| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/146 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Уянга,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гунгаажавын Жад холбогдох эрүүгийн 2119000630160 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, 611 тоотод оршин суух,
урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сар хорих ял,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2017/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан,
Боржигон овогт Гунгаажавын Ж
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран хорооллын 207-33 тоотод оршин суух Т.Урангоогийн гэрт бага насны Т.Эмүжин, У.Үжингуа хоёрыг харгалзах хүнгүй байхад нэвтрэн орж, ACER маркийн нөүтбүүкийг бага насны Т.Эмүжинд хүч хэрэглэн авч, хохирогч Т.Урангоод 539,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг,
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнийн 02 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 611 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Отгонтуяагийн 4 хос монетон эдлэл, Самсунг Жи-7 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 1,420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч Ч.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн үед 98-53 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад Нарлаг шанд хорооллын урдаас Ундрахтуяа, Золбаяр, Баяржавхлан гэх хүмүүсийг аваад вокзал руу явж, тэндээс 2 шил, 0,75 литрийн Ерөөл архи аваад Түмэндэмбэрэлийн гэх айлд очоод буулгах гэтэл Ундрахтуяа гэх эмэгтэй намайг хамт ууя л даа гээд ятгаад хамт уухаар болсон. Би тэр айл руу ороход Түмэндэмбэрэл гэх залуу ганцаараа байсан ба тэндээ бид нар ууцгааж, согтож эхэлж байсан. Машиныхаа түлхүүрийг куртикны халаасанд хийж, цахилгааныг нь татчихаад тайлаад унтаад өгсөн. Өглөө сэрэхэд цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд ирсэн байсан. Эрүүлжүүлэхийн эмч даралт өндөр байна гэж хэлээд намайг ар гэрээсээ хүн дууд гэхээр нь ах Баяраагийн хамт гэрт очиж хоносон. Би эрүүлжүүлэхэд сэрээд үзэхэд миний 4 хос монетон хослол, Жи-7 маркийн гар утас алга болж, машины урд гуперээр мөргөж, эвдсэн байдалтай байсан ... Надад 1,420,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс монетон гинж, кулон, бөгжийг олж авсан. Одоо хос ээмэг, гар утсыг олоогүй байна. Гар утсыг 220,000 төгрөгөөр үнэлсэн, хос ээмэг 375,000 төгрөг, 2 удаа үнэлгээ гаргуулсан төлбөр 80,000 төгрөг, нийт 675,000 төгрөгийг нэхэмжилж байна ...Би Жыг Баяржавхлан гэж бодоод буруу хэлсэн байсан. Би машины эвдрэлийн мөнгийг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 7, 23-24, 44-45, 67-68 дугаар хуудас/;
Хохирогч Т.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сайншанд сумын 2 дугаар баг Мандах наран хорооллын 207 дугаар байрны 30 тоотод том охин, 9 настай Эмүжин, бага охин 3 настай Үжингуагийн хамт байж байгаад 17 цаг 20 минутад хамаатных руу орохоор гарсан. Тухайн үед би хаалгаа цоожлоогүй хааж гараад явсан. Хамаатныхаа айлд очоод 30 минут орчим болж байхад том охин Эмүжин уйлаад орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад “танихгүй нэг ах орж ирээд танай ээжийг чинь танина” гэхээр нь манай ээжийг хэн гэдэг юм гэж асуухад ээжийг чинь танина гэж хэлээд миний охиныг гараараа хажуу тийшээ түлхээд гал тогоонд байх хөргөгчийг ухсан. Тухайн үед хөргөгчийг ухаж байхдаа мах өгчих гэж хэлээд юу ч авалгүй манай том өрөөнд байх бурхны шургуулгыг уудлахаар нь “болиоч” гэж хэлсэн чинь “ах нь бурхны юм авах гэж орж ирээгүй” гэж хэлээд жижиг өрөөний хаалгыг нээгээд орохоор нь манай охин “болиоч” гэж хэлэхэд “цаана чинь дүү чинь уйлаад байна” гэж хэлээд том өрөө рүү явуулсан байсан, миний Acer загварын нөүтбүүкийг энгэртээ хийчихсэн гэсэн. Тэгэхээр нь би нөүтбүүкээ авъя гэж хэлсэн чинь “ах нь юу ч аваагүй” гэж хэлэхээр нь “та манай ээжийн нөүтбүүкийг авчихсан байна шүү дээ, өгөөч ээ” гэж хэлсэн ба өгөхгүй гараад явахаар нь манай охин араас гарч “цагдаа дуудаарай, туслаарай” гэж орилж байгаад, үл таних 2 залуу нөүтбүүкийг нь авч өгсөн гээд орж ирсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 159-160, 174-177 дугаар хуудас/,
Гэрч Ц.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн үед би Ундрахтуяа, Жавхаа нартай Ургах наран хорооллын урдаас такси бариад Ар шанд орж, вокзалаас миний Жи-4 маркийн гар утсыг иргэний үнэмлэхийн хамт тавиад, 2 шил, 0,75 литрийн Ерөөл архи аваад, өвөр шанд ороод, “Тамхи со” ХХК-ийн арын авто угаалгын ард талын гудамжаар ороод Түмэндэмбэрэл гэх айл руу орж уухаар болсон. Тухайн үед таксины жолооч нь гэх хүүхэн байсан бөгөөд тэр хүүхэн бид нартай хамт уухаар болсон. Бид Түмэндэмбэрэлийн гэрт ороод Ундрахтуяа, Жавхаа, таксины жолооч хүүхэн, Түмэндэмбэрэл бид нар архиа хувааж уусан. Үүр цайх үед Жавхаа, таксины жолооч эгчтэй хамт нэг орон дээр, би Ундрахтуяатай хамт газраар, Түмэндэмбэрэл ганцаараа баруун талын орон дээр унтацгаасан. Өглөө сэрэхэд үл таних нэг ах орж ирсэн ба нөгөө хэд боссон байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 4 дүгээр хуудас/;
Гэрч З.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн орчим манай гэрт Жавхаа, бусдыг нь танихгүй 1 өндөр залуу, 2 хүүхэн байсан ба тэр 2 хүүхний нэг нь Отгонтуяа гэж байсан. Тэр хэд манай гэрт шууд хүрээд ирсэн. Би өмнө нь архи уучихсан байсан ба жоохон ууж байгаад согтоод унтаад өгсөн. Өглөө 06 цаг өнгөрч байх үед манай хажуу айлын ах усны карт аваад гарсан. Тэр үед хүмүүс яваад, би гэртээ ганцаараа байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 6 дугаар хуудас/;
Гэрч Ч.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 11 цагийн орчим Баяржавхлан манай гэр болох Холбооны байранд саарал өнгийн Приус-20 маркийн машинтай нэг хүүхэн, нэг настай ахтай хамт ирээд “Жагаа ах юу байна, би авгайтайгаа хамт хөдөө явах гэж байна, миний авсан машин байгаа юм” гээд шал согтуу явж байсан. Намын хороо руу явах замдаа замаа олохгүй согтсон байсан тул би машиныг нь бариад явсан. Намын хорооны гадаа очоод “Дүү нь гялс ороод ирье” гэж хэлээд 20 орчим минутын дараа “Дүү нь шинэ утас авсан” гээд харуулж байсан. Нэгдүгээр сургуулийн зүүн талын колонкоос 20,000 төгрөгийн бензин хийгээд, намайг гэрийн гадаа буулгаад явсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас/;
Гэрч Т.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Түмэндэмбэрэлийн гэрт ороход тэдний зүүн талын орон дээр Отгонтуяа гэх хүүхэн, тэрний орон доогуур үл таних өндөр залуу, гэрийнхээ баруун талд Түмэндэмбэрэл унтаж байсан. Тэдний хашааны хаалга нь онгорхой байдалтай байсан ба буцаад гарахад гэрийнх нь үүдэнд Жавхаатай таарсан ба Приус-20 маркийн машинтай, хажууд нь Ундрахтуяа, Баагий нар хамт явж байсан. Нэг шил 0,75 литрийн архи авч орж ирээд, Түмэндэмбэрэлийн гэрт уугаад Отгонтуяа гэх хүнийг машинд оруулаадхаач гэж Жавхаа хэлээд, Ундрахтуяа хувцсыг нь өмсгөөд, би Жавхаатай хамт сугадаад машины урд хэсэгт суулгасан. Машины ард Баагий, Ундрахтуяа, би суугаад, Дэнж рүү яваад айлд очиж, Жавхаа он жав гэх залуугийнд очиж, машиныхаа араас 2 ширхэг улаан бөглөөт гэх архи гаргаад хувааж уусан. Дараа нь Баагий гэх залууг гэрт нь хүргэж өгөөд, Жагаа /Золжаргал/ гэх залуугийнд буюу Холбооны байр ороод, Жагаагаар машин бариулаад Намын хороо орсон. Жавхаа Намын хороо руу ганцаараа ороод, нээх удалгүй ирсэн бөгөөд шинэ гар утас авчихсан, “250,000 төгрөгөөр авлаа” гэж хэлээд баримт үзүүлээд цонхоор шидсэн. Тухайн үед машинд би, Жагаа, Отгонтуяа нар хамт явсан ба Отгонтуяа шал согтуу байсан. Тэндээсээ 1 дүгээр сургуулийн зүүн талын колонк орж, 20,000 төгрөгийн бензин хийгээд Жагааг Холбооны байранд хүргэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 8 дугаар хуудас/;
Гэрч Д.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед Намын хороонд байрлах ажлаасаа гарах гэж байтал гаднаас Ж орж ирээд 5,5 гр монетон бөгж, гинж, кулон 3 ломбардад тавихгүй зарна гэхээр нь би 440,000 төгрөгөөр худалдаж авсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 25-26 дугаар хуудас/;
Гэрч Б.Ундрахтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж, Золбаяр бид 3 Төмөрөөгийн гэрээс гараад такси барьсан. Тэгэхэд саарал өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод бид гурвыг авсан. Дотор нь настай байрын эгч жолоог барьж явсан. Тэгээд бид хэд шууд нэмж архи авч уухаар вокзал руу явсан. Вокзал дээр очоод Золбаярын бичиг баримт, гар утсыг барьцаанд үлдээгээд 2 шил архи, 1 ундаатай аваад Түмэндэмбэрэл гэх айлд очсон. Золбаяр, Ж 2 түрүүлээд буусан. Харин нөгөө таксины эгч “Эгч нь өглөө айлд очих гэхээр хаалга үүдээ тайлахгүй хэцүү байдаг юм, эгч нь авсан архинаас чинь 2, 3 татчихъя” гэхээр нь адилхан эмэгтэй хүн юм чинь гэж бодоод дагуулаад айл руу орсон. Тэр айлд ороход Түмэндэмбэрэл гэх ах ганцаараа байсан. Бид нар авч ирсэн архиа бөөнөөрөө уусан. Өглөө болсон ба би нэг хэсэг согтсон учир юу болоод юу хийгээд яваад байгааг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 64 дүгээр хуудас/;
Гэрч Ч.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын сүүл, 2 дугаар сарын эхээр би Жтай архи ууж байгаад танилцсан. Тухайн үед Баатар, гэрийн эзэн Ганбаа ах, Ж бид 4 байсан ... Ганбаа ахын гэрээс Ж гэх залуу бид хоёр алхаад 5 дугаар сургуулийн зүүн талын байрны хамгийн арын байрны 3 давхар руу хамт гарсан. Тухайн үед Ж намайг 3 давхарт хүлээж бай гэж хэлэхээр нь би коридорт нь байж байсан чинь Ж энгэртээ дөрвөлжин зүйл тэвэрчихсэн гараад ирсэн. Араас нь нэг жоохон охин “ахаа миний компьютер ш дээ, аваад ир л дээ” гээд хөл нүцгэн гарч ирээд Жын араас нь чаргууцалдаад чирэгдээд доошоо уруудаад явсан. Ж 3 давхраас доошоо тэр охиноос зугтаагаад буугаад явсан. Би араас нь гараад шууд гэр рүүгээ явсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 180-181 дүгээр хуудас/;
Гэрч Т.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... намайг машинаас буухад гадуур хувцасгүй, хөл нүцгэн 8-9 настай гэмээр эмэгтэй хүүхэд гүйж ирээд “ахаа манай ээжийн нөүтбүүкийг танихгүй хүн аваад явчихлаа, надад туслаач” гэсэн. Би “хаана, яасан бэ” гэхэд Чандмань илч, 5 дугаар сургууль хоёрын дундуур нэг хар бараан хувцастай хүн гүйж байсан. Би араас нь “зогс” гэж орилоод гүйсэн ба 100-150 метр газар гүйгээд нөгөө залуу авч явсан нөүтбүүкээ газар хаяад цаашаа гүйсэн. Би газар хаясан нөүтбүүкийг авч буцаж ирээд, нөгөө охин дээр ирэхэд ээж нь цаанаас орцноос гарч ирж байсан. Тэгээд охины ээж, охин хоёрт өгсөн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 184-185 дугаар хуудас/;
Бага насны гэрч У.Эмүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай ээж гэртээ байж байгаад хажуу айл руу орохоор гэрээс гарсан. Гэрээс гараад удаагүй байж байхад хаалга онгойж, хар малгай өмссөн, хар өнгийн куртиктэй том эрэгтэй хүн орж ирсэн. Тэр танихгүй хүн орж ирээд ээжийн чинь ах нь байна гэж худлаа хэлсэн. Би тухайн хүнээс манай ээжийг хэн гэдэг юм гэж асуухад нэрийг нь хэлэхгүй таньдаг хүн нь байна гэж хэлсэн. Тэгээд шууд гал тогооны өрөө рүү ороод бурхны хавиар юм хайгаад уудлаад байсан. Дараа нь жижиг өрөө рүү ороод манай ээжийн нөүтбүүкийг аваад куртикны дотор талдаа хийсэн. Би ээжийн нөүтбүүкийг өг гэсэн чинь “ах нь юу ч аваагүй” гээд гадагшаа гарсан. Би араас нь хөл нүцгэн гүйгээд, куртикнээс нь зуураад “миний ээжийн нөүтбүүкийг өг” гээд уйлаад гүйсэн. Тэр хүн зугтаад гадагшаа гарсан. Гараад би араас нь гүйсэн чинь нэг ах машиныхаа гадаа зогсож байхаар нь “би туслаарай, цагдаа дуудаарай” гэж уйлаад гуйсан чинь нөгөө нөүтбүүк авсан хүний араас гүйсэн. Би буцааж ээж рүүгээ явсан ба ээжид болсон бүх зүйлийг хэлсэн. Тэгээд ээжтэй гарсан чинь тусламж гуйсан ах нөүтбүүкийг бариад ирсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 221-223 дугаар хуудас/;
Шүүгдэгч Г.Жын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ... би өглөө босоод таксины жолооч хүүхнийг унтаж байхад нь хүзүүнд нь байсан монетон гинж, кулон, гинж, бөгж зэргийг аваад машиныг нь унаад намын хорооны байр руу явж байх замдаа найз Жагаа /Золжаргал/ гэх залуутай таарч, түүнийг аваад намын хорооны байранд очсон. Тэгээд би ганцаараа бууж, намын хорооны байр руу ороод тааралдсан эхний ломбардад нөгөө гинж, кулон, бөгж зэргийг 440,000 төгрөгөөр шууд зарсан. Мөнгөө бэлнээр авсан ба тэндээсээ 250,000 төгрөгөөр Самсунг Эс-6 маркийн гар утсыг хувийн хэрэгцээндээ авсан ... би Тулгаа ахтай хамт гараад, Мандах наран хороололд байдаг Сүнжээ эгчийнх рүү очиж мөнгө авахаар явсан. Тэгээд би ертөнцийн зүгээр хамгийн хойд захын байрны эхний орц руу ороод дээшээ гарч, айлын хаалга тогшсон чинь жоохон эмэгтэй хүүхэд хаалга онгойлгосон. Тэгээд би гэр рүү нь ороод гарах гэж байтал айлын гэрт хувцаснуудтай нь хамт тавьсан байсан миний мэдэхээр DVD тоглуулагч шиг дөрвөлжин зүйл байхаар нь би аваад гарсан. Тэгсэн айлын охин нь араас чаргууцалдаад уйлахаар нь би зугтаагаад шууд гараад гүйсэн. Миний хувцаснаас зууралдаж байгаад шат уруудахдаа намайг алдаад миний ард үлдсэн. Тэгээд би цаашаа гүйхэд нөгөө охин араас уйлаад гүйж байсан. Тэгсэн нэг залуу араас “зогс” гэж орилоод миний араас хөөгөөд гүйхээр нь би авч явсан дөрвөлжин DVD тоглуулагч шиг зүйлийг газар шидээд зугтаад гүйсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 54-56, 188-189 дүгээр хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №787 дугаартай “... Монетон 4 хослол /гинж, кулон, бөгж, ээмэг/ зах зээлийн дундаж үнэ 1,200,000 төгрөг, Самсунг Жи-7 маркийн гар утасны зах зээлийн дундаж үнэ 220,000 төгрөг, нийт 1,420,000 төгрөг ...” гэсэн үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 19 дүгээр хуудас/;
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №849 дугаартай “... Монетон ээмэгний зах зээлийн дундаж үнэ 375,000 төгрөг ...” гэсэн үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 41 дүгээр хуудас/;
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-921/1284 дугаартай “... Acer aspire Es15 загварын нөүтбүүкийн зах зээлийн дундаж үнэ 539,000 төгрөг ...” гэсэн үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 191 дүгээр хуудас/;
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 12 дугаар хуудас/;
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 16 дугаар хуудас/;
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 168, 197-199 дүгээр хуудас/;
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /1 дүгээр хавтасны 69, 71-81, 201 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ийн шөнийн 02 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 611 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Отгонтуяагийн 3 хос монетон эдлэл, Самсунг Жи-7 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 1,045,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран хорооллын 207-33 тоотод оршин суух Т.Урангоогийн гэрт бага насны хүүхэд Т.Эмүжин, У.Үжингуа хоёрыг харгалзах хүнгүй байхад нэвтрэн орж, ACER маркийн нөүтбүүкийг бага насны хүүхэд Т.Эмүжинд хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, хохирогч Т.Урангоод 539,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ч.Отгонтуяа нь “...Би эрүүлжүүлэхэд сэрээд үзэхэд миний 4 хос монетон хослол, Жи-7 маркийн гар утас алга болсон...Түмэндэмбэрэлийнд тэр хэдтэй архи уугаад согтоод тасарчихсан. Тэрнээс хойш цагдаа дээр эрүүлжүүлэхэд сэрэх хүртлээ болсон зүйлийг ердөөсөө сайн санахгүй байгаа. Учир нь архи их уусан байсан...” гэсэн мэдүүлгийг, гэрч Д.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед Намын хороонд байрлах ажлаасаа гарах гэж байтал гаднаас Ж орж ирээд 5,5 гр монетон бөгж, гинж, кулон 3 ломбардад тавихгүй, зарна гэхээр нь би 440,000 төгрөгөөр худалдаж авсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Жын мөрдөн байцаалтанд өгсөн “...өглөө босоод таксины жолооч гэх хүүхэний монетон гинж, кулон, бөгж зэрэг эд зүйлийг аваад...намын хорооны ламборданд шууд зараад тэндээсээ гар утас зарж борлуулдаг газраас 250 000 төгрөгөөр S-6 маркын гар утас авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Золжаргал,Т.Мөнхбат, Б.Ундрахтуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Отгонтуяагийн ээмэг, бөгж, гинж, кулон зэргийг хараагүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулахад хохирогч тухайн цаг хугацаанд монетон ээмэг зүүж явсан нь хэргийн хүрээнд нотлох баримтаар нотлогдоогүй, ээмгийг шүүгдэгч Г.Ж хулгайлан авсан гэх нотлох баримт мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Хуульд заасан энэхүү заалтаар хохирогчийн хулгайд алдагдсан гэх ээмгийг шүүгдэгч Г.Ж хулгайлсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй нь хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №787 дугаартай “... Монетон 4 хослол /гинж, кулон, бөгж, ээмэг/ зах зээлийн дундаж үнэ 1,200,000 төгрөг, Самсунг Жи-7 маркийн гар утасны зах зээлийн дундаж үнэ 220,000 төгрөг, нийт 1,420,000 төгрөг ...” гэсэн үнэлгээний дүгнэлт гарсан атлаа дахин “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №849 дугаартай “... Монетон ээмэгний зах зээлийн дундаж үнэ 375,000 төгрөг ...” гэсэн үнэлгээний дүгнэлт гарсан нь ээмгийг дахин давхардуулан үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд шүүгдэгч Г.Ж нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ч.Отгонтуяагийн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш буюу 1,045,000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Тухайлбал, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдэгддэг дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь эд хөрөнгийг нь хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодод нь ноцтой хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой байдаг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн тухайд огт хүч хэрэглээгүй, эсвэл дээрх зорилгогүй хүч хэрэглэсэн байдал, тухайлбал эд хөрөнгийг хохирогчоос холдуулах, эзэмшлээс нь гаргах, алдагдуулах зорилгоор хохирогч төвөөс гадагш чигтэй хүч хэрэглэсэн, энэ нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах чадваргүй, довтолгооны шинжгүй байдгаараа эдгээр гэмт хэргүүдэд хэрэглэсэн хүч хоорондоо ялгагдах учиртай.
Өөрөөр хэлбэл, дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэн хариуцсан, хамгаалах үүрэг бүхий хүнээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Уг гэмт хэргийн тухайд нөүтбүүкийг хохирогч Т.Урангоогийн гэрээс өөрт шилжүүлэхэд бага насны хүүхэд У.Эмүжингийн эсрэг гаргасан түлхэх үйлдэл нь хохирогчийн амь, бие, эрүүл мэндэд хор хохирол учруулахааргүй, зөвхөн нөүбтүүкийг хохирогчийн эзэмшлээс өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авахад чиглэгдсэн байх бөгөөд нөүтбүүкийг салган авсан даруйдаа зугтааж байгаа нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Г.Жын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран хорооллын 207-33 тоотод оршин суух Т.Урангоогийн гэрт бага насны Т.Эмүжин, У.Үжингуа хоёрыг харгалзах хүнгүй байхад нэвтрэн орж, ACER маркийн нөүтбүүкийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирол, төлбөрийн талаар:
Шинжээчийн дүгнэлтээр монетон 4 хослолын үнэ 1 200 000 төгрөг гэж үнэлсэн ба үүнээс монетон ээмгийг шүүгдэгч Г.Ж хулгайлсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул түүний үнэ 375 000 төгрөгийг хасаж тооцон, монетон 3 хослолын үнэ 825 000 төгрөг, гар утасны үнэ 220 000 төгрөг бүгд 1 045 000 төгрөгний хохирол Ч.Отгонтуяад, Acer aspire Es15 загварын нөүтбүүкийн үнэ 539,000 төгрөгийн хохирол хохирогч Т.Урангоод учирсан гэж үзлээ. Хохирлоос Ч.Отгонтуяа нь бөгж, кулон, гинжийг биет байдлаар буцаан авсан, Acer aspire Es15 загварын нөүтбүүкийг Т.Урангоо буцаан авсан болох нь тогтоогдсон, иргэний нэхэмжлэгч Д.Бадамгарав нь “...тухайн эд зүйлс нь хулгайн юм байсан тул уг гарсан төлбөрийг нэхэмжлэхгүй болно” гэсэн хэргийн 37 дугаарт биягээр хүсэлт гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Урангоогоос хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Отгонтуяагаас гар утасны төлбөр 220,000 төгрөг, хос ээмэгний үнэ 375,000 төгрөг, шинжээчийн зардал 80,000 төгрөг, нийт 675,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Ж гар утасны төлбөр 220,000 төгрөг, шинжээчийн зардал 60,000 төгрөг нийт 280 000 төгрөгийг хариуцах үндэстэй, харин давхардуулан үнэлсэн үнэлгээний зардал 20 000 төгрөг, шүүгдэгч ээмэг хулгайлсан болох нь нотлогдоогүй тул ээмэгний 375 000 төгрөг, нийт 395 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жаас 280,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Отгонтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 395 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Г.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Жын цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ийн шөнийн 02 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 611 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Отгонтуяагийн 3 хос монетон эдлэл, Самсунг Жи-7 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 1,045,000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран хорооллын 207-33 тоотод оршин суух Т.Урангоогийн гэрт бага насны хүүхэд Т.Эмүжин, У.Үжингуа хоёрыг харгалзах хүнгүй байхад нэвтрэн орж, ACER маркийн нөүтбүүкийг бага насны хүүхэд Т.Эмүжинд хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, хохирогч Т.Урангоод 539,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамаарах үндэслэлгүй гэж үзсэн болно. Учир нь:
Шүүгдэгч Г.Ж нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг эдэлж байхдаа Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 68/123 дугаар захирамжаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 2 жил 17 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэсэн нь өршөөлийн хуульд нэг удаа хамрагдсаны дараа дахин санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг энэ хуульд хамруулахгүй байх агуулгатай ба ялтан Г.Ж нь өршөөлийн хуульд хамрагдаж 2 жилийн ялаас чөлөөлөгдсөн байна гэж үзсэн болно.
Дорноговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаарт албан тоотод дурдсанаар шүүгдэгч Гунгаажав овогтой Ж нь ЗФ 90070314 дугаарын регистрийн дугаартай ба цахим үнэмлэх авч байгаагүй тул зурагтай лавлагааг гаргах боломжгүй гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Хулангийн “...Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн сангийн хайлт лавлагаанаас Гунгаажав овогтой Ж гэх хүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг шүүж үзэхэд “ЗЮ” гэсэн регистрийн дугаартай 2 удаагийн ял шийтгэлтэй мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Харин “ЗФ” регистрийн дугаараар шүүж үзэхэд мэдээлэл гарч ирээгүй болно” гэснээс үзэхэд Г.Ж нь “ЗЮ” гэсэн регистрийн дугаартай ба нэрээ Баяржавхлан гэж бусдад танилцуулж байсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Боржигон овогт Гунгаажавын Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний хулгайн гэмт хэргийн үйлдлээс монетон ээмэг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч Г.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Жын цагдан хоригдсон 96 хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жаас гар утасны үнэ 220,000 төгрөг, шинжилгээ хийлгэсний зардал 60,000 төгрөг, нийт 280,000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Отгонтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 395,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА