэх компани тухайн байрнуудын оршин суугчидтай уулзан, дахин төлөвлөлтийн ажлыг үймүүлж эхэлсэн ба 2017 оны 10 дугаар сард 4 дүгээр хорооны Засаг дарга, “Н Б Г” ХХК-тай хамтран айлуудаар зар тарааж, гурвалсан уулзалт зохион байгуулсан байдаг.
Улмаар 4 дүгээр хорооны Засаг дарга нь “Н Б Г” ХХК-тай хамтран 30 оршин суугчдыг зохион байгуулалттайгаар автобусаар гэрээс нь авч явж, оршин суугчдын сэтгэл санааг үймүүлэн янз бүрийн юм амлаж, төсөл хэрэгжүүлэхэд саад учруулж байсан боловч бид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны графикчилсан төлөвлөгөөг цахим шуудангаар илгээж, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын тавьсан шаардлагын дагуу өөрчлөн, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичгээр хүргүүлсний зэрэгцээ, 2017 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд манай ажлыг дэмжиж байгаа оршин суугчдын гарын үсгийг цуглуулж авч, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн танхимд гуравдахь гурвалсан уулзалт зохион байгуулсан бөгөөд уг уулзалтанд оршин суугчид нэлээн идэвхитэй оролцож, нийт 60 айлаас 23 айлын төлөөлөл оролцсон. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шаардлагын дагуу графикчилсан төлөвлөгөөг өөрчлөн хүргүүлж, төсөл хэрэгжүүлэх ажиллагаанд хорооны удирдлагын зүгээс дээрх мэтээр саад учруулсаар байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж ажиллах галаар хүсэлт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хийсэн ажлын тайлангаа мөн хүргүүлсэн боловч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гурвалсан уулзалт хийх тухай маш богино хугацаа тогтоож өгсөн тул манай зүгээс Баянгол дүүргийн засаг, захиргаатай ойлголцох, хорооны зүгээс зохион байгуулж байгаа сөрөг сурталчилгааг дарах, хийж буй ажлаа таниулах хугацаа шаардлагатай, хөрөнгө оруулагчидтай уулзах уулзалтуудтай байсан тул уулзалтыг хойшлуулах санал гаргасан боловч хүлээн аваагүй.
Ингээд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 4 дүгээр хорооны Засаг даргын хүсэлтээр, зарим оршин суугчид дэмжих боломжгүй гэсэн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас төсөл хэрэгжүүлэх эрх цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн тул энэ талаар Нийслэлийн удирдлагуудад албан бичгүүд хүргүүлж, нөхцөл байдлыг судлан үзэхийг хүсэж байсны зэрэгцээ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны засаг дарга болон Дүүргийн засаг дарга нартай удаа дараалан уулзах хүсэлтээ илэрхийлсээр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4 дүгээр хорооны засаг дарга дэмжиж байгаагаа албан бичгээр илэрхийлж, ажил жигдрэх байх, манай санал хүсэлтийг Нийслэлийн удирдлагаас шийдвэрлэх байх гэж бодож байтал Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг өгсөн.
Гэхэмжлэгч нь дахин төлөвлөгдөх барилгын төсөл боловсруулахаас эхлээд, боловсруулсан төслийн дагуу оршин суугчидтай 2 болон 3 талт гэрээ байгуулж төлөвлөсөн барилгыг хүлээлгэн өгөх хүртэл, төслийг бүрэн хэрэгжүүлэх эрхийг нэг захирамжаараа авсан болно. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 19.3-т заасан санал, төслийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна”, 19.5.3 дахь заалтад “төсөл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” гэх шаардлагуудыг хангасан гэж үзээд нэхэмжлэгч компанид төсөл хэрэгжүүлэх эрх олгосон атлаа тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байгаа нь хууль бус юм. Төсөл сонгон шалгаруулалтын материал болон нэхэмжлэгчийн оролцсон төсөлд “Төсөл хэрэгжүүлэгч нь 2 талт болон 3 талт гэрээг 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд оршин суугчидтай байгуулахаар төлөвлөсөн байхад энэ хугацаанд гэрээ байгуулах боломж олгоогүй. Оршин суугчдын тухайд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг буюу мөн зүйлийн 22.1.4 дэх заалтад заасан “төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх”, 22.1.5 дахь заалтад заасан “төслийг дэмжээгүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг төсөлд хамруулах талаар санаачлага гаргах, шаардлага тавих үүрэгтэй” гэж тусдаа заасан. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих үйл ажиллагааны журмын 5.6 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь 3 талт гэрээг байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй төслийн аль ч үе шатанд тохиролцох ойлголцох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж зааснаар 2 тал болон 3 талт гэрээг байгуулах эрх нь төсөл хэрэгжүүлэгч болон оршин суугчдын үүрэг байхад зөвхөн нэхэмжлэгчийн үүрэг мэтээр хандаж оршин суугчидтай төлөвлөгөөний дагуу гэрээ байгуулах боломжийг хангахгүйгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид “хороо” гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна”, 22 дугаар зүйлийн 22.1.11 дэх хэсэгт “хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах” гэж заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэтэл хуульд заасан хяналтын хороо байгуулагдаагүй байхад, хяналтын чиг үүргийг буруу хэрэгжүүлсэн байгаа талаар анхаарч үзэлгүй маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэх эрхийг нэгэнт сонгон шалгаруулалтын үндсэн дээр явуулж, Засаг даргын шийдвэрээр эрх олгохоор заасан байхад уг шийдвэрийг оршин суугчдын санаа нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр цуцлах талаарх асуудал нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулагдаагүй байна. Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахад үндэслэл болгон хэрэглэсэн хуулийн зүйл заалт нь энэ эрхийг цуцлах үндэслэл нь биш байгаа юм. Үүнээс гадна төсөл сонгон шалгаруулалтын материалд төсөл хэрэгжүүлэх эрхийг ямар тохиолдолд цуцлах талаар зохицуулаагүй байхад оршин суугчдын санал гомдлыг үндэслэн цуцалсан нь хууль бус байгаа бөгөөд нэхэмжлэгч байгууллагын зүгээс үүнийг итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын А/683 дугаартай захирамжаар “Н Б Г” ХХК-нд дахин төлөвлөгдөх 1-3 дугаар байруудад төсөл хэрэгжүүлэх эрхийг олгосон. А/684 дүгээр захирамжаар 4-6 дугаар байрнуудад төсөл хэрэгжүүлэх эрхийг олгосон утга агуулгын хувьд ижил захирамжууд байгаа. Эдгээр захирамжуудыг хүчингүй болгох хууль зүйн дараах үндэслэлүүд байна. Нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А320 дугаартай маргаан бүхий захирамжийг хуульд нийцээгүй гэж үзээд маргаж байх хугацаанд дээрх 2 захирамж гарсан бөгөөд бидний зүгээс энэ үйлдлийг нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрхи 2 захирамж нь хууль бус захирамжийг үндэслэн гарсан тул тухайн захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгч байгууллагын бүтэн жилийн хөдөлмөрийг үрсэн дахин төлөвлөлтийн айл өрхүүд, хамтран ажиллахаар тохиролцож байсан хөрөнгө оруулагч байгууллагуудад компанийн нэр хүндийг унагаан, ингэснээр компанийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан хууль бус ажиллагаа болсон
Энэ нь манай бүтэн жилийн хөдөлмөрийг үрсэн, дахин төлөвлөлтийн айл өрхүүд, хамтран ажиллахаар харилцан тохиролцож байсан хөрөнгө оруулагч нарт компанийн нэр хүндийг унагасан ингэснээрээ компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон захиргааны хууль бус ажиллагаа болж байгаа тул уг захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан гарсан тайлбартаа: “Н Л” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/438 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 5, 6 дугаар орон сууцны барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, гурван талт гэрээ байгуулах эрх авснаар төсөл хэрэгжүүлэх ажил эхэлсэн.
Төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц хэт удаашралттай, төслийн талбарын сууц өмчлөгчдийн ирүүлсэн гомдлын дагуу манай байгууллагаас ажлыг эрчимжүүлэх үүднээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 08/3040 дугаар “Хамтарсан уулзалт зохион байгуулах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 08/3128 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай”, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08/3276 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08/707 дугаар “Шаардлага хүргүүлэх тухай”, 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 08/3936 дугаар “Хамтарсан уулзалт зохион байгуулах тухай ”, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/4214 дугаар “Шаардлага хүргүүлэх тухай” 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 08/3936 дугаар “Хамтарсан уулзалт зохион байгуулах тухай” журмын дагуу үйл ажиллагаагаа эрчимүүлэх талаар албан бичгүүдийг тухай бүр явуулж анхааруулга, санамжийг өгч ажилласан. Тухай бүрт нэхэмжлэгч компани нь ямар нэг санал санаачлага гаргадаггүй ба албан шаардлагад албан бичгээр хариу өгдөг. Тухайлбал 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 017/024 дугаар “Шаардлагын хариу хүргүүлэх тухай”, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 017/027 дугаар “Шаардлагын хариу хүргүүлэх тухай”, 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 017/032 дугаар “Хамтарсан уулзалт хойшлуулах тухай” гэх зэрэг бичгүүд ирүүлж байсан.
Улмаар иргэд дараа дараагийн гомдол санал өргөдөл ирүүлсэнийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжаар “Н Л” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэрийг гаргасан. Дээрх захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.7-т заасан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 заалтуудтай нийцэж байгаа тул холбогдох хууль, дүрэм, журамыг зөрчөөгүй болно.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд “Н Л” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан болохоор тухайн маргаан бүхий барилгууд нь ашиглалтын журам хангахгүй, хүн амьдрах боломжгүй болохоор хоног хугацаа алдахгүйн үүднээс шинэ төсөл хэрэгжүүлэгчийг сонгох шаардлагатай болсон. Үүний дагуу “Н б” ХХК-ийг хууль дурэм журамд нийцүүлэн шалгаруулсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд “Н Л” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн газарт төсөл хэрэгжүүлэхээр өмнө нь 2 компани байсан. Эхний компани нь шалгарсан боловч ямар ч ажил хийгээгүй болохоор эрхийг нь цуцлаад дахин нэг байгууллагад төсөл хэрэгжүүлэх эрх олгосон. Хоёр дахь компани нь дахиад л ямар нэгэн нүдэнд харагдах ажил хийхгүй байсан болохоор иргэдийн зүгээс гомдол гаргаж, тухайн байгууллагын эрхийг цуцлуулсан. “Н Л” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулах хуралд би өөрийн биеэр оролцоод ажиглахад туршлагын хувьд маш муу компани байсан. Тухайн үед сонгон шалгаруулалтанд ганцхан компани оролцсон. Иргэдийн зүгээс “Н Л” ХХК-ийг таруухан компани байна, сонгон шалгаруулалтыг дахин зарлах боломжтой юу гээд санал өгөхөд иргэдийн санал 30 орчим хувьтай байсан болохоор 61 оноогоор тухайн байгууллага шалгарсан. Нэгэнт энэ байгууллага шалгарч байгаа юм бол бид танай байгууллагыг дэмжин ажиллана гэдгээ тухайн байгууллагын захиралд хэлсэн. “Н Л” ХХК-ийн зүгээс 2 удаа иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулсан хэдий ч тухайн уулзалтууд төдийлөн иргэдийн сэтгэлд хүрээгүй, тодорхой бус уулзалтууд байсан. Иргэдийн хувьд өөр компани сонгон шалгаруулахад хугацаа их орно, аль болох энэ байгууллагыг дэмжээд явъя гэж бодоод 3 дах удаагийн уулзалтанд нилээн олон айл өрхүүдийн төлөөлөлүүд цуглаад байж байтал “Н Л” ХХК-ийн захирал болон ажилчид өөрсдөө ирээгүй. Тухайн уулзалтанд нэхэмжлэгч талын хүмүүс өөрсдөө ирээгүй болохоор иргэдийн хувьд тэдэнд итгэх итгэлээ алдаж, зохих байгууллагад нь хүсэлтээ уламжилсан. Бидний гаргасан хүсэлтийн дагуу зохих байгууллага нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд тухайн газар өөрийн биеэр амьдардаггүй бол байж болох шаардлага хэдий ч, өөрийн биеэр амьдраад үр хүүхдүүд аюултай хортой орчинд амьдарч байгаа бидний хувьд байж боломжгүй шаардлага санагдаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Н Б Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 1-6 дугаар байрны дахин төлөвлөлтийн төсөлд “Н Б Г” ХХК нь хуулийн хүрээнд оролцож шалгарсан.
Дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсанаас хойш “Н Б Г” ХХК Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 1-6 дугаар байрны нийт 28 оршин суугчтай гэрээ хийн, 14 оршин суугчийн орон сууцыг худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлэн нийт 42 айлтай гэрээ байгуулан, нийт оршин суугчдын 70 хувьтай гэрээ байгуулж төслийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Гэрээ хийгдээгүй үлдсэн оршин суугчидтэай гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
“Н Б Г” ХХК-ийн шалгарсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, 1-6 дугаар байрны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй байх нь тус байранд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч талаас төсөл хэрэгжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд “Н б” ХХК нь саад учруулсан, иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн учир гэрээ байгуулахад хүндрэлтэй байсан, тухайн төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Нийслэлийн Засаг даргын зүгээс оршин суугчидтайгаа гэрээ байгуул, төслийн ажлаа эхлүүл гэсэн агуулга бүхий 3-4 удаа албан шаардлага хүргүүлж байсан байдаг. Хамгийн сүүлд нэхэмжлэгч байгууллагад шаардлага хүргүүлэхэд “манай эрх бүхий ажилчид хөдөө ажиллаж байгаа тул гурвалсан уулзалтанд очиж амжихгүй” гэсэн хариу хүргүүлсэн байдаг. Манай компанийн зүгээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргатай хуйвалдаан зохиосон зүйл байхгүй. Хавтаст хэрэгт тухайн дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын “Н Л” ХХК-ийг дэмжиж ажиллана” гэсэн агуулга бүхий албан бичиг байгаа. “Н б” ХХК нь Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдсан сонгон шалгаруулалтанд материалаа өгөөд, шаардлагыг хангасан тул 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр батламжийг гардан авсан. Түүнээс хойш манай байгууллага нь оршин суугчдын 70 гаруй хувийн саналыг авч гэрээ байгуулахад бэлэн болсон байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н Л” ХХК нь анх тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэг. “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухай: Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/438 дугаар захирамжаар[1] нэхэмжлэгч “Н Л” ХХК-ийг ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 1-6 дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгожээ.
Үүний дараа төсөл хэрэгжүүлэх эрх олгосноос хойш 7 сарын дараа Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08/670 дугаар албан бичгээр[2] “...төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг нэхэмжлэгч “Н Л” ХХК-д мэдэгдсэн байх бөгөөд маргаан бүхий захирамжаар газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр “Н Л” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөөгүй, эскиз зураг батлахгүй байснаас болж сууц өмчлөгчтэй хоёрлосон болон гурвалсан гэрээ хийхэд хүндрэлтэй болж, манай батлаагүй зургаар сонголт хийх юм бол эцэстээ сунжирсан маргаан үүсэх магадлал их болох юм...” гэж тодорхойлон маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үзэхэд Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хамтарсан уулзалт зохион байгуулах” тухай 08/3040 дугаар албан бичгээр[3] Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/438 дугаар захирамжийн биелэлтийг эрчимжүүлэх, иргэдэд мэдээлэл хүргүүлэх зорилгоор нэхэмжлэгч болон оршин суугчидтай гурван талт хамтарсан уулзалтыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр явуулахаар товлосон байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр болсон хуралдаанаар “2017 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны давхрын 1-6 дугаар байрны оршин суугчидтай уулзалт зохион байгуулж, хоёр талт гэрээ байгуулах, байгуулж чадахгүй бол төсөл хэрэгжүүлэх эрхээс татгалзах хүртэл арга хэмжээ авахаар болсон тухай” мэдэгдэлийг нэхэмжлэгч “Н Л” ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08/3276[4] дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
Үүний дараа Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Хамтарсан уулзалт зохион байгуулах” тухай 08/3936[5] дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт зааснаар уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Уг хурлаар шийдвэрлэсэн асуудлыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 08/4214 дугаар албан бичгээр “Н Л” ХХК-д мэдэгдсэн байна.
Мөн тус газраас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Хамтарсан уулзалт зохион байгуулах” 08/4499[6] дугаар албан бичгийг нэхэмжлэгч “Н Л” ХХК-д хүргүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна”, 20.1.4-т “Сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх...” гэж тус тус заажээ.
Хэрэгт цугларсан оршин суугчдын “Н Л” ХХК-тай гэрээ байгуулахгүй, өөр компанийг дахин шалгаруулж өгөхийг хүссэн 34 өргөдөл[7], болон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120[8] дугаар албан бичиг зэргээс үзвэл нэхэмжлэгч “Н Л” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1-6 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд тухайн орон сууцны, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах боломжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/302 дугаар захирамжийг гаргах үндэслэл болсон “ ... газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон” нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нэгэнт тогтоогдож байх тул дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Иймд маргаан бүхий захиргааны акт болох “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцсэн байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25-ны өдрийн А/683[9], А/684[10] дүгээр захирамжуудаар үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 1-6 дугаар байрны барилгажилтын төсөл хэрэгжүүлэх эрхийг “Н Б Г” ХХК-д олгожээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А/302 дугаар захирамж гарсантай холбоотойгоор Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1-6 дугаар орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг нийтэд мэдээлсэн байна.
Уг урилгын дагуу “Н Б Г” ХХК, “Э э к” ХХК, “М т” ХХК-иуд сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох бичиг баримтаа бүрдүүлж ирүүлсэн байх бөгөөд дээрх компаниудаас ирүүлсэн материалыг Тендерийн хороо хянан үзээд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилжуулах БГД-04, БГД-05 багцуудын төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлтүүдийг гаргасан байх бөгөөд уг дүгнэлтүүдээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1-6 дугаар орон сууц буюу БГД-04, БГД-05 багцад “Н Б Г” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэжээ.
Барилга, хот байгуулалтын сайдын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих” тухай 2016 оны 126 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 4.8-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, хоёр талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно” гэж заасны дагуу дээрх дүгнэлтүүдийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээд “Н Б Г” ХХК-д төсөл хэрэгжүүлэх эрх олгосон нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Нийтийн эрх ашгийг эрхэмлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.3-т “Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах”, 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах” 20 дугаар зүйлийн 20.1.4-т “Сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” гэж заасантай нийцсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 12 дугаар зүйлийн 12.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н Л” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/302, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Н Л” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 103-212 дугаар хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас
[9] 3 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас
[10] 3 дугаар хавтаст хэргийн 60 дугаар хуудас