Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/151

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                          

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

         Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илдийнхэн овогт Адилбишийн Бд холбогдох эрүүгийн 2119000000201 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Булагийн 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

        Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж байсан,             

         Илдийнхэн овогт Адилбишийн Б

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч А.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, багийн төвөөс 7-8 км зайд байрлах өөрийн өвөлжөөгөө цэвэрлэх явцдаа өвөлжөөнийх нь хажууд байсан Т.Үүрийнтуяагийн эзэмшлийн 4 ханатай гэрийг доторх эд зүйлийн хамт шатааж, 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Т.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сард манай гэр шуурганд унаад тооно хоёр хэсэг хуваагдсан, хоёр хана нь хугарсан, 1 багана нь эвдэрсэн байсан. Тухайн үед багийн ажлын албанаас хүн ирж зургийг нь авч байсан. Гэрийн тооно хугарсан тухайн үедээ эргэж босгох боломжгүй байсан болохоор нөхөр, бид хоёр гэрийнхээ ханыг тойруулж босгоод дээгүүр нь бүрээс туургыг нь бүтээж үлдээсэн байсан. 2021 оны 08 дугаар сард санаж байна, Б гэж хүн гэрээ ав гэж хэлж байсан. Манай нөхөр түлэгдлийн улмаас Улаанбаатар хотод 2 сарын хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Нөхөр өвчтэй гэрээ бараа зөөх хүн байхгүй байсан болохоор тухайн үед нь гэрээ очиж авч чадаагүй. Намайг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр айлын хаваржаан дээр барьсан гэрээ очиж эргэхээр очиход манай гэрийг шатаасан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

         Гэрч Г.Адилбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр санаж байна, манай хүү Б хаваржаагаа цэвэрлээд гэрийг шатаагаад ирлээ гэж ирсэн ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

        Гэрч Г.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр санаж байна, манай дүү Б Энхбаяр ахтай утсаар ярьж асуусан, шатаачих гэж байна гэж хэлж очоод Б бид хоёр хаваржаа руу явж тэр хавиар тарж бутарсан хог шороог цэвэрлэж, ханыг нь босгож бүрээс нөмөргөсөн гэрт хийгээд Б газанд хошуу залгаж асаан, гэрийн урд хэсгээс эхэлж шатаасан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

         Гэрч О.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Т.Үүрийнтуяагийн 4 ханатай гэр нь салхинд нурж эвдэрсэн байсан. Тухайн үед би нөхцөл байдлын үнэлгээ хийж зургийг нь авсан, тухайн зураг нь одоо надад байгаа. Тухайн үед очиход хоёр хана нь салхилсан талаасаа хугарсан, тооно хугарсан, 2-3 ширхэг унь хугарсан, нэг багана хугарсан байсан, гэрийн бүрээс туурга нь урагдсан эсэх талаар сайн мэдэхгүй байна ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

          Гэрч Ө.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр, өдрийг нь санахгүй байна, манай нөхрийн ах Мягмаржав, манай нөхөр, бид гурав хаваржаа цэвэрлэхээр явсан. Явахаасаа өмнө манай нөхөр утсаар ярьсан. Тэр хавиархыг бөөгнүүлээд шатаачих гэж хэлж байсан. Бид хаваржаан дээр очоод хог шороо цэвэрлэсэн. Манай нөхөр Б хаваржаан дээр байсан ханыг босгож, унь хөндлөн тавьж дээр нь дээвэр туурга нөмөргөж бүтээсэн 4 ханатай гэрийг урд хэсгээс нь газаар шатаасан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

           Гэрч Г.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... үеэл дүү Бтой яриад “лам хэлэхдээ талийгаач хүүгийн минь эдэлж хэрэглэж байсан зүйлс, хуучин хувцас хунарыг нь галд өргөөрэй гэсэн, тэгэхээр наанаа байгаа хуучин юмнуудыг шатаачихаарай” гэж хэлсэн. Тэгтэл манай үеэл дүү Б нь хашаанд байсан талийгаач хүүгийн минь хуучин зүйлсийг хурааж байхдаа 2021 оны хавар 04 сарын орчим шороон шуурганы үеэр нураад эвдэрсэн байсан гэрийг шатаасан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

          Шүүгдэгч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр талийгаач Энхтөрийн аав Энхбаяр гэж хүнтэй утсаар яриад талийгаачийн манай хаваржаан дээр барьсан гэр нь салхинд нураад гэрийн зарим зүйлс хаваржаан дээгүүр тараад хог болоод байна шатаачих уу гэхэд талийгаачийн аав нь надад хог болсон эд зүйлийг шатаачих гэж хэлсэн. Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хаваржаан дээр салхинд хийссэн байсан ганц нэг дээвэр, туурга тэрүүгээр тарсан хог шороог ханийг нь тойруулж босгоод дээвэр, туургыг нь бүтээсэн гэрт хийж байгаад газын хошуугаар гал асааж гэрийг шатаасан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 39-41 дүгээр хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 323 дугаартай “... Монгол гэр 300,000 төгрөг, унадаг дугуй 70,000 төгрөг, орны мод 30,000 төгрөг, нийт 400,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч А.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, багийн төвөөс 7-8 км зайд байрлах өөрийн өвөлжөөгөө цэвэрлэх явцдаа өвөлжөөнийх нь хажууд байсан Т.Үүрийнтуяагийн эзэмшлийн 4 ханатай гэрийг доторх эд зүйлийн хамт шатааж, 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан.

 Шүүгдэгч А.Б нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Т.Үүрийнтуяагийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 323 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

           Шүүгдэгч А.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлага хангасан байна.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Үүрийнтуяагаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 400,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч А.Б 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Боос хохирол 400,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Үүрийнтуяад олгох нь зүйтэй байна.

         Эрүүгийн хариуцлагын талаар:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөрийг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Илдийнхэн овогт Адилбишийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Боос хохирол 400,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Үүрийнтуяад олгосугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь хохирогчид учруулсан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор барагдуулахыг даалгасугай.

         7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА