Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 54

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч П.Долгормаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

Цагаатгагдсан этгээд Э.Х  

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/126 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр  Э.Х ад холбогдох 1728000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул, уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Төгөлийн 3-11 тоотод оршин суух, Хоовон овгийн Э.Х   /РД: ........................./

         Э.Х  нь 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Төгөлийн 3-11 тоотод Ж.Аын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүгдэгч Э.Х  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Х ыг цагаатгаж, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосонтой холбогдуулан 1728000000034 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Х ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Х  нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

            Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ”... Э.Х  нь 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Төгөлийн 3-11 тоотод Ж.Аын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Э.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 97 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд “...мөрдөгч нь хохирогчоор Ж.Аыг тогтоож тогтоол гаргасан боловч хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогчийн эрх, үүргийг түүнд биш П.Б т тайлбарлан өгсөн тухай тэмдэглэсэн. Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн шийдвэр гараагүй хүнд эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн баримтат мэдээлэл гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн шат шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

           ...Гэрч М.Б , Д.Ч , Ц.М  нар нь ...шүүгдэгч Э.Х  өөрөө нэг удаа цохисон гэж хэлсэн талаар мэдүүлж гэрчилж байх боловч нэг удаа цохисон гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

           ...Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч энэхүү дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт  зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй байна гэж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад биелүүлээгүй зөрчиж, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохтой холбоотой ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн.

           ...Яллагдагч Э.Х аас мэдүүлэг авсан тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрхүүдийг бүрэн тайлбарлаж өгөөгүй, эрхийг нь ноцтой зөрчсөн, ... яллагдагчаас өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй, өмгөөлөгч авах эрхийг нь түүнд тайлбарлаж өгөөгүйн улмаас яллагдагч өөрөө өөрийгөө өмгөөлж болон өмгөөлөгч оролцуулах эрхээ эдэлж чадаагүй. ...Э.Х аас гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг мөрдөгч түүнд тайлбарласан талаарх баримтад тэрээр гарын үсэг зуржээ.

             Хуульд заасан эрх үүргийг нь түүнд тайлбарласан гэж үзэх боловч гэрч Э.Х аас өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх эсэх, ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эсэхийг мөрдөгч асууж тодруулаагүй, энэ эрхээ эдлэх боломжийг асуултаараа олгоогүй, ...хохирогч Ж.Ааас мэдүүлэг авахдаа энэ хэргийн оролцогч биш хохирогч П.Б  гэгчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, хохирогч Ж.Аа гарын үсэг зурсан' байгаагаас дүгнэхэд хохирогчийн эрх хангагдаагүй, ...Ж.Ааас гэрчийн мэдүүлэг авахдаа хууль болон журамд заасан мэдүүлгийн өрөөнд бус албаны 112 тоот өрөөнд мэдүүлэг авсан... зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул дээрх нотлох баримтуудыг тус тус нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. ...Шүүгдэгч Э.Х ын “би цохисон, би буруугаа хүлээж байна” гэх мэдүүлгийг үндэслэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

             ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэсэн дүгнэлт хийж прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Х ыг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасан байна. Дээрх цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

               Мөрдөгч Ж.Аыг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны хохирогчоор тогтоосон тогтоол үйлдэж, түүнээс хохирогчоор мэдүүлэг авсан байдаг. Ж.Аа нь хохирогчоор тогтоосон тогтоол болон өөрийн өгсөн мэдүүлгийг уншиж танилцан эрх, үүрэгтэйгээ танилцаж ойлгосон, ярьсан зүйл үнэн зөв тэмдэглэгдсэн байгааг баталгаажуулж гарын үсгээ зурсан байна.

               Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс дээрх тогтоол, тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн боловч хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогч Ж.Аа нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Тайвань улс руу 2 жилийн хугацаатай суралцахаар яваад 2018 оны 07 дугаар сарын 05- ны өдөр буюу хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад ирсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Монгол Улсад байгаагүй тул дахин мэдүүлэг өгөх боломжгүйгээс шалтгаалан тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Аа нь өөрийн биеэр оролцож хохирогчоор тогтоогдон эрх, үүрэгтэйгээ танилцан мэдүүлэг өгсөн талаарх тайлбарыг Прокурорын газарт хүргүүлсэн байдаг.

              Прокуророос уг тайлбарыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хуульд заасан журмын дагуу хүлээн авч, хавтаст хэрэгт тусгасан байна. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо улсын яллагчийн “яллагдагч Э.Х ын үйлдсэн Ж.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хохирогч болон гэрч М.Б , Д.Ч , Ц.М  нарын мэдүүлэг, яллагдагч Э.Х ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа талаарх дүгнэлтэд няцаалт хийхдээ “...гэрч М.Б , Д.Ч , Ц.М  нар нь шүүгдэгч Э.Х ыг нэг залуутай муудалцаад заамдалцаад зогсож байсан талаар гэрчилж мэдүүлдэг бөгөөд нэг удаа цохисон гэж Э.Х ыг хэлсэн талаар мөн мэдүүлсэн.

              Иймд шүүгдэгч Э.Х  өөрөө нэг удаа цохисон гэж хэлсэн талаар гэрч нар мэдүүлж гэрчилж байх боловч нэг удаа цохисон гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна” гэсэн нь ойлгомжгүй байна. Хохирогч Ж.Аа нь Э.Х ад цохиулсан, эрүү хугарсан, Э.Х  нь Ж.Аыг цохисон, гэмтэл учруулсан гэсэн мэдүүлгүүдийг давхар нотолсон гэрч М.Б , Д.Ч , Ц.М  нарын Ж.Аа болон Э.Х  нарын хооронд таарамжгүй харьцаа үүсч маргалдсан, заамдалцсан байдалтай байсан, така гэх чимээ гарсан, Ж.Аа эрүүгээ бариад зогсож байсан, Э.Х  түүнийг нэг удаа цохисон талаараа хэлсэн гэх зэрэг мэдүүлгүүдийг тогтоолд дурдсан атлаа эдгээр гэрч нарын мэдүүлгийг тодорхой бус байдлаар үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ”, 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заажээ. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол байна”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Шинжилгээ хийлгэх үндэслэл, 7.2.2 шинжилгээ хийлгэх байгууллагын нэр, 7.2.3 шинжилгээ хийх хугацаа, 7.2.4 шинжээчид тавих асуулт, 7.2.5 шинжилгээний объектын талаарх мэдээлэл. Дээрх хуулийн заалтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан эрхийнхээ дагуу мөрдөгч нь Ж.Аын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоолгохоор Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд даалгаж шинжээчээр томилсон байна.

             Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолыг шинжээч эмч хүлээн авч тогтоолд дурдсан эрх, үүрэг болон хуулийн хариуцлагатай танилцаж гарын үсэг зурсан, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 408 дугаар дүгнэлтдээ санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан талаар тэмдэглэсэн хэсэгт болон гаргасан дүгнэлтээ баталгаажуулсан гарын үсэг зурж, шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдэг дарсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

            Хэрэв мөрдөгч хуульд заасан үндэслэлээс гадуур, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шинжээч томилсон, эсхүл шинжээч эмч дээрх хуулийн заалтуудыг зөрчиж илт үндэслэлгүй гаргасан бол шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй нөхцөлд хүрэх юм. Мөн шинжээч эмч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хохирогч Ж.Аын эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэсэн рентген зураг, эмнэлгийн бичиг баримт буюу нарийн шинжилгээний онош дээр үндэслэж түүний бие махбодод учирсан гэмтлийн зэргийг тодорхойлж дүгнэлтийг гаргасан байна.

           Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллагдагч Э.Х ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх, үүргийг бүрэн танилцуулж дахин байцаалт авсан байна. Мөн яллагдагч нь өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ бичгээр гаргасан нь хэрэгт хавсаргагдсан байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах, гэрчээс мэдүүлэг авах, хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах, эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохоор хуульчилсан байна. Үүнээс үзэхэд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулснаар хохирогч, холбогдогч нараас гэрчийн мэдүүлэг авч байгаа нь тухайн асуудалд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох ач холбогдолтойгоос гадна, гэрч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "... Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг нь ч мөн хуульчилж өгсөн байна.

           Э.Х аас гэрчийн мэдүүлэг авахад дээрх хуулийн заалтыг тайлбарлаж сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан байх бөгөөд Э.Х  нь мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгч авах эрхээ эдлэхгүйгээр мэдүүлэг өгч, харин гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийн талаар тогтвортой үнэн зөв мэдүүлсэн болох нь бусад нотлох баримтууд болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

           Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр шүүгдэгч Э.Х ын “би цохисон, би буруугаа хүлээж байна” гэх мэдүүлгийг үндэслэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Х ыг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

             Гэтэл уг хэрэгт Э.Х аас өөр хохирогч Ж.Аын бие махбодид халдсан гэх этгээд байхгүй болох нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд хэргийг прокурорт буцааснаар уг гэмт хэргийг үйлдсэн өөр хэн нэгэн этгээдийг олж тогтоох ажиллагаа хийгдэхгүй юм.

             Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлэг, яллагдагчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн/ гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг тогтоогдсон байхад прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатган, хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, ... зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн зорилттой нийцэхгүй байна.

             Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/128 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Bottom of Form

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг илтгэгч шүүгчээс дэлгэрэнгүй уншиж сонсголоо. Эсэргүүцэлдээ дурдагдсан үндэслэлийн талаар товч нэмэлт тайлбар хэлье.  Шүүхийн цагаатгах тогтоолд Э.Х ад холбогдох хэргийг цагаатгаж байгаа үндэслэл нь хохирогч Ж.Аыг мөрдөгчийн зүгээс хохирогчоор тогтоож байцаалт авахдаа Батцэцэг гэж хүний нэрийг хууль тайлбарласан хэсэгт бичсэн. Ж.Аа  нь гарын үсэг зурсан зөрчил байгаа. Үүнд анхан шатны шүүхээс ч тэр давж заалдах шатны шүүхээс ч тэр хохирогч Ж.Аад эрх, үүргийг нь тайлбарласан гэх үндэслэлгүй байна гэж үзэж урьд нь мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж байсан. Гэвч  хохирогч Ж.Аа нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Тайвань улс руу 2 жилийн хугацаатай сургуульд явсан. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх явцад хохирогчийг дахин байцаалт авах боломжгүй болсон үндэслэл тогтоогдсон учир хохирогчтой онлайнаар холбогдсон. Хохирогч нь хэрэг прокурорын хяналтын шатанд ирсэн хойно, тайлбар бичгийг Монгол улс руу өгч явуулсан. Энэ бичиг нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж прокуророос хүлээж авч хавтаст хэрэгт тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу хийгдсэн. Яагаад ач холбогдолтой гэж үзсэн нь хохирогч Ж.Аа Тайвань улсад суралцаж, өөрийн биеэр Монгол улсад ирэх боломжгүй, би энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Аа гэдэг хүн, энэ хэрэгт өөрөө орно. Хохирогчоор тогтоогдож байцаалт өгсөн. Хохирогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан. Миний нэрийг буруу бичсэн байсныг би анзааралгүй гарын үсэг зурсан байна гэсэн тайлбар бичиг байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасны дагуу хүлээж аваад 16.10 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт тусгасан. Энэ хэрэгт хохирогч өөрөө эрх, үүрэгтэйгээ танилцаж, гарын үсэг зурж, мэдүүлгээ Ж.Аа өөрөө өгсөн нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо М.Б , Д.Ч , Ц.М  нар нь шүүгдэгч Э.Х ыг нэг залуутай муудалцаж, заамдаад зогсож байсан талаар гэрчилж мэдүүлсэн. Мөн нэг удаа цохисон гэж мэдүүлсэн байна. Э.Х  өөрөө гэрч нарт энэ байдлаа хэлсэн. Гэрч нар нь харсан зүйлийн талаар мөн мэдүүлж, мэдүүлэгтээ дурдсан. Гэтэл шүүх цагаатгах тогтоолд дурдсан атлаа гэрч нарын  мэдүүлгийг үгүйсгэдэг. Гэрч нар мэдүүлж, гэрчилж байх боловч нэг удаа цохисон гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь үндэслэлгүй байна. Нэг удаа цохисон гэж мэдүүлэхдээ Э.Х  тэр залуутай заамдалцаад зогсож байхыг харсан байна. Гэтэл яагаад энэ мэдүүлгүүд үнэлэгдэх боломжгүй болсон гэдэг нь ойлгомжгүй байна. Харин хохирогч Ж.Аа нь Э.Х ад цохиулсан, эрүү нь хугарсан талаар өөрөө мэдүүлдэг. Э.Х  нь хохирогч Ж.Аыг цохиж гэмтэл учруулсан гэдэг мэдүүлгийг, гэрч М.Б , Ц.М  нар нь энэ хоёрын хооронд таарамжгүй харьцаа үүссэн байсан, таг хийсэн чимээ гардаг гэж мэдүүлдэг. Энэ хоёроос өөр тухайн хэргийн нөхцөлд муудалцсан хүмүүс ойр орчимд байгаагүй. Гэтэл гэрч нарын мэдүүлгийг ийм байдлаар үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай ойлгомжгүй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтэд  шинжээч томилсон тогтоол, болон хууль, шинжээч шинжилгээ хийх журамтай танилцаад шинжээч эмч дүгнэлтээ гаргасан. Прокурорын үзсэнээр шинжээч бол хохирогчийн рентген зураг буюу  эмнэлгийн баримт бичгийг  үндэслэн шинжилгээний дүгнэлтийг гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн эрх нь шинжилгээ хийлгэх шаардлагатай баримттай танилцах. Шинжээч эмч бол шинжилгээ хийлгэх баримт нотолгоотой танилцсаны үндсэн дээр дүгнэлтээ гаргасан юм байна гэж прокуророос үзэж байна. Энэ дүгнэлтийг хийхдээ анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргадаг. Гэхдээ анхан шатны шүүхээс үнэхээр Ж.Аын  биед гэмтлийн зэрэг тогтоосон өмнөх дүгнэлтийг үнэлэх боломжгүй байгаа бол дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрх хэмжээ  хуулиар олгогдсон. Хэрвээ үүнийг эргэлзээтэй байна гэж үзвэл дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой. Гэтэл анхан шатны шүүх яг энэ хэргийг хүлээж авснаас хойш цагаатгах байр суурьтай шүүх хуралдааныг зарлаж, шүүх хурал хийсэн. Иймд шүүх хурал хийхдээ дээрх хуульд заасан журмын дагуу авагдсан гэрч нарын мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Э.Х аас яллагдагчаар байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7-р бүлэгт заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна. Энэ хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаанд дахин ажиллагаа хийх явцад эрх, үүргийг танилцуулж, байцаалт авахад Э.Х  нь нэмж ярих зүйл байхгүй. Өмнө нь авсан мэдүүлэг үнэн зөвөөр авагдсан учир нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Өөрөө өмгөөлөгч авахгүйгээр энэ байцаалтыг өгнө гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байдаг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдаад байгаа үндэслэлүүдээр нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэг 2 удаа буцсан. Э.Х ыг гэрчээр байцаахад хууль зөрчсөн асуудал байхгүй. Э.Х  нь өөрөө гэрчээр байцаалт өгсөн цагаасаа эхлүүлээд шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээсэн. Э.Х  заавал үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй ч гэсэн анхнаасаа би Ж.Аыг цохисон, түүнд гэмтэл учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлгүүдийг өгдөг. Шүүх ийм байдлаар хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Э.Х ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй гэдэг байдлаар дүгнэлт хийгээд энэ хэргийг цагаатгасан. Цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бол шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэсэн зүйл заалтыг баримтлаад прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгоод хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Хэргийг прокурорт буцаасан гэх энэ хэрэг дээр тогтоогдож байгаа үйл баримтууд нь Ж.Аа, Э.Х  хоёр хоорондоо маргаж муудалцсан. Э.Х  нь Ж.Аыг нэг удаа цохисон байдаг. Харин гэрч нараас энэ маргаанд оролцсон хүн байдаггүй. Э.Х ыг цагаатгаж Ц.М ыг шалгах ажиллагаа явагдана гэж ойлгогдож байна. Хэрэгт цугларсан болон дурдагдсан нотлох баримтыг анхан шатны шүүхээс үндэслэлгүй гэж үгүйсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн өөрийнх нь эрх хэмжээний асуудлаар шийдвэрлэгдэх асуудлууд байна. Ийм учраас хэргийг цагаатгаж байгаа цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Энэ гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэв.     

          ТОДОРХОЙЛОХ нь:

        Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бичсэн 5/07А дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нь прокуророос Э.Х ад холбогдох эрүүгийн хэргийг дахин ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай магадлалд дурдсан хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохтой холбоотой ажиллагааг хийж гүйцэтгээгүй гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн боловч өмнөх “хэргийг прокурорт буцаах тухай” Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамж болон дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлүүд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болсон эсэх талаар ямар нэгэн  дүгнэлт хийгээгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн “шүүгдэгч Э.Х  өөрөө нэг удаа цохисон гэж хэлсэн талаар гэрч нар мэдүүлж гэрчилж байх боловч нэг удаа цохисон гэх мэдүүлгийг нь үндэслэн шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй” гэсэн дүгнэлтээс шүүхийг  шүүгдэгч Н.Х  нь хүний эрх чөлөөнд халдсан үйл баримтыг тогтоосон гэх үзэхээр боловч уг үйлдлээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учраагүй талаар дүгнэлт хийлгүйгээр “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэж Э.Х ыг цагаатгаснаас тухайн үйлдлийг шүүгдэгч хийгээгүй буюу хийсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй эсэх тухай цагаатгах үндэслэлээ бодитой дүгнэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй,  шүүгч, мөрдөгч, прокурор нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул давж заалдах шатны шүүхээс “цагаатгах тогтоолыг” бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

              Хяналтын прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй учир эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бичсэн 5/07А дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/126 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

           3. Э.Х ад холбогдох 1728000000034 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Э.Х ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА