Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

                                                                   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

         Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Ганболдын Гөд холбогдох эрүүгийн 2119000000216 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чандмань илч” ОНӨХХК-ийн Хатанбулаг сум дахь салбарт машинист ажилтай, ам бүл 4, хадам аав, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар баг, Амна-Ус гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Харчин овогт Ганболдын Г

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Гантулгын цээжин тус газар хөлөөрөө өшиглөж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Л.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ Хараа нэртэй архийг ганцаараа уусан. Тэгээд 18 цагийн орчим гэртээ очоод гадаа зогсож байхад манай хүргэн Г мотоциклтой над дээр ирээд “та хойд байшиндаа очихгүй, хүйтэн гэрт ирээд даарчихлаа” гэхээр нь “чамд хамаагүй, би гэртээ байна, хүйтэн ч гэсэн миний гэр” гээд муудалцсан. Г намайг түлхээд унагаасан. Газар унасан хойно 1 удаа миний мөр хэсэгт өшиглөсөн ... Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

         Гэрч Ч.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим гэртээ байж байтал эмнэлгийн жижүүрээс залгаад “Зодуулсан хүн ирлээ, ирж үзээрэй” гэсэн. Эмнэлэг дээр очиход Л.Гантулга нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэлээн согтуу байсан. Үзлэг хийхэд биеийн байдал дунд, амин үзүүлэлт хэвийн, биед авсан гэмтэл нь зүүн талын эгэм хугарсан, зүүн талын 5 дугаар хавирга хугарсан, баруун нүдний зовхины баруун дээд өнцөгт арьс шалбарч урагдсан гэмтлүүдтэй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас/,

         Гэрч Ц.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... найз Гийг сундлаад сумын төвөөр явж байхад Гийн хадам аав Гантулга эзэнгүй гэрийнхээ гадаа согтуу орилж, хашхираад байж байхаар нь бид хоёр очоод Г хадам аавдаа хандан “та чинь хүйтэн гэрийн гадаа юу хийж байгаа юм, хариач” гэхэд Гантулга ах Гийг мотоцикл дээрээс татаж дугтарч унагаад “миний энд байх чамд ямар хамаатай юм, би гэртээ байна” гээд агсамнаж эхэлсэн. Гантулга ах хоёр удаа Гийг мотоцикл дээрээс хөдлөх гэхээр татаж буулгаад цохиж аваад байсан. Энэ үед Г уурлаад мотоцикл дээрээс бууж очоод Гантулга ахыг гэрийнх нь урд түлхэж унагаад цээжин тус газар нь 1 удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

          Шинжээч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Үзлэгээр Л.Гантулгын биед ил харагдах гэмтэл шархгүй. Баруун, зүүн мөрийг сойж уясан байдалтай байсан. Иймд эмнэлгийн баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны яаралтай тусламжийн хуудсанд онош хэсэгт эгэм, хавирганы хугарал гэж оношлогдсон байсан боловч 11 дүгээр сарын 03-ны өдрийн цээжний хөндийн рентген тойм харалтаар Л.Гантулгын биед зөвхөн зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдсон. Л.Гантулгын биед ямар нэгэн хавирганы хугарал байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... хадам аав Гантулга урд гэрийн гадаа согтуу байж байсан. Тэгэхээр нь очоод “юу хийж байгаа юм, харьж амраач” гэхэд хадам аав Гантулга “чамд хамаагүй, май лалар минь” гээд салаавч гаргаад, пизда наахуу гөлөг минь зайл гэсэн. Тэгэхээр нь бид хоёр хөдлөөд явах гэтэл хадам аав миний үснээс татаж, газар унагаад нүүр самардах гэж дайрахаар нь би босож ирээд, Гантулгыг түлхэж газар унагаад мөр хэсэгт нь 1 өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 71-72 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02/0309 дугаартай “... Л.Гантулгын биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлийн ямар арга, хэлбэр, дэс дарааллаар үүссэн болохыг тогтоох боломжгүй. Тайлбар, мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

          Хохирогч Л.Гантулгын эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-36 дугаар хуудас/,

         Хохирогч Л.Гантулгын амбулаториор эмчлүүлэгчдийн карт, рентген зураг /хх-37-41 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Гантулгын цээжин тус газар хөлөөрөө өшиглөж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүндэвтэр хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Г.Гийн үйлдлийн улмаас хохирогч Л.Гантулгын эрүүл мэндэд зүүн эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02/0309 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

           Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, цалин хөлс, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Харчин овогт Ганболдын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Г.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Г.Гөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА