Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэбанди овогт Бадиагийн Бд холбогдох эрүүгийн 2119000000191 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг, Шандын хоолой гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

        Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

         Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

         Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сар хорих ял,

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,             

         Эрдэнэбанди овогт Бадиагийн Б

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн Урд гэр байрны 609 тоотод 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр С.Эрдэнэбаатартай таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр найздаа хохирол учруулсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

          Хохирогч С.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр найз Бтэй 2,5 литрийн 1 сав пиво хувааж уусан. Тэгээд Б хөдөө гэр рүүгээ явлаа гээд явсан ба 19 цагийн үед манайд халамцуу буцаж ирсэн. Тэгээд намайг гараад ир гээд дуудахаар нь гэрээс гаргахад намайг гараараа 1 удаа зүүн талын нүд рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн талын нүд рүү нь 1 удаа цохисон. Тэгэхэд буцаад юм хэлэхгүйгээр явсан. Тэгээд би эхнэртэйгээ гэртээ ороод унтсан. Тэгтэл шөнө 23 цагийн үед Б өөрийн эхнэр Энхээгийн хамт манайд буцаад ирсэн. Тэгээд хаалга балбаад “гараад ир, пизда минь, чамайг би ална” гээд байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр “хаалгаа тайлахгүй, явж унтаж амар” гэхэд манай амбаарын жижиг цонхоор хүчээр ороод ирсэн. Тэгээд намайг хэвтэж байхад дээрээс дараад авсан. Бид хоёр хэсэг ноцолдож байгаад салсан. Ямар ч байсан харилцан 1, 1 удаа цохилцсон. Тэгээд 2 тийшээ салаад би босож өмдөө өмсөх гээд тонгойж байхад миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

         Гэрч Д.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эрдэнэбаатарынд очоод би машинд гадаа хүлээж байтал гэнэт манай нөхөр, Эрдэнэбаатар хоёр ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би эгч Нүрзэд, дүү Отгонмаам нарыг нь утсаар дуудсан. Удалгүй эгч дүү хоёр ирээд Бг салгаад аваад явсан ... Эрдэнэбаатар “миний шүд уначихлаа” гээд амнаас нь цус гарсан байдалтай орилж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

         Гэрч Ш.Ариунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б амбаарын жижиг цонхоор орж ирээд шууд Эрдэнэбаатартай ноцолдоод эхэлсэн. Тэгтэл Б за одоо болъё гэсэн. Тэгээд Эрдэнэбаатар 2 гарыг нь тавиад хойшоо болж газар суугаад өмдөө өмсөх гэж байхад Б Эрдэнэбаатарын нүүрэнд 1 удаа өшиглөсөн. Тэгтэл Эрдэнэбаатар “миний шүд уначихлаа” гээд босоод ирсэн. Тэгээд харахад үүдэн талын 3 шүд нь унасан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

          Гэрч Б.Баасантаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эрдэнэбаатарынд очиход Бөөвөө /Б/, Эрка /Эрдэнэбаатар/ нар зууралдаад зогсож байсан. Тэгээд би дүүтэйгээ байж байтал Эрка эхнэр Ариунчимэгийг цагдаа, эмнэлэг дуудсангүй гээд загнаад дарамтлаад байхаар нь амбаарт нь орж, Эрдэнэбаатарыг загначихаад буцаад дүүгийнхээ гэрт очиж хоносон. Намайг очиход Бгийн ам, уруулаас цус гарсан. Харин Эрдэнэбаатар зүгээр байсан. Амаа дараад л байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

          Гэрч Б.Отгонмаамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн орчим Б ахын эхнэр Энхээ эгч манай гэрт орж ирээд Б ах чинь Эрдэнэбаатартай муудаад байна гэсэн. Тэгээд Нүрзэд эгч бид хоёр Эрдэнэбаатарынд очсон. Бид нарыг очиход Эрдэнэбаатар Б ахыг заамдсан байдалтай, харин Б ах Эрдэнэбаатарыг үснээс нь зулгаасан байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Суман дээр Эрдэнэбаатарын гэрт нь 1 том пиво хувааж уусан. Урьд өмнө нь Эрдэнэбаатар бид хоёр мөнгө төгрөгийн асуудалтай байсан. Тэрийгээ авах гээд би Эрдэнэбаатараас мөнгө асуусан. Тэгсэн чинь Эрдэнэбаатар уурлаад “Надад мөнгө байхгүй” гэсэн. Тэгээд би тэндээсээ явлаа гээд гараад явсан. Тухайн үед миний уур хүрээд байсан болохоор буцаад Эрдэнэбаатарын гэр рүү очсон. Тэгээд дахиад мөнгөө авъя гэж хэлсэн чинь Эрдэнэбаатар байхгүй гэж хэлээд намайг цохисон.  Тэр үед юм хэлээгүй яваад өгсөн. Тэгээд эхнэртэйгээ юм ярьж байгаад 19 цагийн үед буцаад Эрдэнэбаатарын гэрт очоод Эрдэнэбаатартай маргалдсан. Эрдэнэбаатар намайг тэврээд мөргөөд унагахаар нь би нүүр рүү нь хөлөөрөө тийрчихсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 33-34 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/217 дугаартай “... С.Эрдэнэбаатарын биед үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн бүрэн булгарал, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний хагас булгарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн мөрний ар талд зулгарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. С.Эрдэнэбаатарын биед учирсан гэмтлүүдээс үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн бүрэн булгарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, үүдэн зүүн дээд 2 дугаар шүдний хагас булгарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн мөрний ар талд зулгарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. С.Эрдэнэбаатарын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хх-ийн 79, 54-76 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн Урд гэр байрны 609 тоотод 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр С.Эрдэнэбаатартай таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Б.Бгийн үйлдлийн улмаас хохирогч С.Эрдэнэбаатарын эрүүл мэндэд үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн бүрэн булгарал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/217 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Бгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

           Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Эрдэнэбанди овогт Бадиагийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА