| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0150/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их дулаан овогт Бадамгэрэлийн Шт холбогдох эрүүгийн 2119000000192 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 5-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан,
Их дулаан овогт Бадамгэрэлийн Ш
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шар” дэлгүүрийн хажууд хохирогч Д.Алтангэрэлд хүч хэрэглэн довтолж, Самсунг М-12 маркийн гар утсыг авч, түүнд 330,000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тухайн үйл явдал хэдний өдөр болсон болохыг сайн санахгүй байна. Би найзтайгаа уулзсаны дараагаар гэр лүүгээ харьж явахад замд нэг хүн таарсан. Тэр хүний асуусан газрыг нь зааж өгөөд, явж байгаад гар утсыг нь булаахаар эргэж очсон. Тэр хүн эргэж хараад надтай ноцолдоод, би гар утсыг нь булаагаад зугтсан. Маргааш өглөө нь цагдаад баригдсан ...” гэв.
Хохирогч Д.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би “Идэр транс” ХХК-ийн хашаанд машинд засвар хийж байгаад Эрка, Рагчаа, Нямбаатар нарын хамт “Идэр транс” ХХК-ийн ажилчдын байр руу явж усанд орсон. Уснаас гарч ирээд бид нар дэлгүүр орж, 2 шил архи авч уусан. Тэгээд би машиндаа очиж хонох гээд гражаа сайн олохгүй зам дагаад алхаж байгаад үл таних нэг хүнтэй таарч, “Идэр транс” ХХК-ийн хашааг мэдэх үү гэхэд мэдэхгүй гэхээр нь би чигээрээ явсан. Удалгүй араас нэг хүн хүрч ирээд миний толгой руу юмаар цохиход эргэж хартал тэр хүн намайг дахиад толгой руу 2-3 удаа цохиод миний гарт байсан Самсунг маркийн гар утсыг дээрэмдэж аваад харанхуй гудамж руу гүйгээд алга болсон ... Тэр хүн малгайтай хар өнгийн хувцастай, хар өнгийн хантаазтай, цагаан өнгийн пүүзтэй байсан. Би түүний царайг танина, залуухан хүн байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч С.Мөнхзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Ш манай гэрт ирэхдээ хар өнгийн малгайтай цамц, цагаан өнгийн Жордан пүүзтэй байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Шын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... би тэр хүнээс салаад хэсэг явж байгаад гар утастай болмоор санагдаад, мөн би цэрэгт явах гэж байгаа учраас цэрэгт утастай очих гээд тэр хүний утсыг дээрэмдэх санаа төрж, түүний араас гүйж очоод гарт нь байсан гар утсыг булаах гээд утсыг нь бариад авахад эргэж хараад, намайг цохиод авсан. Би түүнийг зөрүүлж цохиод, газар унагааж гартаа байсан утсаа тавихгүй болохоор нь түүний толгой хэсэг рүү 2, 3 удаа цохиж, гарыг нь тавиулж, гар утсыг нь дээрэмдэж аваад хамгийн ойр байсан харанхуй гудамж руу гүйсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 63-64 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-921/2074 дугаартай “... Самсунг М-12 маркийн гар утас 330,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Хохирогч Д.Алтангэрэлийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-28 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хх-ийн 40, 42-47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Б.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шар” дэлгүүрийн хажууд хохирогч Д.Алтангэрэлд хүч хэрэглэн довтолж, Самсунг М-12 маркийн гар утсыг авч, түүнд 330,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч Б.Ш нь хохирогч Д.Алтангэрэлийн гар утсыг авахын тулд түүний толгой тус газарт 2, 3 удаа цохиж, гар утсыг нь өөрийн эзэмшилд авч, хүч хэрэглэж довтолсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Д.Алтангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Шаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ш нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлага хангасан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Их дулаан овогт Бадамгэрэлийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА