| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0143/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/144 |
| Огноо | 2021-11-08 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Уянга,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Баттүвшин,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Ж.М,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Жамбалсэнгийн М, Донь овогт Бор-Ишигийн О нарт холбогдох эрүүгийн 2119000000183 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 60 айлын 39 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Харнууд овогт Жамбалсэнгийн М
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 1 дүгээр 60 айлын 39 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Донь овогт Бор-Ишигийн О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.М нь Б.Оийн хамт 2021 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агаруутын Уушиг гэх газар Ланд Круйзер-100 маркийн, 93-39 ДГС улсын дугаартай автомашиныг ашиглан, ховор амьтан болох 4 тооны хар сүүлт зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,
Шүүгдэгч Б.О нь Ж.Мын хамт 2021 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Агаруутын Уушиг гэх газар Ланд Круйзер-100 маркийн, 93-39 ДГС улсын дугаартай автомашиныг ашиглан, ховор амьтан болох 4 тооны хар сүүлт зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би эндээс үхэр алах зорилгоор найзынхаа машиныг гуйж аваад явсан. Эхнэр тэр үед хажууд унтаад хамт явж байсан. Тэгээд аавынх руу явж байтал замд зээр тааралдахаар нь агнасан ...” гэв
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “... Эхлээд эндээс гарч явахдаа хөдөөнөөс хоёр үхэр янзалж борлуулахаар явсан. Хөдөө аавындаа оччихоод тэндээс цааш явж байх үед харанхуй болсон байсан учир би жоохон ядраад зүүрмэглэтэл гэнэт буун дуу гарч, би их айсан. Тэгээд сэрээд эхэндээ юу болоод байгааг мэдэхгүй асуусан, тэгээд мэдсэн ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баттүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бор зээр буюу шинжлэх ухааны нэршлээр хар сүүлтий гэдэг амьтан нь Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор “Ховор” амьтны ангилалд орсон. Экологи, эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр хар сүүлт 1,700,000 төгрөг, эм нь 2,000,000 төгрөгөөр тогтоосон. Хар сүүлтий зээрийг эрдэм, шинжилгээний тусгай зөвшөөрөлтэйгөөр агнаж барьж болдог ба бусдаар ан агнуурын чиглэлээр зөвшөөрөл өгдөггүй. Агнагдсан 4 хар сүүлтий нь ур буюу ооно зээр байсан. Уг 4 хар сүүлтий зээрийг үзэхэд хоёрыг нь хөөж бахардуулж алсан, хоёрыг нь буудаж алсан байж болох шинж тэмдэгтэй байсан. Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлд зэрлэг амьтныг хөөж туух, гэрэл тусгах, отож агнахыг хуулиар хориглосон байдаг ... зэрлэг амьтны нөөцөд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлж барагдуулах, улсыг хохиролгүй болгох, уг асуудлыг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Уг 4 хар сүүлтий зээрийн үнэлгээ нь нийт 13,600,000 төгрөг болж байна. Зэрлэг ан амьтны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийг Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100061000988 тоот дансанд төлүүлэх хүсэлтэй байна ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30, 163-164 дүгээр хуудас/,
Гэрч Д.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... шөнө унтаж байхад М ах сэрээгээд “машинаас юм буулгаад өг” гэхээр нь би бууж очоод машиных нь арын багажаас 4 тооны хар сүүлт гөрөөс буулгаж, Kиа пронтер маркийн машины тэвш дээр ачиж өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Гэрч С.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М над руу утасдаад “Хатанбулаг сум руу идшиндээ явах гэсэн юм, машинаа өгөөч” гэхээр нь өмнө гайгүй унаж яваад аваад ирсэн болохоор найз юм чинь гэж итгээд зөвшөөрсөн ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112 дугаар хуудас/,
Гэрч Д.Жамбалсэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 1972 онд Намайг цэрэгт яваад ирээд удаагүй байхад манай аав Дробинк маркийн бууг хүүдээ авсан гэж анх өгсөн. Тэгээд би хүү Мад 2008 бил үү, 2009 онд өв эзэмшүүлэх зорилгоор өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 167-168 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эхнэрийн хамт Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр хөдөө гэр рүүгээ 93-39 ДГС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашинтай үхэр алж, мах бэлтгэх зорилгоор явсан. Тэгээд хөдөө гэрээрээ ороод 2021 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Ханги боомтын наана байдаг дүү Ган-Одынх руу 93-39 ДГС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашинтай эхнэрийн хамт явж байтал замд бор зээр буюу хар сүүлтийн сүрэг таараад машиныхаа гэрлээр гэрэлтүүлж байгаад, машиндаа авч явсан өөрийн эзэмшлийн улсын бүртгэлд бүртгэлгүй, гэрчилгээгүй Дробинк маркийн буугаар буудаж, 4 хар сүүлт зээр агнасан. Тэгээд хар сүүлт зээрүүдээ агнасан газраа гэдэс дотрыг нь гаргаж, шийрийг нь огтолж, тэнд нь хаяад машиндаа ачаад дүү Ган-Одынд очиж, тэнд байсан нэг залууг дуудаж босгож ирээд, машин дээр хаяад гэрт нь орж унтсан ... Сүрэг зээртэй таарчихаад зогсож, эхнийхийг нь буудаж унагаад, бусдыг нь араас нь дахиж хөөж буудаж унагасаар бараг 10 км газар хөөсөн. Манай эхнэр О машинд унтаж байгаад 2 дахь зээрийг агнах үед сэрсэн. 93-39 ДГС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашин нь манай найз Цэнд-Аюушийн машин ба би хөдөө явахдаа гуйж авч явсан. Би дээрх 4 хар сүүлтий зээрийг хүнсний зориулалтаар агнасан. Хар сүүлтий зээр агнах хориотой гэдгийг мэднэ. Надад хар сүүлтий зээр агнах тусгай зөвшөөрөл байхгүй. Миний буруу ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41, 103-105 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө нөхрийн хамт 93-39 ДГС улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашинтай гараад Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр хөдөө гэр рүү явж мах бэлтгэх зорилгоор явсан. Би замдаа зүүрмэглээд унтаад өгсөн. Гэнэт буун дуу гараад сэрээд “яасан бэ” гэж асуухад манай нөхөр машины цонхоор гараад буудаж байсан. Намайг юм ярихад сонсохгүй байсан. Тэгээд би машин дотроо айгаад сууж байсан. Удалгүй машины арын тээш онгойлгоод юм ачиж эхэлсэн. Машиндаа орж ирэхээр нь “юу болов, чоно юм уу” гэж асуухад М “юу ч биш ээ” гээд хэлэхгүй цаашаа явсан. Тэгээд Ган-Одын гадаа очиход би шууд бууж гэр рүү ороод унтах санаатай хэвтэж байхад удалгүй хойноос нөхөр орж ирээд амарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43, 93-94 дүгээр хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №39 дугаартай “... Тоёота Ланд Круйзер-100 маркийн, 93-39 ДГС улсын дугаартай, UZj1000009138 арлын дугаартай, саарал өнгийн, 1998 онд үйлдвэрлэсэн, 2008 онд Монгол Улсад орж ирсэн, С.Цэнд-Аюушийн эзэмшлийн автомашины зах зээлийн үнэлгээ 2021 оны 10 дугаар сарын байдлаар 24,500,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хх-ийн 53-55 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 137 дугаартай албан бичгийн хавсралтад “Тоёота Ланд Круйзер-100 маркийн, 93-39 ДГС улсын дугаартай, UZj1000009138 арлын дугаартай, саарал өнгийн, автомашины эзэмшигч нь С.Цэнд-Аюуш ...” гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59-62 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-13 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-21 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 108 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 132-133 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-81 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Ж.М нь эхнэр Б.Оийн хамт 2021 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Агаруутын Уушиг” гэх газар Ланд Круйзер-100 маркийн, 93-39 ДГС улсын дугаартай автомашиныг ашиглан, ховор амьтан болох 4 тооны хар сүүлтий зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуульд ан амьтан төрийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ гэж заасан бөгөөд Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтад “Хар сүүлтий” багтсан байна.
Иймд шүүгдэгч Ж.М, Б.О нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.М, Б.О нар нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.М, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял, шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ж.М, Б.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 1 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Б.О нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Оийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан. Хуулийн энэ заалтаас үзэхэд шүүгдэгч Б.О нь нөхөр Ж.Мыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг зааж зөвлөх, мэдээлэл өгөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, тээврийн хэрэгсэл, унаагаар хангах, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан гэх баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гэмт хэрэгт хамтран оролцох гэж нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн үйл ажиллагааны нэгдэл юм.
Шүүгдэгч Ж.М нь ховор амьтан болох хар сүүлтийг өөрийн хүнсэнд хэрэглэхээр агнасан гэх ба гэр бүлийн гишүүний хувьд Б.Отгонцэцэг нь түүний хууль бус үйлдлийг санаа бодлоороо дэмжиж оролцсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Отгонцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан.
Засгийн газрын 2011 оны 23 дугаартай “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд “хар сүүлтий, эр нь 1,700,000 төгрөг” гэжээ.
Эдгээр актыг үндэслэн 1 ширхэг хар сүүлтий зээрийн нөхөн төлбөр 3,400,000 төгрөг болох ба 4 ширхэг хар сүүлтий зээрийн нөхөн төлбөрийн нийт үнэ 13,600,000 төгрөгийг шүүгдэгч нар төлөх үндэстэй байна гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Б.О нараас байгаль экологид учруулсан хохирол болох 13,600,000 төгрөгийг адил тэнцүү гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамжны 49 дүгээр байрны 17 тоот орон сууцыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/025 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн С.Цэнд-Аюушийн эзэмшлийн, Тоёота Ланд Круйзер-100 маркийн, 93-39 ДГС улсын дугаартай автомашины үнэ 24,500,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Ж.Маас 12,250,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Оээс 12,250,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дробинк маркийн, гол төмрийн 8801941 дугаартай, онгоц мод болон мөрлөгч модон дээрээ хар өнгийн лентээр ороосон, хар өнгийн буу, “”nobel 12 sport” гэх бичиглэлтэй 6,2 см урттай, 1,5 см диаметртэй болон “FN12” гэх бичиглэлтэй 5,5 см урттай, 1,4 см диаметртэй, саарал өнгийн сум 2 ширхэг, металл мэт зүйлээр тоноглосон, хар өнгийн, арьсан гэртэй, 2 талдаа ясан оруулгатай, 36,8 см урттай 1 ширхэг хутгыг шүүгдэгч Ж.Мад буцаан олгож, 21,30 кг, 24,40 кг, 25,90 кг, 26,80 кг, нийт 94 кг толгой болон арьстайгаа үргэлж, гэдэс, доторгүй хар сүүлтий зээрийн гулууз мах 4 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харнууд овогт Жамбалсэнгийн М, Донь овогт Бор-Ишигийн О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Б.О нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 1 сарын хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Б.О нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.М, Б.О нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.М, Б.О нарт мэдэгдсүгэй.
7.Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Оийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамжны 49 дүгээр байрны 17 тоот орон сууцыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/025 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дробинк маркийн, гол төмрийн 8801941 дугаартай, онгоц мод болон
мөрлөгч модон дээрээ хар өнгийн лентээр ороосон, хар өнгийн буу, “”nobel 12 sport” гэх бичиглэлтэй 6,2 см урттай, 1,5 см диаметртэй болон “FN12” гэх бичиглэлтэй 5,5 см урттай, 1,4 см диаметртэй, саарал өнгийн сум 2 ширхэгийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, металл мэт зүйлээр тоноглосон, хар өнгийн, арьсан гэртэй, 2 талдаа ясан оруулгатай, 36,8 см урттай 1 ширхэг хутга, 21,30 кг, 24,40 кг, 25,90 кг, 26,80 кг, нийт 94 кг толгой болон арьстайгаа үргэлж, гэдэс, доторгүй хар сүүлтий зээрийн гулууз мах 4 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
11.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА